Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 3(129)
“МОНГОЛЫН АНАГААХ УХААН” ЭМЧИЙН НЭРИЙН ХУУДАС
( Редакцийн зурвас )
 

“Монголын анагаах ухаан” сэтгүүл гучин зургаан нас насалж эрдмийн цээнд хүрч нэг зуун хорин ес дэх дугаараа эмч, эрдэмтэд, уншигчиддаа өргөн барьж байна. Энэ сэтгүүл зургаан мянга долоон зуун эмч нарынхаа тооноос хэд дахин цөөн гардаг боловч олон улсын зэрэг дэвд хүрч хэд хэдэн орны номын санд очсоноороо Монголын эмч, эрдэмтдийн нэрийн хуудас болж олон улсын емнө нүүр тахлах эрдмийн ганц судар нь болж явна.

Манай эмч нар эдийн ядуугаасаа биш сэтгэлийн хомсдлоосоо улбаалан энэ сэтгүүлээ захиалахаа мартаж явдаг нь гэм биш зан. Мэргэжлийн ганц сэтгүүл “Монголын анагаах ухаан”, ганц сонин “Эмч” хоёрыг ширээнээсээ битгий салгаасай гэж зөвлөлийн гишүүн бидний санаа зовохын учир бол өдер, цаг тутам байнга сурч байх ёстой эмчийн ховор нандин мэргэжлийн дуталд орчих бий гэж мэргэшснийх бас эрдмийн далайд хөл тавихад нь хэрэг болох бий гэж залбирсных юмсан.

“Монголын анагаах ухаан” сэтгүүлийн дугаарыг нь төрөлжүүлэх, эмч нарын мартсаныг нь сэргээх, олсныг нь түгээх, судалсныг нь сурталчлах гэж эрэл хийж, олз хайж явдгийг та бүхэн хүлээн зөвшөөрч байгаа байх. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт эмнэлзүйн салбараар мэс засал, эмэгтэйчүүд, дотрын өвчин судлалын чиглэлийг голчилж, хоол боловсруулах зам, зүрх судас, хавдар зэрэг өвчнөөр академич (Б.Гоош, Н.Баасанжав, Б.Цэрэндаш, Ц.Хайдав) шинжлэх ухааны доктор, профессорууд (Ё.Бодьхүү, О.Сэргэлэн, Д.Амгаланбаатар, М.Амбага) судалгааны шинэлэг ажлын дүнгээ мэдээлжээ. Профессор Б.Жав, гавъяат эмч Р.Цэдэн-Иш нар эмч нарт гарын авлага болсон зөвлөгөө нийтлүүлж байна. Доктор Ц.Бадамсэд, Д.Цэгээнжав нар манай сэтгүүлийн идэвхитэй бичигч гэдгээ дахин баталж судалгааны ажлынхаа дээжээс бидэнд, Та бүхэнд хүргэж байна. Эрүүл мэндийн менежментээр профессор Т.Эрхэмбаатар, Д.Малчинхүү, С.Дуламсүрэн, эрдэм шинжилгээний ажилтан Л.Ширнэн нарын залуу судлаачид мэдээллээ хуваалцаж, авууштай санал дэвшүүлжээ.

Эмч нар өдөр тутмын ажилдаа хэрэг болох лекц, аргачлал, ховор тохиолдлыг их сонирхож, захидал бичиж сэтгүүлийн зөвлөлд урам хайрладаг юм.

Жилдээ дөрвөн дугаар гардаг эмч бидний номын анд “Монголын анагаах ухаан” сэтгүүлийн дараачийн дугаарыг уншигчид маань тэсч ядан хүлээж байна гэдэгт итгэмуй.

Захиалга маань өсч шинэ шинэ танилтай болно гэдэгг итгэл алдагдаагүй л байна.

Сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухар

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 408
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК