Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 3(149)
Уламжлалт анагаах ухааны хөгжил, хэтийн төлөв
( Редакцийн зурвас )

Б.Дагвацэрэн, Ч.Чимэдрагчаа

 
Абстракт

Хүн төрөлхтөн өнгөрч буй зуунд биоанагаахын шинжлэх ухааны салбарт олон арван нээлт хийж, амьд бие махбодын тогтолцоог танин мэдэх талаар их амжилтад хүрсэн байна.

Амьд бие махбод бол бүтэц үйлийн хувьд шаталсан зохицуулгатай нийлмэл бүхэллэг тогтолцоо юм. Бие махбодыг эрхтэн, эд, эс, эсийн бүтцүүд, ген, молекул, атом тэдгээрийн бүрдлүүдэд задлан шинжилж, эмт бодисын үйлдлийн мөн чанарыг нээн илрүүлэх талаар шинжлэх ухаан гайхамшигтай амжилтад хүрчээ. Ингэж нарийсган задлан шинжлэх аргыг редукционизм үзэл баримтлал гэх бөгөөд юмс үзэгдлийг бүхэллэг нэгдмэл байдалд нь авч үзэж задлан шинжилж нэгтгэн дүгнэхэд хангалттай биш гэж үздэг.

Амьд бие махбод буюу гадаад нөлөөт орчин, дэлхий ертөнц, глактикийн байнгын нөлөөлөлтэй шүтэлцэн, нийгмийн харьцаанд оршиж байдаг бие хүний бүхэллэг нэгдмэл байдалд нь хэрэгжих зүй тогтлыг орчин үеийн тогтолцооны онол, мэдээлэл зүй, хиймэл оюун ухаан, кибернетик загварчлалын арга зүйн үүднээс судлан шинжлэх ажил өргөжиж байна.

Тэгвэл уламжлалт анагаах ухаанд "бие махбодыг уг хүний өвөрчлөл, нас, хүйс болон цаг улирал, уур амьсгал зэрэг гадаад нөлөөт орчинтой нь шүтэн барилдах хамааралтайгаар нээлттэй тогтолцоонд авч үздэг байна.

Уламжлалт анагаах ухаанд "бие махбод-нээлттэй тотолцоо"-ны зохицуулга хяналтын "бай цэг" буюу "зангилаа-объект"-ын анхдагч элементийг хий, шар, бадган хэмээн томъёолсон ухагдахуунаар илэрхийлсэн байдаг. Иймээс хий, шар, бадганад идээ ундаа, эм засал, иог бясалгалын аргаар бие, хэл, сэтгэлийн 3 түвшинд нөлөөлөх замаар бие махбод тогтолцоог бүхэлд нь удирдан зохицуулах буюу өвчнөөс сэргийлж, түүнийг оношлож, эмчлэх үндэслэлтэй боломж тавигддаг байна.

Дорнын ард түмний хүнийг бүхэллэг нэгдмэл тогтолцоонд авч үзэж ирсэн, энэ эрүүл мэндийн философийг өнөөдөр дэлхий нийтээрээ сонирхон, шимтэн судалж хэрэглэх болжээ.

Даярчлалын энэ үед дэлхийн нэгтгэмэл буюу гуравдагч анагаах ухааны үзэл баримтлал онол арга зүйг боловсруулах судалгаа шинжилгээ ихээр хийгдэж ОХУ, Хятад, Япон, Солонгос, АНУ, Венесуэль, Европын улс орнуудад нэгтгэмэл анагаах ухааны төвүүд байгуулагдан "Өрнө, дорнын нэгтгэмэл анагаах ухаан"-ы олон тооны тогтмол сэтгүүлүүд гардаг болсон байна.

Монголын уламжлалт анагаах ухааныг сэргээн судалсан 50 жилд манай эрдэмтэн судлаачид, багш, эмч, эм зүйч нар нэгтгэмэл анагаах ухааны онол арга зүйн талаар шинэлэг санаанууд дэвшүүлж, баталгаажуулж байгаагийн зэрэгцээ эмч мэргэжилтэн бэлтгэх, эмчилгээ заслын шинэ арга барил эзэмших, шинэ эм бүтээж ашиглах талаар ихээхэн амжилтад хүрч чадсан байна.

Дорнын анагаах ухааны их нэгтгэл Х-ХШ зуунд Түвдэд явагдах үед өвөг дээдэс маань монгол төөнө, хануур, бариа, түрэм, хатгуур, бүлээн зүү, хүйтэн өвчнийг анагаах үрэл эм зэрэг олон үр дүнтэй арга барилыг үүсгэн бүтээж дэлхийн анагаах ухаанд хувь нэмрээ монголын нэрээр дархлан оруулсан гавъяатай билээ.

Бидний өмнө уламжлалт анагаахын эрдэм мэдлэг нандин өвөөрөө бахархан, уламжлан хадгалж хөгжүүлэхийн хамт нэгтгэмэл анагаах ухааны хөтөч үзэл баримтлалыг эрүүл мэндийн удирдлага, зохион байгуулалт, судалгаа, сургалт, эмчилгээ үйлчилгээ, эм үйлдвэрлэлд үр дүнтэйгээр өргөн ашиглах боломж зорилт, хэрэгцээ байгааг харгалзан үзэж байх нь зүйтэй байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 648
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК