Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 1(5-1)
“ INNOVATION - 2007 ” Олон улсын эрдэм шинжилгээний хурал
( Товч мэдээлэл )
 

2007 оны 9 сард бусдын шинийг эрэлхийлэн санаачлахыг уриалан дуудаж, шинэ санаа, шинэлэг бүтээлийг нийтэд таниулж, нийгэмд хэрэгжихийг дэмжих зорилготой “Innovation 2007” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Уг хурлыг Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, ЭМШУИС, Тайваний Эрүүл Мэндийн Яамны харьяа Тайпей эмнэлгийн дэмжлэгтэйгээр “Дэлхийн Эрүүл Мэндийн Төлөөх Түншлэл” ТББ, “Залуу Эмгэг Физиологич клуб” зохион байгуулсан юм.
Хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр “Анунгоо – Иннотех” ХХК, ивээн тэтгэгчээр “Advanced health international” ХХК оролцжээ.
Уг хуралд ирсэн нийт 50 гаруй монгол илтгэлүүдээс шалгарсан шилдэг 9 илтгэл 9 сарын 3-ны өдөр хэлэлцэгдэж, тэргүүн байранд НЭМХ-ийн судлаач, ШУ-ны доктор С.Өнөрсайханы “Lentinan түүний уламжлалт нэгдлийн химийн бүтэц болон хавдрын эсрэг идэвхийн судалгаа” бүтээл, дэд байранд Авантэ эмнэлгийн дурангийн эмч, магистрант А.Баттулгын ”Ходоодны эрт үеийн хавдрыг дурангаар эмчлэх боломж” бүтээлүүд шалгарлаа. Энд хэлэлцэгдсэн илтгэлүүд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн, шинийг өгүүлж, шинэчлэлийг эрэлхийлсэн бүтээлүүд байлаа.
“Innovation 2007” олон улсын эрдэм шинжилгээний хурал Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 9 сарын 4-ний өдөр үргэлжлэн явагдсан бөгөөд уг үйл ажиллагаанд ЭМЯ-ны дэд сайд С.Отгонболд, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгч Роберт Хаген , ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэн, Тайваний Тайпей эмнэлгийн удирдлагууд, УКТЭ, ШКТЭ, Клиникийн нэгдсэн 2-р эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, Шүүх эмнэлэг, ЭНЭШТ, СЭМҮТ зэрэг томоохон эмнэлгүүдээс гадна дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, Завхан, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Булган зэрэг аймгийн эрүүл мэндийн газрын 400 гаруй төлөөлөгчид оролцлоо.
Хуралд шилдгийн шилдгээр шалгарсан 2 илтгэл болон АНУ-ын мэс заслын эмч A.H.Rusher, MD, Япон улсаас Mizuho NISHINO, PhD, DDS, FICD, Тайванаас Chung-Hua Hsu MD, PhD нарын илтгэл тавигдлаа. Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх боломжтой, туршин нэвтрүүлж буй арга технологи, боломжийн талаар асуудал дэвшүүлсэн эдгээр илтгэлүүдээс санаа авууштай зүйлс олон байсан.
Тус өдрийн онцлох нэг үйл явдал нь хурлын хажуугаар Монгол улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагыг таниулан сурталчлах шинэ санаа, шинэлэг бүтээлийг дэмжих, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын харилцаа холбоог сайжруулах зорилго бүхий “Эрүүл мэндийн салбарын чиг хандлага” үзэсгэлэн зохион байгуулагдсан бөгөөд уг үзэсгэлэнд чанар үйлчилгээгээрээ олонд танигдсан бүх шатлалын улсын болон хувийн эмнэлгүүд, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг 21 байгууллага оролцлоо.
Мөн хурлын үеэр анх удаа “Шинэ санаа, шинэлэг бүтээлийг дэмжигч байгууллага” аар ШКТЭ, ХӨСҮТ, Болор Мэлмий, Орбита эмнэлгүүд өргөмжлөгдөж, үзэсгэлэнд оролцсон 21 байгууллагад гэрчилгээ олголоо. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт эмч, мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, багш оюутнуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн ЭМШУИС-ийн Сэтгэцийн эмгэг судлалын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор, профессор С.Бямбасүрэнг “Соён гэгээрүүлэгч алдартан” аар өргөмжлөн алдаршууллаа.
Бүхий л шинжлэх ухааны салбарын хөгжлийн хөдөлгөгч хүч нь тухайн салбарт гарсан шинэ ололт амжилт, судалгаа, шинжилгээний ажилд нэвтэрсэн шинэлэг арга технологи байдаг билээ. Энэ жишгээр эрүүл мэндийн салбарт тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагыг мэдэрч, 4 дэх жилдээ зохион байгуулагдсан “Innovation 2007” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь хамарсан цар хүрээ, хэлэлцэгдсэн асуудлуудаараа өндөр ач холбогдол бүхий үйл явдал болж өндөрлөлөө.

 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 638
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК