Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 1(5-1)
Эмнэлзүйн бодлого
( Товч мэдээлэл )
 
Ерөнхий мэдээлэл

68 настай, эрэгтэй, цагаан арьстай. 2 жилийн турш горойх зовиур илэрч байна. Энэ хугацаанд 10 кг орчим жин алдсан. Энэ нь хоолны дэглэмтэй холбоогүй гэнэ. Шингэн юм уухад зовиургүй, сүүлийн үед хэмжээнээс үл хамааран, хуурай юм идсний дараа горойх шинж илрэх болсон. Хоол идсэнээс 2 хоногийн дараа хоолны үлдэгдэл сөргөж (регургитаци) орж ирнэ.

Бодит үзлэгээр өвчтөний амин үзүүлэлтүүд хэвийн хэмжээнд байна. Хүзүүний тэмтрэлтээр ямар нэг эмгэг үүсгэвэргүй, чих хамар хоолой, цээж болон хэвлийн үзлэгээр эмгэг өөрчлөлтгүй.
Бари сульфатын усан уусмалыг уулгаж эгц болон хажуугийн байрлалд авсан рентген зургийг хавсаргав.
Таны таамаглаж буй хамгийн магадлал бүхий онош юу вэ?
Уг оношийг тодруулах зорилгоор ямар шинжилгээг хийх шаардлагатай вэ?
Хариултанд нэмэрлэхүй
Улаан хоолойд уут төст бүтэц харагдаж байна.
Энэхүү эмнэлзүйн бодлогын хариуг хамгийн түрүүнд товч, тодорхой тайлбарлан ирүүлсэн нэг хүнийг INNOVATION сэтгүүлийн нэг дугаараар урамшуулах болно.

Өмнөх дугаарын эмнэлзүйн бодлогын хариулт

Суурь эсийн карцинома: Онош нь хүзүүний даамжирсан суурь эсийн карцинома юм. Арьсны хавдрууд нь 3 бүлэгт хуваагддаг ба үүнд хоруу меланома (энэ нь үсэрхийлэл өгөх чадвар хамгийн өндөр), суурь эсийн карцинома (бараг хэзээ ч үсэрхийлэл өгдөггүй боловч голомтот газраа гүн нэвчимхий) ба SCC (хэсэг газраа гүн нэвчимхий ба зарим тохиолдолд үсэрхийлэх боломжтой).
Суурь эсийн карцинома нь Америкийн нэгдсэн улсад хамгийн элбэг тохиолддог арьсны хавдар юм. Кавказ хүмүүст амьдралын туршид тохиолдох магадлал нь эрэгтэйд 33-39%, эмэгтэйд 23-28% байх ба эр эмийн харьцаа нь 3:2 байдаг. Дунд зэргийн үсжилт бүхий (Fritzpatrick-ын арьсны хайрс) хүмүүст нарны туяанаас үүдэлтэй гэмтэл болон суурь эсийн карцинома тохиолдох магадлал илүү өндөртэй байдаг. Суурь эсийн карцинома нь Ази, Африк болон Испани гарлын үндэстнүүдэд тохиолдлын хувьд харьцангуй бага байдаг байна. Суурь эсийн карциномагийн тохиолдол 55-75 насанд хамгийн дээд хэмжээнд хүрэх ба нас баралтын шалтгаан байх нь маш ховор юм. Гэсэн хэдий ч хавдрын өөрийнх нь илрэл болон мэс засал эмчилгээний улмаас үүсэх гоо зүйн өөрчлөлт нь тийм ч таатай биш юм.
Хэт ягаан туяанд өртөх нь суурь эсийн карциномагийн хамгийн гол шалтгааны хүчин зүйл болдог. Нарны хэт ягаан туяа нь спектрийн хувьд урт долгионт (А-320-400), дунд долгионт (В-290-320) ба богино долгионт (С-200-290) гэж ангилагддаг. В болон С хэт ягаан туяа нь (UV) эсийн бөөмийн хүчиллэг холбоог гэмтээж онкогенийн эсвэл хавдар дарангуйлах генийн замаар мутаци үүсгэдэг. С туяа нь озоны давхаргыг үл нэвтрэх тул В туяа нь олонх хавдрын шалтгаан болдог. Нарны туяанд их өртдөг биеийн хэсгүүд болох толгой, хүзүүний орчимд 75-80%-д тохиолддог. Хамар мөн зонхилох байршлуудын нэг болдог.
Суурь эсийн карциномаг эмнэл зүйн болон гистологийн хувьд нь 7 үндсэн дэд бүлэгт хувааж ангилдаг. Хамгийн элбэг тохиолдох хэлбэр нь зангилаат хэлбэр юм.
Арьсны хавдар нь хусах буюу хатгах замаар авах арьсны биопсийн шинжилгээгээр оношлогдох нь илүүтэй. Нэгэнт онош тодорсны дараагаар уг хавдар нь эмийн (хими эмчилгээ ба дархлаа зохицуулагчид) буюу мэс засал эмчилгээгээр (тайрах, хөлдөөх гэх мэт) эмчлэгдэнэ. Гоо зүйн хувьд ил газруудад Moh-ын бичил аргын техникийг хэрэглэж гэмтлийг багасгах боломжтой. Хавдар томорч хүндэрсэн нөхцөлд мэс засал эмчилгээний зэрэгцээ туяа эмчилгээг хавсарч болно. Энэхүү тохиолдолд тусгагдсан өвчтөн нь мэс заслын тайрах эмчилгээний аргаар эмчлэгдсэн.
Суурь эсийн хавдраас сэргийлэх аргуудад хэт ягаан туяанаас хамгаалах (ялангуяа хэт ягаан туяаны үйлчлэл их байдаг 10 цагаас 16 цагуудад) тос хэрэглэх болон арьс далдалсан хувцас өмсөх зэрэг болно.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1226
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК