Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Дотоод шүүрлийн гаралтай үргүйдлийн зонхилон тохиолдох хэлбэрүүд ба эрсдэлт хүчин зүйлс
( Судалгааны өгүүлэл )

Б. Цэдмаа1, Б.Жав1, Д.Сүхээ1, Н.Нармандах2

1ЭМШУИС, 2Онош Мед,

 
Абстракт

Objective: To determine to common clinical forms of endocrine infertility and evaluate the possible risk factors and compare clinical findings with hormone profile.

Materials and Methods: This is prospective study conducted in infertility clinics at MCHRC between 2001-2006. There 343 women with infertility were investigated by WHO protocol for detecting the causes of their infertility. Patients were divided into three groups based on clinical and laboratory investigations’ findings. All information were analyzed by SPSS for Windows, 11, 5; 13 software. The student t-test, ANOVA and multiple regression tests were used for statistics.

Results: The mean age and infertility duration of study women were 34.1±5.3 and 58.3±37.2 respectively. The most common types of endocrine infertility among study subjects were chronic anovulation (39.2%) polycystic ovarian syndrome (25.9%) and hyperprolactinemia (28.1%).The possible risk factors for endocrine infertility were identified in this study elevated FCH (Odds ration 6.1) and PRL (Odds ratio 3.1)on the day three and diminished ovarian volume (Odds ratio 5.8).

Conclusion: Chronic anovulation, hyperprolactinemia and polycystic ovarian syndrome are three main clinical forms on endocrine infertility and ovarian function screening should be done in women with infertility as first line investigation.

Key words: chronic anovulation, endocrine, Infertility, hyperprolactinemia and polycystic ovarian syndrome.
Pp.49-53 , Tables 3, References 17.

Судалгааны үндэслэл. Үр удмаа төрүүлж өсгөх нь хүн төрөлхтний нэгэн үндсэн инстинкт бөгөөд дэлхий дээр хүн бий болсон цагаас эхлэн үргүйдлийн асуудал үүссэн байна. Үргүйдэл гэж 6 сар ба түүнээс дээш хугацаанд жирэмслэхээс хамгаалах ямар нэг хэрэгсэл хэрэглэхгүйгээр бэлгийн тогтмол харьцаатай байхад жирэмслэхгүй байхыг хэлнэ (1, ACOG).

Үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэндэд, гэр бүлийн тогтвортой байдалд, сэтгэл зүйн болон эдийн засгийн хувьд сөрөг үр дагавар ихтэй нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал юм.

ДЭМБ -ын мэдээлснээр нийт гэрлэсэн хосуудын 8-12%-д амьдралын аль нэгэн үед үр хүүхэд олоход бэрхшээл тохиолддог, эдүгээ хүж дэлхийд ойролцоогоор 50-80 сая  гэр бүл үргүйдэлтэй байна гэсэн тооцоо байдаг (2). Манай оронд хийгдсэн зарим судалгаануудаас үргүйдлийн тархалт 6.5% (Энхжаргал нар, 1996) байсан бол 2003 оны НҮЭМ-ийн суурь судалгаагаар 8.7 хувь болж өссөн байна. Үргүйдлийн шалтгааны дотор дотоод шүүрлийн гаралтай үргүйдэл 30-40 хувийг эзэлж байгаа (Speroff, 2005) бөгөөд 2004 онд хийсэн бидний судалгаагаар эмэгтэйчүүдийн үргүйдэл 45.6% байсан ба эдүгээ эмэгтэйчүүдийн үргүйдлийн эмнэл зүйн хэлбэрүүдийн дотор дотоод шүүрлийн ямар эмгэгүүд зонхилдог болон түүний эрсдэлт хүчин зүйлүүд судлагдаагүй болно. Мөн өндгөн эсийн гадагшлалтыг эмнэл зүйн болон дааварын оношлогооны нарийн шинжилгээнүүдийн үзүүлэлтүүдтэй харьцуулан судлах боломж бүрдсэн нь энэхүү гүнзгийрүүлсэн судалгааг хийх үндэслэл болсон юм. Түүнчлэн дааврын болон бусад эмнэл зүйн шинжилгээнүүдийн өөрчлөлтийг эмнэл зүйн талаас нь нарийн судалж үзэх нь үргүйдлийн үеийн тусламж үйлчилгээний тусламжийг сайжруулахад чухал ач холбогдолтой байх юм.

Дотоод шүүрлийн гаралтай үргүйдэл нь хэрэв оношийг зөв тавьж чадвал бусад хэлбэрийн үргүйдлийг бодвол эмчилгээний үр дүн харьцангуй өндөр байдаг хэдий ч эмэгтэйн наснаас эмчилгээний үр дүн шалтгаалах эрсдэлтэй тул эрт үеийн оношлогоо чухал байр суурийг эзэлдэг болно. Иймд эмэгтэйчүүдийн үргүйдлийн эмнэл зүйн хэлбэрүүдийг үргүйдлийн цогц шинжилгээнүүдийн үндсэн дээр нарийвчлан судалж эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох нь цаашдын эмчилгээ болон энэхүү эмгэгээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга боловсруулахад чухал үр дүнгээ өгөх болно.

Судалгааны зорилго. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй дотоод шүүрлийн гаралтай үргүйдлийн эмнэл зүйн хэлбэрүүд, тэдгээрт нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүдийг тогтоох, оношлогоо эмчилгээний үр дүнтэй загвар боловсруулахад оршино.

Судалгааны зорилтууд:

  1. Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн гаралтай үргүйдлийн эмнэл зүйн хэлбэрүүд, тэдгээрийн эзлэх хувийг тогтоох
  2. Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн гаралтай үргүйдлийн үе дэх дааврын шинжилгээний үзүүлэлтүүдийг эмнэл зүйн хэлбэрүүдтэй нь харьцуулан судалж, хоорондын хамаарал болон эмнэл зүйн ач холбогдлыг тогтоох
  3. Эмэгтэйчүүдийн үргүйдлийн даавар оношлогоонд үндэслэсэн эмчилгээний үр дүнтэй загвар боловсруулж практикт нэвтрүүлэх .

Судалгааны   хэмжигдэхүүн   ба   арга зүй.

Судалгааны ажлыг ЭМШУИС-ийн Анагаахын сургуулийн эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн 2005 оны 9-р сарын 30-нд хуралдсан хурлаар батлагдсан аргачлалын дагуу явуулав. Энэхүү судалгаанд ЭНЭШТ-ийн эмэгтэйчүүдийн Зөвлөх Поликлиникийн Үргүйдлийн кабинет болон тасагт 2001-2006 онд үргүйдлийн учир эмчлүүлсэн 343 эмэгтэйчүүдийг шалгуур үзүүлэлтүүдийн дагуу хамруулан ДЭМБ-аас гаргасан "Үргүйдэлтэй хосуудыг шинжлэх стандартчлагдсан аргачлал"-ын эмэгтэйг шинжлэх аргачлалын (1993) дагуу судлав. Судалгааг нэг агшны болон тохиолдол хяналтын загвар ашиглан явуулсан, эмнэл зүйн болон дааврын шинжилгээгээр дотоод шүүрлийн гаралтай үргүйдэл гэж оношлогдсон 181 эмэгтэйд судалгаа хийсэн.

Анхны үзлэгийн үеэр тохирох хосуудаас судалгаанд оролцох зөвшөөрөл авсны үндсэн дээр өвчний болон амьдралын түүх, биеийн бодит үзлэгийг хийж шаардагдах шинжилгээнд хамруулав. Дотоод шүүрлийн гаралтай үргүйдэл биений юмны мөчлөгийн хямралтай, үсжилттэй, дааврын шинжилгээнд өөрчлөлттэй, хөхнөөс сүү гардаг, нөхрийн үрийн шингэн хэвийн үед оношлосон болно.

Дааврын шинжилгээг фермент-дархлааны аргаар (ELISA) биений юмны мөчлөгийн байдлаас шалтгаалж хэрэв хэвийн 28-30 хоногийн мөчлөгтэй бол гуравдах хоногт LH, FSH, PRL, T, Инсулин^^ 21-23 хоногт P4 зэрэг дааврын хэмжээг ийлдсэнд тодорхойлсон. Үргүйдлийн бусад шалтгаануудыг үгүйсгэх зорилгоор гистеросалпингографийн, хэвлийн хөндийн дурангийн, өндгөн эсийн боловсролтыг хэт авиан шинжилгээгээр хянах, хошногоны халуун хэмжих зэрэг шинжилгээг заалтын дагуу хийлээ.

Үргүйдэлд нөлөөлж болох үндсэн хүчин зүйлүүдийг судлах зорилгоор урьдчилан боловсруулсан асуулгын судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдээс болон жирэмсний хяналтанд байгаа 100 эмэгтэйгээр бөглүүлсэн.

Холбогдох бүх мэдээлэл, үр дүнг ДЭМБ-ээс гаргасан судалгааны картанд тэмдэглэж компьютерийн мэдээллийн системд орууллаа. Судалгааны боловсруулалтыг компьютер статистикийн "SSPS for Windows, 11.5,13.0" программ ашиглан хийлээ.

Эмнэл зүйн бүлгүүдийн хоорондох ялгааг харьцуулахад оюутны т-тест ашигласан, бүлэг хоорондын ялгааг хооронд нь харьцуулахад статистик боловсруулалтын АNOVA тестийн тусламжтайтайгаар үзүүлэлтүүдийн дундаж, стандарт хазайлт, статистик ялгааг харуулав.

Олон хүчин зүйлсийн шинжилгээнд логик регрессийн аргыг хэрэглэсэн, энэ арга нь хоёрхон утгатай хувьсагчид хүчин зүйлс хэрхэн нөлөөлөхийг тогтооход тохиромжтой.

Судалгааны асуулга:

  1. Дотоод шүүрлийн гаралтай үргүйдэлийг өндгөн эс боловсрох шатны фолликул сэдээх дааврын (ФСГ) хэмжээ болон гонадотропинуудын харьцаагаар урьдчилан тогтоох боломжтой юу?
  2. Үр хөндөлт болон бусад бусад жирэмсэлт төхрөлөтийн хүндрэлүүд нь дотоод шүүрлийн гаралтай үргүйдэл үүсэхэд нөлөөлдөг үү?

Судалгааны үр дүн. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн хүн ам зүйн үндсэн болон эмнэл зүйн үзүүлэлүүдийг Хүснэгт 1-т үзүүлэв.

Хүснэгт 1

Хүснэгт 1-с харахад судалгааны эмэгтэйчүүдийн дундаж нас нь 34.1±5.3, үргүйдэлтэй байсан дундаж хугацаа нь 58.3±37.2 сар байгаа бөгөөд нийт эмэгтэйчүүдийн ихэнх нь дээд (42.5) болон техник мэргэжлийн (31.2) боловсролтой байгаагаас гадна анхдагч хэлбэрийн үргүйдэл давамгайлж (56.3) байна.

Эдгээр эмэгтэйчүүдийн түрүүчийн жирэмсэлт төрөлтийн байдлыг судлахад бараг 50 орчим хувь нь үр хөндүүлснээс гадна төрөлт нь 34.8 % -д кесарын мэс заслаар төрсөн байна.

Хүснэгт 2

Судалгааны эмэгтэйчүүдийн эмнэл зүйн болон дааврын шинжилгээг үндэслэн үргүйдлийн шалтгааныг тогтоосон байдлыг Хүснэгт -2т үзүүлэв.

Хүснэгтээс харахад хамгийн элбэг тохиолдож байгаа дотоод шүүрлийн гаралтай үргүйдлийн шалтгаанд мөчлөгийн алдагдалгүй архаг ановуляци (39.2) байсан бол пролактины хэт ихсэлт (28.1) болон ӨХУХШ (25.9) дараагийн байруудад орж байна.

Эмэгтэйчүүдийн үргүйдэлд хүргэж болох эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг гаргахын тулд 2 Х 2 хүснэгтийг ашиглан Хүснэгт-3-т үзүүлэв.

Хүснэгт 3

Х2 тестээр пролактин ихсэлт, жирэмсний ба төрөлтийн хүндрэл, үр хөндөлт хийлгэсэн эсэх гэсэн хүчин зүйлс эмэгтэйчүүдийн үргүйдэлд ач холбогдол бүхий хамааралтай байлаа. Эдгээр хүчин зүйлсийг олон хүчин зүйлсийн шинжилгээнд сонгон оруулахад эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн гаралтай үргүйдэлд хамгийн хүчтэй нөлөөлж байгаа хүчин зүйлд эмэгтэйн нас (OR=2.1), пролактин дааврын ихсэлт (OR=3.1), үр хөндөлт (OR=4.6), дааврын эм удаан хэрэглэх (OR=2.54) орж байна.

Дотоод шүүрлийн хямрал үүүсэхэд хамгийн чухал хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор олон хүчин зүйлсийн шинжилгээг хийлээ. Олон хүчин зүйлсийн шинжилгээг 2х2 хүснэгтээс нөлөө бүхий магадлалтай үзүүлэлтүүдийг сонгон авч дараах хоёр үндсэн загвар үүсгэн шинжилж үзэв.

Хүснэгт 4

Хүснэгт 4 өөс харахад жирэмсний хүндрэл (OR=4.51), үр хөндөлт (OR=2.8), өндгөвчийн эзэлхүүн өөрчлөгдөх 9 (OR=5,8) нь дотоод шүүрлийн хямрал үүсгэхэд хамгийн хүчтэй нөлөөлдөг нь тогтоогдлоо.

Хэлцэмж. Энэхүү судалгааны ажлаар дотоод шүүрлийн гаралтай үргүйдлийн эмнэл зүйн хэлбэрүүдийг дааврын болон эмнэл зүйн шинжилгээтэй уялдуулан тогтоохыг зорьсон юм. Биений юмны хэвийн мөчлөгтэй хэрнээ өндгөн эс гадагшлахгүй байх, пролактин дааврын ихсэлт, өндгөвчийн хатууралт уйланхайжих хам шинж тухайн хэлбэрийн үргүйдлийн шалтгаанд чухал байр суурь эзэлж байгаа нь тогтоогдлоо. Энэ нь бусад орны судлаачдын материалтай (Назаренко,Т А, 2005) харьцуулахад манай эмэгтэйчүүдийн дунд өндгөн эс архагааар гадагшлахгүй байх болон пролактин дааврын ихсэлт харьцангуй элбэг тохиолдож байгаа нь ажиглагдлаа. Орчин үед эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь өссөнөөр гэрлэлтээ хойшлуулах, давтан үр хөндүүлэх болон бусад нөхөн үржихүйн эрсдэлт хүчин зүйлийн эрсдэлд өртөх зэрэг нь (Westoff CF,et al.1986; Adam H Balen et al, 2003) нэг талаас эмэгтэй үргүйдлийн гол хүчин зүйл болох насны факторын (Kathryn L et al, 2006) нөлөөг нэмэгдүүлэхээс гадна нөхөн үржихүйн дааврын хямралд хүргэж байж болох юм.

Бидний судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн дундаж нас нь 34.1±5.3 байгаа нь энэ хэлбэрийн үргүйдэлтэй эмэгтэйчүүд хожуу эмнэлэгт ханддаг нь илэрлээ. Эмэгтэйн нас ахих тутам нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоонд хөгшрөлтийн процесс явагдаж өндгөн эсийн чанар муудсанаас үр тогтоох чадваргүй болдог нь судлаачдын материалаар тогтоогдож байгаа боловч (Stephen EH et al.1998; Dunson DB, Colombo нар, 2002) олон хүчин зүйлийн шинжилгээгээр   судалгаанд   эмэгтэйчүүд энэхүү хүчин зүйлээс хүчтэй нөлөө үзүүлэхгүй байгаа нь анхаарал татаж байна. Гэхдээ нэг талаас өндгөвчийн хатууралт уйланхайжих хам шинжтэй эмэгтэйчүүд ихэвчлэн эрт оношлогддог болохоор энэ бүлгийн эмэгтэйчүүдэд харьцангуй залуу эмэгтэйчүүд орсон байж болох юм. Нөгөө талаас насны хүчин зүйлс нь эмэгтэйг шууд үргүйдэлтэй болгох гол хүчин зүйл биш (David B.Dunson нар, 2002) зөвхөн эмэгтэйн нас ахих тусам өндгөвчөөс өндгөн эс гадагшлахгүй буюу шар биеийн дутагдалтай мөчлөгийн тоог ихэсдэгтэй холбоотойгоор судалгааны эмэгтэйчүүдэд мөчлөг хэвийн үеийн ановуляц оношлогдсон байж болно.

Судлаачдын тооцоолсноор хэвийн мөчлөгийн 30 гаруй хувьд(Davis OK, Berkeley AS нар, 1989) шар биеийн буюу 2-р шатны дутагдал оношлогддог байна. Иймд өндгөвчөөс эм бэлгийн эс удаан хугацаанд гадагшлахгүй байх оношийг нэг удаагийн сийвэнд тодорхойлсон прогестероны (P4) түвшингээр тодорхойлохоос гадна эмнэл зүйн бусад үзүүлэлтүүдтэй нарийн холбож үзэх нь оношийн бодит чанарыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Бидний судалгаагаар нийт үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 28,9%-д пролактин даавар ихэссэн байсан нь тогтоогдсон бөгөөд эмэгтэйчүүдийн практикт биений юмгүйдлийн шалтгааны 30 хүртэл хувьд (Speroff L, 2005), дотоод шүүрлийн гаралтай үргүйдлийн шалтгааны дотор 22.5 ( Назаренко нар, 2005) эзэлдэг байна. Пролактин дааврын ихсэлт нь үргүйдэлд шууд нөлөөлөх гол хүчин зүйл бөгөөд хоёр үндсэн механизмаар (ГТ релизинг гормоныг дарангуйлах, өндгөвчийн үйл ажиллагааг шууд дарангуйлах) явагддаг болохыг судлаачид тогтоосон байна (Adam H Balen нар, 2003). Сийвэн дэх пролактин дааврын дундаж (38.3±8.9) хэмжээнээс харахад судалгааны эмэгтэйчүүдийн дийлэнх нь харааны товгор- өнчин тархины үйл ажиллагааны хямралаас үүдсэн пролактин хэт ихсэлттэй байх магадлалтай байсан бөгөөд 3 эмэгтэйд өнчин тархины хавдар оношлогдсон болно. Гэхдээ өнчин тархины зарим хавдрын үед пролактин бага зэрэг ихсэх тохиолдол байдаг байна (Kristy Ruis, Jeremy King, 2007). Пролактин дааврын ихсэлтэнд бухимдлын хүчин зүйл нөлөөтэй байдаг учраас сүүлийн үед судлаачид энэхүү дааврыг дарангуйлах эмчилгээг, өндгөвчийн сэдээх эмчилгээтэй хавсруулж хийх хандлагатай байна. Зарим тохиолдолд энэ дааврын ихсэлт сүүжих шинжтэй хавсарч тохиолдох нь элбэг байдаг, бидний судалгаагаар энэ дааврын ихсэлттэй эмэгтэйчүүдийн 11.3% нь хөхний эмгэг сүүжилттэй байлаа. Эмгэг сүүжилт, биений юмгүйдэл зэрэг илэрч байгаа тохиолдолд өнчин тархины хавдар байх магадлал 90 хувь хүртэл өндөрсдөг байна( Laufer MR нар, 1995).

Энэхүү судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 25.9 хувьд өндгөвчийн хатууралт уйланхайжих эмгэг илэрсэн бөгөөд энэ оношийг 2001 онд Victor GoH HH нар болон 2003 оны Rotterdam ESHRE/ASRM -ын семинараас удирдамж болгосон аргачлалын дагуу сийвэн дэх гонадотропинуудын харьцаа, андроген дааврын ихсэлт зэргийг үндэслэн тогтоосон болно. Энэ эмгэгийн үед стероидын хэвийн бус ялгарал нь гипоталамус-гипофизийн нэгжид эмгэг эргэх холбоогоор хорт тойрог үүсгэхүйц нөлөөг үзүүлдэгээс гонадотропинуудын харьцаа нэмэгдсэнээс эстроген-гестогены   үйл   ажиллагааны   төвийн зохицуулга алдагдсанаас архаг ановуляци улмаар үргүйдэлд хүргэдэг байна^С^ Goh нар,1998). Энэ эмгэгийн эрүүл эмэгтэйчүүдийн дунд тохиолдох тархалтын судалгаа манай оронд хийгдээгүй ч гэсэн бидний судалгаагаар энэ эмгэг үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн, ялангуяа дотоод шүүрлийн гаралтай үргүйдлийн дотор элбэг тохиолдож байна. Биений юмны алдагдалтай, үсжилт, батга илэрсэн эмэгтэйчүүдэд дээрх эмгэгийг үгүйсгэх нь үргүйдлийн эмчилгээний үр дүнд төдийгүй энэ эмгэгийн цаашдын хүндрэлээс урьдчилан чухал ач холбогдолтой юм (Fruzzeti et al., 1999; Legro et al., 1998).

Дотоод шүүрлийн гаралтай үргүйдэлд нөлөөлж болох хүчин зүйлүүдийн хамаарлаас харахад үр хөндүүлэх, жирэмслэх хамгаалах дааврын эм удаан хэрэглэх, өндгөвчийн эзэлхүүн ихсэх, зэрэг хүчин зүйлүүд хамгийн хүчтэй нөлөөлж байгаа нь анхаарал татаж байна. Олон удаа үр хөндүүлэх нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд хортой нь ойлгомжтой хэдий ч үр хөндөлт дотоод шүүрлийн гаралтай үргүйдэлд хүчтэй нөлөөж байгаа талаар судлаачдын материал ховор байна. 1979 онд Далакег нарын судлаачид анхны жирэмслэлтийг үр хөндүүлэх нь өндөр эрсдэлтэй болохыг судалсан бол 1988 онд Капелиушник нарын судалгаагаар үр хөндөлтийн дараа хоёрдогч үргүйдэл үүсэх нь ховор боловч давтан болон жирэмсэний хожуу хугацаанд үр хөндүүлэх нь үргүйдэлд нөлөөлөх хүчин зүйл байж болохыг тогтоосон байна. Мөн энэ судалгаагаар хийж байгаа ажилбарын өөрийнх нь хүндрэлтэй холбоотой байж болох талаар таамаглал дэвшүүлсэн байна. Бидний судалгааны материалаас харахад үр хөндөлт их өвдөлттэй удаан хугацаанд үргэлж хийгдсэн тохиолдолд эмэгтэйн төв мэдрэлийн тогтолцоонд эмгэг импульс удаан хадгалагдах нь цаашдын нөхөн үржихүйн төвийн зохицуулгад нөлөөлдөг байж болох юм. Нөгөө талаас бидний судалгааны дүн бусад судлаачдаас өөр гарч байгаа нь зарим нэг төөрөлдүүлэгч хүчин зүйлүүдийн нөлөө байхыг үгүйсгэх аргагүй юм.

Бидний судалгаагаар илэрсэн нэг онцлог зүйл нь жирэмслэх хамгаалах дааврын бэлдмэл (эм, Депо) дотоод шүүрлийн үргүйдэлд хүчтэй нөлөөлж байгаа нь илэрсэн юм. Хэдийгээр ЖХХД эмүүдийн талаарх хийгдсэн судалгаануудад энэ талаар мэдээлээгүй ч гэсэн ялангуяа тарих аргыг хэрэглэхээ болисны дараа өндөгөвчийн үйл ажиллагаа сэргэх 1 жил хүртэл хугацаагаар хойшлогддог болохыг хүлээн зөвшөөрсөн байна (Mary Ellen Payone нар, 2007). Энэ судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 4.5 хувь нь өндгөвч эрт цуцах хам шинжтэй байсан, эдгээр эмэгтэйчүүдийн 2 нь дааврын бэлдмэл 7­9 жил хэрэглэсэний дараа биений юм огт үзээгүй байв. Хэдийгээр өндгөвч эрт цуцах хам шинж үүсэхэд дааврын эм нөлөөлөөгүй байж болох талтай ч энэ нь суурь эмгэгийг даамжруулсан байж болох юм. Иймд жирэмслэхээс хамгаалах аргуудыг нөхөн үржихүйн насны үе шатуудад зөв зохистой сонгож хэрэглэх, гэр бүл төлөвлөлтийн эмч нарыг жирэмснээс хамгаалах аргуудыг сурталчлахад сургахаас гадна үргүйдлийн эрсдэлийн талаар зөвлөгөө өгөхөд давхар сургах нь зүйтэй гэж үзэж байна.

Дүгнэлт:

  1. Зонхилон тохиолдож буй дотоод шүүрлийн хямралд  хэвийн  мөчлөг бүхий  архаг ановуляц, пролактин дааврын ихсэлт болон өндгөвчийн хатууралт уйланхайжих хам шинж орж байна.
  2. Үргүйдэлтэй эмэгтэйн шинжилгээний хамгийн эхний алхам нь өндгөвчийн байдлыг үнэлэхээс эхлэх нь зүйтэй бөгөөд дааврын шинжилгээг эмнэлзүйн үзүүлэлтүүдтэй нь уялдуулан зөв үнэлэх нь чухал байна.
  3. Үргүйдэлд нөлөөлөх хүчин зүйлүүд нь ихэвчлэн урьдчилан сэргийлэх боломжтой байгааг анхаарч эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчдийг үргүйдлийн оношлогоо, эмчилгээний талаарх суурь мэдлэгийг олгох, зөвлөгөө өгөх сургалтуудад хамруулах нь зүйтэй.
Ном зүй

1. WHO: Infertiltiy. A tabulation of available data on prevalence of primary and secondary infertility. Geneva, WHO Programme on Maternal and Child Health;1991
2. Энхжаргал, Раднаабазар, 1996; Монгол дахь үргүйдлийн тархалт
3. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа, 1998, 2003
4. Speroff, 2005, Reprodcutive endocrinology and Infertility.
5. ДЭМБ; Үргүйдэлтэй хосыг судлах аргачлал, 1993
6. Назаренко ТА, 2005. \"Эндокринное бесплодие у женшин\"
7. Adam H Balen et al, 2003, Infertility in practice; second edtion
8. Kathryn L, Terry, ScD; Walter C Willett et al, Arch Intern Med, 2006;166;2484-2489
9. David BDunson, Colombo et al, 2004;Obstet. Gynecol, Vol 103, N 1, January.
10. Kristy Ruis, Jeremy King, 2007, Obs. Gynecol; Jons Hopkins Manual of Gynecology and obstetrics.
11. Victor Goh, The Gonagomjk\'ny surge in human reproduction: physiology and pathophysiology, Vol.2; Chuchill Livingstone
12. Revised 2003 consensus on diagnostic criteria and long-term health risks related to PCOS;In Fertility and Sterility; Vol,81,No,1, January 2004.
13. Fruzzetti F, Bersi C et al: Treatment of hirsutism: comparisons between different antiandrogens with central and peripheral effects. Fert & Steril: 71: 445-51. 1999
14. Legro RS, Finegood D, et al: A fasting glucose to insulin ratio is a useful measure of insulin sensitivity in women with PCOS. JCEM 83:2694-2698. 1998,
15. Kapeliushnik NL, Osipov RA et al; Analysis of the sequelae of induced abortion (based on the clinical data of the V.I. Lenin Kazan Institute for Training of Physicians). Akush Ginekol (Mosk) 1988 Dec; (12): 52¬3.
16. Hogue CJ, Cates W Jr et al: The effect of induced abortion on subsequesnt reproduction, Epidemiol Rev, 1982; 4;66-94
17. Dalaker K et al; Delayed reproductive complications after induced abortion. Acta Obstet Gynecol Scand 1979;58 (5): 491-4.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Шижирбаатар


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4604
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК