Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 2(5-2)
Физиологи, Анагаах Ухааны салбар дахь Нобелийн шагнал
( Түүх )
 

"for his work on malaria, by which he has shown how it enters the organism and thereby has laid the foundation for successful research on this disease and methods of combating it"

Роналд Росс 1857 оны 5 сарын 13-нд Энэтхэгийн армийн офицер Sir C.C.G.Ross-ын хүү болон Энэтхэгийн Алморад мэндэлжээ. Росс багаасаа жүжигчин болох хүсэлтэй байсан боловч аав нь түүнийг эмч болох ёстой хэмээн шийдэж улмаар 1875 онд Лондон дахь Гэгээн Бартоломевийн эмнэлэгт анагаах ухааныг судалж эхэлсэн бөгөөд 1881 онд Энэтхэгийн Эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэх болсон байна. Гэвч тэр үед Росс өөрийн ажлынхаа ихэнх цагийг уран зохиолын салбарт, ялангуяа яруу найраг болон жүжиг бичихэд зарцуулж байсан. Тэрээр 1883-1920 оны хооронд 15 уран зохиолын холбогдолтой бүтээл хэвлүүлсэн байдаг. Мөн Энэтхэгт байх эхний жилүүддээ математикийг гүнзгий сонирхон судалж тэрхүү сонирхлоо ч амьдралынхаа туршид орхиогүй бөгөөд 1901-1921 оны хооронд математикийн 7 бүтээл хэвлүүлснээс түүний 1901 онд бичсэн "Algebra of Space" бүтээлдээ A.N.Whitehead-ийн зарим ажлыг урьдчилан харсан байдаг.
 
Тэрээр 1889 онд Английг орхих үедээ нийгмийн эрүүл мэндийн дипломтой болон улмаар шинээр байгуулагдсан нян судлалын курст суужээ. Росс 1892 онд хумхаагийн талаарх өөрийн судалгааг эхлүүлж, 1894 онд Патрик Мэнсон рүү хумхаагийн үүсгэгч буюу 1880 онд Чарльз Лавераны анх тодорхойлсон шимэгчийг хэрхэн илрүүлэх талаар туслахыг хүсэн хандсан байна. Ингээд түүний заавар зөвлөгөө, урамшууллын хүчинд Россын шинжлэх ухааны амжилтанд Мэнсон хамгийн хүчтэй нөлөөлсөн хүн болсон бөгөөд тэр л Росст шумуул (mosquito) өвчний тархалттай холбоотой байж магадгүй гэсэн таамаглалыг анх хэлсэн бөгөөд энэхүү онолыг батлахын тулд Росс 4 жилийн турш ажиллажээ.
 
Түүний эхний стратеги, шумуулаас хүнд өвчин дамжиж байгааг нотлох байсан ч энэ нь бага зэрэг л амжилттай болсон: тэрээр хумхаатай өвчтөний цусыг сорсон шумуулаар эрүүл хүнийг хазуулах замаар туршсан боловч бүтээгүй бөгөөд энэ нь түүний ашигласан шумуулын зүйл өвчин зөөгч зүйл биш байсантай холбоотой байж болзошгүй. Ингээд тэр шумуулын байгалийн түүхийг илүү нарийвчлан судлахаар шийдэж 1897 онд халдварлагдсан өвчтөнүүдийн цусаар хооллосон Anopheles mosquito-wm биенээс хумхаагийн шимэгч болох плазмодиг илрүүлжээ. Росс улмаар шумуулын доторх шимэгчид чухам юу болдог хийгээд хэрхэн шинээр хүнд халдварлуулдагийг
харуулахыг оролдсон. Тэр туршилтаа хүн дээр хийхгүй байх боломжийг хайж байсан бөгөөд түүнийгээ ч олсон нь шувууны хумхаа, түүний вектор Culex fatigans байсан юм. Ингээд удаан хугацааны оролдлогын дараа буюу 1898 онд шумуулны шүлсний булчирхайд байх шувууны хумхааг үүсгэгч Proteosoma шимэгчийг илрүүлснээр шумуулын хазалтаар шимэгч нь өөрийн эзэн шувуундаа ордог болохыг баталжээ. Россын ажлыг Мэнсон Эдинбург дэхь Британий Анагаах Ухааны Нийгэмлэгийн хурал дээр мэдээлсэн бөгөөд тэр жилийн төгсгөлд Жиованни Грассигийн удирдлаган дахь Италийн судлаачид хүний хумхаагийн вектор болох Anopheles mosquito дээр ижил үр дүнг гарган авсан байна.
 
Ингээд 1899 онд Росс Энэтхэг дэхь албанаасаа бууж халуун бүсийн анагаах ухааныг судалдаг Ливерпүүлийн сургуульд ажиллахыг зөвшөөрч Sir Алфред Жонес-ийн удирдлаганд ажиллаж эхэлсэн нь түүнд өөрийн судалгаагаа баруун Африкт үргэлжлүүлэх боломжийг олгож улмаар тэнд тэрээр үхэлд хүргэгч Африкын халууралтыг дамжуулдаг шумуулын зүйлийг олсон юм. Түүнээс хойш түүний сургууль эрүүл мэндийг сайжруулах, ялангуяа баруун Африкт хумхаагийн тархалтыг бууруулах асуудалд маш эрчимтэй дэмжлэг үзүүлсэн. Россын судалгаа бүрэн батлагдаж, түүний үр дүн Кох, Даниелс, Бигнами, Целли, Кристоферс, Стифенс, Аннетт, Аустен, Руге, Зиеман болон бусад нэр хүндтэй судлаачдаар дэмжигджээ.
 
Ажил амьдралынхаа хамгийн идэвхтэй үеүдэд Россын сонирхол дэлхийн өөр өөр улсуудад хумхаагаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийх хэмжилтийн аргуудыг боловсруулахад чиглэгдэж байлаа. Тэр баруун Африк, Суэзийн сувгийн бүс, Грек, Мавритан, Кипр болон 19141918 оны дайнд өртсөн газар орнуудад асуумж судалгааг явуулж схемийг эхлүүлжээ. Тэрээр мөн Энэтхэг болон Цейлоны тариалангийн үйлдвэрүүдэд хумхаагаас урьдчилан сэргийлэх зорилгоор сайн зохион байгуулагдсан байгууллагуудыг байгуулж өгсөн байна. Хэдий тэрээр хумхаагийн тархварзүй болон судалгаа, үнэлгээний аргуудад үлэмж их хувь нэмэр оруулсан боловч магадгүй тэдгээрээс хамгийн агуу нь түүний тархварзүйн судалгаанд зориулж зохиосон математик загварууд юм. Тэрээр энэ тухайгаа 1908 онд Мавританий талаарх тайлан дээрээ бичиж эхэлсэн бөгөөд 1911 онд өөрийн Халуун хумхаагийн Уръдчилан сэргийлэлт номондоо илүү дэлгэрэнгүй бичиж улмаар 1915 болон 1916 онуудад Эзэн хааны нийгэмлэгээс эрхлэн гаргадаг шинжлэх ухааны бүтээлд хэвлүүлжээ.
 
Эдгээр бүтээлүүд нь түүний зөвхөн тархварзүйд хязгаарлагдаагүй илүү гүнзгий математикийн сонирхлыг илэрхийлдэг бөгөөд улмаар энэ нь түүнийг онолын болон хэрэглээний математикт бодит хувь нэмэр оруулахад хүргэжээ. "Патометр" хэмээн олонд алдаршсан энэхүү ойлголт 40 жилийн дараа шавьжаар үүсгэгдэх өвчнүүдийн тархварзүйн суурь ойлголтын үндэс болсон юм.
 
Росс эдгээр ажлуудаараа дамжуулан шумуулаар үүсгэгдэх хумхаагийн дамжилтын талаарх нээлтдээ өөрийн хувь нэмрээ тасралтгүй оруулсаар байсан. Гэсэн ч энэ их ажлынхаа хажуугаар тэрээр яруу найрагч, зохиолч, зураач, хөгжмийн зохиолч байх цаг зав, сэтгэлзүйн их энергийг өөрөөсөө олж чаддаг байжээ. Ялангуяа түүний яруу найргийн бүтээлүүд нь түүний анагаах ухааны болон математикийн салбар дахь байр сууриас нь тусдаа хүмүүсийн талархлыг хүлээдэг байсан юм.
 
Тэрээр Нобелийн шагналаас гадна бусад тивүүд болон Европын ихэнх улсын шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн Хүндэт Гишүүн цол зэрэг олон хүндэтгэлийг хүлээн авсан бөгөөд 1910 онд Стокхолм дахь Каролин Институтийн зуун жилийн ой дээр хүндэтгэлийн M.D. зэргийг авчээ.
 
Түүний үнэний төлөөх цогтой, цуцашгүй байдал, зөвхөн өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг нь зарим хүмүүстэй зөрчилдөхөд хүргэдэг байсан хэдий ч тэрээр Европ, Ази, Америкт түүнийг хувь хүнийх нь хувьд болон гоц ухааныг нь хүндлэн биширдэг маш олон найз нөхөдтэй байлаа.
 
Росс 1889 онд Роза Бесси Блоксамтай гэрлэсэн бөгөөд тэд Роналд, Чарльз хэмээх хоёр хүү, Дороти, Силвиа хэмээх хоёр охинтой байсан. Тэрээр эхнэрээ нас барснаас нэг жилийн дараа буюу 1932 оны 9 сарын 16-ны өдөр Лондон дахь Росс Институтэд удаан хугацааны өвчлөлийн дараа насан эцэслэсэн бөлгөө.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 668
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК