Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2008, 2(5-2)
Томуугийн үед гэрийн нөхцөлд хэрэглэх аргууд
( Товч мэдээлэл )
 
Томуугийн талаарх ерөнхий ойлголт
 
Томуу нь вирусын халдвараар үүсгэгддэг бөгөөд гэнэт халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, чичрэх, хуурай ханиах, хамраас нус гоожих, хамар битүүрэх болон хоолны дуршил буурах зэрэг шинжээр илэрдэг. Томуу нь өвчтэй хүн ярих, ханиах үед үүссэн шүлсэн бөмбөлгүүдээр дамжин агаар дуслын замаар халдварладаг төдийгүй шүлсээр бохирдсон эд зүйлсээр халдвар дамждаг.
Томуугаар хэн илүүтэй өвчлөх вэ?
Бүх насныхан өвчилдөг боловч ихэнх тохиолдолд бага насны хүүхдүүд өвдөнө. Ялангуяа биеийн эсэргүүцэл суларсан хүмүүст халдвар амархан тархана.
Ямар тохиолдолд эмчид хандах вэ?
3 өдрөөс дээш хугацаанд халуурах, ханиалга улам хүндрэх (ханиах үед цээжээр өвдөх г.м) тохиолдолд заавал эмчид хандаарай. Энэ шинж тэмдэг нь хоёрдогч бактерийн халдвараар хүндэрсэн байж магадгүйг заах ба эмчийн хяналтан дор антибиотик эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Юу хийх вэ?
Хангалттай амралт авах
Өөрийн өдрийн төлөвлөгөөндөө унтаж амрах цагийг зайлшгүй оруул. Хэдийгээр та их ажилтай байсан ч ердийнхөөсөө эрт унтаж, ажилдаа арай орой гараарай. Мөн хамгийн их стресст өртдөг ажлаа түр хойшлуулаарай. Хэрэв шаардлагатай бол аспирин, ацетаминофен болон ибупрофен, уух. Ихэнх ханиадны үед өндөр халуурдаг бөгөөд толгой өвдөх, чичрэх гэх мэт халууралтын улмаас үүсдэг шинж тэмдэг илэрдэг. Энэ нь таны бие эмгэг төрөгчийн эсрэг тэмцэж байна гэсэн үг юм. Хэрэв танд ямар нэг хүнд зовиур шаналгаагүй бол халууныг буулгах хэрэггүй. Шаардлагатай үед дээрх эмүүдийг уухыг зөвлөж байна. Аспирин болон ибупрофен нь таны өвдөлтийг намдаах бол ацетаминофен нь халууныг буулгах үйлдэлтэй.
Уу, уу бас дахин уу. Мэдээж энэ нь согтууруулах ундааны талаар биш. Харин бусад кофейн агуулаагүй (кофе болон согтууруулах ундаа нь шингэн алдалтыг ихэсгэнэ) шингэн зүйл нь таны биед нэн хэрэгтэй бөгөөд таны алдсан шингэнийг нөхөж бодисын солилцоог хэвийн байлгана. Хэрэв таны хоолны дуршил буурсан бол танд тохирох хамгийн зөв сонголт бол тэжээллэг шүүс юм.
Өрөөгөө чийглэх
Өвөл яагаад томуу ихэсдэгийг та мэдэх үү? Өрөөнд хиймлээр үүсгэсэн дулаан нь агаарын чийглэгийн хэвийн хэмжээг өөрчлөж, хуурайшил үүсгэхээс гадна гадаа хүйтэн үед тухайн газарт нэг дор олон хүн цугларах нөхцлийг үүсгэдэг. Өрөөнийхөө агаарыг чийгшүүлэх нь томуу тархахаас сэргийлэхээс гадна таныг илүү тухтай байлгана.
Ханиалга намдаах
Хуурай ханиалгах нь танд шаардлагатай амралтыг өгч чадахгүй учир эмчийн заавраар ханиалга намдаах эм ууна. Харин цэртэй ханиалгын үед ханиадыг намдааж болохгүй харин цэрийг ханиалгаж ховхлох шаардлагатай. Харин том хүнд зориулсан цэр ховхлох эмийг хүүхдэд өгсөнөөс ховхорсон цэр гадагшилж чадалгүй амьсгалын замыг таглан аспираци үүсгэх хүндрэл байдаг. Иймээс хүүхдэд зориулсан эмийг уулгахыг эрхэмлээрэй.
Хар шөл
Үхрийн махтай, тахианы махтай, ногоотой аль нь ч байсан танд хэрэгтэй бөгөөд биеийг хөлрүүлж салстын ялгаралтыг ихэсгэнэ. Таны хоолны дуршил багассан ч байсан бага хэмжээгээр уугаарай.
Зөгийн бал
Зөгийн балыг эртний Хятадын анагаах ухаанд томуугийн эсрэг хэрэглэдэг байсан. Хэрэглэхэд маш хялбар нэг халбага зөгийн балыг стакан халуун усанд хийгээд сайн хутгаад уугаарай,нимбэг нэмж хийж болно.
Гич
Гич нь эрт дээр үеэс анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн бөгөөд халдвар болон үрэвслийн эсрэг үйлдэлтэй байдаг. 1 халбага хуурай гичийг 2-4 халбага гурилтай хольж дээрээс нь нэг өндөгний цагааныг хийж халуун усаар зунхаг болтол нь хутгана. Дараа нь алчууранд уг зунхагаа ороож өвчтөний цээжин дээр тавина. Гич өвчтөний цээжийг түлэхээс сэргийлж ойр ойрхон ажиглаж байгаарай. Нимбэг. Нимбэгний халуун хандыг эртнээс ханиадны эсрэг хэрэглэдэг байсан. Нимбэг нь бактер, вирус, мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэйгээс гадна үрэвслийн эсрэг үйлдэлтэй. Нэг зүсэм нимбэгийг стакан халуун усанд хийж 5 минут байлгасны дараа зөгийн бал нэмж амт оруулан өдөрт 3-4 удаа уугаарай.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4726
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК