Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 2(6-2)
Хавдрын оношлогоо, эмчилгээний асуудлаар Монгол, Японы эмч нар туршлага солилцлоо.
( Товч мэдээлэл )
 
2009 оны 4 сарын 30 - 5 сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Хоол боловсруулах тогтолцооны зарим хавдрын орчин үеийн оношлогоо, эмчилгээний ололтууд” сэдэвт симпозиум зохиогдлоо. Япон улсын Сайсейкай Якатагийн төв эмнэлэг, Жикей, Такушима, Кумамотогийн их сургууль зэрэг томоохон эмнэлэг, сургуулиудын эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хавдрын мэс засал, туяа, хими эмчилгээний талаар илтгэл тавигдаж, харилцан туршлага солилцлоо. Хавдар Судлалын Үндэсний Төвийн хурлын танхимд 4 сарын 30-ы өдрийн симпозиумыг нээж хэлсэн үгэндээ ХСҮТ-ийн захирал Л.Төмөрбаатар “Монгол улсад шинээр бүртгэгдэж буй хорт хавдрын 70% нь хоол болоtвсруулах эрхтэн тогтолцооных байна. Энэ нь яахын аргагүй манай эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа билээ. Иймд бусад орны мэргэжил нэгт нөхөдтэйгөө мэдлэг туршлагаа солилцож, хамтран ажиллах нь чухал байна. Энэхүү симпозиум энэ чиглэлийг хөгжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн бол мөн нээлтийн үеэр Токиогийн Эмэгтэйчүүдийн Анагаах Ухааны Их сургуулийн профессор Масаку Ямамото оношлогоо, эмчилгээний орчин үеийн хандлагын талаар онолын талаас илтгэл тавихаас гадна мэс засал шууд үзүүлэх замаар онол, практикийг хослуулахаараа уг симпозиум онцлог болохыг дурьдсан юм. Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч мэргэжилтнүүдээс гадна Улсын Клиникийн төв эмнэлгүүдийн гастроэнтерологичид симпозиумд оролцсон нь нэг талаас хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлогооны асуудалд бүх чиглэлийн эмч нар хамтран ажиллах шаардлага тулгараад буйг улам бүр нотолж, нөгөө талаас энэ симпозиумын ая холбогдлыг илэрхийлсэн илтгүүр болсон гэж үзэж болох юм.  
Симпозиумд тавигдсан илтгэлүүдийг 3 сэдэвт хуваасан бөгөөд элэгний хорт хавдрын оношлогоо, мэс засал эмчилгээний хэсэгт элэгний хавдрын ялган оношлогоо, элэгний их тайралтыг эрсдэл багатай түргэн гүйцэтгэх аргачлал, элэгний доорх доод хөндийн венийг хавчиж элэг тайрах мэс заслын үед цус алдалтыг багасгах аргачлал, элэгний эсийн хавдрын үед тирозин киназа ингибиторыг эмчилгээнд хэрэглэх боломж зэрэг сэдвүүдээр онолын мэдлэг тэлэхээр илтгэлүүд тавигдлаа. Нойр булчирхай, цөсний замын тухайд нойр булчирхайн сүүл хэсгийн тайралтыг хэвлийн дурангаар тайрах, цөсний замын хавдрын оношлогоонд гимтон диатилаз, гипоксийн фактор 1–ийн гүйцэтгэх үүргийн талаар харилцан туршлага солилцсон бол тохиолдлоороо элэгний хорт хавдрын дараах байруудад ордог ходоод, улаан хоолойн хавдрын тухайд улаан хоолойн хавдрын мэс заслын өмнөх хими-туяа эмчилгээ, хожуу үе шатанд буй улаан хоолойн хавдрын эмчилгээнд DCF-ийн /Docetaxel+Cisplatin+5FU/ хэрэглээ, ходоодны дээд хэсгийн тайрах зэрэг асуудлуудыг хөндсөн. 
5 сарын нэгэнд улаан хоолойн мэс заслыг Монголын талаас АУ-ы доктор Я.Эрдэнэ-Очир, элэгний хавдрын мэс засал эмчилгээг АУ-ы доктор Ж.Чинбүрэн нарын хамтарсан баг гүйцэтгэж, уг үйл явцыг дэлгэцээр хурлын оролцогчдод шууд үзүүлснээрээ онцлог байлаа. Цаашид өрнөх оношлогоо, эмчилгээний асуудалд тус хүргэж, дэм болохуйц мэдээлэл түгээсэн эсэхийг манай эмч нарын үйл хэрэг харуулна биз ээ. 
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 823
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК