Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1998, 4(105)
Хроно-эмчилгээ буюу цагийн эмчилгээний тухай
( Судалгааны өгүүлэл )

Л.Лхагва

Анагаах ухааны ux сургууль

 

20 дугаар зууны II хагаст анагаах ухаан, биологи, цаг хугацааны хүчин зүйлийг харгалзан эмчилгээ хийх талаар дорвитой амжилт олж, эмийг хэдийд хэрэглэвэл үр дүнтэй, тэр нь биемахбодийн биохэмнэлтэй хэрхэн холбогдож байгаа ул үндсийг ойлгох, тайлбарлах талаар судалгаа эрчимтэй хөгжиж байна.

Хроно-эмчилгээ буюу цагийн эмчилгээний онолын асуудлыг хроно-эм судлал, хроно-эмийн кинетик, хроноэстезия буюу хроно-мэдрэмж зэрэг асуудлын хүрээнд авч үзэж байгаа ажээ. Хроно-эм судлал нь эмийг хэдийд хэрэглэх өөрөөр хэлбэл эмийг өгөхөд тухайн физиологи, биохимийн үзүүлэлтийн хэмнэлийн үелэлтэй эмийн үйлчлэл ямар хамааралтайг судална.

Энэхүү хамаарал нь эмийн бодис хоол боловсруулах замд шимэгдэх болон биед тарьсан газраас зөөвөрлөгдөх, хувирах, ялгарахыг нөхцөлдүүлж байдаг толголцоонуудын идэвхийн янз янзын хэмнэлээр тодорхойлогддог байна.

Эдгээр үйл явцын хөдлөл зүй бүхий харилцан холбоо нь цус болон эдэд эмийн бодисын үр нөлөөтэй хуримтлагдахыг буюу эмийн бодисын хронокинетикийг хангадаг ажээ.

Биохэмнэлийн янз бүрийн давтамж тухайлбал хоногийн, сарын, жилийн хэмнэлийн янз бүрийн үед эмийн бодисыг хэрэглэхэд түүний идэвх өөрчлөгдөхийг тодорхойлж байдаг нэг хүчин зүйл нь тэр эмийн бодисыг хүлээн авч буй рецепторын үйл ажиллагааны өөрчлөлт буюу цагийн мэдрэмж юм.

Эдүгээ анагаах ухаанд мэдэгдэж буй хроно эмчилгээний аргыг дараах байдлаар ангилж болох байна.

  1. Превентив арга
  2. Имитацийн буюу дуурайлгах арга

3.       Эмээр эрүүл хүний хэмнэлийг албадан бий
болгох арга

Превентив арга нь өвчин үүсч даамжрах хронобиологийн зүй тогтол дээр үндэслэнэ.

Энэхүү аргын гол учир утга нь судалж буй үйл ажиллагааны хэмнэлийн үелэлийн дээд хэмжээтэй эмийн бэлдмэлийн үйлчлэлийн хамгийн их хэмжээ, тэдгээрийн сөрөг нөлөөний хамгийн бага хэмжээ тус тус таарч байх явдал юм.

Имитацийн буюу дуурайлгах арга нь цус ба эд эсд буй тодорхой бодисуудын концентрацийн эрүүл хунд байх биохэмнэлийн зүй тогтол дээр үндэслэнэ. Төрөл бүрийн даавар (гормон)-аар эмчлэхэд ийм аргыг амжилттай хэрэглэж байна.

Цусанд буй дааврын идэвх хоногийн хугацаанд харилцан адилгүй байдаг. Гипоталамус-гипофиз-бөөрний дайвар болон бэлгийн булчирхайн даавар тэрчлэн инсулин дааврын хоногийн хэмнэл нилээд сайн судлагджээ. Жинхэнэ болон нийлэг кортикостериодыг түүний цусанд байх хамгийн их хэмжээ ажиглагддаг өглөөний 8 цагаас өөр бусад цагт тухайлбал өдрийн 12 цагт юм уу өдөрт 2 удаа (өглөө, орой) өгвөл стероидын шүүрлийн хоногийн хэмнэл эрс өөрчлөгддөг байна.

Кортикостероидын цагийн эмчилгээний тухайд олсон нилээд дорвитой амжилтын нэг нь янз бүрийн кортикостероидын шүүрлийн ердийн хэмнэлийг орлож чаддаг хосолмол бэлдмэлүүд (жишээ нь дутимелан)-ийг бий болгосон явдал юм. Тийм бэлдмэлүүдийг кортикостероидын ялгаралт идэвхтэй байдаг өглөө 8 цагт өгвөл түүнийг орой 20цагт өгсөнөөс илүү үр дүнтэй байжээ.

Цагийн эмчилгээний гурав дахь чиглэл нь янз бүрийн эмийн болон эмийн бус эмчилгээг эрүүл хүний хэвийн хэмнэлд аль болохоор ойр дөхөм болгож, өвчтөнд тодорхой хэмнэлийг албаар бий болгох арга юм. Энэ арга биосистемийн цаг хугацааны байгууламжийн зүй тогтлыг харгалзсаны үндсэн дээр биеийн хямарсан үйл ажиллагааг хэвийн болгох нэг зам юм. Иймэрхүү аргыг биеийн тамир, физик эмчилгээ, шавар эмчилгээнд нилээд үр дүнтэй хэрэглэж байна. Жишээ нь: Зүрх судасны тогтолцооны өвчтэй хүнд кавинтон эм бүхий электрофорезийг артерийн даралтын дээд хэмжээ ажиглагдах цагаас 3 цагийн өмнө хэрэглэвэл зүрх судасны тогтолцооны хямарсан хэмнэл богино хугацаанд сэргэж байсан байна.

Орчин цагт цагийн эмчилгээний асуудлаар хийгдэж буй судалгааны ажлыг ерөнхийд нь дүгнэж үзвэл:

I-т цагийн мэдрэмж буюу биемахбодийн хэмнэл эмийн бодисыг хэрхэн мэдрэхийг судлах

II-т эмийн бодис биемахбодийн хэмнэлд яаж нөлөөлж байгааг судлахад үндсэндээ чиглэж байна.

Дигоксин эмэнд хоёр хавтаст хавхлагийн нарийсал (Митральный стеноз) цусны эргэлтийн дутагдалтай жирэмсэн эхчүүд (хоөрдугаар хагаст) хэрхэн мэдрэмтгий байдгийг судлахад оройн цагаар тэр эмэнд илүү мэдрэмтгий байжээ. Даралт бууруулах ихэнх эмийн үйлчилгээ15-17цагт өгөхөд илүү үр дүнтэй байдаг ажээ.Өвчтөнд артерийн даралт 18-20цагт дээд хэмжээндээ хүрдэг учир түүний өмнөхөн мэдрэх чадвар дээшилж иржээ.

Судалгаанаас үзэхэд пенициллины харшил 18 цаг15 минутаас шөнийн 4 цагийн хооронд (дунджаар 20 цаг 30 минутын орчимд) их байсан байна.

Гистаминд мэдрэмтгий байх нь 21 цаг 45 минутаас 00 цаг 50 минутын хооронд (дунджаар 23 цаг 30 минут) байдаг байна. Ийнхүү мэдрэмтгий байх нь гистамины концентрацийн дээд хэмжээ 21-24 цагийн хооронд ажиглагдаж байгаатай холбоотой байх.Ийм учраас гуурсан хоолойн багтраа, чонын хөрвөс болон бусад харшлын өвчтэй хүмүүст гистамины эсрэг хэрэглэдэг эмүүдийг 19-20цагт өгөх нь гистамин цусанд ихээр хуралдахыг саармагжуулж харшлын урвалыг багасгадаг байна.

Гистамины эсрэг бэлдмэл болон терфендин хэмжээх эмийн үйлчилгээ 19цагт хамгийн сайн байсныг судлаж тогтоожээ.

Ер нь орчин цагийн анагаах ухаанд хоногийн
хроно-эмсудлал (циркадианнаяхронофармакология) нилээд дорвитой судлагджзэ. АКТГ, кортикостероидууд, цитостатик бэлдмэлүүдээр цагийн эмчилгээ хийх талаар нилээд ахицтай байна. В.А. Таболин (1972) болон бусад судлаачид глюкокортикоид (ГК)-оор эмчлэхэд хоногийн тунгийн 2/3-ыг өглөө өгөхөд үр дүнтэй байгааг нотолсон.Тухайлбал цочмог лейкоз өвчтэй хүүхдийг эмчлэхдээ ГК-ыг 07, 10, 13цагт, тэр тусмаа хоногийн тунгийн 2/3 юмуу о-ыг 07, 10цагт бусад тунг өдөр (13/15цагт) нэг мөсөн эсвэл (13­15 цаг), орой (18-20 цагт) өгөхөд үр дүн сайн байсан байна.

Энэ нь бөөрний дайврын даавар өглөө их хэмжээтэй ажиглагддаг ердийн хоногийн хэмнэлийг дууриалгасан хэрэг ажээ. Гэхдээ стериодын даавраар эмчлэхдээ өвчний төрлийг анхаарч байх нь чухал юм. Жишээ нь Аддисоны өвчний үед ГК-ыг 07 ба 12цагт, гипофиз гэмтэж, бөөрний дайврын үйл ажиллагаа эрс буурсан үед ГК-ыг 07 ба 22 цагт өгөх нь сайн аж. Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүст ГК-ыг 15цагт, тэхдээ хамгийн их хэмжээг 08цагт уувал нилээд оновчтой эмчилгээ болох юм.

Хавдрын эсрэг хроно-эмчилгээг боловсруулахад эрдэмтэд тодорхой хувь нэмэр оруулжээ. Жишээ нь: Эсийн митоз хуваагдлын идэвх хамгийн их болох   цагаас өмнө циклофосфаныг таривал лейкозтой хулгана илүү амьдарч байжээ. Зарим туршилтаас үзэхэд сарком хавдрын эсрэг үйлчилгээтэй сарколизин эмийг 09 цагт тарихад илүү үр дүнтэй байжээ.Лейкоз өвчтэй хүүхдэд цитостатик эм хэрхэн хэрэглэх талаар судалгаа хийж, 6 меркаптопурин, метотрексат, циклофосфан, винкристин, рубомициныг 14 ба 19 цагт өгвөл үйлчлэл сайн байжээ. Хэрэв тэдгээр эмийг өдөрт нэг удаа хэрэглэх юм бол 14-16цагт өгвөл үр дүн сайн байгаа ажээ.

Нойрсуулагч болон мэдээ алдуулагч эмийн хроно-эмчилгээний асуудал бас нилээд сонирхол татаж байна.

Барбитуратын бэлдмэлүүд (веронал, нембутал, люминал, гексенал, тиопентал, барбамил г.м)-ийг 10 ба 12 цагт хэрэглэвэл нойр удаан, 23-01 цагийн хооронд хэрэглэвэл нойр богино байжээ. Мепипиридин, морфины өвчин намдаах нөлөө 21 цагт хамгийн сайн 12 цагт хэрэглэвэл тааруу байжээ. Хоногийн хугацаанд эрүүл хүн лидокаиныг хэрхэн мэдэрч байгааг судлахад хорхойтсон шүдийг мэдээ алдуулж, өглөөгүүр хэрэглэвэл богино хугацаанд мэдээ алдуулж байжээ.

Орчин цагт зүрх судасны өвчнүүдийг эмчлэхэд хроно-эмчилгээ үр дүнтэй байгаа талаар судалгааны ажил нийтлэгдэж байна. Цусны даралт ихтэй өвчтнүүдийн артерийн даралт болон зүрхний цацалт (сердечный выброс)-ын хоногмйн хэмнэлийг судлаж, даралт ихэссэнээс 1.58-2 цагийн өмнө даралт бууруулах эмийг өгвөл үр дүн сайтай байна. Энэ тухай бид өмнө цухас дурьдаж өнгөрсөн. Ингэж эмчилгээ хийхэд хоногийн тунгийн 50-70 хувийг хоногт нэг удаа өгч үр дүнд хүрэх боломж байгаа ажээ.Эдүгээ клофелин, анаприлин, допегит зэрэг эмээр цусны даралт ихдэх өвчний II зэргийг эмчлэхэд эмийг өдөрт 3 удаа уудаг уламжлалт аргаас хроно-эмчилгээний арга давуу байгаа нь судалгаагаар тогтоогдсон.Тухайлбал уламжлалт аргаар клофелин эмийг хэрэглэхэд 10 дахь хоног дээрээ даралт тууштай буурч, эмнэл зүйн шинж тэмдгүүд илт багасч байсан бол хроно-эмчилгээний дүнд 4 дэх хоногтоо ийм үр дүнд хүрч байсан байна.Клофелинийг өдөрт 3 удаа хэрэглэхэд хүндрэл60хувь байсан бол артерийн даралт болон зүрхний цацалт нэмэгдэхээс 1.5-2 цагийн өмнө өдөрт1удаа хэрэглэхэд хүндрэл 10 хувь байжээ.

Хроно-эмчилгээний нэг гол үр дүн бол эмийн нэг удаагийн ба хоногийн, тэрчлэн курсын тунг бараг2дахин хэмнэхэд байгаа юм. Жишээ нь: Цусны даралт ихдэх өвчний II зэрэгтэй байгаа өвчтөнд клофелиныг уламжлалт аргаар буюу шахмалаар өдөрт3удаа өгөхөд нэг удаагийн тун 0.098±0.012 мг, хоногийн тун 0.217±0.02 мг, курсын тун 3.92±0.3 мг байсан бол клофелинээр хроно-эмчилгээ хийх үед нэг удаагийн тун 0.060±0.009 мг, хоногийн тун 0.110±0.013 мг, курсын тун 1.67±0.2 мг болж байжээ. Хроно-эмчилгээний хувьд анаприлин, допегит нь клофелинтэй адил үр дүн өгч байгааг энд зориуд тэмдэглэж байна.

Зүрхний цус тасалдах өвчний үед бета-адреноблокатораар хроно-эмчилгээ хийсэн дүн нилээд ирээдүйтэй байна. Тухайлбал 40 мг тунгаар хэрэглэж бум обзиданыг цусны гемодинамик, кардиодинамик өөрчлөлтийг дээд хэмжээнд болохоос 2 цагийн өмнө өгөхөд 40 мг тунгаар өдөрт 3-4 удаа хэрэглэж буй эмчилгээтэй адилхан үр дүн өгч байв гэнэ. Зүрхний цус тасалдах өвчтэй хүн болон цусны эргэлтийн дутагдалтай зүрхний гажиг бүхий хүмүүст зүүн ховдлын цочмог дутагдал гол төлөв шөнө бий болдог билээ. Ийм үед зүрхний глюкозидүүдийг хэрхэн хэрэглэхийг судалж байгаагийн дүнд тэдгээр эмийг оройн цагаар хэрэглэх нь илүү үр дүнтэйг илрүүлээд байна.

Хаван хөөх зарим эм тухайлбал фуросемидийн хроно-эмчилгээний талаар судалсны дүнд энэ эмийг өглөө 10цагт хэрэглэхэд шээсний гаралт дээд хэмжээнд байсныг тогтоосон байна. Зүрхний цус тасалдах болон зүрхний шигдээс өвчтэй хүмүүст цусны бүлэгнэх систем өөрчлөлтөнд орж, орой, шенийн цагаар цус хэт бүлэгнэдэг билээ. Тэгвэл зүрхний шигдээс өвчтэй хүнд гепариныг хоногт 5000-10000 нэгжээр 4цагийн зайтай 6 удаа хэрэглэвэл цус бүлэгнэлийн хоногийн хэмнэл хэвийн болж байсан байна.

Дотрын өөр зарим өвчнийг эмчлэхэд ч хроно-эмчилгээ үр дүнтэй байгаа талаар ном, зохиолд бичиж байна. Судлаачид ревматоид артритийг эмчлэх талаар судалгаа хийж, индометацин эмийн хроно-эмчилгээний үр дүнг тодруулж байна. Хэрэв үе мөч шөнө хүчтэй өвдөөд байвал энэ эмийг орой уух, хэрэв орой их өвдөөд байвал өглөө юмуу өдөр өгвөл үр дүн сайн байгаа ажээ.

Хроно-эмчилгээг хэрэглэснээр рашаан шавар, физик эмчилгээ, зарим нэг үр дүнд хүрч байна. Зүрхний цус тасалдах өвчтэй хүнд иодбромын ванныг 14 цагаас хойш, хүхэр устөрөгчийн ванныг 09-11 цагт хэрэглэвэл үр дүн сайн байна. Судалгаанаас үзэхэд иодбромын болон хлорт натрийн ваннын эмчилгээг тархины судас хатууралттай өвчтөнийг эмчлэхэд тархины биоцахилгаан идэвхжлийн болон сэтгэхүйн чадварын биохзмнзлийг хэвийн болгож байжээ. Хлорт натрийн болон иодбромын ванныг 12 цагаас хойш хэрэглэвэл үр дүн сайн байжээ. Тухайлбал


13-13цаг30 минутын хооронд эмчилгээг хийвэл тархины альфа, дельта, гамма идэвхжил, 16-16 цаг 30 минутийн хооронд эмчилгээ хийвэл бета-2 ба гамма идэвхжилийн хоногийн хэмнэл хэвийн болж байсан байна. Эдгээр ванныг өглөө хэрэглэхэд уураг тархины биоцахилгаан идэвхжил бараг өөрчлөгдөхгүйгээр үл барам эсрэг хөдлөл зүй ажиглагдаж байжээ.

Рашаан эмчилгээний талаар И.Е.Оранский нар (1988) нилээд үр дүнтэй ажлууд хийжээ. Цусны даралт ихтэй өвчтнийг өглөө хлорт-натрийн ваннаар эмчлэхэд даралт хоногт дунджаар 11 мөнгөн усны баганы даралт (муб), шилмүүст ваннаар эмчлэхэд 5 муб-аар буурч байсан бол орой хлорт-натрийн ваннаар эмчлэхэд артерийн их даралт 21 муб, шилмүүст ваннаар эмчлэхэд артерийн их даралт 21 муб, шилмүүст ваннд 13.5 муб-аар тус тус буурч байжээ. Эдгээрээс үзэхэд цусны даралт ихтэй хүмүүсийг рашаанаар эмчлэхэд 13-17 цагт ихээхэн үр дүнтэй гэж тогтоожээ. Өөр цагт рашаан эмчилгээ хийх нь тийм ч таатай биш аж.

Физик эмчилгээг цаг хугацаатай шүтэлцүүлэн хийх тухайд гэвэл электрофорезийн аргыг нилээд судалжээ. Эмээр электрофорез хийх нь эмийн бодисын хэмжээнээс үлэмж хэмжээгээр шалтгаалах боловч, өглөө энэ эмчилгээг хийхэд үр дүн сайтай байгааг судалгаа нотолж байна. Тухайлбал өглөө гепаринаар электрофорез эмчилгээ хийхэд цусны бүлэгнэх чанар мэдэгдэм буурч байжээ. Зүрхний цус тасалдах өвчтэй хүмүүст энэ эмчилгээг өглөө хийвэл орой хийснээс хавьгүй үр дүнтэй байжээ.

Нитроглицеринээр зүрхний цус тасалдах өвчнийг эмчлэхэд өглөө электрофорез хийгээд байсан өвчтөнд 9 cap хүртэл хугацаанд үр дүнтэй байсан бол 15 цагаас хойш нитроглицеринээр эмчилгээ хийхэд энэхүү нааштай үр дүнгийн үргэлжлэх хугацаа 6 сараас хэтрэхгүй байжээ.

Адебит эмээр электрофорез тавьж цусны сахарт нөлөөлөх нь түүний биохэмнэлээс зохих хэмжээгээр шалтгаалж байна. Цусны сахарын дээд хэмжээ ажиглагдах цагаас 5-6 цагийн өмнө адебиттэй электрофорез хийвэл цусны сахарыг тууштай бууруулж байжээ. Харин сахарын хамгийн их хэмжээний ажиглагдаж байгаа цаг болон аяндаа буурч байгаа үед электрофорез эмчилгээ хийвэл гаж нөлөө үзүүлж байжээ.

Рашаан эмчилгээнд улирлын хэмнэл бас чухал байдаг ажээ. Кисловодск рашаан сувиллын газар цусны судас хатууралтай өвчтөнд эмчилгээ хийсэн дүнгээс харахад зун эмчилгээ хийсэн үед холестерин багасч альфа-липопротейд нэмэгдэж, тэр нь9 сарын турш хадгалагдаж байжээ.Хавар эмчилгээ хийсэн үед беталипопротеид болон триглицерид болон альфа липопротеидын хэмжээ 6 сарын дараа эрс нэмэгдэж байжээ. Наран эмчилгээ хийх үед триглицеридэд ямар нэг нөлөө үзүүлээгүй байна. Харин холестерины хэмжээг бууруулж, энэ нь 9 сарын турш хадгалагдаж байлаа. Өвөл эмчилгээ хийсэн үед дурьдсан үзүүлэлтийн хөдлөл зүйд ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

Рашаан сувиллын нөхцөлд ходоод, арван хоёр хуруу гэдэсний шархлаатай өвчтөнг эмчилсэн дүнг гастродуоденоскопоор шинжиж тогтоосон байдлыг үзэхэд зуны улиралд эмчилгээ хийвэл шарх 77.7% (сорвижилттой), хавар58.3%, намар 57.7%тус тус эдгэрч байжээ.

Экзем (намарс) өвчний сэдрэлт 12-2 дугаар сард дээд хэмжээндээ хүрч байсныг тогтоож, рашаан эмчилгээг 4-7 дугаар сард хийх нь үр дүнтэй байгааг нотолсон байна.

Дашрамд өгүүлэхэд орчин цагт хроно-оношлогоо, хроно-эмчилгээ хэмээн нэрлэгдэж буй өвөрмөц эмчилгээний аргын тухай Дорнын анагаах ухаан баялаг "туршлага" хуримтлуулжээ.

' Хоног улирлын хугацаанд бие махбодын аливааг мэдрэх мэдрэмж нэмэгдэх тэр агшныг мэдрэмжийн хэмнэл гэдэг билээ. Түүнийг тааруулж эмчилгээ хийх нь цагийн эмчилгээ юм. Өрнийн анагаах ухаан энэ талаар нилээд хожуу анзаараа юу гэлтэй байх юм.

Тэгвэл "Жуд-ши" буюу "Анагаах ухааны дөрвөн үндэс" номонд энэ тухай хэрхэн өгүүлж байна вэ?

"Анагаах ухааны дөрвөн үндэс"-д саримсагны үнс, агаруу задь, руда, цагаан гүгүл, бурмыг найруулж үдэш ба үүрээр ясны шөлөөр өгвөл хий ба халууныг хамтад нь дарна. Бас цагаан зандан, 3 сэрүүн, удвал, лидэр, анар, бивлин, саримсагны үнсийг цагаан бурамтай найруулж өдөр, шөнийн дунд ясны шөлөөр даруулж өгвөл сайн", "гиван, гүргүм, дүгмониум, бор хонлэн, дэгд, шар модны дүрс, цагаан бона, жилжэ, гүгүл, гишүүнз, робшингийн цэцгийг нарийн талхдаж 4цаг (өдөр дунд, шөнө дунд, өглөө үдэш)-д усаар даруулж уулгавал халууны үлдвэрийг гаргана".

. . . найруулсан 25-ыг өдөр дунд, шөнө дунд сэндэнгийн шүүсээр даруулж өгнө. Бас анар 5-ыг өглөө, үдэш буцалгасан усаар даруулж өгвөл тунгалагийн оронд нь агуулаад шар усны халууныг хатаана", гэх мэтээр биеийн үйл ажиллагаа, цаг хугацаатай ямар шүтэлцээтэй байдгийг нарийн тооцоолж эм тан өгч элдэв засал хийдгийг тодорхой өгүүлжээ.

Мөн номд эм өгөх 10 ёсны тухай бичжээ. Үүнийг дор сийрүүлье.

  1. Бадган босч дэлгэрсэн бөгөөд цагаас хэтэрч өвчний хүчин төгссөнд өглөө эрт өлөн цаг дор эмийг уулгамой.
  2. Уруу арилгагч хий тэргүүтнийг өвчин дор үдийн идээний урьд эмийг уулгах бөгөөд эм уулгасны даруй дор идээг идүүлэх
  3. Галыг тэгшитгэгч хий өвчин нугууд дор үдийн идээний хагасыг идүүлж, эм уулгаад дараа нь үлдсэн хагас идээг идүүлмой.
  4. Түгээмэл гүйгч хийгээс болсон өвчин дор өглөө буюу оройн идээг идсэний даруйд уулгамой.
  5. Амь баригч хийгээс болон өвчин дор идээг идэж байх үед нэг үмх идсэний хойно эмээ нэг бага зэрэг уулгах мэтээр идээ болон эмийг ээлжлэх.
  6. Дээш гүйх хийгээс болсон өвчин дор олонхийг идээний завсар дор уух (идээний шингэсний хойно)
  7. Амьсгал амар үгүй ба цэрийг арилгах эмийг бол бага багаар дахин дахин уулгамой.
  8. Дур булгих тэргүүтэн зарим өвчин дор тусгай эмийг бол идээ лүгээ хольж өгөх.
  9. Зогисох тэргүүтэн өвчин дор эмийг идээний өмнө хойно өгч идээг эмийн дунд дарахыг ёсоор уулгамой.
  10. Хоолзуураас дээшихийн өвчинд оройн хоол идэхийн урьд буюу идсэн болбоос түүний шингэсний сүүлээр шөнө хэвтээ үед эмийг өгвөөс зохимуй хэмээжээ.
Ном зүй

1.\"Анагаах ухааны дөрвөн үндэс\" Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо, 1989, дээд ба доод дэвтэр
2.Деряпа Н.З. Мошкин М.П. Посный B.C. Проблемы медицинской биоритмологии, М.Медицина, 1975
3.Зисловская P.M. Суточные ритмы у больных с сердечно-сосудистыми заболеваниями М.Медицина, 1979
4.Комаров Ф.И. Рапопорт С.И. Малиновский Н.К. К проблеме управления биоритмами организма Клин. Мед 1996. 18. с. 4-6
5.Хронобиология и хрономедицина (руководство), М.Медицина, 1989.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1465
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК