Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Инноваци - Шинэ Санаа, Шинэ Нээлт, 2009, 2(6-2)
Томуугийн А вирүсийн (H1N1) халдвар
( Шүүмж, эргэцүүлэл )

Ж.Гүндэгмаа M.D. MPH1

 
2009 оны 4-р сард Мексик улсад хүний H1N1 томуугийн А вирүсийн шинэ омгийг илрүүлсэн байна. ДЭМБ-ын мэдээлж байгаагаар 2009 оны 6 дугаар сарын 8-ны байдлаар дэлхийн 53 улс оронд лабораторийн шинжилгээгээр батлагдсан томуугийн А хүрээний (H1N1) вирүсээр халдварласан 25288 тохиолдол, 139 нас баралт бүртгэгдээд байна. Өвчлөлийн нийт тохиолдлын 90 хувь нь Хойд Америкт (АНУ 13217, Мексик 5717, Канад 2115), нас баралтын 86 хувь нь Мексикт тохиолдож байна (Зураг 1).
2009 онд илэрсэн хүний томуугийн А вирүсийн генийг шинжилж үзэхэд Хойд Америк, Европ, Азид илэрч байсан гахайн рекомбинант вирүстэй ойролцоо байжээ (Зураг 2).

Халдвар тархах зам

Одоогийн энэ томуугийн дэгдэлт хүнээс хүнд тархаж байна. Халдвартай хүн ханиах, найтаах үед халдвартай агаарын дуслууд гарт наалдах, эд юмсын гадаргууд наалдах эсвэл агаарт тархдаг. Халдвартай агаараар амьсгалах эсвэл халдвартай гар, эд юмсанд хүрэх үед хүн халдвар авдаг.

Эмнэлзүй

Томуугийн А (H1N1) вирүсийн халдварын үед халуурахгүй, амьсгалын дээд замын хөнгөн хэлбэрийн үрэвслийн шинжээс эхлээд хүнд хэлбэрийн буюу үхэлд хүргэх уушгины хатгалгаагаар илэрдэг. Ихэнх тохиолдолд томуу төст шинжээр илэрч аяндаа зүгээр болдог. Ханиалгах, халуурах, хоолой хөндүүрлэх, бие сулрах, ядрах, толгой өвдөх шинжүүд хамгийн түгээмэл илэрсэн байна (Хүснэгт 1). 
 
Амбулаториор эмчлүүлсэн зарим өвчтөнүүд, хэвтэж эмчлүүлэн амьд үлдсэн 6 өвчтөний нэгд нь халууралт илрээгүй байна. Дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын шинжүүд АНУ-д амбулаториор эмчлүүлсэн өвчтөнүүдийн 38%-д илэрсэн байна.
 
АНУ-д хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийн тал хувь, Мексикт нас барсан, мэдээлэл байгаа 45 тохиолдлын 21-т (46%) жирэмслэлт, багтраа, уушгины бусад өвчин, чихрийн шижин, таргалалт, дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа аутоиммуны өвчин, мэдрэлийн эмгэг, зүрх судасны өвчин зэрэг хавсарсан эмгэгтэй байсан байна. Мексикт бүртгэгдсэн нас барсан тохиолдлуудад халуурах, диспноэ, булчингаар өвдөх, бие сульдах, тахикарди, амьсгаадах шинжүүд, зарим тохиолдолд даралт буурах, цианоз илэрч байжээ. Зарим өвчтөнд эмнэлэгт хүргэгдэж ирсний дараахан зүрх зогсох шинж илэрсэн байна.
 
ДЭМБ-ын эмчилгээний удирдамж
 
Хөнгөн хэлбэр. Парацетамол, шингэн уулгах зэрэг шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Аспирин болон аспирин агуулсан салицилат нь Рейн хамшинж үүсгэх эрсдэлтэй тул хүүхэд, залуучуудад өгч болохгүй. Вирүсийн эсрэг бэлдмэл байгаа бол эрсдэл өндөртэй өвчтөнүүдэд (хавсарсан өвчин эмгэгтэй эсвэл жирэмсэн) нейраминидазыг саатуулагч бэлдмэлтэй (озельтамивир уухаар эсвэл занамивир аэрозоль хэлбэрээр) хавсран аль болох эрт өгөх шаардлагатай. 
Томуугийн А хүрээний (H1N1) шинэ вирүс нь нейраминидазыг саатуулагчид мэдрэг, харин M2 ионы сувгийг саатуулагчид (амантадин, римантадин) тэсвэртэй байна. Тохойн хонхорт ханиаж найтаах, гараа угаах, гараа ам хамартаа хүргэхгүй байх, өрөө тасалгаагаа агааржуулах зэрэг халдвар хамгааллын дэглэмийг гэрийн нөхцөлд баримтална.
 
Хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөнүүд. Хэрэв байгаа бол озельтамивир вирүсийн эсрэг эмчилгээг ялангуяа хүнд явцтай болон томуугийн А (H1N1) вирүсээр үүсгэгдсэн уушгины хатгалгаатай өвчтөнүүдэд хийхийг зөвлөдөг. 
Томуугийн А (H1N1) вирүсээр үүсгэгдсэн уушгины хүнд хатгалгааны үед илэрч байгаа шинжүүд шувууны томуугийн (H5N1) вирүсийн үед илрэх шинжтэй ижил байгаа тул шувууны томуугийн менежмент хийх удирдамжийн дагуу томуугийн А (H1N1) вирүсийн хүнд хэлбэрийн халдварыг эмчилнэ.
Өвчтөнүүдэд хүчилтөрөгчийн дутагдлыг эрт илрүүлж, хүчилтөрөгч эмчилгээ хийх, шаардлагатай бол хиймэл амьсгалын аппаратаар дэмжинэ.
Уушгины хатгалгаа үүссэн тохиолдолд тухайн хүн амд өргөн тохиолддог үүсгэгчийн эсрэг антибиотик эмчилгээг хийнэ. Улирлын чанартай гардаг болон өмнөх пандеми томуугийн үед Staphylococcus aureus-ээр үүсгэгдсэн хүнд бөгөөд хурдан явцтай, үхжил үүсгэдэг хоёрдогч халдвар түгээмэл байсан. 
Одоогоор вирүсийн эсрэг эмчилгээний талаар нарийвчилсан мэдээлэл байхгүй байгаа боловч хүнд явцтай болон уушгины хатгалгаатай хүмүүст озельтамивир уухаар өгөх нь үр дүнтэй байх магадлалтай байна. Вирүсийн эсрэг эмчилгээг орой эхлэх нь эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлж байгаа тул аль болох эрт өгөх хэрэгтэй. 
Томуугийн А (H1N1) вирүсийн халдварын үед кортикостероидыг хэрэглэхээс зайлсхийх бөгөөд Мексикт хэрэглэхэд үр дүнгүй байсныг мэдээлсэн байна. Кортикостероидыг өндөр тунгаар хэрэглэхэд ноцтой гаж нөлөө илэрдэг, түүнчлэн амьсгалын цочмог халдварын хамшинж болон бусад амьсгалын замын вирүсийн халдварын үед вирүсийн репликаци нэмэгддэг бөгөөд шувууны томуугийн А (H5N1) вирүсийн халдварын үед нас баралтыг ихэсгэдэг болох нь нотлогдсон байна.
 
Ном зүй

ДЭМБ-ын мэдээлэл http://www.who.int/csr/disease/swineflu/en/
WHO Weekly epidemiological record No. 21, 2009, 84, 185–196. http://www.who.int/wer
Trifonov V, Khiabanian H, Rabadan R. Geographic Dependence, Surveillance, and Origins of the 2009 Influenza A (H1N1) Virus N Engl J Med 2009.DOI: 10.1056/nejmp0904572
Clinical management of human infection with new influenza A (H1N1) virus: initial guidance. Geneva, World Health Organization, 2009 (available at http://www.who.int/csr/resources/publications/swineflu/clinical_management/en/index.html; accessed 30 May 2009).
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1811
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК