Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 4(35)
Монгол улсад тархаж буй халдварын байдал, хандлага
( Редакцийн зурвас )

Н.Хүрэлбаатар

ЭМЯ

 

Бичил биетний хувьсал өөрчлөлт, хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрийн алдагдал, уур амьсгалын өөрчлөлт, хүний амьдралын шинэ хэв маяг, дэлхийн хүн амын бүтцэд гарч буй өөрчлөлт зэрэг нь шинэ халдварт өвчнүүд дэлхийн дахинд болон тодорхой бүс нутагт тархах шалтгаан болж байна.

Дэлхий дээр өнөөгийн байдлаар 1000 орчим нэр төрлийн халдварт өвчин мэдээлэгдсэнээс 250 гаруй нь зоонозын халдвар бөгөөд үүний 60% нь хүнд халдварлах аюултай юм.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хүнд өвчин үүсгэдэг 90 гаруй бичил биетэн тодорхойлогдон, 50 орчим нь шинэ халдварт өвчин үүсгэж, 40 гаруй халдварт өвчин дахин сэргэж байна.

Манай улсад 1941 онд хүний халдварт өвчин анх бүртгэж эхэлснээс хойш өнөөгийн байдлаар нийт 41 төрлийн халдварт өвчин бүртгэгдээд байна. Эдгээрээс улаанбурхан, вирүст хепатит, цусан суулга, тэмбүү, хамуу зэрэг 21 өвчин буюу 53.7% нь антропозын халдвар, бруцеллёз, боом, галзуу зэрэг 19 өвчин буюу 46.3% нь зоонозын халдвар эзлэж байна.

Одоогоор лептоспироз, хулгана тахал, Ку халуурал, хачигт эрлихоз, хорт сийвэндэх зэрэг халдварт өвчний эсрэг бие манай улсад зарим хүнд шинжилгээгээр илрээд байгаа болно.

Ям, шүлхий, хуурамч сүрьеэ, арьсны лейшманиоз, шувууны томуу, баруун Нилийн халуурал, Ханта вирусийн халдвар зэрэг өвчний байгалын голомт мөн манай оронд бүртгэгдээд байна.

Дээрхи байдалаас харахад манай оронд халдварт өвчний тархалт цаашид нэмэгдэж болзошгүй гэж дүгнэж болох юм. Иймд бид АНУ-ын Флоридагийн Их Сургууль, ДЭМБ болон бусад байгууллагатай хамтран энэхүү “Шинээр сэргэж буй халдварт өвчнүүд“ сэдэвт гурав дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг эх орондоо зохион явуулж байна.

Энэхүү хурал нь халдварт өвчнөөс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авахад харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болох нь дамжиггүй юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 629
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК