Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 51(051)
Илдэн игҮҮшиний тҮҮхий эдийн Чанарт Үнэлгээ ӨгсӨн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

 

Н.Баасанжаргал, Д.Жамбанинж, Ц.Даваасүрэн, Г.Эрдэнэцэцэг
 
 

 

Үндэслэл
Илдэн игүүшин (нутгийн нэр-Зэвэрхүү игүүшин)-Cacalia hastata L. нь Нийлмэл цэцэгтэний (Compositae) овогт хамаарагддаг бүдүүн үндэслэг иштэй, энгийн шулуун иштэй, навчирхаг, 40-150 см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал юм. Навч нь 6-20 см урт, 20 см хүртэл өргөн, зэвэрхүү, өргөн гурвалжиндуу, хажуугийн шовх салбантай, шаантаг бариулын дээд хэсэг далавчирхуу. Цэцгийн сагснууд ижил бэлэг цэцэгтэй, нарийн хонхорхуу, гудайж унждаг, том цацгархуу залаа баг цэцэг үүсгэдэг (1, 4, 5, 6, 8, 9, 10, 17).
 
Илдэн игүүшиний химийн бүрэлдэхүүнд пирролизидины бүлгийн алкалоид болох платифиллин, хастацин алкалоид 0.105%, идээлэгч бодис 2.7%-9.8%, витамин С 1.78мг % хүртэл, каротин 174.7мг%-180.4мг% хүртэл, макро микро элементүүд агуулагддаг байна (1, 4, 5, 6, 8, 9, 10, 11, 12, 17 ).
Илдэн игүүшин нь Монгол орны Хангай, Хэнтий, Монгол дагуур, Хянган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын нутагт шинэсэн ой, ойн зах, тагийн нуга, голын хөндийн шугуй, бургасан ширэнгэ, булан тохой газруудаар ургана. 
Илдэн игүүшиний  навч цэцгийг Монголын уламжлалт анагаах ухаанд цөс хөөх, халуун намдаах зорилгоор ууж хэрэглэдэг байсан ба шарх эдгээх зорилгоор гадуур хэрэглэдэг байжээ. Төвд эмнэлэгт игүүшинг ”Гэмтсэн, тасарсныг эдгээгч хаан” гэж нэрлэн газрын дээрх хэсгийг гуурсан хоолой, уушгины үрэвсэл, идээт шарх эмчлэх, цус тогтоох зорилгоор тус тус хэрэглэдэг байжээ. 
 
 
Илдэн игүүшиний навч цэцэг нь үрэвсэл намдаах, нян устгах, шархны эдгэрэлтийг сайжруулах ба хастацин алкалоид нь агшилт тавиулах үйлдлээрээ платифиллинээс давуу болохыг нотолжээ( 5, 9,10) .
Химийн ухааны доктор Д.Алтанчимэг(2001) Илдэн Игүүшиний газрын дээд хэсгээс пирролизидины бүлгийн алкалоид болох платифиллин ба хастациныг ялган авч хүн малд хортой  нөлөө үзүүлдэггүй болохыг тогтоожээ (2). 
 
ОХУ-ын эрдэмтэн Д.Н.Оленников(2004) Илдэн игүүшиний түүхий эдэд каротиноид, витамин С, идээлэгч бодис, органик хүчлүүд, хлорофилл, нүүрс ус, фенол хүчил, флавоноид, алкалоид, тритерпен агуулдаг болохыг тодорхойлсон байна (11, 12, 13, 18).
 
Эрдэмтэн Ц.Володя(2002) Илдэн Игүүшиний фармакологийн зарим үйлдлийг судлан тогтоожээ. Энэ судалгаагаар Илдэн Игүүшиний газрын дээд хэсгийг  эм зүйн технологийн дагуу түүж, хатааж үүнээс эмийн бэлдмэл гарган авч үрэвслийн эсрэг, эсийн мембран бэхжүүлэх, исэлдэлтийн эсрэг, шууд дархлал дэмжих, ходоод хамгаалах үйлдлийг зузаан навчит бадааны навч, үндэс үндэслэг иш, нарийн навчит хөвөн оройтын навч болон бутадионтой харьцуулсан  судалгааг хийсэн байна (3).
 
ОХУ-ын эрдэмтэн М.И.Бальхаев(2004) Илдэн игүүшинээс шарханд хэрэглэх зорилгоор 5%-ийн шингэн тосон түрхэцийг гарган авч, уг бэлдмэл нь шархны пролиферацийн үед нөхөн төлжүүлэх, үрэвслийн эсрэг, спазмолитик, антиоксидант, мембран бэхжүүлэх, бактерийн эсрэг үйлдэл үзүүлдэг болохыг тогтоосон байна (15).
 
Эрдэмтэн А.В.Борголов (2006) шингэн тосон түрхэцийг туршилтийн цагаан хулганы умайн хүзүүнд шархлаа үүсгэн туршиж үзэхэд салст бүрхүүлийн хучуур эдийн пролиферацийн үеийн нөхөн төлжилтийг идэвхжүүлж байсан байна. Уг бэлдмэл нь умайн хүзүүний шархлаа, үтрээний бактераар хавсарч хүндэрсэн эмэгтэйчүүдийн өвчинд хэрэглэхэд бифидо болон сүүний хүчлийн бактерийг хэвийн хэмжээнд хүргэн, эмгэгтөрөгч бактерийг багасгаснаар эмэгтэйчүүдийн үтрээний эко орчинг бүрдүүлдгийг нотолжээ. Дээрх эмийн бэлдмэлийн эмчилгээний идэвхид  үрэвслийн эсрэг, спазмолитик, антиоксидант, мембран бэхжүүлэх, бактерийн эсрэг, дархлал дэмжих үйлдэл нь бодитой болохыг тогтоосон байна (16).
 
Эрдэмтэн С.Р. Аюшиева(2009) Илдэн игүүшинээс “Хастаплен” хэмээх фитопленкийг гарган авч гингивитийн үед шүдний буйлан дээр тавьж туршсан байна. Стрессын урвалын дүнд үүсгэсэн пародонтын гэмтсэн эдэд хэрэглэхэд үрэвслийн эсрэг, шархны эсрэг, нянгийн эсрэг, шархны нөхөн төлжилтийг идэвхижүүлэх нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна (13, 14).
 
Илдэн игүүшин нь химийн болон фармакологийн судалгаанд бүрэн хамрагдсан эмийн бэлдмэл гарган авахад боломжтой ургамлын түүхий эд юм.
 
Судалгааны ажлын зорилго:
Илдэн игүүшиний түүхий эдийн чанарт үнэлгээ өгч, хурц хорон чанарыг тодорхойлох
 
Зорилт:
1. Илдэн Игүүшиний түүхий эдийн чанарт үнэлгээ өгөх,  агуулагдах биологийн идэвхит бодисууд, макро микро элементүүдийн агууламжийг тодорхойлох
2. Илдэн игүүшиний түүхий эдийн хурц хорон чанарыг тодорхойлох
 
Судалгааны материал арга зүй:
Судалгааны хэрэглэгдэхүүнээр 2010 оны 7 сард Баянбуурал амралтын урд голын хөндийгөөс технологийн дагуу түүж бэлтгэсэн Илдэн игүүшиний газрын дээд хэсгийг ашиглав.
 
Илдэн игүүшиний түүхий эдийн чанарыг MNS-2897-90 стандарт, ОХУ, Америк, Хятад, Европын ФК-н аргачлалын дагуу тодорхойлов.
 
Мөн Илдэн игүүшинд агуулагдах биологийн идэвхт бодис болох витаминС-ийн агууламжийг Хятадын ФК-н аргачлалаар, нийт алкалоидын агууламжийг иодометрийн аргаар, нийлбэр флавоноид, каротины агууламжийг спектрофотометрийн аргаар  тодорхойлов. 
 
Илдэн Игүүшин ургамлын LD50 хурц хорон чанарыг Прозоровскийн аргаар тодорхойллоо.
 
Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж
1. Илдэн игүүшиний түүхий эдийн чанарыг MNS-2897-90 “Зэвэрхүү игүүшин” стандартын дагуу гадаад байдал, үнэр, амт, чийглэг, үнслэг, органик хольц, минераль  хольц, хүнд металл, аргаах бодисын хэмжээ зэрэг үзүүлэлтээр түүхий эдийн чанарт үнэлгээ өгсөн.  Мөн MNS-5189-02 “Микробиологийн техникийн ерөнхий шаардлага”-аар нян, хөгц, мөөгөнцөр, бактерын тоог, MNS-4383-96 “Ургамлын алкалоид тодорхойлох иодометрийн арга” стандартаар пирролизидиний бүлгийн нийлбэр алкалоидыг тодорхойлсон. Витамин С-ийн агууламжийг Хятадын ФК-н аргачлалаар, каротин, нийлбэр флавоноидын агууламжийг СФМ аргаар тус тус тодорхойллоо.
Хүснэгт 1
Илдэн игүүшиний түүхий эдийн чанарт өгсөн үнэлгээ
Хүснэгт 1-ээс харахад Илдэн Игүүшиний түүхий эд нь MNS-2897-90 “Зэвэрхүү игүүшин” стандартад дурьдсан  шаардлагад тохирч, MNS-4383-96 “Ургамлын алкалоид тодорхойлох иодометрийн арга” пирролизидиний бүлгийн нийлбэр алкалоидыг, MNS5189-02 “Микробиологийн техникийн ерөнхий шаардлага”-аар ургамал дах нян, хөгц, мөөгөнцөр, бактерын тоог тодорхойлоход стандартын шаардлага хангаж байлаа.
Илдэн игүүшиний түүхий эдэд агуулагдах макро, микро 44 элементийн агууламжийг рентгенфлуоресценцийн шинжилгээгээр тодорхойллоо.
Зураг 1. Илдэн Игүүшин ургамлын түүхий эдийн макро микро элементийн агууламжийг тодорхойлсон дүн
 
Зураг 1-ээс харахад Si, AI, Mg, K, Ca, Ba, Na, Fe, P, Zn, Cu, Co зэрэг макро, микро элементүүд агуулагддаг бөгөөд Zn, Cu, Si, K, Ca, P зэрэг элементүүд хамгийн их агуулагддаг болох нь тогтоогдлоо. ДЭМБ-аас эмийн ургамлын чанарт үнэлгээ өгөхдөө Hg<0.1мг/kг, Pb<5 мг/кг, As< 0.5мг/kг, Cd< 0.2мг/kг байх шаардлагыг тавьдаг. Илдэн игүүшиний түүхий эдэд Hg, Cd зэрэг  хүнд металл илрээгүй ба агуулагдах As, Pb, Co зэрэг хүнд металлууд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байлаа.
 
Хүснэгт 3
Илдэн Игүүшинд агуулагдах биологийн идэвхит бодисын агууламжийг Оленниковын судалгаатай харьцуулсан дүн
Хүснэгт 2-оос харахад Бидний судалгаагаар алкалоид, витамин С, аргаах бодисын агууламж нь ОХУ-ын эрдэмтэн Оленниковын судалгаагаар тогтоосон хэмжээнээс бага байсан ба каротин, нийлбэр флавоноидын агууламж нь их байлаа. Илдэн Игүүшиний түүхий эдэд агуулагдах биологийн идэвхит бодисуудын агууламж ялгаатай байгаа нь ургамал газар зүйн хоёр өөр бүсчлэлд ургадаг, ургамлын ургалт, өсөлт хөгжлийн үе шат, түүхий эдийн түүсэн хугацаанаас хамаарчбиологийн идэвхит бодисын агууламж өөр өөр байдаг гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм.
2. Илдэн Игүүшиний бэлдмэлийн хурц хорон чанарыг тодорхойлсон дүн
Аливаа шинэ эм, түүхий эдийн фармакологийн судалгааны эн тэргүүнд түүний ерөнхий үйлдлэл хорон чанарыг судлан тогтоодог.  Илдэн Игүүшин ургамлын газрын дээд хэсгээс 1:3 харьцаагаар идээшмэлийг бэлтгэж цагаан хулгананы сүүлний венийн судсанд тарьж үхлийн дундаж тунг /LD50/В.Б. Прозоровскийн(1978) хурдавчилсан аргаар тооцон хурц хорон чанарыг тогтоов. Уг бэлдмэлийн үхэлд хүргэх тун, хэмжээ, г/кг-аар тооцсон байдал зэрэг үзүүлэлтүүдийг хүснэгт-3-д харууллаа. 
Хүснэгт 4
Илдэн Игүүшиний хурц хорон чанарын судалгаа
Дээрх хүснэгтээс харахад Илдэн Игүүшиний түүхий эдийн хурц хорон чанарын судалгаагаар туршилтын амьтны 50%-ийн үхэл Илдэн Игүүшиний 3.05г/кг -4.16мг/кг тунд хэлбэлзэж байсан ба LD50 нь 3.58 болохыг тогтоогдлоо. Манай оронд эрдэмтэн Ц.Володя (2002) онд хийсэн судалгаагаар игүүшиний цочмог хорон чанар 1.454г/кг гэж тогтоосон ба эдгээр үзүүлэлтүүд нь Сидоровын ангилалаар нэг бүлэгт буюу практикийн хувьд хоргүй гэсэн ангилалд хамаарагдаж байгаа юм.
 
Дүгнэлт
1. “Зэвэрхүү Игүүшин” MNS-2897-90 стандартын дагуу түүхий эдийн гадаад байдал, үнэр амт, чийглэг, үнслэг, органик болон эрдсийн хольц ба үйлчлэгч бодисын агууламжийг шалгахад чанарын шаардлага хангаж байлаа. “Зэвэрхүү Игүүшин” MNS-2897-90 стандартад заагдаагүй биологийн идэвхит бодисууд болох витамин С-ийн, нийт алкалоидын агууламжийг иодометр, нийлбэр флавоноид, каротины агууламжийг спектрофотометрийн арга зэрэг сүүлийн үеийн аргуудыг ашиглан тодорхойллоо. Илдэн игүүшиний түүхий эдэд агуулагдах макро, микро 44 элементийн агууламжийг рентгенфлуоресценцийн аргаар тодорхойлоход Zn, Cu, Si, K, Ca, P зэрэг элементүүд хамгийн их агууллагдаж байв. Hg, Cd зэрэг хүнд металл илрээгүй ба агуулагдах As, Pb, Co зэрэг хүнд металлууд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байлаа.
2. Илдэн игүүшиний түүхий эдийн хорон чанарыг туршилтын цагаан хулганы сүүлний венийн судсаар тарихад хурц хорон чанар 3.58г/кг буюу Сидоровын ангилалаар үзэхэд хорон чанар багатай буюу практикийн хувьд хоргүй  гэсэн ангилалд хамаарагдаж байна. 
 
 
Ном зүй

Ашигласан хэвлэл
1. Б.Болдсайхан, Ц.Оюунцэцэг ”Хүнс эмийн язгуур мах бодийн нэрийн толь бичиг” , 2000 он,х.148-149.
2. Д.Алтанчимэг ”Монгол орны зарим зүйл ургамлын пирролизидины алкалоидын химийн бүрдэл бүтэц”,Химийн ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ 2001 он,х.10,32.
3. Володя.Ц “Ургамлын гаралтай бэлдмэлүүдийн гастропротектор үйлдэл” Мал эмнэлгийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ, 2002.
4. ”Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах”, УБ 2003 он. х.36.
5. Лигаа.Л, Даваасүрэн.Б, Нинжил.Н “Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй” УБ хот 2005 он хуудас 222-223
6. Зэвэрхүү Игүүшин. Монгол улсынстандарт MNS-2897-90,УБ 1990 он.
7. “Ургамлын алкалоид тодорхойлох иодометрийн арга” MNS 4383:96 УБ 1996 он
8. Ц.Володя, Д.Цэрэнбалжир, Ц.Ламжав ”Монгол орны эмийн ургамал”, УБ 2008 он.Х. 162-164.
9. Энхжаргал.Д, Баясгалан.Б, Пүрэвсүрэн.С “Эмийн ургамал судлал” ЭУМШУИС, ЭЗС,УБ,Өнгөт хэвлэл, 2004, х. 144-150, 158-160
10. Володя.Ц, Цэрэнбалжир.Д, Ламжав.Ц. Монгол орны эмийн ургамал. УБ. 2008он. х.162-164
11. Оленников.Д.Н, Танкаева.Л.М, Николаева.Г.Г, Рохин.А.В, Кушнарев.Д.Ф “Биологический активные вещества сухого экстракта какалий копьевидной” Химия растение сырья 2004.¹3 С.59-62
12. Оленников.Д.Н, Потанина.О.Г, Танкаева.Л.М, Николаева.Г.Г. Фармакогностическая характеристика листьев какалии копьевидной (Cacalia hastate L,).Улан-Удэ [accessed 2009.nov.28]; Avialable from: http://elibrary.ru/item.asp?id=9441759
13. Оленников.Д.Н, Разуваева.Я.Г, Аюшиева.С.Р Способ получение стоматологической пленки, обладающей противовоспалительным действием. Патент российская федерация (19)RU(11)2395292(13)C1. 2006.Янв
14. Aiushieva. SR, Razuvaeva. IaG, Olennikov. DN, Lonshakova. KS. Phytofilm Khastaplen use in case of experimental parodontitis modelling. Pubmed-indexed for medline. Hppt:www.ncbi.nlm.gov/pubmed/19365341
15. Бальхаев.М,И, Убашаев.И.О, Лубсандоржиева.П.Б, Бальхаев.И.М, Хитрихеев.В.Е, Оленников.Д.Н, Николаев.С.М, Борголов.А.В, Дамдинова.Г.Х, Семенов.А.С, Цыреторов.Б.Д, Сиденов.О.И. Перспективы изучение препаратов какалий копьевидной. Бюллетень ВСНЦ СО РАМН, 2005, ¹3 (41) с.199-200
16. А.В. Борголов, Е.А. Ботоева, В.Е.Хитрихеев,И.П. Убеева. Фармакотератерапевтическая эффективность экстракта какалии копьевидной при эктопии шейки матки. Монос-15, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн хураангуй.УБ.2005, х.79-80.
17. В.И.Грубов ”Определитель сосудистих растений Монголии”, УБ.1982, стр. 254.
18. Olennikov.D.N, Tankhaeva.L.M, Nikolaeva.G.G, Tsyrenzhapov.A.V, Nikolaev.S.M and Chekhirova.G.V “Biologically active substances from cacalia hastate leaves. 1.Carbonhydrates from leaves and their hypoglycemic activity” Chemistry of Natural Compounds.vol.40.¹1.2004 http://resources.metapress.com/

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6652
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК