Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 51(051)
ХАР ЛАНТАНЗЫН ҮРНЭЭС ТОСОН ХАНД ГАРГАН АВАХ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

 

Ч.Эрдэнэчимэг, С.Пүрэвсүрэн, З.Оюун
 
 
Абстракт

 

Although seed of Hyoscyamus niger was widely used for the treatment of several diseases such as, neuralgia of exhaustion, syphilitic bone-pains, neuralgic, rheumatic pains, muscular spasms, headache, colic, asthma, this plant is not widely used in modern medicine. 
 
The aim of this study was to prepare oil extract from Hyoscyamus niger L.  
 
We used seed of Hyoscyamus niger collected from Dashinchilen, Bulgan and around Ulaanbaatar in September 2009. Oil extract were prepared by maceration method. Extragent, time to extract and suitable temperature were determined by I. A. Muraveiv’s and Yu. G. Pshukov’s methods. Russian pharmacopoeia was used for determination of biological active substance content. 
 
Suitable technological parameters were defined as: extragent-sunflower oil, time to extract-4 hours, temperature- 600Ñ.  

 

Товч утга: 
Хар лантанзын үрнээс тосон ханд гарган авах технологийн параметрийг тогтоов. Хар лантанзын үрийг 0.3 мм хэмжээтэй жижиглэж, наранцэцгийн тосоор 4 цаг хандлах нь тохиромжтой болохыг тодорхойлов. Судалгааны үндсэн дээр Хар лантанзын үрнээс тосон ханд гарган авах технологийн зааврыг боловсруулав. 
 
Түлхүүр үг: 
Hyascyamus niger, алкалоид, тосон ханд, Solanacea, ургамлын гаралтай бэлдмэл  
 
Удиртгал:
2009 оны статистик судалгаагаар яс булчингийн тогтолцоо, холбох нэхдэсийн өвчин Монгол улсын хүн амын өвчлөлийн бүтцээр нийт тохиолдлын 5.9%-ийг эзэлж байсан бол 2010 онд 6.5% болсон нь яс булчингийн тогтолцоо, холбох нэхдэсийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Статистик мэдээгээр 2010 онд УАШУТҮК-ийн клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 71% нь бодисын солилцооны эмгэгтэйн дээр түүний 31.7% нь хэрх төст үетэс эмгэгийн оноштой хэвтэн эмчлүүлсэн байна. Хэрх төст үетэс эмгэгтэй нийт өвчтөний 43% нь холбогч нэхдэс, 68.3% нь олон үетэс, 30 орчим хувь нь захын мэдрэлийн гаралтай өвдөлттэй ирж хэвтэн эмчлүүлсэн байна.1 
 
Үе мөчний өвчнийг анагаах зорилгоор эмийн болон эмийн бус эмчилгээ хийх бөгөөд эмийн бус эмчилгээний үед  зүү, бариа, бумба, физик эмчилгээ болон шавар эмчилгээ зэргийг хавсран хийдэг. Ультрафонофорез эмчилгээнд үрэвслийн эсрэг, өвчин намдаах эмийг ашигладаг ба эмчилгээний практикт эмчилгээний идэвхитэй, гаж нөлөө болон өртөг багатай эм бэлдмэл зайлшгүй шаардлагатай байгаа юм. 
Лантанз нь уламжлалт анагаах ухааны үүднээс ширүүн, мохдог, тослог, тэгш, хүйтэн, хурц чанартай, хортой, хорхойг арилгах, өвдөхийг зогсоох, тайвшруулах, суулгалтыг зогсоох зэрэг чадалтай. Түүний түүхий эдээс тосон ханд бэлтгэж булчингийн үрэвсэл, мэдрүүлийн судлын өвдөлт, үе мөч, булчингийн  хэрх үрэвсэл, үений үрэвсэл, тулай, хүзүү гоёдох, нуруугаар хатгуулах үед гадуур арьсан дээр түрхэж хэрэглэдэг тухай баримт  материал элбэг бий. Мөн орос ардын эмнэлэгт лантанзын түүхий эдээс идээшмэл ханд бэлтгэж шар тостой холиод голдуу тулай, ревматизмын улмаас үе мөч өвдөх, хатиг гарах, салхинд цохиулах ханиалгах, плеврит болсон үед гадуур арьсан дээр түрхэж хэрэглэдэг байсан тухай ном зохиолд тэмдэглэгдсэн байна.2-4 
 
Уг ургамлыг хими болон фармакологийн талаас нь олонтаа судалсан байдаг.5 
 
Энэхүү ургамлын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн арвин их туршлага, шинжлэх ухааны үндэслэлтэй судлагдсан байдал болон үе мөч, нурууны өвчний үед хэрэглэх эмчилгээний идэвхитэй, гаж нөлөө болон өртөг багатай эмийн бэлдмэл шаардлагатай байгаа зэрэг шалтгаан нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болсон юм. 
 
Зорилго:
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Хар лантанзын үрнээс тосон ханд гарган авах технологийн параметрийг тогтоох явдал юм. 
 
Судалгааны ажлын зорилт:
1. Тохиромжтой хандлагчийг тогтоох
2. Үрийг жижиглэх тохиромжтой хэмжээг тогтоох 
3. Хандлах хугацааг тогтоох 
 
Судалгааны арга, аргачлал: 
Улаанбаатар хот орчмоос болон Булган аймгийн Дашинчилэн сумаас үр бүрэн боловсорч гүйцсэний дараа 2010 оны 09 сард түүж бэлтгэсэн Хар лантанзын үрийг судалгаанд ашиглав. Ургамлыг ангилал зүйн талаас ургамлын ангилал зүйч, ШУА-ийн Ботаникийн  хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Улаанбаатар Их Сургуулийн Ботаникийн тэнхмийн эрхлэгч, ботаникийн ШУ-ны доктор, профессор Э.Ганболд таньж тодорхойлов. Ургамлын гербари УАШУТҮК-д хадгалагдаж байгаа ба гербарийн дугаар ¹ 05.
 
Энэхүү судалгааг УАШУТҮК-ын Эрдэм Шинжилгээний Төв лабораторид дараах арга аргачлалыг ашиглан хийж гүйцэтгэсэн. 
 
1. Ургамлын түүхий эдээс тосон хандыг мацерацын аргаар хандалж гарган авав.
2. Жижиглэлтийн зэрэг, тохиромжтой хандлагч, хандлах тохиромжтой хугацааг И.А.Муравьев, Ю.Г.Пшуков (1997) нарын аргаар тодорхойлов.
3. Алкалоидын тоо хэмжээг ОХУ-ын X фармакопейн  аргаар тогтоов.  
 
Судалгааны үр дүн:  
 
Хандлагчийг сонгох
Үйлчлэгч бодисыг аль болох бүрэн гүйцэд ялгаж авах, хандлалтыг өндөр хурдтайгаар явуулахад хандлагчийн сонголт чухал ач холбогдолтой байдаг. Хандлагчид сонгомол уусгах чанартай байх, химийн болон фармакологийн хувьд нөлөөгүй, хор багатай, олдоц сайтай байх зэрэг хэд хэдэн шалгуур тавигддаг. Хандлагчийн сонголт нь хандлагдах бодисын гидрофиль шинж чанараар тодорхойлогдоно. Туйлшралтай бодисын хувьд диэлектрик тогтмол өндөртэй туйлширсан хандлагчийг, харин туйлшраагүй бодист цууны хүчил, хлороформ, этилийн эфир ба бусад органик уусгагчдыг хэрэглэнэ.6,7 
 
Жижиглэж шигшсэн 10 г түүхий эдийг 7 мл 96% спирт, 1 мл 10%-ийн аммиакаар чийглэн 200 мл наранцэцгийн тос, шар буурцагны тос, рапсын тосоор тус тус 2 цаг хандлав. Гарган авсан тосон ханд бүрийн нийлбэр алкалоидын хэмжээг тодорхойлсон дүнг зураг 1-д үзүүлэв.
Зураг 1. Тосон хандны алкалоид хандлагчаас хамаарах нь
 
Эндээс харахад наранцэцгийн тосон ханданд агуулагдах нийлбэр  алкалоидын хэмжээ бусад хандтай харьцуулахад хамгийн их буюу  0.0034±0.00029% байгаа тул цаашид Хар лантанзын үрнээс тосон ханд гарган авахад Наранцэцгийн тосыг хандлагч болгон ашиглах нь тохиромжтой байна.
 
Тохиромжтой жижиглэлтийн хэмжээг тодорхойлох
 
Ургамлын түүхий эдээс биологийн идэвхит бодисыг хандлахад түүхий эдийн жижиглэлтийн хэмжээ чухал ач холбогдолтой байдаг. 
 
Диффузийн процесс идэвхитэй явагдахад түүхий эд, хандлагч хоёр нь гадаргуугаараа шүргэлцэж байх ёстой бөгөөд гадаргуу нь их байвал зохино. Гэхдээ түүхий эдийг хэт жижиглэвэл хандлагч шингэний нэвтрэн орох чадвар муудаж, хандлах процесс удааширна. Түүнчлэн гарган авсан ялгамал нь булингартай байдаг учраас тунгалагжуулах болон шүүж цэвэрлэхэд бэрхшээлтэй байдаг. Үр жимсийг 0.3-0.5 мм хүртэл жижиглэвэл тохиромжтой байдаг.6,7
 
Лантанзын үрийг жижиглээд 0.3 мм, 0.4 мм, 0.5 мм-ийн голчтой шигшүүрээр шигшиж 3 өөр жижиглэлтийн зэрэгтэй болгов. Ингэж жижиглэсэн түүхий эд тус бүрээс 10 г-ыг авч 7 мл 96% спирт, 1 мл 10%-ийн аммиакаар чийглэн 200 мл наранцэцгийн тосоор 4 цаг хандлав. Гарган авсан тосон ханд бүрийн нийлбэр алкалоидын хэмжээг тодорхойлсон үр дүнг зурагт 2-д үзүүлэв. 
Зураг 2. Тосон хандны алкалоид түүхий эдийн жижиг хэсгээс хамаарах нь
 
Судалгааны үр дүнгээс харахад нийлбэр алкалоидын хэмжээ нь үрийн жижиглэлтийн зэрэгтэй урвуу хамааралтай байгаа ба хамгийн тохиромжтой жижиглэлтийн хэмжээ нь 0.3 мм байв. Ургамлын түүхий эдийг 0.3 мм хэмжээтэй жижиглэж наранцэцгийн тосоор хандлахад нийлбэр алкалоидын хэмжээ хамгийн их буюу 0.00574±0.00009% байгаа тул цаашид Хар лантанзын үрнээс тосон ханд гарган авахад энэ жижиглэлтийн хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 
 
Хандлагдах хугацааг  тогтоох
Ургамлын түүхий эдийг удаан хандлах тусам үйлчлэгч бодис их ялгарна. Хандлах процессыг түргэтгэх бусад хүчин зүйлүүдийг ашиглан хандлах хугацааг түргэтгэх явдал нь үйлдвэрлэлийн процессыг хурдасгах ач холбогдолтойгоос гадна дайвар бодис багатай бэлдмэлийг бэлтгэхэд чухал байдаг юм. Бэлэн бэлдмэлд дайвар бодис их хэмжээтэй байвал түүнийг зайлуулах ажиллагаа шаардахаас гадна гол үйлчлэгч бодисынхоо эмчилгээний үйлдэлд муугаар нөлөөлж болно. Ер нь үйлчлэгч бодисууд нь дайвар бодисоос өмнө ялгарч гарна.6,7 
 
0.3 мм жижиглэсэн түүхий эдээс 20 г-ыг авч  14 мл 96% спирт, 2 мл 10%-ийн аммиакаар чийглэн 400 мл наранцэцгийн тосоор хандлав. Хандлах явцад температурийг аажмаар ихэсгэнэ. Тропаны бүлгийн алкалоидуудын нийлмэл эфирийн холбоо температурийн нөлөөгөөр хялбар задардаг тул 600 С-аас хэтрүүлж болохгүй.
 
2, 4, 8, 16 цагаар хандалж,  түүнд агуулагдах нийлбэр алкалоидын хэмжээг  тодорхойлсон үр дүнг зураг 3-д үзүүлэв. 
Зураг 3. Тосон хандны алкалоид ба хугацааны хамаарал
Судалгааны дүнгээс харахад 4 цаг хандалсан тосон ханданд хамгийн их буюу 0.00574±0.00009%-ын нийлбэр алкалоид агуулагдаж байгаа учир хандлалтыг 4 цаг явуулах нь зүйтэй гэж үзлээ.
 
Судалгааны дүнд хандлах тохиромжтой нөхцөлийг тогтоож, Хар лантанзын үрнээс тосон ханд бэлтгэх технологийг боловсруулав. Хар лантанзын үрийг 0.3 мм хэмжээтэй жижиглэж хүрэлцэхүйц хэмжээний 96%-ын спирт ба 10%-ийн аммиакаар чийглээд наранцэцгийн тосоор хандлана. Хандлах явцад температурыг 600С-аас хэтрүүлэхгүй халаах ба үе үе хутгана. Хандлалтыг 4 цаг явуулж, хандлалт дууссаны дараа хөргөөд шүүнэ. 
 
Дүгнэлт: 
1. Хар лантанзын үрнээс тосон ханд гарган авахад наранцэцгийн тосыг хандлагч болгон ашиглах нь тохиромжтой байна. 
2. Үрийг 0.3 мм жижиглэхэд алкалоид тосон ханданд хамгийн ихээр ирдэг болохыг тогтоов.
3. Үрийг 4 цаг хандлахад үйлчлэгч бодис хамгийн ихээр ирж байгааг тогтоов. 
 
 
 

 

Ном зүй

Ашигласан хэвлэл:
1. УАШУТҮК-ын Клиникийн эмнэлэгийн үйл ажиллагааны тайлан. Стационарын өвчлөлийн тайлан. 2010
2. Володя Ц, Цэрэнбалжир Д, Ламжав Ц. Монгол орны эмийн ургамал. Улаанбаатар: 2008. х.284-287.
3. Лигаа У, Даваасүрэн Б, Нинжил Н. Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. Улаанбаатар: Арцогт ХХК; 2005. х.226.
4. Ламжав Ц, Доржжанцан Д, Цэрэнбалжир Д. Монгол орны эмийн ургамал. Улаанбаатар: Улсын хэвлэлийн газар; 1971. х-204-207.
5. Лхамсайзмаа Д., Ганболд Я., Лантанз (Hyoscyamus niger)-ын хими, фармакологийн судалгаа. 2007. х.3.
6. Эрдэнэцэцэг Г, Хандсүрэн С, Энхзаяа Ш. Эмийн технологи II боть. Улаанбаатар: Голден Ай Принтинг; 2005 х. 16-19, 200-203.
7. Даваасүрэн Ц. “Ягаан мүгэз (Rhodiola Rosea L.)-ээс шинэ эмийн хэлбэр гаргаж авах технологийн судалгаа”. ЭЗ-н ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар: Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль; 2006.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2055
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК