Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 51(051)
ЭРҮҮЛ МЭНДИЙН II ШАТЛАЛЫН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ НАСТНУУДЫН ДУНД ХООЛ ТЭЖЭЭЛИЙН ДУТАГДАЛ ЭМГЭГИЙН ТАРХАЛТ, ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСИЙГ СТАНДАРТ СОРИЛУУДААР ҮНЭЛСЭН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

 

Ч.Одгэрэл, Ж.Мөнхцэцэг, Н.Бира
 
 

 

Үндэслэл
Ахмад настан хүн амын эрүүл мэнд, бие даасан байдал болон амьдралын чанарыг тодорхойлогч гол үзүүлэлт бол тэдний хоол тэжээлийн байдал юм. Ахмад настнуудын дунд халдварт бус архаг өвчин их тархалттай, олон өвчин хавсарсан байдаг учраас настныг яг нэг эмгэгээр оношлохоос олон өвчний үед зэрэг илэрдэг шинж тэмдгүүдээр үнэлэх нь илүү ач холбогдолтой байдаг [1]. Настанд олон өвчин хавсарсан энэ байдал нь хоол тэжээлийн дутагдал ба илүүдэл үүсэх нөхцөл болдог. 
Хоол тэжээлийн дутагдал бол настай хүнд элбэг тохиолддог бөгөөд ихэвчлэн оношлогдохгүй, эмчлэгдэхгүй өнгөрдөг эмгэг байдал юм.  Настан хүн хоол тэжээлийн дутагдалд өртөмтгий байдаг тул тэдэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хоол тэжээлийн байдлыг заавал үнэлэх хэрэгтэй байдаг.
Өндөр хөгжилтэй орнуудад хоол тэжээлийн дутагдлын  дундаж тархалт 10000 настнуудын дунд 1%, амбулаториор үйлчлүүлэгч, гэрийн тусламж үйлчилгээ авагчдын 4%,  Альцхаймерийн өвчтэй гэртээ амьдардаг өвчтөнүүдийн дунд 5%, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч настан хүн амын 20%, асрамжийн газар байгаа настнуудын 37%-ийг тус тус эзэлж байна [2]. 
Ахмад настанд хоол тэжээлийн дутагдал илрүүлдэг сорил (Mini nutritional assessment (MNA)) бол настанд хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдэлийн байдлыг илрүүлдэг, үнэлдэг сорил бөгөөд олон улсад өргөн хэрэглэгддэг, хэрэглэхэд хялбар, олон дахин хэрэглэгдэж үнэлгээ нь бодитой болох нь тогтоогдсон сайн арга юм [2, 3]. Настанд хоол тэжээлийн дутал үүсэх эрсдэлийг үнэлдэг Амеркийн хоол судлалын нийгэмлэг, Өрхийн эмч нарын нийгэмлэг, Үндэсний насжилт судлалын нийгэмлэгүүдээс 1990 онд боловсруулан гаргасан хоол тэжээлийн дуталд хүргэх эрсдэлийг үнэлдэг (Nutritional Screening Initiative (NSI))  сорил нь ахмад настанд хоол тэжээлийн дутал үүсэх эрсдэлийг тодорхойлдог бөгөөд уг эмгэгийг эрт илрүүлэх   зорилгоор   олон   улсад өргөн хэрэглэгддэг арга  юм.
Хоол тэжээлийн дуталтай өвчтнүүдэд хооллолтын байдал хэвийн настангуудтай харьцуулахад эмнэлэгт удаан хэвтдэг, эмчилгээний үр дүн удаан хугацаанд харагддаг, өвчний хүндрэл их гардаг, тэдний өвчлөл болон нас баралтанд хүрэх эрсдэл илүү их байдаг [4, 5]. 
 
Зорилго: 
Эрүүл мэндийн II шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй настан хүн амд хоол тэжээлийн дутагдал, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох
 
Зорилт:
1. Настны   хооллолтын   байдлыг   MNA асуумжаар үнэлэх
2. Настны хоол тэжээлийн дуталд хүргэх эрсдлийг NSI асуумжаар үнэлэх 
 
Материал, арга зүй
Судалгааг нэг агшингийн судалгааны загвараар хийсэн ба уг судалгаанд Чингэлтэй, Хан-Уул Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүдэд хэвтэн эмчлүүлсэн 55-аас дээш насны эмэгтэй 254, 60-аас дээш насны эрэгтэй 157 настанг ЭМШУИС-ийн Биоанагаахын Ёс зүйн хорооны зөвшөөрлийн дагуу судалгаанд оролцогчдоос таниулсан зөвшөөрлийн хуудсаар зөвшөөрөл авсны үндсэн дээр хамруулсан. 
Судалгаанд оролцогч настны хооллолтын байдлыг ахмад настанд хоол тэжээлийн дуталыг илрүүлдэг (Mini nutritional assessment (MNA)) 0-30 оноотой сорилоор үнэлж 0-17  хоол тэжээлийн дуталтай 17.5-23.5 хоол тэжээлийн дутал үүсэх эрсдэлтэй,  24-30 хоол тэжээлийн байдал хэвийн гэсэн гурван бүлэгт ангилаж судалсан. Судалгаанд оролцогч настны хоол тэжээлийн дутагдалд хүргэх эрсдэлийг үнэлдэг Nutritional Screening Initiative (NSI) сорилоор үнэлсэн.   Судалгааны ажлын үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS 11.5, Microsoft Excel программуудыг ашиглан хийж статистик дундаж хэмжээ (M), дундаж хазайлт (SD), Пирсоны корреляцийн коэффицент (r), нэг хүчин зүйлийн вариацийн шинжилгээ (ANOVA) үнэн магадлалын (p) критери зэрэг үзүүлэлтүүдийг гаргаж хүснэгт, график, диаграммаар зураг дүрслэлийг илэрхийлэв. 
 
Үр дүн, хэлцэмж
Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 67.26±8.57 жил байв. Судалгаанд хамрагдагсдыг ДЭМБ-ийн ангиллын дагуу 55-59 (n=89), 60-74 (n=235), 75-91 (n=90)  гэсэн насны 3 бүлэгт ангилсан. Эрэгтэйчүүд 37.2% (153), эмэгтэйчүүд 62.8% (258)-ийг эзэлж байв.  Судалгаанд оролцогчдын өвчлөлийг эрхтэн тогтолцоогоор авч үзвэл зүрх судасны өвчлөл 53% (n=218), мэдрэлийн тогтолцооны өвчлөл 13.4% (n=55), хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл 12.4% (n=51), амьсгалын замын өвчлөл 8.3% (n=34), бөөрний өвчлөл 6.1% (n=25), үе мөчний өвчлөл 3.4% (n=14), дотоод шүүрлийн булчирхайн өвчлөл 2.4% (n=10), бусад өвчлөл 0.9% (n=4)  эзэлж байлаа.
MNA сорилоор судалгаанд хамрагдагсдыг үнэлэн үзэхэд 36.01% (n=148) хоол тэжээлийн байдал хэвийн, 43.79% (n=180) хоол тэжээлийн дутал үүсэх эрсдэлтэй, 20.19% (n=83) хоол тэжээлийн дуталтай байлаа (Зураг 1). 
Зураг 1. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч ахмад настны хоол тэжээлийн байдал
 
ДЭМБ-аас зөвлөмж болгосон насны ангилалд ахмад насны босгыг 60 насаар авсан байдаг бөгөөд ихэнх орнууд энэхүү зөвлөмжийг мөрддөг. Иймээс бид гадны орны судалгаатай харьцуулах үүднээс 60 ба түүнээс дээш настай настанг сонгож аван хоол тэжээлийн байдлыг үнэлэхэд 30.7% (n=100) нь хоол тэжээлийн байдал хэвийн, 46% (n=150) нь хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдэлтэй, 23.3%(n=76) нь хоол тэжээлийн дутагдалтай байна. 
Судалгааны дүнгээс харахад бидний судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 36.8% (57), эмэгтэйчүүдийн 35.7% (53) нь хоол тэжээлийн байдал хэвийн,   эрэгтэйчүүдийн 43.4% (66), эмэгтэйчүүдийн 43.8% (113) нь хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдэлтэй, эрэгтэйчүүдийн 19.7% (30), эмэгтэйчүүдийн 20.5% (92)  нь хоол тэжээлийн дутагдалтай байсан. Ахмад настны хооллолтын байдал эрэгтэй эмэгтэй хүйсэнд ялгаатай байдал ажиглагдсангүй (F=1.089, p=0.297). 
MNA сорилын оноо наснаас хамаарч статистик магадлал бүхий буурч байна    (r=0.-261, p<0.0001). 
Нас ахих тусам MNA оноо багасаж байгаа нь нас ахих тусам хоол тэжээлийн дутагдалд өвчний тохиолдол нэмэгддэг гэсэн хэвлэлийн мэдээлэлтэй тохирч байна. 
Зураг 2-оос харахад MNA сорилын оноо  насны бүлэг хооронд нэг хүчин зүйлийн вариацийн шинжилгээний (АNОVА) аргаар тодорхойлоход статистик магадлал бүхий буурч байна (F=7.91, p<0.0001). MNA сорилын оноог 55-59 насанд 60-74 настай харьцуулахад 8.16%, 75-91 насанд 18.6% хүртэл буурсан байлаа.
Зураг 2. MNA  сорилын онооны дунджийг насны ангилалаар (ДЭМБ) харуулсан нь
 
MNA сорилоор хоол тэжээлийн дутагдал илэрсэн 83 настны өвчлөлийн байдлыг судалж үзэхэд мэдрэлийн эрхтэн тогтолцооны эмгэг  38.5% (n=32), зүрх судасны эрхтэн тогтолцоо 19.3% (n=16), хоол боловсруулах эрхтэн тогтолцоо 13.25% (n=11), хавдар 7.2% (n=6), амьсгалын эрхтэн тогтолцоо 4.8% (n=4), тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцоо 4.8% (n=4), бусад эрхтэн тогтолцооны өвчнүүд 12.1% (n=10)-ийг  эзэлж байв. 
Нэг чигийн вариацийн анализаар хоол тэжээлийн ялгаатай байдлыг судлан үзэхэд  бага боловсролтой (F=21.35, p>0.001), өрхийн сарын дундаж орлого бага байх (F=10.94, p>0.0001) зэрэг хүчин зүйлүүдтэй статистик ач холбогдол  бүхий ялгаатай байлаа. 
Судалгаанд хамрагдсан нийт настнуудын хооллолтын байдлыг хоол тэжээлийн дутагдалд хүргэх эрсдлийг үнэлдэг NSI сорилоор үнэлэн үзэхэд 8% (n=33) нь хоол тэжээлийн байдал хэвийн, 32.8% (n=135) нь хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдэлтэй, 58.9% (n=242) нь настан хоол тэжээлийн дутагдалтай үүсэх өндөр эрсдэлтэй байв (зураг 3) .
Зураг 3. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгч настанд хоол тэжээлийн хомсдол үүсэх эрсдлийн байдал
 
 MNA сорилоор хоол тэжээлийн дутагдал илрээгүй 148 настанд NSI сорилоор хоол тэжээлийн дутагдалд хүргэх эрсдлийг үнэлэн үзэхэд  21.6% (n=32) нь хоол тэжээлийн байдал хэвийн, 52.7% (n=78) нь хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдэлтэй, 25.7% (n=38) нь хоол тэжээлийн дутагдалтай үүсэх өндөр эрсдэлтэй байна (зураг 4).
Зураг 4. Хоол тэжээлийн байдал хэвийн настнуудын дундах хоол тэжээлийн эрсдлийг үнэлсэн дүн
 
Хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдлийн байдлыг хүйстэй харьцуулан үзвэл хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдэл эр, эм хүйсэнд  ялгаатай байдал статистикийн хувьд ажиглагдсангүй (F=0.737, p=0.479).
Хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдэлийн байдал буюу, хоол тэжээлийн дутагдал нь   нас ахих  тутам статистик үнэн магадлалтай ихэсдэг байна (зураг 5). (r=063 , p<0.0001)
Зураг 5. Хоол тэжээлийн дутагдалд хүргэх эрсдэл наснаас хамаарах нь
NSI асуумжаар хооллолтонд нөлөөлж буй эрсдэлүүдийг үнэлэн  хоол тэжээлийн дутагдал үүсэхэд хүргэж буй хүчин зүйлсийг судалж тодорхойллоо (Зураг 6). 
Зураг 6. Хоол тэжээлийн дутагдал үүсэхэд нөлөөлж  буй эрсдэлийн хүчин зүйлсийн тархалт,эзлэх хувь
 
Зураг 6-аас үзэхэд шүд унах, амны хөндийн өвчин 21.6%, хүнсний 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоногийн хоолондоо хангалттай хэрэглэж чадахгүй байгаа байдал 14.39%,  архаг хууч эмгэгүүдийн байдал 13.8%, олон эмийн хэрэглээ 13.4%, санхүүгийн бэрхшээл 11.3% байгаа нь хоол тэжээлийн дутагдалд хүргэх үндсэн эрсдэлүүд болж байна. 
Настны хоол тэжээлийн эрсдлийг үнэлсэн бидний судалгааны үр дүн Postner  нарын  АНУ-д хийсэн судалгаатай харьцуулахад дүйж байна [6].Хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдэлт хүчин зүйлүүдийг харьцуулан үзэхэд бидний судалгаанд хамрагдагсдад шүд унах, амны хөндийн өвчин, хүнсний 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоногийн хоолондоо хангалттай хэрэглэж чадахгүй байгаа байдал, архаг хууч эмгэгүүдийн байдал, олон эмийн хэрэглээ эдийн засгийн хүнд байдлын тохиолдол илүүтэй нөлөөлж байхад  Postner  нарын дээрх  судалгаанд олон эмийн хэрэглээ, ганцаараа хооллодог, өөрөө хоолоо идэж, хоолоо бэлтгэж, хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулж чадахгүй,  хүнсний 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоногийн хоолондоо хангалттай хэрэглэж чадахгүй байгаа байдлууд эхний байруудыг эзэлж байна. Yap нарын Сингапурт хийсэн 2605 настан хамруулан хийсэн судалгаанд хоол тэжээлийн дутагдалд хүргэх гол эрсдэлүүдэд  архаг хууч өвчин 40.3%, олон эмийн хэрэглээ 25%, ганцаардал 14.5%, хүнсний 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хангалтгүй хэрэглээ 9%-иар эхний байруудыг эзэлж байв [7].   Дээрх судалгааны дүнгүүдийг бидний судалгаагаар гарсан үр дүнтэй харьцуулахад хоол тэжээлийн дутагдалд оруулах эрсдэл манай орны хувьд  өндөр байна. Мөн хоол тэжээлийн дутагдалд хүргэж буй эрсдэлүүд дотор шүд амны хөндийн өвчин, санхүүгийн бэрхшээл гэсэн  эрсдэлүүд их байгаа нь   манай улсын хөгжил буурай, ахмад настны нийгмийн хамгааллын бодлого сул байгаагаас  шалтгаалж байж болох юм. Манай орны хувьд NSI сорилоор ахмад настны хоол тэжээлийн дутагдалд хүргэх эрсдэлийг судалсан судалгаа  урд өмнө байхгүй учир  ахмад настны эрүүл мэнд, нийгмийн хамгаалал үндэсний хөтөлбөрийн тайланд нийгмийн халамжийн хэрэгцээг судалсан судалгаатай харьцуулахад дээрх судалгаанд хамрагдсан настнуудын 85.6% нь тэтгэмж авмаар байна, 21.2% нь хиймэл шүд хийлгэмээр байна, 75.4% нь хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ авмаар байна гэсэн үр дүнтэй тохирч байна.
 
 Дүгнэлт: 
1. Эрүүл мэндийн II шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй ахмад настнуудын 36.01% (148) нь хоол тэжээлийн байдал хэвийн, 43.79% (180) нь хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдэлтэй, 20.19% (83) нь хоол тэжээлийн дутагдалтай байна. 
2. Хоол тэжээлийн байдал хэвийн настнуудын 52.7% нь хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдэлтэй, 25.7% нь хоол тэжээлийн дутагдал үүсэх өндөр эрсдэлтэй байна. Хоол тэжээлийн дутагдал үүсэх эрсдэлд шүд унах, амны хөндийн өвчин 21.6%, хүнсний 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хоногийн хоолондоо хангалттай хэрэглэж чадахгүй байгаа байдал 14.3%, архаг хууч эмгэгүүдийн байдал 13.8%, олон эмийн хэрэглээ 13.4%, санхүүгийн бэрхшээл 11.3%-тай байгаа нь настанд хоол тэжээлийн дутагдалд хүргэх үндсэн эрсдэлийн хүчин зүйлүүд болж байна.
 
 

 

Ном зүй

Ном зүй
1. Raynaud, C., et al., [Comprehensive geriatric assessment and complications after resection for lung cancer]. Rev Mal Respir. 27(5): p. 483-8.
2. Guigoz, Y., S. Lauque, and B.J. Vellas, Identifying the elderly at risk for malnutrition. The Mini Nutritional Assessment. Clin Geriatr Med, 2002. 18(4): p. 737-57.
3. Guigoz, Y., The Mini Nutritional Assessment (MNA) review of the literature--What does it tell us? J Nutr Health Aging, 2006. 10(6): p. 466-85; discussion 485-7.
4. Kagansky, N., et al., Poor nutritional habits are predictors of poor outcome in very old hospitalized patients. Am J Clin Nutr, 2005. 82(4): p. 784-91; quiz 913-4.
5. Salva, A., et al., Nutritional assessment of residents in long-term care facilities (LTCFs): recommendations of the task force on nutrition and ageing of the IAGG European region and the IANA. J Nutr Health Aging, 2009. 13(6): p. 475-83.
6. Posner, B.M., et al., Nutrition and health risks in the elderly: the nutrition screening initiative. Am J Public Health, 1993. 83(7): p. 972-8.
7. Yap, K.B., M. Niti, and T.P. Ng, Nutrition screening among community-dwelling older adults in Singapore. Singapore Med J, 2007. 48(10): p. 911-6.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2988
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК