Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 4(146)
Нийслэлийн хүн амын зохистой хооллолтын мэдлэг, дадал, хандлага судалгааны зарим дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Б.Даваадулам, Б.Энхтунгалаг, Д.Энхмягмар, Б. Түвшинбаяр, Ж.Батжаргал, Д.Эрдэнэчимэг, Д.Оюундэлгэр, З.Ариунбилэг, С.Хишигтогтох

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

Abstract: Healthy diet is the basis for prevention of diseases, increasing labour productivity, promoting long life and pillar for economic development of the country. Studies indicate few varieties of food consumed by the people, flour and flour products, meat and its products are the prevailing type of food consumed by Mongolian people. Thus,it causes imbalance of essential nutrients and insufficient intake of micronutrients. Based on the current need, we aimed to study people’s knowledge, attitude and practice in relation to diet and develop recommendations to further improve the situation.

Material and methods: The study was carried out in Bayanzurkh, Bayangol, Songinokhairkhan, Sukhbaatar, Chingeltei and Khan-Uul districts of Ulaanbaatar city. A total of 1080 people were randomly selected based on WHO age classification and gender. EpiInfo 6.0, SPSS, EXCEL software programmes were used for statistical analysis.

Results:
53.3% of the study participants have got information on healthy diet. 69.1% of them received the information from TV, 47.1% from newspaper, journals and 26.7% from medical workers, which indicate that the media is the main source of information. The participants had insufficient knowledge on carbohydrates and minerals in food, only 17.9% had right answer to the question on carbohydrate containing food products and 32.7% to mineral containing food products.

Of the participants, 85.8% check the shelf life of the product (expiry date) from the label, 15.9% refer to the country of origin and only 9.7% check the composition of the product. It indicates that people living in the capital city have low knowledge on use of the labels.

Of the participants, 89.9% predominantly use meat, flour products, potato and vegetables, about 50% consume predominantly milk and dairy products, in contrast only 9.7% use green vegetables in the food ration.  37.7% of the participants revealed interest in obtaining information on health and dietary food and 38.4% on food safety. Based on the results we have proposed the recommendations to government and nongovernment organizations, medical institutions, media and the general public.

Conclusion:

  1. As result of the study 3 of each 4 participants had a lack of knowledge about main ingredients, essential nutrients of food products and “Ger recommendation” and 9 of each 10 participants had not enough knowledge of labeling?
  2. Half of the study participants had received healthy diet information which of them 69.1% is from TV but still need the information on health, diet therapy, and food safety.
  3. All participants concerned about choosing safety and security food products, preparing and consuming it properly. However, unhealthy food products in the market are not complying with food consumption.

Key words: attitude, advertisement, healthy diet, knowledge, food safety, information, practise
Pp.20-22, Figures 3, References 4

Хүн амын хоол тэжээлийг шинжлэх ухааны үндэслэлтэй зохицуулах нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэн, урт удаан амьдрах нөхцлийг ханган, улс орны эдийн засгийг хөгжүүлэх чухал хөшүүрэг болдог.Хоол хүнсний зохисгүй хэрэглээ, буруу сонголт нь халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс болсоор байна. Тухайлбал дэлхий дээр жил бүр цусан дахь холестерины түвшин нэмэгдснээр 4 сая, тамхи 5 сая, артерийн даралт ихсэлт 7 сая орчим, архи ба согтууруулах ундааны хэрэглээ 1,8 сая хүн цаг бусын нас баралтын шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны өвчнийг нөхцөлдүүлэгч эрсдэлт хүчин зүйлсийн дөрөвний гурав нь тамхи таталт, артерийн даралт ихсэлт, цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх эрсдэлт хүчин зүйлстэй холбоотой байгааг ДЭМБ-ийн илтгэлд дурьджээ (1 ). Судалгаанаас үзэхэд Монгол хүний хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ цөөн, гурил гурилан болон мах махан бүтээгдэхүүн давамгайлснаас үндсэн шимт бодисын харьцаа алдагдан, шимт болон бичил тэжээлийг шаардлагатай хэмжээгээр авч чадахгүй (2, 3) байгаа нөгөө талаар хүн амын хоол тэжээлийн талаарх мэдлэг, дадал, хандлагын судалгааны ажлын мэдээлэл хомс байна. Иймд бид зохистой хооллолтын талаарх хүн амын мэдлэг, дадал, хандлагыг судлан, үнэлгээ өгөх чухал юм.

Судалгааны ажлын зорилго, зорилт:

Нийслэлийн хүн амын зохистой хооллолтын талаарх мэдлэг, дадал хандлагыг судалж, үнэлгээ дүгнэлт өгөх.

  1. Нийслэлийн хүн амын зохистой хооллолтын мэдлэгт үнэлгээ өгөх
  2. Нийслэлийн хүн хооллолтын дадал, хандлагад үнэлгээ өгөх
  3. Хүн амын дунд зохистой хооллолтын талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах зөвлөмж боловсруулах

Судалгааны материал, арга зүй. Судалгааг2008 онд Улаабаатар хотын Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрийн 1080 хүнийг хамруулан санамсаргүй түүвэр, асуумжийн аргаар хүйсний тэгш байдал, ДЭМБ-ийн насны ангиллын зарчмыг баримтлан явууллаа.

Судалгаанд хамрагдагсдыг зохистой хооллолт, хүнсний аюулгүй байдлын мэдлэг, дадал, хандлагын талаарх манай оронд урьд хийгдэж байсан болон бусад орнуудад (4) хийгддэг адил төстэй судалгааны асуумжаар судалсан. Судалгааны үр дүнг насны бүлэг, бүрээр боловсруулалт хийж, дүгнэлт өгөх боломжтойг харгалзан үзэж судалгаанд хамрагсдыг 18-24, 25-34, 35-44,45-54, 55-64, 65-аас дээш насны ангиллаар, хүйсний тэгш харьцааг сонгов.Судалгааны мэдээллийн боловсруулалтыг EPIINFO 6.0, SPSS 11.5, EXCEL программ дээр гүйцэтгэв.

Судалгааны ажлын үр дүн. Судалгаанд нийт дээш насны 1087 хүн хамрагдсаны 44.4 хувь нь эрэгтэй, 55.5 хувь нь эмэгтэй байв. Судалгаанд хамрагдсан хүн амын 0.6% нь боловсролгүй, 2.9% бага, 16.4% бүрэн бус дунд, 38.8% бүрэн дунд, 42.9% тусгай дунд болон дээд боловсролтой байсан ба өөрөөр хэлбэл бүрэн дунд, тусгай дунд ба дээд боловсролтой хүмүүсийн эзлэх хувь харьцангуй өндөр байлаа. Судалгаанд оролцогсдын дөрвөн хүний нэг нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур (2008 оны ҮСГ-ын тоо баримтаар, 73 300 төг) орлоготой өрхөд амьдарч байна.

Судалгаанд орлцогсдын зохистой хооллолтын талаарх мэдлэгийн байдал

Судалгаанд оролцогчдын 97.8% нь хоол хүнсний хүний биед гүйцэтгэх үүргийн талаарх хангалттай мэдлэгтэй байна. Гэвч судлуулагчдын тал хувь нь өөрсдийгөө зөв хооллох дадал эзэмшээгүй гэж дүгнэсэн байна.

Судалгаанд оролцогчид өөх тосны хүний биед гүйцэтгэх үүргийг хэрхэн үздгийг авч үзэхэд 54,2% нь өөх тос өвчин үүсгэдэг, таргалуулдаг, 18.1% нь илчлэгийн эх үүсвэр болно гэж үзэж байна. Судалгаанд оролцогчдын нүүрс ус, эрдэс бодисын эх үүсвэрийн талаарх мэдлэгийг судлан үзэхэд судлуулагчдын 82.1% нь нүүрс ус агуулсан, 67.7% нь эрдэс бодис агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг буруу хариулсан байна.

"Гэр" зөвлөмжийн талаар судалгаанд хамрагдагсдын дөнгөж 19.8% нь сайн мэднэ гэж хариулсан нь оролцогчдод энэ талын мэдлэг хангалтгүй байгааг харуулж байна. Харин мэднэ гэж хариулт өгсөн хүмүүсийг боловсролын түвшнээр нь авч үзэхэд дийлэнх (90.1 %) нь бүрэн дундаас дээш боловсролтой хүмүүс байлаа.

Судалгаанд оролцогчдын 53.3% хувь нь зохистой хооллолтын талаарх мэдээллийг авч байсан бөгөөд тэдгээрийн 69.1% нь телевизороос, 47.1% нь сонин, ном сэтгүүлээс, 26.7% нь эмнэлэгийн ажилтнуудаас сонссон гэж хариулснаас үзэхэд мэдээллийн гол эх сурвалж нь телевизор байдаг байна. Мөн судлуулагчдын 25.2% нь зохистой хооллолтын талаарх мэдээлэл хангалттай, 36.4% нь дунд зэрэг, 29.7% нь хангалтгүй гэж үзжээ.

Судлуулагчдын 67.3% нь хүнсний бүтээгдэхүүн дээрх шошгыг ямар нэг байдлаар ашиглаж байгаа боловч 85.8% нь зөвхөн хугацааг нь, 15.9% нь хугацаанаас гадна үйлдвэрлэсэн улсыг, 9.7% нь л найрлагыг нь харж сонгож авдаг байна. Шошго ашиглалтыг нас, боловсролтой нь холбон авч үзэхэд 18-44 насны хүмүүсийн хувьд боловсролын түвшин ахих тутам шошго ашиглалт дээшилж байгаа бол 45-аас дээш насанд боловсролын аль ч түвшиндээ ижил байна. Өөрөөр хэлбэл нас ахих тусам шошгыг сайн ашигладаг байна (р=0.001).

Хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой санал гомдол гарвал судлуулагчдын 51.3% нь мэргэжлийн хяналтын байгууллагад, 36.7% нь уг барааг авсан дэлгүүрийн худалдагчид, 13.3% нь ХЭАХН-т, 5.3% нь эмнэлэгийн байгууллагад хандана гэжээ.

Зохистой хооллолтын мэдээллийн эрэлт хэрэгцээг Зураг 1-д үзүүлэв.

Зураг1. Зохистой хооллолтын мэдээллийн эрэлт, хэрэгцээ (хувь, хүйсээр)

Зургаас харахад судалгаанд оролцогчдын 37.7% нь эрүүл мэнд, эмчилгээний хоолны ач холбогдол, 38.4% нь хүнсний аюулгүй байдлын талаарх мэдээлэл авах сонирхолтой байна.

Судалгаанд оролцогчдын дадал, хандлага. Судалгаанд оролцогчдын 68.1% нь өдөрт 3-4 удаа, 21.2% нь 2 удаа хооллодог бол зөвхөн 1% нь л 5-аас дээш хооллодог дадалтай байна.

Судлуулагчдын өглөөний хооллолтын байдлыг авч үзэхэд 65% нь хуурай идэх юм, 21.1% нь хоносон хоол иддэг, 3.5% нь юм иддэггүй байна.

Өдрийн хооллолтыг авч үзэхэд 51.2% нь гэртээ, 27.3% нь гадуур хоол иддэг, 12.3% нь хуурай идэх юм иддэг бол орой нь 93.3 % нь гэртээ хоол хийж, 2.8% нь хуурай юм иддэг байна.

Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний эх үүсвэрийг судлахад судалгаанд оролцогчын 38.9% нь супермаркетаас, 28.9% нь дэлгүүр болон хүнсний битүү захаас, 30.7% нь хүнсний захуудаас худалдан авдаг байна. Эндээс үзэхэд судалгаанд оролцогчид дийлэнх нь хүнсний захаас хүнсний бүтээгдэхүүнээ авдаг байна.

Судлуулагчдын зөв, аюулгүй хоол хүнс сонгох, хадгалах, боловсруулах, хэрэглэх асуудалд 57.6% нь их анхаардаг, 35.7% нь дунд зэрэг анхаардаг, 4.6% нь бага анхаардаг байна.

Судалгаанд оролцогчид өөрсдийгөө хир зохистой хооллож чадаж байгаадаа өгсөн үнэлэмжээр тал хувь (44.1%) нь өөрийгөө зөв хооллож чадахгүй байна гэж үзжээ.

Судалгаанд оролцогчдын буруу хооллож байгаа шалтгааныг зураг 2-д үзүүлэв.

Зураг 2. Судалгаанд хамрагсдын зохистой хооллож чадахгүй байгаа шалтгаан, хувиар

Зургаас харахад судалгаанд оролцогчид зохисгүй хооллож байгаа шалтгаанаа 21.3% нь мэдлэг дутмагаас, 26.7% нь хооллох завгүй, 23.5% нь эрүүл хүнсний олдоц муу, 22.6% нь мөнгө төгрөгний хүрэлцээ муу байдагтай холбон тайлбарласан байна.

Судалгаанд хамрагсдын 44.6% нь яарсан үедээ хуурай идэх юм, 24.3 % нь хоол хийж иддэг, 9.8% нь өндөг, хиам шарж, 6.1 % нь бэлэн гоймон, 5.2 % нь аль бэлэн байгаа хоол, хүнсийг иддэг байна.

Судалгаанд оролцогсдын талаас илүү (59.9%) хувь нь зах зээл дээр зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүн хүнс, хоолны хэрэгцээг хангаж чадаж байна гэсэн бол хангаж чадахгүй байна гэж үздэг хүмүүсийн 72.7% нь баталгаагүй хүнс зарагдаж байгаатай холбон үзжээ.

Хүн амын хүнсний хэрэгцээг хангаж чадахгүй буй шалтгааныг зураг 3-д үзүүлэв.

Зураг 3. Судлуулагчдын хүнсний бутээгдэхүүний хэрэгцээг хангахгүй байгаа шалтгаан (хувиар)

Зургаас үзэхэд судалгаанд оролцогчдын 72.7% нь зах зээл дээр борлуулагдаж буй хүнсний бүтээгдэхүүн баталгаагүй, 14.5% нь үнэ их, 10.9% нь нэр төрөл цөөн байгаатай холбон тайлбарласан байна.

Судлуулагчдын 80.8% нь цэвэр жимсний шүүс, байгалийн жимсийг илүүд үзсэн бол оролцогчдын 9.2% нь хийжүүлсэн ундааг сонгосноос үзэхэд хэрэглэгчид хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзах болсон байна.

Судалгаанд хамрагсдын 80.8% нь эх орны үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг, 11.5% нь аль алиныг нь хэрэглэдэг бол 6.5% нь импортын хүнс хэрэглэх нь дээр гэсэн байна.

Дүгнэлт:

  1. Судалгаанд оролцогчдын дөрвөн хүн тутмын гурав нь хүнсний бүтээгдэхүүний найрлага, шимт бодис, "Гэр" зөвлөмжийн талаарх мэдлэг хангалтгүй, арван хүн тутмын ес нь хүнсний бүтээгдэхүүний шошго ашиглалтын бүрэн төгс мэдлэгггүй байна.
  2. Судалгаанд хамрагдагсдын тал хувь нь зохистой хооллолтын мэдээлэл авч байсан. Мэдээлэл авч байсан хүмүүс голдуу телевизороос (69.1%) авдаг ба эрүүл мэнд, эмчилгээний хоол, хүнсний аюулгүй байдлын талаарх мэдээлэл эрэлт хэрэгцээтэй байна.
  3. Судалгаанд оролцогчид бүгд аюулгүй, баталгаатай хүнсний бүтээгдэхүүн сонгох, бэлтгэх, хэрэглэх асуудалд анхаарлаа хандуулдаг боловч судлуулагчдын дийлэнх нь зах зээл дээр зарагдаж буй хүнс баталгаагүйгээс хүнсний хэрэгцээг нь хангахгүй байна гэж үзсэн байна.

Санал, зөвлөмж:

  1. Хүн амын зохистой хооллолтын талаарх мэдээллийн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж, зохистой хооллолтын гарын авлага ном, товхимолуудыг өрх бүрт хүртээмжтэй байхаар хэвлүүлж түгээх.
  2. Хүн амын жимс, хүнсний ногоо, олон нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах.
  3. Хоол тэжээлийн сургалтын сургагч багш бэлтгэж, сургалтыг тогтмол үйл ажиллагаатай болгох, сургалтын тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах.
  4. Хүн амын зөв зохистой хооллолтын талаарх сургалт, сурталчилгааг мэдээллийн бүх сувгуудаар, үнэ төлбөргүйгээр, олон давтамжтайгаар явуулдаг байх.
  5. Нийт хүн ам нас, хүйсний онцлогтоо тохируулан зөв зохистой хооллохоос гадна эслэгээр баялаг хоол, хүнсний бүтээгдэхүүн үрт, буурцагт ургамал, хар талх, хивэг, хөц болон шар будааг түлхүү хэрэглэх.
Ном зүй

1. Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын түвшин тогтоох судалгаа 2006 он, ЭМЯ, НЭМХ, ДЭМБ
2. Хүн амын хоол тэжээлийн байдал 1999 он, НЭМХ, ХСТ
3. Redusing risks, promoting healthy life WHO report, 2002.
4. http://www.ioe.ac.uk/May2006/Papers/SuzannePiscopo_ Paper.doc.интернэтийн мэдээлэлээс
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5525
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК