Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 1(33)
Монгол ардын хувьсгалт намын төв хорооны тогтоол
( Товч мэдээлэл )
 

1981 оны долдугаар сарын 11-нд Монголын ардын хувьсгалын 60 жилийн ой болно. Энэ нь манай орны хөдөлмөрчид болон хилийн чанад дахь манай анд нөхдийн хувьд Монгол орны нөхцөлд бодит социализм ялсны баяр марксизм-ленинизм, пролетарийн интернацианализмын гандан бууршгүй үзэл санааны ялалтын баяр болох юм. Ардын хувьсгал ялснаас хойшхи үед монголын ард түмэн замдаа тохиолдсон асар их бэрхшээлийг туулан давж, феодализмаас шууд социалист байгуулалд түүхэн үсрэлт хийгээд, одоо өөрийн оронд социализм бүрэн байгуулахын төлөө тэмцэж байгааг бахархан тэмдэглэж байна. Ийнхүү эх орныхоо саруул ирээдүйн төлөө Монгол ардын хувьсгалыг үүсгэн мандуулагчдын хүсэл зориг биеллээ. Монголын ард түмэн марксист-ленинист шалгарсан манлай МАХН-ынхаа удирдлагаар эрэлхгээр тэмцэж, аугаа их Зөвлөлт Холбоот Улсын бүх талын ах дүүгийн тусламж, халуун интернационалч дэмжлэг авсны ачаар энэ хүсэл зоригийг биелүүлэв. Эдгээр ялалт амжилтын эх үүсвэр, монголын ард түмний түүхэн дэх эргэлтийн үе нь Аугаа их Октябрийн социалист хувьсгалын үзэл санааны нөлөөгөөр 1921 онд ялсан Монгол ардын хувьсгал байлаа. Ардын хувьсгалт ялалт нь түүнээс хойш тус оронд гарсан бүхий л хувьсгалт ардчилсан, социалист өөрчлөн байгуулалтын нэгэн адилаар Маркс Энгельс, Лениний суут хувьсгалт үзэл санааны амьдруулах чадалтайн яруу тод нотолгоо болов. Энэ ялалтын үрээр нийгмийн амьдралын бүхийл хүрээнд гүнзгий өөрчлөлт гарлаа. Улс төрийн хүрээнд: засаг төрийн бүх эрх ард олны гарт шилжиж, хөдөлмөрчин ардын хувьсгалт ардчилсан диктатур тогтон батжиж, улмаар ажилчин ангийн диктатур болж хөгжлөө. Нийгэм-эдийн засгийн хүрээнд: улс орны олон зуун жилийн хоцрогдлыг арилгаж, нүүдлийн бүдүүлэг мал аж ахуйн оронд социалист эдийн засгийн орчин үеийн салбар байгуулан хөгжүүлж, тавиад оны эцсээр ардын хувийн аж ахуйтныг хоршоолж дууссанаар БНМАУ-ын нийт улс ардын аж ахуйд социалист харилцаа ялж «Хүн бүр чадлынхаа хирээр хүн бүрт хөдөлмөрлөсний нь хирээр гэсэн социализмын үндсэн зарчим батжин тогтов. БНМАУ хөдөө аж ахуй-аж үйлдвэрийн социалист орон боллоо. Социалист соёлын хувьсгал хэрэгжин, хэлбэрэлтгүй гүнзгийрсээр байна. Марксист-ленинист үзэл суртал монголын нийгмийн оюун санааны амьдралын үндэс нь баттай боллоо. Нийгмийн ангийн бүтцэд үндсэн өөрчлөлт гарлаа. Нийгмийн дэвшлийн голлох хүч болсон ажилчин анги үүсч, эгнээ нь өргөжин, төр нийгмийг удирдахад түүний үүрэг өсч, малчин ардууд хувийн аж ахуйтан байснаа хоршоолсон социалист анги болж, ардын сэхээтэн бүрэлдэн төлөвшлөө. Манай тууштай, зорилго чиглэлтэй урагшлах хөдөлгөөн, ирээдүйдээ итгэх гуйвалтгүй итгэл нь нийгмийн анги, давхрааны нэгдэл, нам, олон түмний эвдэршгүй нэгдэл, салшгүй нягт хэлхээ холбоонд суурилж байна. Ардын хувьсгалт байгууллыг байгуулан бэхжүүлэх эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалан бататгахын төлөө, улс орны олон зуун жилийн хоцрогдлыг арилгаж, шинэ эдийн засаг, соёлыг байгуулан хөгжүүлэхийн төлөө нам, ард түмний хийсэн шургуу тууштай тэмцэл олон жилийн хүч чармайлтын дүнд, дотоод, гадаадын харгис хүчинтэй болон тус орныг сонгож авсан капиталист биш, социалист хөгжлийн замаас гаргах гэсэн удаа дараагийн оролдлоготой ангийн хурц ширүүн тэмцэл хийх явцад монгол нутагт ийм их өөрчлөлт гарсан юм. БНМАУ-д шинэ нийгэм байгуулах үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд 1981 онд мөн 60 жилийн ой нь болох Монгол Ардын Хувьсгалт Нам шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. Нийгмийн удирдан чиглүүлэгч хүч болсон манай нам, улс орныхоо хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, социалист байгуулалтын ээлжит зорилтыг шийдвэрлэхэд хөдөлмөрчин олон түмнийг дайчлан зохион байгуулж байна. Манай нам одоо БНМАУ-д социализм бүрэн байгуулах программын зорилтыг амжилттай шийдвэрлэхийн төлөө, улс орноо аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болгохын төлөө ард түмнийхээ тэмцлийг манлайлж байна. Улс орныг социалист ёсоор аж үйлдвэржүүлэх үйл явц гүнзгийрэн хөгжиж байна. Одоо аж үйлдвэр нийгмийн нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувь, үндэсний орлогын 27 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Аж үйлдвэрийн түлш-эрчим хүч, уул уурхайн салбар, барилгын материалын үйлдвэрлэл илүү түргэн хурдацтай хөгжиж байна. Аж үйлдвэр түргэн хөгжиж, түүний техникийн түвшин өсч байгаа нь тэргүүний техник, технологи бүхий томоохон үйлдвэрүүдэд ажилчдыг төвлөрүүлж ажилчин ангийн гол цөм болсон аж үйлдвэрийн ажилчдын эгнээг бэхжүүлж байна. Лениний хоршооллын төлөвлөгөөг БНМАУ-д хэрэгжүүлсэн нь зөвхөн хөдөөний хөдөлмөрчдийн амьдралд төдийгүй, манай нийгмийн түүхэн хөгжилд үндсэн эргэлт болсон юм. Социалист хөдөө аж ахуй хэлбэрэлтгүй хөгжиж, түүний техник хангамж өсөн нэмэгдэж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрчимжиж, нэгдэл сангийн аж ахуй зохион байгуулалт аж ахуйн талаар ихээхэн бэхжилээ. Атар газар эзэмшиж үр тарианы аж ахуйг хөгжүүлснээр газар тариалан хөдөө аж ахуйн бие даасан салбар болж, улс орны гурилын дотоод хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр хангах бололцоотой боллоо. Хөдөө аж ахуйн үндсэн фонд 1979 онд 1960 оныхоос 4,8 дахин нэмэгдэв. Их барилга, тээвэр холбоо, соёл, шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах, ардын боловсрол хэлбэрэлтгүй урагшлан хөгжиж байна. Ард түмнийхээ сайн сайхны төлөө нийгмийн үйлдвэрлэл, хөдөлмөрийн бүтээмжийг тасралтгүй өсгөн нэмэгдүүлсний үндсэн дээр хөдөлмөрчдийн аж амьдралын хэмжээг дээшлүүлэхийн төлөө анхаарал халамж тавих нь МАХН-ын үйл ажиллагааны эрхэм дээд зарчим байсан, байсаар ч байх болно. Жаран жилийн өмнө хүн ам нь бараг нийтээрээ бичиг үсэг мэддэггүй, боловсрол, эрүүлийг хамгаалахын ямар ч систем байгаагүй тус оронд одоо дөрвөн хүн тутмын нэг нь сургуульд суралцаж, 10 мянган хүн тутамд больницын 105 ор, 22 их эмч ногдож байна. Хүн ам тутамд ногдох бодит орлого 1960 оныхоос 1,9 дахим нэмэгдлээ. Манай орон шинэ нийгэм байгуулах замаар хурдавчлан ахих тусам социалист ардчилал өрнөн хөгжиж, төр, нийгмийн үйлдвэрлэлийг удирдахад ард олон улам өргөн оролцож байна. Үйлдвэрлэлийн харилцаа боловсронгуй болж, аж ахуйн байгуулалтыг удирдах төлөвлөх арга сайжирч ирлээ. Социализм байгуулах явцад намын үзэл суртал, хүмүүжлийн ажлын идэвхтэй нөлөөгөөр эх оронч, интернационалч, шинэ нийгмийг ухамсартай бүтээн байгуулагч шинэ хүн төлөвшин хүмүүжиж байна. Социализмын үйл хэрэгт хязгааргүй үнэнч, үзэл суртал, улс төр, ёс суртахууны эрхэм чанар нь түүний онцлот шинж болж байна. Социалист аж төрөх ёс төлөвшин тогтож байгаа нь монголын ард түмний том ололт бөгөөд түүнийг улам идэвхтэй бататган хэвшүүлэх нь одоогийн шатнаа социалист нийгмийг цаашид хөгжүүлэх нэг зангилаа асуудал болж байна. МАХН-ын Төв Хороо намын XVII их хурал, түүний дараахь Намын Төв Хорооны бүгд хурлуудын шийдвэрийг хэрэгжүүлэн нийгмийн үйлдвзрлэлийн үр ашгийг дзэшлүүлэх, ажлын чанарыг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, дотоод нөөц бололцоог дайчлан ашиглах, арвилан хэмнэх зарчмыг нэвтрүүлэх олон түмнийг хөдөлмөр, нийгмийн өмчид жинхэнэ коммунист ёсоор ханддаг болгож хүмүүжүүлэх, тэргүүн туршлага, шинжлэх ухаан-техникийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг бүтэзн байгуулалтын гол гол асуудлыг шийдвэрлэхэд нам, улс, олон нийт, аж ахуйн байгууллагын бүхий л үйл ажиллагааг чиглүүлж байна. Хөдөлмөрчдийг коммунист ёсоор хүмүүжүүлэх, тэдний бүтээлч идэвх санаачилга эрч хүчийг өрнүүлэх хүчирхэг арга хэрэгсэл нь бүх ард түмний социалист уралдаан боллоо. Тэргүүн туршлага судлан нэвтрүүлэх явдлыг нам, улс, олон нийт, аж ахуйн байгууллагын нэн тэргүүний хамгийн гол үүрэг болгон дэвшүүлсэн МАХН-ын Төв Хорооны V бүгд хурлын (1979 он) шийдвэр, түүнчилэн тэргүүн туршлага судлан нэвтрүүлэж бүхий л ажлыг сайжруулах гол нөхцөл болсон хөдөлмөрчдийн эдийн засгийн боловсролын хэмжээг дзэшлүүлэх тухай МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын (1979 он) заалт нь тус орны бүхий л амьдралд зарчмын ач холбогдолтой юм. МАХН-ын улс төрийн бодлогын үнэн зөв бөгөөд амьдрах чадалтай, үзэл суртал, зохион байгуулалтын бат бэхийн үндсийн үндэс нь марксизм-ленинизмийн ашид мөнхийн эрхэм дээд зорилго пролетарийн интернационализмын зарчимд хязгааргүй үнэнч байдагт нь оршино. Манай нам марксизм-ленинизмийн үнэлж баршгүй эрдэнэсийн үнэт сангаас хүч чадал, урам зоригийг авч байдаг бөгөөд олон түмнийг хувьсгалт энэхүү мөнхийн сургаалын үзэл санаагаар хүмүүжүүлэхийг өөрийн ариун үүрэг гэж үздэг юм. Манай нам, төрийн гарамгай удирдагч МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга нөхөр Ю.Цэдэнбал тэргүүтэй МАХН-ын Төв Хорооноос социализмын материал-техникийн бааз байгуулах, социалист үйлдвэрлэлийн харилцааг боловсронгуй болгох, шинэ хүнийг хүмүүжүүлэх, ЗХУ, социалист хамтын нөхөрлөлийн бусад оронтой тогтоосон ах дүүгийн найрамдал, бүх талын нягт хамтын ажиллагааг бататган, энх тайван, ардчилал, нийгмийн дэвшлийн төлөө тэмцэж байгаа улс түмэнтэй интернационалч эв санааны нэгдлээ бэхжүүлэх талаар явуулж байгаа үйл ажиллагаа нь шинэ нийгмийн байгуулалтын өсөн нэмэгдэж байгаа зорилтыг шийдвэрлэхэд асар их үүрэг гүйцэтгэж байна. Даян дэлхийн хөдөлмөрчдийн их жолоодогч В.И.Ленин, Монгол ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатар нар эх үүсвэрийг нь тавьсан монгол, зөвлөлтийн ард түмний ах дүүгийн эвдэршгүй найрамдал, зүйл бүрийн нягт хамтын ажиллагаа бол Монгол орны хөгжил цэцэглэлтийн шийдвэрлэх хүчин зүйл, найдвартай баталгаа болсоор ирсэн, болсоор ч байх болно. Монгол-зөвлөлтийн харилцаа нь чухамдаа социалист интернационализмыг улс хоорондын харилцаанд хэрэгжүүлсэн анхны түүхэн хэлбэр мөн бөгөөд улмаар социалист улсуудын хоорондын жинхэнэ ах дүү ёсны шинэ харилцааны үлгэр загвар болж өгсөн юм. Зөвлөлтийн ард түмэнтэй ангийн холбоо тогтоож, сэтгэл харамгүй тусламжийг нь хүртсэний ачаар манай ард түмэн МАХН-ынхаа удирдлагаар Монгол орныг хувьсгалт ёсоор шинэтгэн өөрчлөх бүхий л нарийн түвэгтэй зорилтыг амжилттай шийдвэрлээд одоо социализм бүрэн байгуулах замаар итгэл төгс замнаж явна. Дэлхийн социалист систем үүсэн тогтохын хамт манай хамтын ажиллагааны хүрээ улам ч өргөжлөө. ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын социалист эдийн засгийн интеграцийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны удаан хугацааны зорилтот программыг тууштай хэрэгжүүлж байгаа нь БНМАУ-ын эдийн засгийн хүч чадлыг өсгөн нэмэгдүүлэх, монголын ард түмний аж амьдралыг дээшлүүлэх чухал эх сурвалж нь болсоор байна. Тийм ч учраас МАХН-ын XVII их хурал БНМАУ-ыг эдийн засаг, улс төр, үзэл суртал, соёлын салбарт социалист орнуудтай нэн тэргүүнээ аугаа их Зөвлөлт Холбоот Улстай бүх талаар ойртон нягтрах чиг шугамыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь одоо амжилттай хэрэгжиж байна. МАХН орчин үеийн хувьсгалт бүх хүчний нэгдлийг бэхжүүлэхийн төлөө тууштай тэмцэж байна. Манай нам дэлхийн комунист хөдөлгөөннй нэг отрядын хувьд марксизм-ленинизм, пролетарийн интернационализмын зарчмын үндсэн дээр дэлхийн социалист хамтын нөхөрлөлийг бэхжүүлэх, дэлхийн коммунист хөдөлгөөний эв нэгдлийг бататгах, ажилчин ангийн хувьсгалт тэмцэл, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг дэмжихийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж, бидэнд харш үзэл, суртал коммунизмын эсрэг, зөвлөлтийн эсрэг үзлийн аливаа илрэл, харгис үндсэрхэх үзэл, барууы, «зүүн» оппортунизмтай эвлэршгүй тэмцэх явдлыг ариун үүргээ гэж үзэж байна. Марксизмын эсрэг, социализмын эсрэг, ард түмний эсрэг харгис маоизмын мөн чанарыг тал бүрээс нь илчилж энх тайван, улс түмний аюулгүй байдалд бодитой аюул занал учруулж байгаа хятадын одоогийн эрх баригчдын их гүрний жанжлах, эзлэн түрэмгийлэх бодлоготой тэмцэхийг МАХН өөрийн интернационалч ариун зорилт гэж үзэж байна. Социалист хамтын нөхөрлөлийн их гэр бүлийн тэгш эрхт гишүүн Бүгд Найрамдах Монгол Ард Улс Ази болон даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, улс түмний найрамдал, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхийн төлөө тэмцэж энх тайванч гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. БНМАУ өөрийн холбоотон-аугаа их Зөвлөлт Холбоот Улс социалист хамтын нөхөрлөлийн бусад орны хамт намжмал байдлын үйл явцыг гүнзгийрүүлж, зэвсэглэлээр улайран хөөцөлдөхийг зогсоох, зэвсэг хурааж, хүн төрөлхтөний амьдралаас дайны аюулыг зайлуулахын төлөө идэвхтэй, тууштай тэмцэж байна. Өнгөрсөн жилүүдэд БНМАУ-ын нэр хүнд олон улсын тавцан дээр хэлбэрэлтгүй өсч ирлээ. Нэгдсэн Үндэстний байгууллагын болон олон улсын бусад олон чухал байгууллагын бүрэн эрхт гишүүн, ардын эрхт Монгол улс өнөөдөр дэлхийн 90 шахам улс оронтой дипломат харилцаатай байна. Монголын ард түмэн улс орныхоо туулж өнгөрүүлсэн баатарлаг замналыг жаран жилийн өндөрлөг дээрээс эргэн харж, шинэ амьдрал байгуулах үйлсэд олсон амжилтаараа зүй ёсоор бахархахын сацуу MAXН-ын XVII их хурлын шийдвэр, VI таван жилийн төлөвлөгөөний зорилтыг амжилттай биелүүлэхийн төлөө улам бүр шамдан хөдөлмөрлөж, социалист эх орныхоо саруул сайхан ирээдүйд бат итгэлтэйгээр ялгуусан Ардын хувьсгалын яруу алдарт ойгоо угтаж байна.

МАХН-ын Төв Хорооноос тогтоох нь:

1. Монголын ард түмний түүхнээ нэн тэмдэглэлт үйл явдал болох Монгол ардын хувьсгалын 60 жилийн ойд улс орон даяар өргөн бэлтгэж, энэ түүхт ойг Монгол нутагт марксизм-ленинизмийн үзэл санаа ялан мандсаны баяр, социализмын төлөө манай ард түмний хувьсгалт тэмцэл, бүтээн байгуулах хөдөлмөрийн амжилт, ялалтын баяр, Зөвлөлт Холбоот Улс, социалист хамтын нөхөрлөлийн бусад оронтой тогтоосон манай ах дүүгийн найрамдлын баяр болгон тэмдэглэхийг нам, үйлдвэрчний эвлэл, хувьсгалт залуучуудын эвлэлийн бүх байгууллага, улс аж ахуй, соёлын бүх шатны байгууллагад даалгасугай.

2. Монгол ардын хувьсгалын яруу алдарт 60 жилийн ой, В.И.Лениний мэндэлсний 110 жилийн ойг аж ахуй, соёлын төлөвлөгөөт зорилтыг амжилттай биелүүлэн нэр төртэй угтахын төлөө бүх ард түмний социалист уралдаан өрнүүлж байгаа аж үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, улс ардын аж ахуйн бусад салбарын хөдөлмөрийн сайчууд тэргүүний хамт олны санаачилгыг сайшаасугай. МАХН-ын XVII их хурлын шмйдвэр, зургадугаар таван жилийн төлөвлөгөө, шинэ таван жилийн эхний жилийн төлөвлөгөөт үүрэг даалгаврыг амжилттай биелүүлэх, аж үйлдвэр, барилга хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимтэй өсгөх, үйлдвэрлэлд тэргүүн туршлага, шинжлэх ухаан-техникийн ололтыг тууштай нэвтрүүлэх, ажлын үр ашиг, чанарыг дээшлүүлэх, ард түмний материаллаг аж байдал соёлын хэмжээг хэлбэрэлтгүй нэмэгдүүлэхэд нам, улс, аж ахуй, үйлдвэрчний эвлэл, хувьсгалт залуучуудын эвлэлийн байгууллага, хөдөлмөрийн хамт олны бүх хүч анхаарлыг чиглүүлсүгэй. Зөвлөлт Холбоот Улсын туршлагыг судлан нэвтрүүлэх ажлыг цаашид идэвхжүүлж, үр ашгийг нь дээшлүүлэх явдлыг ой угтсан уралдааны нэг чухал зорилт мөн гэж үзсүгэй.

3. Монгол ардын хувьсгалын 60 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг аймаг, хот, яам тусгай газарт байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

4. Монгол ардын хувьсгалын 60 жилийн ой, МАХН-ын ээлжит XVIII их хурал угтаж явуулах зохион байгуулалт, улс төр, хумүүжил, ухуулга-суртал нэвтрүүлгийн өргөн арга хэмжээг тодорхой төлөвлөгөөний үндсэн дээр өрнүүлэн хэрэгжүүлэхийг аймаг, хотын намын хороо, намын бүх байгууллага, МҮЭ-ийн Төв Зөвлөл, МХЗЭ-ийн Төв Хороо, Ардын армийн улс төрийн газар, Хилийн ба дотоодын цэргийн улс төрийн газарт даалгасугай. Зохион байгуулалт улс төрийн болон үзэл суртал-хүмүүжлийн бүхий л ажлыг Монгол ардын хувьсгалын ялалт, манай оронд гарсан нийгэм-эдийн засаг, улс төр, соёлын гүн гүнзгий өөрчлөлтийн түүхэн ач холбогдлыг өргөн нээн харуулах. Ардын хувьсгалыг ялалтад хүргэх, нийгмийн амьдралын бүх салбарт асар их амжилт олоход монголын ард түмний дайчин манлай-Монгол Ардын Хувьсгалт Намын удирдах, хувьсгалт өөрчлөн байгуулагч үйл ажиллагааг өргөн сурталчилж, монгол, зөвлөлтийн ард түмний ах дүүгийн найрамдал, манай оронд Зөвлөлт Холбоот Улс, ах дүү социалист бусад орны үзүүлж байгаа интернационалч тусламж, социалист хамтын нөхөрлөлийн орнуудын найрамдал хамтын ажиллагаа, олон улсын коммунист, ажилчны хөдөлгөөний нэгдэл нягтралын ач холбогдлыг өргөнөөр харуулахад чиглүүлэх ёстой.

5. Монголын ард түмний хувьсгалт тэмцэлтэй холбоо бүхий түүх, дурсгалт газрыг тохижуулж, мөнхжүүлэх арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлэхийг аймаг, хотын намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо, МХЗЭ-ийн Төв Хороо, Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлд даалгасугай.

6. Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан материалыг тусгай төлөвлөгөөний үндсэн дээр байнга нийтлэн нэвтрүүлж монголын хөдөлмөрчдийн шинэ үнэт санаачилга, БНМАУ-ын ололт, амжилтыг өргөнөөр тусган, ЗХУ-аас бидэнд үзүүлсэн ах дүүгийн тусламж, монгол-зөвлөлтийн найрамдлын ач холбогдлыг бүх талаар өргөн тайлбарлан таниулахыг сонин, хэвлэлийн газар, Мэдээлэл, радио, телевизийн улсын хороонд үүрэг болгосугай.

7. Монгол ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан олон улсын онолын бага хурал бэлтгэн хийлгэхийг МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын түүхийн институт, Намын дээд сургууль, БНМАУ-ын Шинжлэх ухааны Академид даалгасугай.

8. Их ойд зориулж соёл, урлаг, утга зохиол, биеийн тамир, спортын талаар зохиох арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхийг БНМАУ-ын Соёлын Яам, Монголын зохиолчдын эвлэлийн хороо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын хөгжмийн зохиолчдын холбоо, Монголын урлагийн ажилтны холбоо, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтний хороо, БНМАУ-ын Биеийн тамир, спортын хороонд үүрэг болгосугай. Ардын хувьсгалын 60 жилийн ойд зориулсан уран зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ   жүжиг   тавих,   кино бүтээх, үзэсгэлэн гаргах, түүнчлэн соёл, спортын төрөл бүрийн арга хэмжээ зохиоход соёл, урлагийн ажилтан нарын хүч чармайлт, авъяас билэг чиглэх ёстой. Монгол ардын хувьсгалын 60 жилийн ойг хөдөлмөрийн өрнүүн ололт, амжилтаар угтаж, тус оронд, социализм байгуулах намын программын зорилтыг хэрэгжүүлэх үйлсдээ томоохон алхам хийж, социалист эх орныхоо их ойг тэмдэглэн өнгөрүүлэхийг манай орны ажилчин, малчин, тариаланчид, хөдөлмөрийн сэхээтэн, Зэвсэгт хүчний дайчид, коммунистууд, монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд, хөвгүүд, охид монголын яруу алдарт эмэгтэйчүүд, бүх хөдөлмөрчинд хандан МАХН-ын Төв Хороо уриалж байна. Монголын бүх ард түмэн МАХН-ын XVII их хурал, Намын Төв Хорооны сүүлчийн бүгд хурлуудын дайчин шийдвэр, намын дэвшүүлсэн зарчмын лоозон, зургаадугаар таван жилийн төлөвлөгөөт зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө тэмцэлд энхрий хайрт намаа улам бат хүрээлэн нягтарч, Монгол ардын хувьсгалын 60 жилийн ойг хөдөлмөрийн шинэ шинэ амжилт ялалтаар угтана гэдэгт МАХН-ын Төв Хороо бат  итгэж   байгаагаа   илэрхийлж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1363
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК