Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 1(33)
Дисбактериоз
( Тойм өгүүлэл )

Ж.Алтанцэцэг (Эрдэм шинжилгээний ажилтан)

 
Абстракт

В данной статье автор приводит краткую характеристику дисбактериоза, ставшего актуальным, в связи с широкой антибиотикотерапией. Описан состав кишечной микрофлоры человека, появление отдельных видов бактерий, начиная с первых дней жизни, их благотворное влияние на обмен веществ, органы и ткани, витаминнообразующие функции и подавление возбудителей инфекционных заболеваний. Изложены причины возникновения дисбактериоза, основные классификации и методы лечения. В статье особое внимание уделяется вопросам использования лекарственных ягод и овощей при лечении дисбактериоза.

 

Хүний ходоод-гэдсэнд бактерийн олон хэлбэр амьдардаг. Хүчилд тэсвэртэй сарцин, энтерококк, сүүн хүчлийн бактери (нарийн гэдсэнд энтерококк, стрептококк, сүүг исгэгч савханцрууд хааяа мөөгөнцөр ч ходоодонд байдаг. Бактерийн тоо, хэмжээ гэдэсний дээд хэсэгт бага, ходоодноос доошлох тутам ихсэх ба харин бүдүүн гэдсэнд бактерийн янз бүрийн төрөл их хэмжээгээр оршин амьдардаг. Агаарт амьдрагч бактери-аэроб (гэдэсний савханцар, стафилококк, протей, хөрөнгө) бүх бичил биетний 10-15%, агааргүй нөхцөлд амьдарч байгаа бактери (сүүн хүчлийн бактери, бактеройдзус, клостридиум путрификум зэрэг) 90-85 хувийг тус тус эзэлнэ. Төрсний дараахи эхний хоногийн 2-р хагаст коккууд, мөн дараахи 2 хоногт грамэерэг том савханцрууд гэдсэнд давамгайлах ба 3 дахь хоногт бифидум, бага хэмжээгээр гэдэсний энгийн савханцрууд тус тус үүснэ. Эхний хоногуудад протей ихэсч 6 дахь хоногт 10-15% хүртэл буурч, 7 дахь хоногт бүр мөсөн арилна. Эхийн сүүгээр бойжиж буй хүүхдийн гэдсэнд ихэвчлэн сүүн хүчлийн бактери байх боловч заримдаа гэдэсний савханцар илэрнэ. Хүүхдийг хоногт 2 удаа нэмэгдэл хоолоор хооллодог болмогц гэдэсний бичил биетний бүрэлдэхүүн өөрчлөгдөж, гэдэсний энгийн савханцар нэмэгдэн, сүүн хүчлийн савханцар багасна. Харин тэжээвэр хүүхдийн гэдэсний бичил биетэн өөр байдаг. Ихэнх нь гэдэсний савханцрууд (65-95%), энтерококк, грамэерэг, үүрлэсэн үүргүй том савханцар байдаг. Хүний бие махбодод ашигтай бактери-сапрофитууд (гэдэсний энгийн савханцар, сүүн хүчлийн бактери) нь улаан суулга үүсгэгч, гэдэсний эмгэг савханцар, сальмонеллын өсч үржихийг зогсоох үүрэгтэй. Сүүн хүчлийн бактери нь протей, стафилококк, пэрфрингенс, гэдэсний эмгэг савханцрын эсрэг шинжтэй юм. Нянгийн эсрэг шинж (антогонизм) нь түргэн өсч, тооны хувьд нэгийгээ давамгайлах, ферментийн идэвхээрээ илүү байх, антибиотик чанар агуулах зэрэг үндсэн гурван гол шинжтзй байна. Түүнээс гадна гэдэсний бактери нь, цөсний ба өөхний хүчлийн, хийн солилцоонд оролцохын дээр билирубиныг уробилин болгож, гэдэснээс усыг шингээхэд оролцоно. Түүнчлэн бамбай булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэдэсний салст бүрхэвчийн эсийг төлжүүлэхэд нөлөөлөхийн зэрэгцээ хоол боловсруулах, аминохүчил, биотин, фолийн ба никотины хүчлийг үүсгэхэд чухал үүрэгтэй ба холестериныг синтезлэх, амин хүчлийн декарбоксилазын үйл явцыг ихэсгэнэ. Энз нь цаашдаа зүрх, мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлнө. Гэдэсний бичил биетний нэн чухал үүрэг бол хүний бие махбодын хамгаалалт-дархлаа үүсэхэд оролцоно. Хүний ходоод гэдсэнд оршин амьдарч байгаа гэдэсний бактерийн бүрэлдэхүүн тоо хэмжээ янз бүрийн шалтгаанаар өөрчлөгддөгийг дисбактериоз гэнэ. Дисбактериоз нь халдварт өвчин, антибиотик эмчилгээ зэргээс шалтгаалан үүснэ. Ийм үед энгийн бактери үхэж, эмгэг бактери үржиж, тоо хэмжээгээр давамгайлна. Эмчилгээний дисбактериоз болоход гэдсэнд мөөгөнцрүүд ургаж тэдгээр нь бактериудын хоруу чанарыг нэмэгдүүлнэ. Эмчилгээний дисбактериоз нь хэрэглэж буй эмийн чанараас шалтгаална. Пенициллин, макролидин антибиотикууд кокк, сүүн исгэгч савханцрын өсөлтийг зогсооно. Тетрациклин, аминоглюкозидууд, левомицетин нь мөөгөнцрөөс бусад төрлийн бактериудын ургалтыг саатуулна. Д.Голубын судалгаагаар дисбактериоз нь биомицин хэрэглэх үед 100%, сульфаниламид хэрэглэхэд 42%, левомицетин, синтомицин хэрэглэхэд 23%-д тохиолдож байжээ. Эмчилгээнд, хавсарсан антибиотик хэрэглэх нь эмчилгээний дисбактериозыг илүүтэй хурдан үүсгэнэ. Цитостатик, иммунодепрессант, амидопирин, бутадион, аспирин мөн кортикостероидыг удаан хугацаагаар эмчилгээнд хэрэглэхэд дисбактериоз үүсгэдэг. Шинжилгээгээр гэдэсний савханцрын тоо хэмжээ буурах, цус задлах идэвхтэй болох, эмгэг коккууд үүсэх, стафилококк, протейн тоо хэмжээ өсөх нь дисбактериоз үүссэнийг гэрчилнэ. М.В.Панчишина, С.Ф.Олейник (1977) нар дисбактериозын дараахи    ангилалыг боловсруулжээ.

  1. Эрүүл хүний дисбактериоз (антибиотик үйлдвэрлэх газрын хүмүүс г. м.).
  2. Өвчтэй хүний дисбактериоз

а) ходоод-гэдэсний халдвар болон шимэгч, хорхойтой үед.

б) халдварт бус ходоод-гэдэсний хямрал,

в) элэгний өвчин,

г)  артериосклероз,

д) хорт хавдрын үед

  1. Эмчилгээний үеийн дисбактериоз
  2. Радио-идэвхт бодисын нөлөөгөөр үүссэн дисбактериоз
  3. Хавсарсан дисбактериоз

Дисбактериозын хөгжлийн үеийг гэдэсний энгийн савханцар ба болзолт эмгэг үүсгэгч бактерийн хоорондох тооны харьцаагаар тодорхойлж болно. Хөнгөн хэлбэрийн дисбактериозын үед болзолт эмгэг үүсгэгч бактери 25%, хүндэвтэр үед 50% буюу Петри аяганы орчинд 3/4 хиртэй байх бөгөөд гэдэсний савханцар нь ганцаарчилсан колониор ургасан байдаг. Хурц илрэх үед Петри аягаар дүүрэн байх ба гэдэсний энгийн савханцар ургахгүй, А.Ф.Билибин (1967) дисбактериозын хөгжлийг 4 шат болгож ангилсан. Эхний шатанд энгийн бактериуд ердийн орших газартаа ихээхэн хэмжээгээр нэмэгддэг ажээ. 2-р үедээ ердийн байдалд бараг тохиолдохгүй, ховор байдаг бактери бий болж, харин сапрофит ховордох буюу алга болно. 3 дахь үедээ бактерийн байршилт өөрчлөгдөн, хоорондын харьцаа нь тохирохгүй болж өөр тийш нүүдэллэн очих (амны салст бүрхэвч рүү), заримдаа тунгалаг, цусанд нэвтрэн, энгийн үед ариун байдаг эрхтэнд ч орж болно. 4 дэх үед ердийн бактери, түүний бүрэлдэхүүний зарим хэсэг нь хоруу чанартай болж, эмгэг чанарын хувьд өөрчлөгдөн, харшил үүсгэх, гистамин, гистаминтай төст бодис их хэмжээгээр ялгарна. Энэ үе нь эмчилгээнээс болсон дисбактериозын үед тодорхой ажиглагддаг байна. (Г.И.Кузнецова 1975) дисбактериозын илрэх 4 үеийг нэгдмэл нэгэн явцын дараалсан шат гэж үзжээ.

Клиникийн гол шинж тэмдэг:

  1. Дисбактериоз нь хоол боловсруулах эрхтний, өвчний шинж тэмдгээр илэрдэг. Тохиолдлын 96% нь суулгана. Харин атеросклерозтой буюу ахимаг настай хүнд буюу колит өвчний үед өтгөн хаагдана. Суулгаснаас ус сорох шимэгдэх явц удааширч салст бүрхэвчийн бүтэц өөрчлөгдөнө.
  2. Нэг гол шинж тэмдэг бол гэдэс дүүрэлт юм. Гэдсэнд хий үүсэхэд нарийн гэдэсний бактери ихээхэн нөлөөтэй. Протей, бусад хий үүсгэгч бактериудын үйлчлэлээр ихээхэн хэмжээний хий үүснэ. Ийм үед хүний аманд эвгүй амт үүсэх, аюулхай орчимд халуу оргих, бие нь сулрах, тайван байдал алдагдах зэрэг шинж илэрдэг. Гэдэс дүүрэх үед амьсгаа давхцах, дөрвөн мөч хөрөх, хүүхэн хараа томрох ба 80%-д гэдэсний энд тэнд хуржигнах нь ажиглагдана.

3 дахь шинж нь гэдэс өвдөнө. Өвдөлт нь нэг л янзаар үргэлжлэх буюу хатгаж өвдөнө. Нарийн, бүдүүн гэдэсний үрэвсэл болж хүндэрсэн үед гэдэс байнга өвдөнө. Мөн дисбактериозын үед витамины дутагдал ялангуяа В бүлгийн витамины дутагдал илэрнэ. B1 витамин дутагдлын үед гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн суларч бараг огт хөдөлгөөнгүй болдог. Никотины хүчил дутагдснаас уцаарлах, амны хөндийн салс бүрхэвч улайж үрэвсэх, шүлс их гоожих шинж тэмдэг илэрнэ. B12 витамин дутагдахад амны салс бүрхэвч шархлах, уруулын хучаас эд ховхрох, салст бүрхэвч хөх улаан болох, хамрын арьс үрэвсэх, үс унах, цус багадах зэрэг шинж илэрнэ. Bi2 витамин, фолийн хүчлийн дутагдлын үед цус багадах заримдаа гиперхромын цус багадалтын шинж илэрч болно. Мөн дисбактериозын үед хоолны архаг харшлын шинж арьсны тууралтаар илэрнэ. Антибиотик хэт их хэмжээгээр хэрэглэснээс аноректаль шинж тохиолддог. Энэ нь шулуун гэдэсний амсар өвдөх загатнах байдлаар заримдаа үлд маягийн үрэвсэлд хүргэнэ. Дисбактериозын хамгийн хүнд хэлбэр нь мөөгөнцрийн дисбактериоз юм. Амны салст бүрхэвчинд цагаан саарал эсвэл шаравтар өнгийн өнгөртэй цайвар цэг мэт тууралт гарна. Идээлж, шархалж ч болно. Гэдэсний мөөгөнцрийн дисбактериозын үед үхэл өндөр байдаг гэж Панчишина, Олейник нар (1977) бичжээ. Өвчтөн байнга суулгаж, зарим үед ногоовтор өнгөтэй залхаг, тэр ч байтугай цустай гарна. Хоолонд дургүй болж, турж эцдэг. Гэдэсний мөөгөнцрийн дисбактериозыг архаг цусан суулга өвчинтэй андуурах явдал их тохиолдоно. Өвчтөнд антибиотик үргэлжлүүлэн өгснөөр өвчний явцыг улам хүндрүүлдэг талтай. Иймээс бактериологийн шинжилгээгээр мөөгөнцөр бий эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Дисбактериозын дараахи хэлбэр нь стафилококкийн дисбактериоз юм. Нярай ба бага насны хүүхдэд уул өвчин хордлогот суулга маягаар тохиолдоно. Цагаан будааны шүүсэрхүү, үнэр өнгөгүйгээр хоногт 20 хүртэл удаа суулгана. Халууны хэмжээ 39° хүртэл ихэсч судасны цохилт 160 хүрэх ба шингэн, эрдэс бодисын гүнзгий хямралд орно. Дээд хэмжээний хордлогот дисбактериозын үед шок үүсч, амь насанд аюул учирна. Сүүлийн үед антибиотик удаан хугацаагаар замбараагүй хэрэглэснээс протейнээр үүссэн, их тархины үрэвсэл, менингит, гэдэсний үрэвсэл зэрэг дисбактериозын өвчин ихэсч байна. Иймд дисбактериозыг таних, оношлох эмчлэх асуудал чухлаар тавигдаж байна.

Эмчилгээ: Дисбактериоз өвчний эмгэг жам, шалтгааныг нарийн мэдэхгүйгээр эмчилгээ хийх асуудал бэрхшээлтэй байна. Эмчилгээ нь өвчний гурван үеэс хамаарна. Үүнд:

  1. Гэдсэн доторхи эмгэг бактеритэй тэмцэх, хоолны горим тогтоох, бактерийн эсрэг үйлчилгээтэй интестопан, мексаформ, мексаз эмийг хэрэглэх
  2. Амьд энгийн сапрофит бактерийг (колибактерин бифидум-бактерин, лактобактерин) гэдсэнд үржүүлэх.
  3. Өвчтэй хүүхдийн дархлааг дээшлүүлэх эмчилгээ хийх эдгээр болно. Чихэрлэг хүнсний зүйл гэдэсний энгийн бактерид муугаар нөлөөлнө. Жимс ногооноос гүйлс, тошлой, аньс нь мөөгөнцрийн ургалтыг дардаг.

Улаалзгана, гүзээлзгэнэ, үхрийн нүд зэрэг жимс стафилококкийн үржлийг дарна. Алимын төрөл гэдэсний эмгэг савханцар, улаан суулгын үүсгэгчдэд сулавтар нөлөөлнө. Ногооноос цагаан лууван, гич, улаан лууван зэрэг нь мөөгөнцөр агааргүй орчил нянд нөлөөлнө. Дисбактериозын гэдэсний хэлбэрийг энтеросептол, энтероседив, интестопан зэргээр эмчилнэ. Протейн дисбактериозод нитрофураны эмүүд мөн неграм хэрэглэнэ. Мөөгөнцрийн үед фунгицин, нистатин, леворин зэргийг хэрэглэнэ. Хүнд хэлбэрийн дисбактериозын үед судсанд амфотеррицин хийнэ. Гэхдээ энэ антибиотик хортой учраас тун хэмжээг нарийнаар тогтоох нь чухал байдаг. Хөх идээт савханцрын дисбактериозыг полимиксин М, гентамицин, карбопенициллин, нитрауранаар эмчилнэ. Стафилококкын дисбактериозын змчилгээнд, эритромицин, олеандомицин, нитрофураны эмчилгээ мөн стафилококкын анатоксин, сийвэн дархлалын ба стафилококкын эсрэг гаммаглобулиныг хэрэглэж болно. Дисбактериозыг эмчлэхдээ левомицетиныг фуразолидонтой эритромициныг мөн фуразолидонтай, левомицетиныг пенициллинтэй, тетрациклины төрлийн антибиотикуудыг мономицинтай буюу левомицетинтай хослуулан хэрэглэх нь зүйтэй гэж A.В.Черномордик бичжээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3439
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК