Монголын хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын эрдмийн анхдугаар их хурлыг 1995 онд хуралдуулснаас хойш 5 жилийн дараа 2000 оны 2 дугаар сарын 22-нд Хүүхдийн эмч нарын эрдмийн бага хурал Улаанбаатар хотноо хуралдаж "Монголын хүүхдийн анагаахын эрдэм судлал XX зуунд" асуудлыг хэлэлцэв. Хоёр хурлын хооронд 0-1 насны хүүхдийн эндэгдэл тууштай буурч 1995 онд 35.6%, 1999 онд 36.1% болж дэлхийн хэмжээнд нялхсын эндэгдлээр дунд түвшинд орсон, түүнчлэн тус салбарт 10 гаруй эмч, багш, эрдэм шинжилгээний ажилтан анагаахын шинжлэх ухааны болон докторын зэрэг хамгаалж, ЭНЭШТ-ийн мэс заслын клиникийн эмч Д.Авирмэд, М.Түмэннасан, Д.Дамдин, Р.Эрдэнэцэцэг нар Монгол улсын төрийн шагнал, Архангай аймгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, нийгэмлэгийн тэргүүлэгч А.Баатархүү Монгол улсын хүний гавяъат эмч цол хүртэж, олон арван эмч, ажилтан төрийн дээд шагналаар шагнагдсан энэ салбарын хамт олны зүй ёсны бахархал, ажлын үр дүн гэж үзсэн байна.
Хуралдаанд оролцогсод Монголын хүүхдийн эмч нарын нийгэмлэгийн удирдах зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй сонгож, хүүхдийн анагаахын салбарын эрдэм судлалын ажлын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж, зөвлөмж гаргасан байна.
Хүүхдийн анагаахын салбарын эрдэм судлалын ажлын ирээдүйн чиг хандлага нь:
- Хүүхдийн анагаахын эрдэм судлалын XX зууны ажлын судлагдсан байдлыг нэгтгэн үзвэл хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан олон талт асуудлыг зохих түвшинд шийдвэрлэж амжилт олж, салбар бүрт мэргэшсэн мэргэжилтэн болон судалгааны зохих түвшний бааз бүрэлдэн тогтжээ. Харин ирэх зуунд хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг эрдэм судлалын хүрээнд шийдвэрлэхдээ дэлхий нийтийн чиг хандлагад уялдуулан тэргүүлэх асуудалд сонголт хийж, хөрөнгө хүч, нөөцийг төвлөрүүлэн хэрэгжүүлэх судалгааны арга зүй, арга барилыг дээшлүүлэх чиглэл баримтлах
- Хүүхдийн анагаахын дэлхий нийтийн хөгжлийн гол хандлага болж байгаа глобалчлал, либералчлал, технологийн шинэчлэл, зах зээлийн өрсөлдөөний орчинд улс хоорондын хамтын ажиллагаанд өргөн хүрээнд нэгдэн орж ажиллах шаардлагатай байна.
- Хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг эрдэм судлалын хүрээнд шийдвэрлэхдээ дэлхий нийтийн чиг хандлагад уялдуулан тэргүүлэх асуудалд сонголт хийх, бодисын солилцооны эмгэг, төрмөл гажиг, удамшлын эмгэгийг ургийн хөгжлийн шатанд оношлох, эмчлэх, хөрөнгө хүч нөөцийг ч энэ салбар руу түлхүү хуваарилах
- Эмнэлэг-эрүүл мэндийн байгууллагын тулгамдсан асуудал хандлагат математик-эмнэлзүйн загварт тулгуурласан дотоод сүлжээний программ хангамж буй болгох, энэ чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх
5. Эрүүл мэндийн байгууллагын эдийн засгийн удирдлагыг төгөлдөржүүлэх, хүүхдийн эрүүл мэнд болон анагаахын асуудлаархи төрийн бодлого, үзэл баримтлалыг энэ салбар руу давамгайлан хандуулах.
"Хүүхдийн анагаах ухаан XX зуунд" сэдэвт Монголын хүүхдийн эмч нарын эрдмийн бага хурлаар нийгэмлэгийн дүрмийг засварлан шинэчлэн баталж, хурлаас зөвлөмж гаргав.