Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 1(110)
Монголд бодоо өвчнийг устгасан тухай түүхэн дурсамж
( Түүх )

Д. Дандий, Г. Жамба

 

Монголд дэлгэрсэн олон халдварт өвчний нэгийг бодоо буюу цагаан цэцэг, мөн цээрлэж Цагаан бурхан ч гэлцдэг байв. Албан ёсны нэр томьёонд Бодоо гэж тэмдэглэжээ. Бодоо гэдэг нь эдгэрсэн хүмүүсийн нүүрэнд Будаа мэт нөсөө тогтсоноос Будаа нь Бодоо болон сунжирсан бололтой. Зарим сурвалжид хар тахал, хар үхэл, үхэр цэцэг гэж тэмдэглэсэн бий. Ямар боловч XX зууны эхэн үед Монголд бодоо өвчин ихэд дэлгэрч өвчлөгсдийн бараг тал хувь нь насан өөд болж, эдгэрсэн хэсэг нь нүдэндээ хориутай, нүүрэндээ нөсөөтэй, эсэн мэнд үлдвэл дээдийн заяагаар Цагаан бурханд болсон гэх буюу үрийг минь цагаан бурхан өршөөсөн шүү гэлцэнэ. Тухайн үед амар мэндээ мэдэлцэхийн зуур хүүхдүүдийнхээ цагаан, улаан бурхан "болсон" эсэхийг харилцан лавладаг байсан нь өнөөгийн шинжлэх ухааны хэллэгээр иммунитет тогтох эсэх тухай лавласан хэрэг боллоо.

Монголын ард түмэн гадаад дотоодын улс төр, эрх чөлөө, эдийн засгийн давхар мөлжлөгт нэрвэгдэхийн хамт дээрээс нь цагаан цэцэг, улаан бурхан /корь/, тарваган тахал, хижиг, тэмбүү, галзуу, боом, мялзан гээд хүн ба малын элдэв халдварт өвчинд давхар энэлэн зовсон туйлын хөөрхийлөлттэй хүнд үед амьдарч байв. Тэр үед бодоо өвчнөөс зөвхөн хол ойрт хөл хорих, зам дагуу даваа гүвээн дээр харуул гаргах, зар, пайз хатгах төдийгөөр хязгаарлаж байв. Бодоо өвчнөөр өвчлөөд эдгэрч байгаа хүний шархны тавыг хуулж аваад нухаж, өвчлөөгүй хүүхдэд идүүлэх, биенд нь түрхэх, хамарт татуулах, өвчилсөн хүний цамцыг өвчлөөгүй хүнд өмсүүлэх, зарим өвс ургамал, эм дом хэрэглэх зэрэг арга чарга эрж байсан гэх боловч тэр болгон өргөн үр ашигтай байж чадаагүй нь мэдээж. Ардын засаг тогтоод дөнгөж арав гаруйхан жил болж байсан хүнд хэцүү үед Ариун цэвэр-Бактери шинжилгээний газар буюу тухайн үеийн сэхээтний нэрлэдгээр Санбак институтыг 1932 бнд байгуулав. Санбак институт Монголд сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэхэд гавьяатай олон үүрэг гүйцэтгэсний нэгэн бол эх орондоо биобэлдмэлийн үйлдвэрлэлийг үүсгэн хөгжүүлсэн явдал юм. Санбак институтын лабораторид анх 1933 онд Бодоогийн вакциныг 98690 хүн /тун, 1934 онд 100,000 хүн/тун цаашид жилээс жилд өсгөн нэмэгдүүлсээр улсын төлөвлөгөөтэйгээр үйлдвэрлэж, хүн ардын эрүүлийг хамгаалах хэрэгцээнд шилжүүлж эхэлснээр монголын ард түмэн вакцин гэдэг эм тарилгын ач тусыг биеэр мэдэрч, биширч ирсэн түүхтэй. Тэр үед тарваган тахалтай эрэлхэгээр тэмцэж явсан оросын эмч А.К.Борозенсковын гэргий лабораторийн мэргэжилтэн Б.С.Башева Оросын биобэлдмэлийн хяналтын хүрээлэнгээс авчирсан бодоогийн вакцины Листер омгийг Монгол үүлдрийн улаан ягаан зүсмийн охин бярууны гэдэс, бөөр, өөхийн ариутгасан арьсанд суулган тарьж асептик, антисептикийн нөхцөлийг бүрнээ хангаж, +37 хэм - +40 хэмд ургуулж, вирусын ургалт жигдэрмэгц, вирус агуулсан арьсны эд эсийг хусан авч найруулж ариутган, вакцин /детрит/ бэлдэж, уг вакцинд хими, физик, биологи, бактериологийн аргуудаар чанарын шинжилгээ хийж, тухайн үеийн стандартын чанар хангасан вакциныг үйлдвэрлэн гаргаж байв. Бодоо өвчнөөс сэргийлэх вирусийн вакциныг ийнхүү үйлдвэрт нэвтрүүлсэн нь тухайн үед хоцрогдонгуй ядуу орны хүн ард, нийгмийн зүгээс шинжлэх ухааны бодит үр шимийг мэдрэх цоо шинэ дуудлага болсон юм. Монголчууд бид аюулт халдвараас ангижруулахад ач буянаа хайрласан Орос мэргэжилтэн нарын нөр их хөдөлмөр бүтээл, өгөөмөр нандин сэтгэлийг ямагт дурсаж явах учиртай. 1933 оноос үйлдвэрлэж эхэлсэн эх орны вакцинаар юуны өмнө халдвартын голомт, өвчний дэгдэлтийг таслан зогсоож, нийт хүн амыг хууль мэт хатуу төлөвлөгөөтэйгээр, зарим тохиолдолд албадан тарилгажуулжээ. Зөвхөн 1934-1935 он гэхэд төв, хөдөөгүй, лам хар, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй нийт 200 гаруй мянган хүнийг компаничлан вакцинжуулжээ. Ийм далайцтай ажлыг засаг захиргааны ажилтан, нам, эвлэлийн гишүүд, төв хөдөөгийн эрүүлийг хамгаалахын ажилтан, оросын эмч, мэргэжилтэн нарын идэвхтэй үйл ажиллагаагаар гүйцэтгэжээ. Бодоогоос сэргийлэх вакциныг үйлдвэрлэж эхэлсэн эхний 5-6 жилд давхардсан тоогоор нийт 4 сая гаруй хүн /тун вакцинаар бодоо буюу цагаан цэцэг аюулт өвчнийг үндсээр нь нам дарж, даруй 60 жил болоход өнөөгийн Монголын мянга мянган үр сад, оюутан сурагчид бодоо өвчний тухай зөвхөн түүхийн шарласан хуудаснаас эрэн сонирхох болсон нь үнэхээр бахархал мөн. Бодоогоос сэргийлэх вакцин үйлдвэрлэлтийг 1950 оноос үндэсний мэргэжилтнүүд /малын их эмч Г.Самдан, Ц.Намсрай, Д.Дандий, Д.Дашзэгвэ нар/ залгамжлан жил бүр 120.000-150.000 хүн /тун үйлдэрлэж, хүүхэд багачуудыг бодоогоос сэргийлэх анхны болон давтан тарилгад хамруулж байв. Бодоогийн вакцин үйлдвэрлэх ажлыг олон жил гардан гүйцэтгэсэн алтан гартан гэж нэрлэгдсэн хамтран зүтгэгч лаборант Степанида Николаевна Разуваева, лаборант Ц.Сэвжид, Д.Лувсандорж, Ч. Пэлжээ, П.Цияа, С. Цэрэнжид, Д. Намшир, Д.Сосорбарам, Г.Магсар, асрагч Б.Төмөрбаатар болон бусад үе үеийн ахмад нарынхаа нөр их ариун цагаан хөдөлмөр бүтээлийг дурсан тэмдэглэхгүй өнгөрөх аргагүй билээ. Монголд 1933-1972 онд нийт 18 сая хүн/тун бодооны вакцин үйлдвэрлэжээ. ЭХЯ-ын сайдын тушаалаар баталсан заавар ёсоор насанд давтан тарилгад хамруулж дархлааг сэргээж байх ёстой байв. Ийнхүү бодоо өвчнийг эх орны вакцинаар 1940 он гэхэд бүрмөсөн устгаж түүнээс хойш 30 гаруй жил уг

өвчнөөс хүн амын давхаргыг вакцинжуулж байгаад 1972 онд олон улсын вакциныг омгийг үджээ. Ийнхүү Монголд бодоогийн амьд вирусийн вакцин үйлдвэрт нэвтрүүлээд 70 шахам жил, Бодоо өвчнийг устгаад 60 жил болж байгаа нь Монгол улсын эрүүлийг хамгаалах явдал болон сэргийлэх анагаах ухаанд олсон томоохон амжилт даруй мөн.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1834
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК