Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 5(36)
Томуугийн цартахлын сургамж
( Редакцийн зурвас )

П.Нямдаваа

Сэтгүүлийн ерөнхий эрхлэгч

 

 

 Манай хүн амын бөөгнөрөл, суурьшилтай холбоотойгоор томуу, томуу-төст өвчин 1970-аад оноос тус улсын эрүүл мэндийн үйлчилгээний тулгамдсан асуудлын нэг болж эхлэсэн боловч, цартахалтай нүүр тулж тэмцсэн түүх үгүй болно. 1918 оноос хойш Дэлхий дахинаа бүртгэгдсэн томуугийн гурван том цартахалд манай хүн ам хэр зэрэг өртсөнийг судлан нотлох лабораторийн болон эпидемиологийн чадавхи тухайн үед бүртгээгүй байжээ.

Харин 2009 оны 3 дугаар сард Америк тивээс тархаж, богино хугацаанд Дэлхийн бараг бүх орныг хамарсан цартахал үүсгэсэн [1] гахайн гарвалтай томуугийн А(H1N1) вирүсийн шинэ хувилбарын тархалтыг манай эрүүлийг хамгаалах тогтолцоо эпидемиологийн болон вирүс судлалын лабораторийн ДЭМБ хүлээн зөвшөөрсөн арга, технологиор бодит хугацаанд бичиглэн үлдээх бололцоотой болсныг гэрчилсэн судалгааны эхний дүнгүүдийг манай сэтгүүлийн энэ дугаарт нийтлэж байна.

Шувууны томуугийн A(H5N1) вирүс Зүүн-өмнөд Азийн зарим дэвсгэр нутагт өндөр эндэгдэлтэй өвчлөл үүсгэж эхлэсэн 1997 оноос хойш ДЭМБ-аас гишүүн орнуудынхаа томуугийн цартахал гарахад яаралтай хариу арга хэмжээ авах, томуугийн вирүсийн хүн болон амьтны популяци дахь орчлын тандалтыг сайжруулах талаар авсан олон талт арга хэмжээ, АНУ, Япон улсын Засгийн газрууд, Дэлхийн Банкнаас хэрэгжүүлсэн төслүүдийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Засгийн газар, төрийн захиргааны холбогдох албадын харилцан уялдаатай авч хэрэгжүүлсэн бэлтгэл үйл ажиллагаа нь цартахлын үед шуурхай арга хэмжээг зохистой зохион байгуулж, энэ удаагийн цартахлыг харьцангүй хохирол багатай даван туулах бололцоог бидэнд олголоо.

Гэхдээ цартахлын бэлэн байдлыг хангах шатанд хангалттай анхаарал тавиагүйгээс цаг алдсан, хойшид анхааран нөхөх ёстой асуудлууд ч нилээдгүй гарлаа.

Ийм анхаарах ёстой асуудлууд гол нь манай эмнэлгийн тусламжийн ачаалал ихсэх үед дайчилан гаргах нөөц, эрчимт эмчилгээ, амьсгалын дутлын үед шаардлагтай сэхээн амьдруулах тусламжийн багаж төхөөрөмж, боловсон хүчний бэлэн байдал байлаа. Бодит судалгаанд үндэслэсэн эрүүл мэндийн яаралтай тусламжийн үндэсний хэмжээний болон нутаг дэвсгэрийн ийм нөөц, түүнээ байнга шинэчлэн сэлбэж байх нь зөвхөн томуугийн цартахлын үе ч бус, ер нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэж болох бүх тохиолдолд шаардлагтай болсоныг засч сайжруулах ажил байсныг бид цаашид ч анхаарч ажиллах хэрэгтэй болж байна.

Тиймээс болж өнгөрсөн үйл явцыг нухацтай задлан шинжилж, харилцан ярилцах, цаашдын үйл ажиллагаагаа улам төгс төгөлдөр болгох зорилт бидний өмнө тавигдаж байна. Учир нь томуугийн вирүсийн хувьслын зүй тогтлыг одоогийн шинжлэх ухаан эцэслэн тогтоож чадаагүй, дараачийн цартахал хэзээ болох, энэ цартахлын дараачийн давалгаа бий эсэхэд одоогоор хэн ч тодорхой хариу хэлж чадахгүй байна.

Тиймээс манай улсын томуугийн цартахлын болон шинээр хийгээд сэргэн тархаж буй халдваруудын эсрэг улс орны бэлэн байдлын чадавхийг нэмэгдүүлэхэд Томуугийн үндэсний зургадугаар зөвлөлгөөн бодитой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 337
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК