Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 5(36)
Томуугийн цартахлын дараахи үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ДЭМБ-ын зөвлөмж
( )

П.Нямдаваа

 

 

Дэлхий дахин одоо томуугийн цартахлын дараахи үе шатанд орлоо. Томуугийн өмнөх цартахлуудын жишгээс үзвэл томуугийн A(H1N1) 2009 вирүс цаашдаа ч нэг хэсэг хүн амын дотор орчиж, улирлын чанартай өвчлөлийн шалтгаан болсоор байх болно. Хэдүйгээр энэ вирүсийн цартахлын аюул эрсдэл ихээхэн буурсан боловч, гишүүн улс орнуудын үндэсний эрүүл мэндийн албад тандалтын үйл ажиллагаагаа сулруулахгүй байх нь чухал. Ялангуяа цартахлын дараахи гэж нэрлэж байгаа энэ үе шатны эхэн хэсэгт A(H1N1) 2009 вирүсийн цаашдын хувьслын зүй тогтол бүрэн тодорхой болоогүй байгаа тул тандалтын ач холбогдол нэн чухал болно.

Тухайлбал, A(H1N1) 2009 вирүс цартахлын дараахи шатны эхэн үед бага насны хүүхдийн дунд амьсгалын өвчний дэгдэлтийн шалтгаан байсаар байх магадлалтай. Хэдүйгээр хамралт нь ихээхэн багасах боловч, цартахлын ид үед илүү хүндрэлтэй өвчлөх магадлал өндөр байсан хүн амын давхруудад энэ эрсдэл нь нэг хэсэгтээ хэвээр үргэлжлэх болно. Цартахлын вирүс цөөхөн зарим хүний уушгины эдэд шууд үржин үрэвсүүлж, ноцтой хүнд өвчлөл үүсгэж болдог, уг эмгэг эмчилгээ авахдаа нэн муу болохыг саяын цартахлын үеэр олж мэдсэн бөгөөд энэ байдал цаашид үргэлжлэх эсэхийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байна.

ДЭМБ-ын энэ зөвлөмж нь цартахлын дараахи үед гишүүн орнууд томуугийн эпидемиологийн болон вирүс судлалын тандалт, томуугийн эсрэг вакцинжуулалт, томуугийн эмчилгээний зарчмын талаар баримтлавал зохих гол чиглэлийг заасан болно.

A(H1N1) 2009 вирүс цаашид ч хүн амын дотор орчиж, өвчлөл үүсгэсээр байх болно гэдгийг үндэсний эрүүл мэндийн албад юуны өмнө анхааралдаа авах ёстой.

Цартахлын дараахи үед Үндэсний эрүүл мэндийн албадад өгөх ДЭМБ-ын зөвлөмж

Амьсгалын замын халдварын тандалт

Цартахлын дараахи үед үндэсний эрүүл мэндийн албад дараахи чиглэлээр тандалт хийж байхыг ДЭМБ зөвлөж байна:

• Амьсгалын замын ердийн бусын (гаж) тархалттай буюу эмнэлзүйн илрэлтэй өвчлөл, нас баралтын тандалт;

• Хүндрэл ихтэй томуу болон ерийн бус илрэлтэй томуу-төст өвчний тохиолдол болон дэгдэлтийн шалтгааныг хурдан тогтоох;

• Амьсгалын замын халдварын, тухайлбал, ТТӨ (ILI), амьсгалын замын хүндэрсэн халдвар(sARI)-ын тандалтыг тасралтгүй хэрэгжүүлэх;

• FluID, FluNet, болон EUROFlu зэрэг өвчлөлийн мэдээллийн сангуудад мэдээгээ тогтмол өгөх;

• Дараахи тохиолдлуудад ДЭМБ-д яаралтай мэдээлэх, үүнд:

o вирүсийн эсрэг бэлдмэлд тэсвэржсэн томуугийн A(H1N1) 2009 омгууд хүн амын дунд идэвхитэй орчиж эхлэвэл,

o хүн амын дунд одоо орчилд орохгүй байгаа томуугийн шинэ омог орчилд орж, хүний өвчлөл үүсгэж эхлэвэл,

o томуугийн A(H1N1) 2009 вирүсийн тархалтын насны бүлэг, эмнэлзүйн төрх, эмийн бодист тэсвэржилт зэрэг эпидемиологийн болон эмнэлзүйн шинж эрс өөрчлөгдөх шинж гарвал.

• томуугийн A(H1N1) 2009 вирүсийн удамшлын, эсрэгтөрөгчийн болон эмийн бодист мэдрэг чанар зэрэг биологийн төрхийн өөрчлөлтийг тандан хянаж байх.

Вакцинжуулалт

Томуугийн вирүсээр сэдээдсэн өвчлөл, эндэгдлийг хяналтанд авах гол арга нь вакцинжуулалт байх болно. Тиймээс хүн амынхаа эмзэг давхрынхныг томуугийн вакцинжуулалтанд хамруулж байхыг ДЭМБ гишүүн орнууддаа онцлон зөвлөж байна.

Дэлхий дахинд тархан цартахал үүсгэсэн томуугийн A(H1N1) 2009 вирүс хүн амын дотор одоо ч орчсоор байгаа тул энэ вирүсийг найрлагандаа багтаасан улирлын2 гурван-цэнт вакцин олдоцтой улс орнуудад энэ вакциныг томуугаас сэргийлэх зорилгоор хэрэглэх нь зүйтэй. Гурван-цэнт вакцин олдоцгүй улс орнуудад томуугийн A(H1N1) 2009 вирүсийн эсрэг нэг-цэнт вакциныг хэрэглэх нь томуугаас уламжилсан хүндрэл, эндэглийг бууруулна гэж ДЭМБ үзэж байна.

Томуугийн A(H1N1) 2009 вирүсийн эсрэг нэг-цэнт вакциныг хэрэглэхдээ Үндэсний зохицуулах албадын удирдамжийг баримтлах нь зүйтэй бөгөөд цаашид нөхцөл байдал хувиран өөрчлөгдөх аваас энэ талаар ДЭМБ Стратегийн Зөвлөх Экспертүүдийн Бүлгийн (SAGE) зөвлөмжийг удирдлага болгох болно.

Эмчилгээ

Томуугаар өвчилсөн буюу өвчилсөн байж болзошгүй хүмүүс тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай. Энэ талаар ДЭМБ-ын удирдамжийг эмч нар ашиглаж болно. Томуугийн A(H1N1) 2009 вирүс орчилд байсаар байх нь тодорхой тул эмнэлзүйн янз бүрийн илрэлтэй өвчлөл сэдээсээр байх нь тодорхой. Тиймээс өвчнийг цаг алдалгүй оношлож, тохирсон эмчилгээг зөв хийх нь өвчнийг хүндрүүлэхгүй байх гол нөхцөл болно. Томуугийн эмчилгээнд вирүсийн эсрэг бэлдмэлийг ашиглах ДЭМБ-ын удирдамж мөн бий бөгөөд эмч нар үүнийг эмчилгээ хийхдээ мөрдөх нь зүйтэй.

Томуугийн A(H1N1) 2009 вирүсээр сэдээгдсэн өвчлөл хүндрэл өгч болох өндөр эрсдэлтэй хүн амын бүлэгт бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, уушгины багтраа, диабет зэрэг архаг эмгэгтэй хүмүүс орно. Ийм өндөр эрсдэлтэй бүлгийн хүмүүс томуугаар өвчилбөл нэн даруй оселтамивир буюу занамивирээр эмчлэх хэрэгтэй.

 

 

Ном зүй


WHO recommendations for the post-pandemic period, http://www.who.int/csr/disease/swineflu/ notes/briefing_20100810/en/index.html;

ДЭМБ ирэх томуугийн улиралд Дэлхийн бөмбөрцгийн өмнөд болон хойд хагаст хэрэглэхийг зөвлөмж болгосон томуугийн вакцины найрлаганд A(H1N1) 2009 вирүсийг оруулах нь зүйтэй гэж зөвлөж буй болно.

Clinical management of human infection with pandemic (H1N1) 2009: revised guidance, http://www.who.int/csr/resources/ publications/swineflu/clini­cal_management/en/index.html;

WHO Guidelines for Pharmacological Management of Pandemic (H1N1) 2009 Influenza and other Influenza Viruses, http://www.who.int/csr/resources/publications/swineflu/h1n1_use_antivirals_20090820/en/index.html
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 336
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК