Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 6(37)
“Халдварт өвчний тулгамдсан асуудалууд” эрдэм шинжилгээ, онол практикийн 5 дугаар бага хурал
( Редакцийн зурвас )

Д.Нямхүү

ХӨСҮТ

 

ХӨСҮТ-өөс Монгол оронд тохиолдож буй халдварт өвчний асуудлаар “Халдварт өвчний тулгамдсан асуудалууд” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулж байна. 2002 оноос эхлэн 2 жил тутамд зохион байгуулж байхаар шийдвэрсэний дагуу энэ оны 11 дугаар сард тавдахь удаагийн бага хурлыг хийж байгаа нь энэ юм.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд АЦХаХ, томуугийн H1N1, ХДХВ, шувууны томуу зэрэг урьд нь мэддэггүй байсан буюу шинээр илэрсэн халдварууд, тарваган тахал, боом, Нипа вирүсын халдвар, паразитын өвчнүүд, эхинококын халдвар зэрэг урьд нь бидний мэддэг байсан халдварууд дахин гарах, тоо нь нэмэгдэх зэргээр шинэ ба дахин сэргэж буй халдварууд гарсаар байна.

Дэлхийн хэмжээнд хүмүүсийн ажил, амьдралын хэвмаяг, хоол хүнс, газар нутаг, хүмүүсийн хоорондын болон хүрээлэн буй орчинтойгоо харьцах харилцаа өөрчлөгдөж хотжилт, агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлт, олон улсын аялал жуулчлал, худалдаа, хүн амзүй, зан үйл, эдийн засгийн хөгжил, газар ашиглалт, ойгүйжилт, микробын дасан зохицол зэрэг хөгжил, даяаршлын эерэг ба сөрөг үйл явцууд ч халдварт өвчний гаралт, хувьсал, тархалтанд нөлөөлж байна.

Дэлхий дээр бүртгэгдэж буй халдварт өвчний бараг тал хувийг шинээр тархаж буй халдвар эзэлж байгаагийн 75%-ийг мал, амьтнаас халдварладаг өвчнүүд (зоонозын) эзэлж байна.

Манай оронд шувууны томуу, баруун Нилийн халуурлын байгалийн голомт тогтоогдож холер, АЦХаХ, томуугийн H1N1- ын халдварын тохиолдлууд гарч хүний амь эрсэдсэн.

Халдварт өвчин нь хүн амын дунд хурдацтай тархаж нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа өнөө үед эрдэм шинжилгээ судалгааны ажлыг гүйцэтгэн үр дүнг практик үйл ажиллагаанд ашиглах явдал чухал юм. ЭМЯ-ны харъяа мэргэжлийн байгууллагууд “Зоонозын халдварын тулгамдсан асуудлууд”, “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” “Шинээр тархаж буй халдварт өвчин” зэрэг эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байдагт ХӨСҮТ талархан дэмжиж байдаг билээ.

Нутагшмал болон шинэ ба сэргэн тархаж буй халдварууд, ялангуяа мал, амьтнаас хүнд халдварладаг халдваруудын чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд энэхүү бага хурлын гол ач холбогдол оршино гэж үзэж байна.

Дэлхий дахинд анхаарал татаж буй шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчний байгалийн голомтууд сэргэж, судалгаа шинжилгээ эрдэм судлалын ажлыг өргөжүүлж , олон улсын түвшинд хамтын ажиллагааг бэхжүүлэх судалгаа шинжилгээг хамтран зохион байгуулах, хамтран тэмцэх сэргийлэх шаардлага тулгарч байгаа энэ үед энэ тавдугаар бага хурал болж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна гэж дүгнэж байна.

Монгол оронд зонхилон тохиолдож буй халдваруудаас гадна шинэ ба сэргэн тархаж буй өвчний байгалийн голомтууд идэвхжиж хүрээгээ тэлж хүн амын дунд өвчлөл нэмэгдэх, зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр байгаа нь тэдгээр өвчнийг эрдэм шинжилгээ судалгааны нотолгоонд суурилан үе шаттайгаар судлах явдал бидний хойшлуулшгүй зорилт болж байгаа юм. Олон сайхан илтгэл хэлэлцүүлж байгаа эрдэмтэд судлаачид, эмч нартаа сэтгүүлийн редакцаас талархал илэрхийлье.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 960
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК