Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 2(34)
Эрүүл хүний цусны сийвэн дэх натри, калийн хэмжээг дөлт фотометрийн аргаар тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Л.Хишигчулуун, Д.Бурмаа, М.Шүрэнцэцэг

 

Хүний бие махбод дахь ионууд нь бодисын солилдоонд хүчтэй нөлөөлнө. Цусны сийвэн дэх катионд натри, кали, магни орох бөгөөд үүний 93%-ийг натрийн ион эзэлдэг. Хүний бие махбод натри, калийг гаднаас хоол ундаар авах ба янз бүрийн эрхтэний эд эсэд нөөцлөгдөн хуримтлагдана. Бие махбодод кали, натри дутагдмагц хуримтлагдсан нөөцөөс нөхөгддөг. Элдэв өвчин эмгэгийн үед биологийн шингэн дэх натри, калийн хэмжээ нилээд өөрчлөгддөг. Иймд клиникийн өдөр тутмын практикт натри, калийн хэмжээг тодорхойлох нь чухал. Эрүүл хүний цусан дахь натри, калийн хэмжээ нь газар зүйн байрлал, үндэстний заншил, цаг агаарын нөхцөл, хоолны найрлага зэргээс шалтгаалан улс бүрт харилцан адилгүй байдаг тул монгол хүний цусны сийвэн дэх натри, калийн дунджийг тогтоох зорилт тавьсан юм. Бид 18-54 насны 230 (129 эрэгтэй, 101 эмэгтэй) анхдагч донорын цусны сийвэнд судалгаа хийлээ. Шинжилгээг ЗХУ-ын ЗОМ-3 маркийн дөлт фотометрээр A.А.Покровскийн (1968 он) аргаар ацетилейн хийг ашиглаж явуулсан юм. Аппаратыг дараахь байдлаар тохирууллаа. Агаарын даралт 0,24 ат, ацетилейны даралт 110 мм мөнгөн усны багана, галевнометрийн мэдрэг чадлыг дээд цэгт нь тавьж диафрагмийг бүрэн нээж натри, кали тус бүрийн гэрэл шүүгчийг хэрэглэж урьдчилан бэлтгэсэн стандарт уусмалуудаар тохируулга хийж тахирмаг гаргасны дараа сорилуудаа залгуулан шинжиллээ. Цусны сийвэнг давхар нэрсэн усаар натрийд 100, калийд 20 дахин шингэлж тодорхойлон дорхи үзүүлэлтийг гаргалаа.

Гадаадын судлаачдын судалгаанаас үзвэл эрүүл хүний цусны сийвэн дэх натри 130-148 мэкв/л, кали 3-6 мэкв/л байна. Зөвхөн И.Тодоров натрийн физиологийн дээд хязгаарыг 155 мэкв/л-ээр тогтоожээ. Бидний судалгаанд нас хүйснээс хамаарсан байдал ажиглалдаагүй. Судалгаагаар гарсан натрийн дундаж гадаадын судлаачдынхаас дээд доод хязгаарын хэмжээ нь их, калийн дундаж дээд доод хязгаарын хэмжээ нь бага байна. Энэ нь монгол хүмүүс шингэнийг ихээр, цай хоолоо давс ихтэй хэрэглэж заншсантай холбоотойгоос гадна судалгааг хүйтний улиралд явуулсан нь нөлөөлж байж болох  юм. Хүйтний улиралд хийсэн судалгаанаас үзэхэд натрийн хэмжээ их, калийн хэмжээ бага болдог байна. (Афанасьев Б.Г нар, 1973 г)

Дүгнэлт

  1. Натри, калийг дөлт фотометрийн аргаар тодорхойлох нь түргэн итгэлтэй, шинжилгээний материал бага зарцуулдаг бөгөөд яаралтай оношлогооны лабораторид хэрэглэвэл зохих аргын нэг юм.
  2. Эрүүл хүний цусны сийвэн дэх натри, калийн дунджийг тогтоосон дээрх үзүүлэлтүүдийг өөрийн орны нөхцөлд физиологийн үзүүлэлт болгон хэрэглэж болох юм.
Ном зүй

1.Афанасьев Б.Г. Лебедев М.Д, Баженов М.Н, Бундюк О.И, Жестовский В.A. О содержании натрия и калия в плазме, эритроцитах и моче в условиях Арктики. лаб. дело. 1973. № 3 .х. 144.
2.Иванов И.И и др. Введение в клиническую биохимию. л. 1969. 170.
3.Кондрор И.С. Гигиена и санитария 1960 № 3. 6.
4.Крохалов A.А. Водный и электролитный обмен М. 1972. х. 279.
5.Павельски С. Завадски 3. Физиологическне константы в клинике внутренних болезней. М. 1964. х. 73.
6.Покровский A.А. (под. ред) Биохимические методы исследования в клинике. М. 1969 х. 419.
7.Тодоров И. Клинические лабораторные исследования в педиатрии. София. 1968 х.161. 792. 801, 804.
8.Шамрай Е.Ф. Панденко A.Е. Клиническая биохимия М. 1970. х 304


 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1542
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК