Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 2(34)
Архаг гломерулонефрит өвчний оношлолт, эмчилгээ, диспансерчлалт
( Тойм өгүүлэл )

X.Гэлэгжамц (Анагаах ухааны дээд сургуулийн багш)

 

 

Гломерулонефрит нь бөөрний өвчнүүд дотор олонтой тохиолддог өвчний нэг бөгөөд оношлох эмчлэхэд ч төвөгтэй өвчин юм. Ялангуяа залуу хүмүүсийг өвчлүүлж хөдөлмөрийн чадвар алдагдуулж, улмаар үхэлд хүргэх нь цөөнгүй. Гломерулонефрит өвчин дотрын өвчний дотор 2-7 хувийг эзэлдэг. Гломерулонефрит өвчнийг дараахи эмлэлзүйн ангиллаар авч үздэг.

  1. Хурц гломерулонефрит
  2. Цочмог, хоруу явцат гломерулонефрит
  3. Архаг гломерулонефрит
  4. Голомтот гломерулонефрит

Эдгээрийн дотроос архаг гломерулонефрит ихэнх хувийг эзэлнэ. Тухайлбал архаг гломерулонефрит хурц гломерулонефритээс 2-3 дахин элбэг тохиолддог. Энэ нь хурц гломерулонефрит бүрэн оношлогдохгүй байх, эсвэл гломерулонефрит анхнаасаа архаг явагдсантай холбоотой. Сүүлийн жилүүдэд олонхи өвчний клиникийн явцад өөрчлөлт гарсан бөгөөд гломерулонефритийг цаг тухай нь бүрэн оношлохгүй явдал ч үүнтэй холбоотой байж болох юм. Бид гломерулонефритийн олон хэлбэрээс зөвхөн архаг гломерулонефритийн талаар ярилцъя. Архаг гломерулонефритээр ихэвчлэн идэр залуу эрэгтэйчүүд олонтой өвчилдөг. Архаг гломеруланефритийг эмнэлзүйн илрэлээр нь дараахи хэлбэрт хуваана.

  1. Далд хэлбэр: Энэ хэлбэрийн үед шээсэнд бага зэрэг өөрчлөлт илэрнэ. Шээсний ерөнхий шинжилгээгээр ялимгүй уураг илэрч, Каковский-Аддис, Амбурже, Нечипоренкогийн аргаар шээсний тундас шинжлэхэд улаан бөөм, бортгонцор бага зэрэг тодорхойлогдоно.
  2. Цусны даралт ихдэх хэлбэр:-ийн үед цусны даралт ихдэх шинж, шээсний өөрчлөлттэй хавсран тохиолдоно.
  3. Хавагнах хэлбэрийн үед хавагнаж, шээсээр уураг их гарч (хоногт 4 г илүү), цусны уураг багасан, харьцаа нь алдагдаж, өөхлөг цусанд ихэснэ.
  4. Холимог хэлбэрийн үед хавагнах, цусны даралт ихдэх хам шинж адил хэмжээгээр илэрдэг.

Онош, ялгах онош: Хэрэв өвчтөн хурц гломерулонефритээр урьд нь өвдөж байсан бол архаг гломерулонефритийг оношлоход төвөггүй өвчний онош тогтоосны дараа бөөрний үйл ажиллагааны байдал үрэвслийн хэмжээг тогтоох нь чухал. Ялангуяа далд хэлбэрийн архаг гломерулонефритийн үед бөөрний үйл ажиллагааг үнэлэн үзэхэд азот ялгаруулах үйл ажиллагааг түүдгэнцэрийн (нэвчилтийг) креатининээр тодорхойлох, тэрчлэн электролитын хоногт ялгаран байгаа хэм жигд ажиллагааг шалган үзэх нь ашигтай. Түүнчлэн цусан дахь үлдэгдэл азот ихэсч, электролитуудад өөрчлөлт илрэх нь бөөрний үйл ажиллагааны гүнзгий өөрчлөлт юм. Одоогоор, гломерулонефритийн «Идэвхжилтийг» тогтоох практикт өргөн хэрэглэж болох арга бага байна. Анхдагч-архаг гломерулонефритийг оношлоход нилээд бэрхшээлтэй байдаг. Далд болон цусны даралт ихсэх хэлбэрийн анхдагч архаг гломерулонефритийг үүнтэй төсөөтэй, анхдагч архаг пиелонефритээс ялган оношлох хэрэгтэй. Хааяа амилоидозын эхэн үе, чихрийн шижингийн гломерулосклероз, цусны даралт ихдэх өвчнөөс ялган оношилно. Архаг пиелонефритийн үед цусны даралт ихдэх нь хожуу илэрч харин цус багадах шинж эрт илэрнэ. Пиелонефритээс ялган оношлоход рентген (экскреторно эсвэл инфузионно-урографи) радиоиндикацийн (рентгенографи, скеннировани) шинжилгээ чухал ач холбогдолтой. Гломерулонефритийн үед бөөрний түүдгэнцрийн үйл ажиллагаа (клубочкийн фильтраци) эрт алдагддаг байхад пиелонефритийн үед тахир сувганцарын үйл ажиллагаа (реабсорбци, аммониогенез) эрт алдагддаг онцлогийг анхааран үзэх хэрэгтэй. Эцэст нь ялгах оношийн зорилгоор (биопси) морфологийн шинжилгээ хийж болох юм. Хоёрдогч амилоидозын эхний үе шатаас ялгахдаа түүнийг үүсгэгч урьдал өвчнүүд (сүрьеэ, бронхоэктаз, остеомиелит) байгаа эсэхийг харгалзан үзнэ. Тэхдээ анхдагчаар амилоидоз үүсч болдгийг мартаж болохгүй. Мөн амилоид илрүүлэх сорил (конгорот, метилен хөх) хийхийн хамт шээсний уургийг задлан шинжлэхэд, глобулины гамма хэсэг нь ихэсдэг. Чихрийн шижин өвчний улмаас бөөрний гломерулосклероз болж гломерулонефрит төсөөтэй шинж тэмдэг илэрнэ. Энэ үед ялган оношлоход өмнө нь чихрийн шижин өвчтэй байсан эсэхийг магадлана. Гломерулонефрит, пиелонефрит, амилоидоз зэргийг ялган оношлох үедээ эдгээр өвчин хоорондоо хослон хавсарч тохиолддогийг мартаж болохгүй. Цусны даралт ихсэх өвчний үед шээсэнд өөрчлөлт гарахаас бүр өмнө даралт ихэлсэн байх бөгөөд цусны даралт нь харьцангуй өндөр байхын хамт зүрх судасны талаас гарсан өөрчлөлт илүү их байдаг. Гломерулонефритийн хавант хэлбэр, холимог хэлбэрийг чихрийн шижингийн гломерулосклерозоос ялган оношлохдоо чихрийн шижин өвчтэй байгаа, цусны даралт ихтэй, нүдний угийн өөрчлөлттэй, шээсээр уураг их гарч байх эритроцит бага байх, ихээр хавагнах, шээсээр сахар  бага ялгарч,  цусанд сахар ихсэх зэргээр ялгана. Гломерулонефритын хавант хэлбэрийг бөөрний судасны тромбоз, ялангуяа венийн тромбозоос ялган оношилно. Бөөрний венийн судасны тромбозын үед хавагнах хам шинж маш тод (хаван, протеинури, диспротеинами) илэрнэ. Ууц бүслэхээр өвдөж, заримдаа цусны даралт ихэснэ. Бөөрний венийн судасны тромбозын өмнө бусад хэсгийн тухайлбал гуяны, бага аарцгийн судсанд өөрчлөлт гарсан байдаг. Бөөрний венийн судасны тромбозыг дээрх шинжээр оношилж болох боловч рентген шинжилгээгээр (флебографи) оношийг бүрэн тогтооно. СКВ (системная красная волчанка) өвчний үед бөөр өвчлөх нь олонтой бөгөөд заримдаа бөөрний өвчлөл нь энэ өвчний эхний шинж болж илрэх нь ч цөөнгүй. Ялангуяа бөөрний үрэвслийн хавант хэлбэрээр илрэх нь гломерулонефритийн хавант хэлбэртэй төсөөтэй боловч дараахи шинжээр ялгарна. Халуурна, арьс, үе, булчин, мэдрэл, уушигны талаас эмгэг өөрчлөлт илэрнэ. Миокардит, эндокардит тохиолдоно. Лейкопени, лимфопени, нейтрофилоз илэрнэ. Гломерулонефритийн ялгах оношийн чухал шинжилгээний аргад бөөрний эдийн биопсийн шинжилгээ орно. Архаг гломерулонефритийн ялгах оношийг явуулахдаа клиникийн судалгааг нягт нямбай дэс дараалалтай хийж, бусад шинжилгээг хавсран явуулах үүнд лаборатори, рентген, радиологийн болон морфологийн шинжилгээнүүд болно.

Эмчилгээ: Архаг гломерулонефритийн эмчилгээг өвчний хэлбэр, үе шат, хурцдал, дагалдсан өвчин, өвчтөний биеийн ерөнхий байдал зэргийг харгалзан өвчтөн тус бүрт өвөрмөц хийх ёстой. Архаг гломерулонефрит хурцадсан үед өвчний хэлбэрийг харгалзахгүйгээр хэвтүүлэн хоол, эмийн эмчилгээний дэглэм сахиулна. Архаг гломерулонефрит өвчний хурцдалгүй байгаа үед гам, дэглэм сахих хэрэгтэй. Биеийн хүчний хүнд ажил хийж болохгүй. Мөн шөнийн ээлж хүйтэн газар ажиллахыг хориглоно. Хэрэв хурц халдварт өвчнөөр өвдвөл эмнэлэгт хэвтүүлэн зохих эмчилгээ хийж, өвчтөнийг ажиглаж, цусны даралт, шээсний шинжилгээг хянаж байвал зохино. Халдварын голомт байгаа үед түүнийг системтэй эмчилж эрүүлжүүлэх нь чухал. Архаг глюмерулонефритийн хавант ба цусны даралт ихдэх хэлбэрийн үед жирэмслэх, төрөх нь өвчний явцад муугаар нөлөөлнө. Архаг гломерулонефритийн хурцдалын үед хэрэглэх давсыг багасаж, хавагнасан үед хоногийн ялгаруулж буй шээсний хэмжээнээс 300-500 мл-ээр илүү шингэн өгнө. Архаг гломерулонефритийн далд хэлбэрийн хурцдал болоогүй үед дулаан газар сувилалд явуулж эмчлэх нь ашигтай. Архаг гломерулонефритийн хавант хэлбэрийн үед эмгэг жамын эмчилгээг эрчимтэй сайн хийвэл бүрэн сайжралд ордог. Ялангуяа залуу хүмүүст глюкокортикоид хэрэглэхэд үр дүн сайтай, Үүнд эхлээд преднизолон өдөрт 5 мг-аар 3-4 таблетикийг өгч 10-12 таблетка хүртэл ихэсгэн дунджаар 3-4 долоо хоног өгч өвчний сайжралын хирээр аажмаар тун хэмжээг буулгана. Гормон эмчилгээ хийж байгаа үед антибиотик болон калийн бэлдмэлийг хавсарган өгч өвчтөний цусны даралт, цусны чихэр, гэдэс ходоодны далд цус алдалтын талаар хянаж байх ёстой. Гормон эмчилгээг шээлгэх эмтэй хавсран хэрэглэхэд хаван буулгах үйлчлэл нь сайжирдаг. Хэрэв шаардлагатай гэж үзвэл гормон эмчилгээг 4-5 сарын дараа давтан хийж болно. Энэ эмчилгээг эмчийн байнгын хяналтад явуулж хүндрэлээс сэргийлнэ. Гормон эмчилгээг цусны даралт ихтэй мөн бөөрний архаг дутагдалтай хүмүүст хэрэглэхгүй. Гормон эмчилгээ үр дүнгүй, эсвэл түүнийг хэрэглэж болохгүй тохиолдолд өвчтөнд цитостатикуудыг хэрэглэнэ. Үүнд антимехаболитууд (6 меркаптопурин, имуранн өвчтөний кг жинд 2-3 мг) эсвэл алкилируюший бэлдмэл (хлор амбуцил, циклофосфамид-1,5-2,0 мг-ийг кг жинд, лейкеран-0,2 мг-ийн кг жинд) хэрэглэнэ. Цитостатик эмийг больницын нөхцөлд 4-6 долоо хоног өгч дараа нь хагас тунгаар 3-6 сарын турш амбулаториор эмчилнэ.  Эмчилгээг явуулж байгаа үед цусны шинжилгээнд хяналт тавьж 1 мм3 цусан дахь улаан бөөм 3 сая, цагаан бөөм 3000, тромбоцит 100 000-аас доош болбол эмийн тунг багасгах буюу эмчилгээг бүрэн зогсооно. Цитостатик эмийг стероид гормонтой хавсран бага тунгаар хэрэглэхэд үр дүн сайтай хүндрэл багатай байдаг ажээ. Хурц архаг гломерулонефритийн янз бүрийн хэлбэрт индюцид (индометацин, метиндол)-ыг бөөрний үйл ажиллагааны дутагдалгүй үед үрэвслийн эсрэг хэрэглэнэ. Уул эмийг 25 мг-аар өдөрт 3-6 удаа, 6-8 долоо хоног уулгана. Эмийн тунг багасгаж 25 мг-аар өдөрт 2-3 удаа уулгаж 3 cap түүнээс ч удаан хугацаанд өгч болно. Индоцид хэрэглэж буй үед гэдэс өвдөж хямрах байдал илэрвэл 50 мг-аар лаа бэлтгэж   өдөрт 1-2 удаа шулуун гэдсэнд хийж болно. Зарим нэгэн тохиолдолд бөөрөнд явагдаж буй хурц үрэвслийн процессыг аминохинолины (делагил резохин, хлорохин, 250 мг-аар хоногт 1 удаа 6-10 сарын турш) төрлийн эм хэрэглэн намжааж болдог. Энэ үед цусны шинжилгээ (цитопени) шээсний шинжилгээ (эритроцитури), нүд шинжлэх (эмийн бодис нүдний ёроол, эвэрлэгт хурах биеийн ерөнхий байдал (бие сулрах, дотор хямрах, турах, харшил)-ыг хянаж байх ёстой. Индоцид ба аминохинолины эмийг гормон эмчилгээтэй хавсран хэрэглэж болно. Хавагнах хам шинж бүхий нефрит нь дээр дурдсан эмчилгээнд засрал авахгүй байгаа тохиолдолд гепариныг (хоногт 25-30 мянган нэгжээр 10-14 хоног) хавсран хэрэглэж болно. Гепарин нь өрлөн хүрээ бүхий үйлчлэлтэй бөгөөд гол нь цусан дахь холестрин, фибриний эсрэг үйлчлэл үзүүлэхийн хамт үрэвсэл харшилын эсрэг үйлчлэлтэй гэж үздэг. Зарим  тохиолдолд  цусны    сийвэн, альбумин сэлбэх эмчилгээ хийж болно. Гэвч харшил урвал, халдварт гепатит дамжин үүсэх аюултайг санах хэрэгтэй. Заримдаа хавагнах хам шинж их илэрч буй үед лидокайн (хоногт 0,6-1,0-аар 3-6 cap), тиреоидин (50-100 мг-ыг өдөрт 2-3 удаа 3-4 долоо хоног) хэрэглэхэд сайжирна. Хаван их тулсан үед янз бүрийн үйлчлэл бүхий шээлгэх эмийг (гипотиазид хоногт 50-200 мг 3-4 өдөр, урегит хоногт 100-200 мг-аар 4-6 өдөр, фуросемид, лазикс 80 мг-аар хоногт 4-6 өдөр (альдактон, верошпирон 25 мг-аар хоногт 4-12 удаа, мөн полиглюкин 500-800 мл венийн судсанд, маннитол 20%-ийн уусмалаар кг жинд 1 г-аар бодож, неокомпенсан 100-300 мл, гемодез 200-300 мл хэрэглэнэ. Архаг нефритийн цусны даралт бүхий хэлбэрийн үед цусны даралт буулгах эмийг (раувольфия, долегит, изобарин, папаверин, дибазол, сульфат магния) хэрэглэнэ. Хурцадсан үед нь дээр дурдсан эмгэг жамын эмчилгээ хийнэ. Тэхдээ стероид гормон хэрэглэхгүй. Цусны даралт их биш (180/110), зүрх судас, бөөрний дутагдал илрээгүй үед сувилалд явуулж болно. Архаг нефритийн хавсармал хэлбэрийн үед дээр дурдсан эмчилгээг хослон хэрэглэнэ. Даралт ихтэй үед гормон эмчилгээг болгоомжлох хэрэгтэй. Архаг гломерулонефритийн үед цустай шээж байвал аминокапроны хүчил хэрэглэж болно. Ханиад, амьсгалын замын үрэвсэл өвчнөөр өвдсөний дараа гистамины эсрэг үйлчлэл бүхий P, С витамин кальцийн бэлдмэл хэрэглэнэ.

Диспансерийн хяналт.

Архаг гломерулонефриттэй өвчтөнийг диспансерийн хяналтанд байлгаснаар хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй, хэвийн урт удаан амьдрах нөхцөлийг хангаж өгнө. Үүний тулд:

1. Архаг гломерулонефритийн хурцадлаас сэргийлэх

2. Өвчин цааш даамжран, бөөрний архаг дутагдалд орохоос сэргийлэх явдал билээ.

Хурцадлаас сэргийлэхийн тулд ажил амралт, хоол ундны дэглэмийг чанд сахиж, бие махбодыг чийрэгжүүлж, архаг халдварын голомтыг эмчилж, сэргийлнэ. Бөөрний архаг дутагдлаас сэргийлэх үндэс нь бөөрний архаг үрэвслийн хурцадлаас сэргийлэх, бөөрний үйл ажиллагааг хэвийн байлгах зохицуулалт чадварыг хангах явдал юм. Архаг гломерулонефриттэй өвчтөн жилдээ 2 удаа диспансерийн хяналтанд үзүүлж байх ёстой. Хяналтын үзлэг хийх үедээ өвчтөнөөс асууж судлах, бодит үзлэг хийхийн хамт цус, шээсний ерөнхий шинжилгээ, хоногт алдагдаж буй уургийн хэмжээ шээсний тундсын тооны тодорхойлолтыг Аддис-Каковский буюу Амбурже аргаар үзэх, бөөрний хэсэгчилсэн үйл ажиллагааг (креатинин клирепс, эсвэл радиоизотоцийн аргаар) үзэх, тэрчлэн цусан дахь креатинин, мочевина үзвэл зохино.

  • Хэрэв архаг гломерулонефритийн цусны даралт бүхий хэлбэр байвал жилдээ 3 удаа үзэж, дээрх бүх шинжилгээг хийхийн хамт, нүдний уг, зүрхний цахилгаан бичлэгийг заавал хийх ёстой.
  • Архаг гломерулонефритийн хавагнах хэлбэрийн үед мөн жилдээ 3 удаа хяналтанд үзүүлж дээрх далд хэлбэрийн үед хийх бүх шинжилгээг хийж, цус шээсэнд нь уургийн, шинжилгээг бүрэн хийж цусны холестерин тодорхойлно. Мөн зүрхний бичлэг хийж, цээжийг гэрэлд харвал зохино.
  • Холимог хэлбэрийн архаг гломерулонефриттэй хүнд диспансерийн хяналтын үзлэг жилдээ 4 удаа хийж, цусны даралттай ба хавант хэлбэрийн үед хийвэл зохих бүх шинжилгээг хийх ёстой.

Үүнээс гадна бүх хэлбэрийн архаг гломерулонефриттэй хүмүүст ханиад томуу хүрсний дараа, эсвэл өвчин сэдэрч болох үед (даарах, биеийн хүнд ачаалал, ажил, хордлого, жирэмслэлт) дээрх бүх шинжилгээг хийж өвчний хурцдал сэдрэлтийг цаг тухайд нь илрүүлж эмчлэх нь чухал. Тэрчлэн диспансерийн хяналтад буй өвчтнөө үе үе хамар хоолой шүдний эмч, түүнчлэн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байвал зохино. Хот хөдөөгийн практикийн байгууллагад ажиллаж байгаа эмч мэргэжилтэн, нар архаг гломерулонефрит өвчний оношлолт, эмчилгээ, сэргийлэлтийн талаар бичсэн энэхүү зааврыг өөрийн ажилдаа тусгавал өвчтөнийг эрт оношлох эмчлэх, ялангуяа өвчний төгсгөлийн хүндрэл болох бөөрний архаг дутагдлаас сэргийлэхэд тусална.

Ном зүй

1.3.Виктор Клиническая нефрология. Варшава. 1968.
2.Основы нефрологии под редакцией Е.М.Тарсева, М, 1972 II
3.Практическая нефрология Под. редакцией А.П.Пелещука Киев, 1974,
4.С.И.Рябов, В.В.Ставская О диспансерном наблюдении нефрологических больных о достаточной функцией почек
5.Е.М.Тареев. Нефриты, М. 1958.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 10623
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК