Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2010, 1(32)
Томуугийн эмнэл зүйн менежментийг сайжруулъя
( Редакцийн зурвас )

Ц.Оюунчимэг

ХӨСҮТ

 

 

Бичил биетний хувьсал өөрчлөлт, техник технологийн хөгжил, даяаршилал, хүн амын хотжилт хөгжсөн өнөө үе биднээс хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олсон ололт амжилтаа улам бататгахын зэрэгцээ цаашид үйл ажиллагаагаа улам бүр сайжруулахыг шаардаж байна. Өнгөрсөн цартахлын үеэд идэр залуу, хөдөлмөрийн насныхан зонхилон өвдөж, уушигны архаг өвчтэй, жирэмсэн болон эмгэг хэлбэрийн таргалалттай хүмүүс хүнд ба хүндэвтэр хэлбэрээр өвдсөн нь онцлог байлаа.Амьсгалын цочмог дистресс хамшинжийн өрнөх хугацаа, үгдрэн даамжирч байгаа байдал, тавилан зэрэг нь хүчилтөрөгч болон амьсгал дэмжих, орлуулах эмчилгээ нэн тэргүүнд шаардлагатай байгааг харуулсан. Бид гахайн гарвалтай томуугийн H1N1 вирүсийн халдварыг XX зуунд гарсан “Испани”, “Ази”, “Хонконг”-ийн цартахалтай харьцуулахад хохирол багатай даван туулсан хэдий ч энэ удаагийн цартахал бидэнд онцгой үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, түүнтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх шаардлагатайг харуулсан сургамжуудыг үлдээсэн юм. Үүнд:

Анхан шатны өрх, сумын эмнэлгүүдийг нэн шаардлагатай тоног төхөөрөмж (Амбу, сорох аппарат, пульсоксиметр, дижитал халуун хэмжигч, баллонтой хүчилтөрөгч)-өөр жигд хангах,

Эмчилгээний хүчилтөрөгчийн чанар, хадгалалт, түүнтэй харьцаж буй эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, хандлагыг сайжруулах, хүчилтөрөгч эмчилгээний үйл ажиллагааны стандартыг бий болгож, мөрдөж ажиллах.

Ажиллуулах боловсон хүчин, хүний нөөц, тоног төхөөрөмжийн алба, хийн хангамжийн систем бүхий эмнэлгүүдэд өндөр хүчин чадалтай аппаратуудыг хувиарлах,

Нөөц (боловсон хүчин, санхүү, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж)-ийн оновчтой бөгөөд үр дүнтэй, нэгдсэн бодлогод түшиглэсэн хуваарилалтын тогтолцоог төлөвшүүлэх, мэргэжлийн байгууллагуудын саналд тулгуурладаг байх,

Эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чирэгдлийг багасгах,

Томуугийн цартахал ба бусад халдварт өвчний дэгдэлтийн үед ДЭМБ-аас гаргасан санал зөвлөмжийг сайтар хянан үзэж, өөрийн орны онцлог байдалд тохируулан хэрэглэхэд анхаарлаа дахин хандуулах,

Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг нэг аргачлал удирдамжаар боловсруулж турших,

Аливаа халдварт өвчний дэгдэлтийн үед олон нийттэй харьцах нэгдсэн үзэл баримтлалтай болох,

Эрсдлийн үеийн харилцаа холбоог хөгжүүлэх, эмнэлзүйн заавар, зөвлөмжийг нэгжид шуурхай хүргэн, хэрэгжилтэнд анхаарах,

Халдвар хяналтын тогтолцоог нийт эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад бэхжүүлэх,

Дээрхи сургамжуудыг мэргэжил нэгт та бүхэн эргэн нягтлан шүүж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 495
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК