Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 3(35)
Цусны уургийн өөрчлөлт
( Тойм өгүүлэл )

С.Ямаахай (Анагаах ухааны дэд эрдэмтэн)

 

Цусны найрлаганд байдаг янз бүрийн бодисоос хамгийн их хэмжээтэй нь уураг юм. Уургийн өөрчлөлтийг тодорхойлох нь өвчнийг оношлох эмчлэх ажилд чухал ач холбогдолтой. Уургийн үзүүлэлтийг түүний нийт хэмжээ уургийн бүлгийн байдлаар тодорхойлно. Бие махбодь хэвийн байхад цусны уургийн нийт хэмжээ, бүлгүүд тогтмол нэг хэмжээнд байдаг. Энэ байдал янз бүрийн эмгэгийн үед өөрчлөгдөх боловч бас заримдаа эрүүл байхад жишээ нь жирэмсэн үед тохиолдох ёс бий. Эрүүл хүний цусан дахь уургийн хэмжээ 6,5-8,8 г% байдгийг судлан тогтоосон юм. (С.Д.Балаховский, 1953, О.В.Гиравина 1935, К.И.Степашкина, 1963, К.С.Косяков, 1967, И.Тодоров, 1963, Д.Бүрэнжаргал, С.Ямаахай, 1963, С.Ямаахай 1970). К.И.Степашкина (1963). Цусны уургийн өөрчлөлтөд нас, хүйс, орчин, бие махбодийн байдал нөлөөлж болох тухай дурдсан байна. Цусны уургийн бүлгийн хэмжээ 14-48 насанд онцын өөрчлөлтгүй байдаг тухай X.Силласту (1961) дурджээ. Д.Ф.Чеботарев (1965), О.В.Коркущко (1965) нар дээрх дүгнэлтийг зөвшөөрөөд харин цусны альбумин 70 наснаас эхлэн багасдаг гэж бичжээ. Эрүүл 120 эмэгтэйн цусны уургийн бүлгийн хэмжээг Е.Н.Круглов (1966) тодорхойлсныг үзэхэд эрэгтэй хүнээс онцын ялгаагүй байна. Цусны уургийн талаар хийсэн судалгаа шинжилгээний ажил элбэг боловч хүний амьдарч байгаа орчин, ахуй нөхцөл, газар зүй, уур амьсгалын онцлогийг харгалзан үзсэн судалгаа төдийлөн хангалттай биш байна. К.Р.Седов (1963) ЗХУ-ын Мамский-Чуйскийн районы хөвчид оршин суугч болон Эрхүү хотын иргэдийн цусны уургийг харьцуулан судлаад онцын зөрөө гаргаж чадаагүй ажээ. М.А.Пеньков, 3.М.Легчило (1964) нар Кемерово хотын оршин суугч, эрүүл 70 хүний цусны уургийг шинжилж, В.Е.Предтеченскийн гаргасан дундажтай харьцуулан дүгнээд шинжилгээнд хамарсан хүмүүсийн 69-д цусны уургийн хэмжээ хэвэндээ, альбумины хэмжээ 49 хүнд багассан буюу 45-56%, α1-глобулин 13 хүнд, α2-15, β-18, γ-28 хүнд ихэссэнийг дурдсан байна. Өндөр уулын нөхцөл цусны уураг үүсэхэд шууд нөлөөлдгийг Е.П.Смоличев (1965) өөрийн судалгаагаар нотолжээ. X.Силласту (1961), харин хавар, өвлийн улиралд цусны уураг өөрчлөгдөхгүй байсныг ажиглажээ. Монгол хүний цусны уургийн нийт хэмжээ, бүлгийг газар зүйн онцлог, нас, хүйсний байдлаар судлахад эрүүл эмэгтэйчүүдийн цусны уургийн нийт хэмжээ дунджаар 7,6 г%, альбумин 55,2, % α1-глобулин 5,0%, α2-глобулин 8,1%, β-глобулин 11,9%, γ-глобулин 20,0%, эрэгтэйчүүдэд уургийн нийт хэмжээ 7,53 г%, альбумин 50,4%, α1-глобулин 7,0%, α2-глобулин 10,1% β-глобулин 14%, γ-18,5% байжээ. (С.Ямаахай, Д.Бүрэнжаргал 1964, С.Ямаахай 1970). Цусны уургийн нийт хэмжээ хэвийн хэлбэлзэлд байхыг нормопротеинеми, багасахыг гипопротеинеми, ихсэхийг гиперпротеинеми гэнэ. Гипопротеинеми болох нь хоол хүнсэнд уураг бага байх, бие махбодь их уураг алдах, уургийн биосинтем муу явагдах зэрэгтэй холбоотой. Ихэнх судлагчдын үзэж байгаагаар цочмог гепатитийн эхний үед гипопротеинеми ажиглагддаг ба өвчний тавилан сайжрах тутам уургийн хэмжээ нэмэгддэг. Гэвч гепатит эхлэх үед гипопротеинеми заавал ажиглагдах ёсгүй. Энэ нь цочмог гепатитийн үед уураг нийлэгжих ажиллагаа харилцан адилгүй явагддагтай холбоотой К.И.Степашкинагийн (1963) ажиглалтаар гепатиттэй өвчтөний 77%-д гипопротеинеми байсан нь үүний нотолгоо болно. Механик болон гемолизийн шарын үед элэгний паренхими гэмтдэггүй учир уургийн хэмжээ онц өөрчлөгдөхгүй байж болно. Гэвч өвчин хүндэрвэл уураг нийлэгжих ажиллагаа өөрчлөгдөж болох тухай К.И.Степашкина (1963) бичжээ. Цусны уургийн нийт хэмжээ архаг гепатитийн үед багасаж болно. Элэгний цирроз өвчний үед гипопротеинеми элбэг тохиолддог тухай Л.П.Иванов, Н.Я.Червяковский (1934), Гартман (1946), Б.Ратнер (1949), A.А.Айвазян (1935) А.Шнеыдербаур, Ф.Кеттенбахер (1957) нар бичсэн байхад М.Ф.Жайль, И.Валлин зэрэг судлагчид зөвхөн 40%-д ажиглагддаг гэж дурджээ. К.И.Степашкина (1963) циррозтой өвчтөн бүрд гипопротеинеми илэрдэггүй тухай бичсэн байна. Циррозтой 93 хүний зөвхөн 5-д цусны нийт уураг 5,6-5,9% байсан тухай С.Ямаахай бичсэн бөгөөд харин цирроз хүндэрч түүний тавилан найдваргүй болсон үед гипопротеинеми ажиглагдана гэжээ. Циррозтой өвчтөний бие их шар байвал уургийн хэмжээ ихдэх хандлагатай байдгийг К.И.Степашкина (1963) ажигласан байна. Ревматизм болон ревматизмын гаралтай зүрхний гажиг, ялангуяа цусны эргэлтийн дутагдалтай үед уургийн солилцоонд нилээд өөрчлөлт гардаг гэхдээ цусны уургийн нийт хэмжээ хэрхэн өөрчлөгддөг талаар нэгдсэн санал байхгүй юм. Тухайлбал: Г.Д.Залесский (1945) P.С.Фасс, Л.С.Готфельд, А.Ф.Фадеева (1951) В.Н.Дзяк, Е.И.Емьльяненко (1965), Е.П.Степанян бусад (1967), С.Ямаахай бусад (1976) нийт уураг хэвийн хэмжээнд байдаг гэж үздэг. К.И.Степашкина (1963) ревматизмтай 1941 өвчтөнд ажиглалт хийхэд цусны уургийн нийт хэмжээ дунджаар 7,58%, зарим тохиолдолд 8,97%-д хүрч байжээ. Е.Г.Чулков (1955) резматизмтай 43 өвчтөнд судалгаа хийсний үндсэн дээр цусны уургийн нийт хэмжээ хэвийн байдлаас багасдаггүй гэжээ. Гэтэл ревматизмын үед уургийн хэмжээ багасдаг тухай Н.Д.Стражеско (1962) бичсэн байна. Ревматизмын үед цусны уургийн нийт хэмжээ өөрчлөгддөг эсэх талаар олон янзын ойлголттой байгаа нь шинжилгээний арга, өвчний үе зэргээс шалтгаалж болох юм. К.И.Емелина (1953) ревматизмыг идзвхтэй байхад уургийн хэмжээ өөрчлөгддөггүй харин склерозын үед нэмэгддэг гэжээ. Үжилт эндокардит өвчний хурц биш үед уургийн хэмжээ хэвийнхээс их байх ба харин өвчин удсан, тавилан муу байхад хэмжээ нь багасдаг. Иймд цусны уургийн нийт хэмжээгээр үжилт, эндокардит өвчний ужиг юмуу хурц явц тавиланг тодорхойлж болно. Зүрхний олдмол гажгийн үед элэгний үйл ажиллагаа, ялангуяа, уураг үүсгэх ажиллагаа хямардаг байна. Зүрхний янз бүрийн өвчнөөс шалтгаалах цусны эргэлтийн дутагдлын үед уургийн нийт хэмжээ нэмэгддэг гэж Zsoter, Pinter (1954) нар бичжээ. Цусны эргэлтийн дутагдлын үе шатаас шалтгаалан уургийн хэмжээ хувирдаг тухай Н.Д.Стражеско өөрийн хийсэн судалгааг үндэслэн дурдаад цусны эргэлтийн дутагдлын II үед уургийн нийт хэмжээ 6-7 г%, III үед 6-5 г%-д хүрдэг гэжээ. Цусны эргэлтийн дутагдлын I буюу нууц үед уургийн бүрэлдэхүүнд онцын өөрчлөлт гарахгүй харин II үед уургийн хэмжээ хэвэндээ буюу эсвэл ихсэж дистрофийн үед багасдаг гэж В.X.Басиленко (1941) бичжээ. Уушигны цочмог болон архаг өвчний хугацаанаас шалтгаалж уургийн хэмжээ өөрчлөгдөнө. Уушигны цочмог үрэвслийн үед уургийн хэмжээ 5,6 г% хүртэл багасаж байсан тухай Т.И.Гугешашвили (1954) бичсэн байдаг. К.И.Степашкинагийн (1964) ажиглалтанд байсан пневмонитой өвчтөний 50% нь гипопротеинемитэй байжээ. Шүүдэст плеврит, уушигны сүрьеэгийн үед цусны уургийн нийт хэмжээ бага болдог бол уушгины буглаа болон бусад идээт процессын үед ихэснэ. Бөөрний эмгэг, ялангуяа архаг өвчний үед уургийн хэмжээ багасдаг ба хавантай байхад улам тодорхой илэрдэг. Цусны уургийн хэмжээ багасахыг шээсээр уураг ялгаран гарсантай холбон тайлбарладаг. Гэтэл зарим судлагчид, тухайлбал П.Н.Николаев протеинури гипопротеинеми хоёрыг шууд холбон үзэж болохгүй гэжээ. Жирэмслэх, төрөх зэрэг физиологийн процессын үед цусны уургийн хэмжээ өөрчлөгдөнө. Сарын тэмдгийн үед Г.И.Бурчинский (1948), В.Н.Дзяк, Е.И.Емельяненко (1965), К.striimer (1950) нар эмэгтэйчүүдийн цусны альбумин сарын тэмдэг ирсний 2-3 дахь өдрөөс багасаж, глобулин бага зэрэг ихсэж 4-5 дахь өдрөөс хэвийн хэмжээнд ордог гэжээ. К.И.Степашкина (1963) эмэгтэйчүүдийн цусны уургийн хэмжээ сарын тэмдгийн үед өөрчлөгдөж альбумин, глобулины харьцаа мэдэгдэхүйц багасдагийг судалсан байна. Хэвлий дэх ураг томрох тутам эхийн бие махбодь, түүний бодисын солилцоо зохих хэмжээгээр зохицон өөрчлөгдөх нь ойлгомжтой. Хэвийн жирэмслэлтийн үед азотлог бодис хуралдаж ураг болон эхийн бие махбодид зайлшгүй шаардлагатай нөөц болдог (А.И.Петченко 1954). X.Г.Ялвисте (1958), К.И.Степашкина (1963) нарын ажиглалтаас үзэхэд жирэмсэн эмэгтэйчүүдийн 10-29% гипопротеинемитэй байжээ. Жирэмсний сүүлийн саруудад цусны уургийн хэмжээ үл мэдэг ихэсдэг тухай В.Liddelew (1953), Л.Г.Сотникова (1961) бичсэн байна. Е.А.Могнян (1957), К.А.Согрина (1955), С.Ямаахай (1968) нарын судалгаанаас үзэхэд эрүүл жирэмсэн хүнд цусны уургийн хэмжээ өөрчлөгддөггүй ажээ. Жирэмсэн эхчүүдийн цусны уургийн хэмжээ өөрчлөгддөг эсэх талаар судлаачдын санал ийнхүү харилцан адилгүй байгаа нь жирэмсний нас, жирэмслэлтийн тоо, амьдран байгаа нутгийн уур амьсгал, газар зүйн өвөрмөц байдал, хоол тэжээлийн онцлогоос хамаарч болох ба нөгөөтэйгүүр жирэмслэлтийн үед цусны хэмжээ нэмэгддэг учраас цусанд байх уураг шингэрч түүний үзүүлэлт бага болсон мэт харагдсан байж болох талтай. Жирэмсний хордлого ялангуяа хожуу хордлогын үед цусны уургийн нийт хэмжээ, бүлгүүдийн хоорондохь харьцаа өөрчлөгдөх зэргээр уургийн солилцоонд нилээд өөрчлөлт гардаг тухай P.Pfau (1954), Л.Л.Колпакова (1966) зэрэг олон судлагч дурджээ. Мөн С.Ямаахай (1969), Б.Шижирбаатар (1975), A.М.Королева (1958) нарын зэрэг судлагчид хожуу хордлоготой жирэмсний цусанд уургийн нийт хэмжээ 5,0-5,7 г% хүртэл буурч байсан тухай өгүүлжээ. Цусны уургийн нийт хэмжээ болон түүний бүрэлдэхүүнийг тодорхойлох явдал жирэмсний хожуу хордлогын явцыг ажиглаж, тавиланг урьдчилан мэдэхэд их ач холбогдолтой юм.

Ном зүй

1.Айвазея A.A. О значении белковой недостаточности организма в поражениях печени при некоторых внутренних заболеваныях. Автореферат, дисс Ереван, 1955.
2.Бавина М.В, Крицман М.П. Исследование белкового обмена при экспериментальном атеросклерозе, 1954
3.Бурлуй А.И. Белковые фракции сыворотки крови при ревматизме у детей. Автореферат дисс. М. 1955
4.Гучешашвили Ш.И. Вопросы мед. химии. 1955 № 5 стр. 265-270
5.Дзяк B.Н., Емельяненко Е.И. Определение активности ревматического процесса. Киев, 1965
6.Иванов Л.П., Червяковский Н.Я. 0б изменениях белковой фракции в сыворотке крови при заболеваниях печени. Клин. Мед. № 6, т. XII, 1934
7.Косяков К.С. Клиническая биохимия. Медицина, 1967
8.Круглов Е.Н. Влияние продолжительности родов на содержание сывороточных белков. Казан. мед. журн. 1968, стр. 50-51, № 3
9.Колб В.Г, Камышников B.С. Клиническая биохимия, Минск, 1964
10.Пеньков М.А, Легчило 3.М. Матер. и доклады 6-ой научн. конф. вып. 1, Кемерово, 1964
11.Тодоров. Клинические лабораторные исследования в педиатрии. София 1963
12.Покровский A.А. Биохимические методы исследования в клинике 1969
13.Седов К.Р. Вопросы питания, т. 22, № 2, 1963, стр 28-35
14.Силласту X. Уч. зап. Тартус. ун-та. Тарту вып. 103, 1964, стр.111-117
15.Смоличев Е.П. Нарушения белкового состава крови при воздействии на организм комплекса высокогорных факторов 1965
16.Сотникова Л.Г. Журнал Вопр. охр. Матер. № 6, 1968, стр. 57-60
17.Степанян Е.П, Геселевич Е.А, Поспелова Е.П. Изменение метаболизма при сердечно-сосудистой патологии. Медгиз, 1968.
18.Степашкина К.И. Клиническое толкование сдвигов белков крови. Киев, 1963
19.Фасс P.С, Ротфельд Л.С. Труды НИИ. Свердловск, 1939
20.Чеботарев Д.Ф. Матер. 7-ой научн. конф. по вопросам возрастной морфологии, физиологии и биохимий. стр. 480-481 1964
21.Чулков Е.Г. Терапевт. архив № 6, 1965, стр. 29-37
22.Шижирбаатар Б. Особенности течения и клиники поздних токсикозов беременных в условиях г. Улан-Батора, Автореф. 1975
23.Ямаахай С, Бүрэнжаргал Д. Эрүүл мэнд сэтгүүл № 4, 1964
24.Ямаахай С. А.У.Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бичиг № 11. 1968,хуудас 151-159
25.Ямаахай С. Жур. Акуш. и гинекологии № 4, 1969, стр. 24-26
26.Ямаахай С. Анагаах ухаан сэтгүүл № 3, 1970
27.Ямаахай С. Анагаах ухаан сэтгүүл № 2, 1974
28.Ямаахай С. ба бусад. Эрдэм шинжилгээний хурлын материал, 1978 он. хуудас 33-37.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1889
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК