Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 3(35)
Хүний иммуноглобулин үүсгэсэн В гепатитийн эпидеми
( Тойм өгүүлэл )

Т.Ж.Жон, Ж.Т.Нинан, М.С.Ражагопалан, Ф.Жон, T.X.Флеветт, Д.П.Франсиз, А.Ж.Цуккерман

 

Удиртгал: Хүний цусны сийвэн буюу ийлдэснээс хүйтэн-нөхцөлд этилийн спиртээр Коны аргаар ялгасан (2-р фракци) иммуноглобулин (гаммаглобулин) нь В гепатитийг дамжуулдаггүй гэж үздэг. В гепатитийн гадаргуугийн эсрэгтөрөгч (HBs-Ag) агуулсан ийлдэснээс иммуноглобулин бэлтгэхэд эцсийн бүтээгдэхүүнд нь HBs-Аg тодорхойлогддоггүй гэсэн судалгаа ч бий. Гэвч Коны аргаар бэлтгэсэн иммуноглобулинаас үүссэн В гепатитийн эпидемийн тухай энэ мэдээлэлд бичсэн болно.

Судалгааны арга, үр дүн: 1978 оны 7, 8, 9-р сард Энэтхэг дэх Шведийн шашны төлөөлөгчийн газрын эмнэлгийн эмч ажилчдын дотор В гепатитийн эпидеми гарав. Энэ эмнэлгийн бүх хүмүүс, тэдний гэр бүлийнхэн (нийт 325 хүн) 4-р сард иммуноглобулин тарьсан байжээ. Иммуноглобулин тариулсан бүх хүнээс 123 (38%)-д нь шарлалт бүхий өвчлөл ажиглагдав. Өвчин эхэлснээс хойш 2 долоо хоногийн дотор 39 хүнээс, 2-4 долоо хоногийн дотор 47 хүнээс цус авч ийлдсэнд нь HBs-Аg илрүүлэх шинжилгээг дархан цахилгаан ялгалтын аргаар хийхэд эхний бүлэгт 82%-д нь, сүүлчийн бүлэгт 66%-д нь HBs-Аg илэрсэн нь уг эпидемийг В гепатитийн вирус үүсгэснийг нотолж байна. Иммуноглобулин тариулснаас шарлалт эхлэх хүртэлх хугацаа нь 78-172 өдөр байсан байна. Уг иммуноглобулиныг Энэтхэгийн нэгэн пүүсэнд этилийн спиртээр ялгах Коны аргаар бэлтгэжээ. Өвчилсөн хүмүүсийн ихэнх нь нэг цувралаар (22-р цуврал), үлдэх хэсэг нь дөрвөн цувралаар (11, 15, 23, 25-р цуврал) бэлтгэсэн иммуноглобулинаар тариулжээ. Бүх тохиолдолд нэг удаагийн зүү, шприц хэрэглэсэн байна. 15, 22, 30 дугаар цувралын онгойлгоогүй цөөн туншил иммуноглобулин үлдсэнийг шинжлэхэд 22 дугаар цувралд дархан цахилгаан ялгалтын аргаар HBs-Аg , НВс-Аg ба HBs-ын эсрэг бие олдоогүй боловч НВс-ын эсрэгбие илрэв. Харин дархан цахилгаан ялгалтанд эсрэг биеэр саатуулах урвал тавихад HBs-Аg илрэв. Шууд бус цус наалдуулах урвалаар 1:128 таньцтай HBs-Аg илэрсэн ба радиоиммуны аргаар хүчтэй эерэг урвал өгч байв. Электрон микроскопоор шинжлэхэд 22 нм хөндлөн огтлолтой HBs-Аg-ны нийлмэл биенцэр хэд хэд олдов. 15 ба 30 дугаар цувралын иммуноглобулинд радиоиммуны аргаар мөн HBs-Аg илэрсэн ба электрон микроскопоор шинжлэхэд 22 нм хөндлөн огтлолтой биенцрүүд олдож байв. Харин бүтэн вирион (Дейний биенцэр), «е» эсрэгтөрөгч болон бүрхүүлгүй цөм илэрсэнгүй. Шинжилсэн бүх цувралд НВс-Аg paдиоиммуны аргаар илрээгүй боловч уг эсрэгтөрөгчийн эсрэгбие илэрч байв. Энэхүү иммуноглобулины бэлтгэмлийн хэд хэдэн цуврал нь HBs-Аg агуулж байна. Үүний шалтгаан нь ялгалтын аргын мөн чанараас болов уу, эсвэл уг аргад оруулсан өөрчлөлтөөс болов уу гэдгийг тогтоож болсонгүй. Гэхдээ эцсийн бүтээгдэхүүний чанар шаардлагыг хангахгүй байгаа нь тодорхой байна. Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, худалдаалах явдлыг уг пүүсний хувьд хориглосон бөгөөд HBs-Аg-аар иммуноглобулин бохирдсон шалтгааныг илрүүлэх судалгаа үргэлжилж байна. Уг иммуноглобулины шинжлэгдсэн цувралд «е» эсрэгтөрөгч, бүтэн вирион олдоогүй боловч халдвар үүсгэх чадвартай байв. Энэ нь HBs-Аg илэрсэн боловч бүтэн вирион, цөмийн эсрэгтөрөгч, вирусийн ДНХ-полимераза олдоогүй шүлс, үрийн шингэн нь сармагчинд халдвар үүсгэх чадвартай байсан тухай мэдээлэлтэй дүйж байна. Тиймээс HBs-Аg илэрсэн тохиолдолд уг материал нь халдварын эх уурхай болох чадвартай гэж үзэж болох байна. НВс-эсрэгтөрөгчийн эсрэгбие илрэх нь хамгаалах чадварын баталгаа биш гэсэн бидний түрүүчийн судалгааг энэ мэдээлэл мөн давхар баталж байна. Энэ эпидемийн тухай илүү тодорхой мэдээллийг боловсруулж байгаа болно. Иммуноглобулин HBs-Аg- агуулж болдог хийгээд ийм бэлтгэмлээр үүсгэгдсэн В гепатитийн өвчлөлийн тухай хэвлэлд урьд нь ч мэдээлсэн буй. Эдгээр мэдээлэл хийгээд өөрсдийн ажиглалтаас үндэслэн, цусны уургийн бэлтгэмлүүдийг үйлдвэрлэхэд мэдрэг чанар өндөртэй аргаар HBs-Ag- илрээгүй сийвэн, ийлдсийг л ашиглах ёстой гэсэн зөвлөмжийг бид дэмжиж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 517
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК