Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 4(113)
Зүрхний мэс заслын 30 жилд
( Лекц )

Ё. Бодьхүү, Н. Баасанжав , Д, Эрдэнэчулуун, Ж. Моондой

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

The authors summarised the historical datas of cardicac surgery care in Mongolia on 3 decades. They showed the comparison data of canducted cardiac surgery in Mongolia by cases, sugery condi­tions, patients age group, type of heart anomalies and death rates. Also the authors comparised their data with the data of cardiac surgery in Russia.

pp. 28-31 Tables 7, References 5

Манай оронд анх мэс заслын эмнэлгийг 1954 онд байгуулахад 25 ортой цээжний хөндийн мэс заслын тасгийг Академич Т.Шагдарсүрэнгийн санаачилгаар нээж, ходоод, улаан хоолой, уушгины төрөл бүрийн өвчнийг мэс заслаар эмчлэх суурийг тавьжээ. Энэ тасагт Академич Т.Шагдарсүрэн 1956 онд уушгины хавдартай өвчтөнд нэг талын уушгийг бүтнээр нь авах, 1958 онд улаан хоолойн өмөн хавдартай өвчтөнд улаан хоолойг тайрч Ру- Герцений аргаар нарийн гэдсээр улаан хоолойг сэргээн засах хагалгааг амжилттай хийсэн бөгөөд уушгины хавдар, буглаа, бэтэг, гялтангийн үрэвсэл бүхий олон зуун хүнд уушгийг бүтнээр болон дэлбэнгээр авах, хатуурсан гялтанг хуулж авах / дектортокаци/ улаан хоолойн дээд, дунд, доод хэсгийн байрлалтай хавдруудыгтайрч, улаан хоолойг сэргээх хагалгаануудыг олон арваар нь хийжээ. Үүний зэрэгцээ 1957 онд зүрхэнд шигдсэн зүү авах, 1958 онд артерийн битүүрээгүй цоргыг боох, 1960 онд зүрхний хоёр хавтаст хавхлагийн нарийслыг тэлэх, 1961 онд зүрхний бэтэг авах, 1965 онд хатуурч зузаарсан үнхэлцэг хальсыг хэсэгчлэн авах зэрэг хагалгаануудыг амжилттай хийжээ. Энэ бүхэн нь зүрхний мэс заслын нарийн мэргэжлийн тасгийг байгуулах үндэс суурь нь болсон байна.

Академич Т.Шагдарсүрэнгийн санаачилга, шууд удирдлагын дор 1969 онд орчин үеийн оношлогоо, мэс заслын эмчилгээ, хяналтын аппарат төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон зүрх судасны мэс заслын тасгийг П.Н.Шастины нэрэмжит Клиникийн нэгдсэн эмнэлэгт анх байгуулсан билээ. Энэхүү тасгийг байгуулахын тулд Швед улсын Сименс фирмээс зүрх судасны рентген-ангиографийн “Элема" төх^өрөмж, хагалгааны дараахь хяналтын систем, цусны зохиомол эргэлтийн аппарат, цусны шинжилгээний микроаструп аппарат, зүрхний бичлэгийн полиграфийн аппарат наркозын болон амьсгал ын энгстрем аппаратуудыг авчирч суурилуулан ажилд оруулсан байна. Мөн мэс засалч, мэдээгүйжүүлэгч-сэхээн амьдруулагч, цусны зохиомол эргэлтийн мэргэжилтэн, рентген-ангиографи, зүрх судлал, биохимич, багаж техникийн инженер зэрэг мэргэжлээр 9 хүний бүрэлдэхуүнтэй багийг Москва хотын Л.Н.Бакулевийн нэрэмжит зүрх судасны мэс заслын эрдэм шинжилгээний хүрээлэнд 4 cap дадлага хийлгэж мэргэжил дээшлуүлсэн байна.

Энэ тасгийг 1969 оны 4 дүгээр сарын 12-нд анх албан ёсоор нээсэн бөгөөд мэс засалч 2, мэдээгүйжүүлэгч сэхээн амьдруулагч 2, зүрхний эмч цусны зохиомол эргэлтийн эмч, рентген- ангиологийн эмч, биохимийн эмч тус бүр нэг, туслах ажилтан 8 гэсэн үндсэн бүтэц, нэгжтэйгээр ажиллаж байна. Зүрхний мэс заслын хамтлагаас өнгөрсөн 30 жилд явуулсан үйл ажиллагаа нь: зарим үр дунг эна товч гаргахыг зорилоо.

Өнгөрсөн 30 жилд зүрхний мэс заслаар явуулсан үйл ажиллагааг шатанд хувааж болно,

1.Эхний 10 жилд зүрх судасны өвчнүүдийг зүрхний цахилгаан бичлэг, авиан бичлэг, зүрх сэлүүрдэх, рентген ангиографи, шинжилгээнүүдээр оношилж, мэс заслын эмчилгээний  төгс ба туслах хагалгаануудыг нэвтруүлэх,

  1. Дараахь 10 жилд зүрхийг нээж зүрхний гажгуудыг төгс засах боломж олгодог өвчтөний биеийн халууныг бууруулах /гипотерми/ болон цусны зохиомол эргэлтийг нэвтрүүлэн “нээлттэй” зүрхний хагалгааг нэвтрүүлэх.
  2. Сүүлийн 10 жилд дээр дурдсан арга, туршлагадаа тулгуурлан зүрхний хавсарсан гажгуудыг төгс эмчлэх аргыг нэвтрүүлэх чиглэлээр ажиллажээ. Эхний 10 жилд 15 төрлийн хагалгаа хийж байсан бол одоо 54 төрлийн хагалгаа хийж байгаагаас гадна зүрхний гажгийг 27, олдмол гажиг 10 бусад 10 гаруй төрлийн өвчнийг оношилж, мэс засал хийж болсон байна.

Энэ хугацаанд зүрхний олдмол болон төрөлхийн гажиг, зүрхний бусад /гадны биет, хавдар, титэм судасны нарийсал, үнхэлцэгний үрэвсэл гэх мэт/ өвчтэй 3592 хүнд хагалгаа хийжээ. Хийгдсэн хагалгааг бид арав, арван жилээр гаргав.

Хүснэгтээс үзэхэд нийт хагалгааны 70 орчим хувийг зүрхний төрөлхийн гажиг тогтвортой эзэлж байна. Хийгдсэн хагалгааны тоог үзэхэд II арван жилд хагалгааны тоо бараг 2 дахин, III арван жилд 2.5 дахин өссөн байна. Хийгдсэн хагалгааны нөхцлөөр нь авч үзвэл:

Хүснэгтээс үзэхэд эхний арван жилд бүх хагалгааны 67.8 хувийг өвчтөний биеийн халуун хэвийн нөхцөлд “хаалттай” зүрхэнд хийж, 30.1 хувь нь биеийн халууныг бууруулах юмуу цусны зохиомол эргэлтийн нөхцөлд зүрхийг цусны эргэлтээс гарган “нээлттэй” зүрхэнд хийжээ. Дараагийн жилүүдэд 50.7 хувь ба 58.6 хувь хүртэл өсч нээлттэй зүрхний хагалгаа давамгайлах болсон байна. Энэ нь зүрхний ховдол болон тосгуурын цоорхой гажиг, тэдгээр нь бусад гажигтай хавсарсан /гол судас болон уушгины артерийн нарийсал, уушгины вөнийн буруу байрлалтай хавсрах/, олдмол гажгийн үед гэмтсэн 1-3 гажгийг нэг дор төгс засах болсныг харуулж байна. Судалгаанаас үзэхэд зүрхний төрмөл гажгуудын дотор артерийн битүүрээгүй цорго, түүнтэй хавсарсан гажиг 34.4 хувь, тосгуурын таславчийн дагиасан болон хавсарсан цоорхой гажиг 31.8 хувь, ховдлын таславчийн цоорхой дагнасан болон хавсарсан гажиг 26.3 хувь, фаллогийн дөрвөл, тавуул гажиг 4.3 хувь уушгины артерийн нарийсал 2.3 хувь, бусад гажиг 0.72 хувь тус тус оношлогдож эмчлэгдсэн байна. Олдмол гажгуудаас хоёр хавтаст хавхлагийн нарийсал 78.0 хувь мөн хавхлагийн нарийсал, дутмагшил хавсарсан гажиг 9.6 хувь, гол судасны гажиг 4.1 хувь, гол судас ба хоёр хавтаст хавхлагийн хавсарсан гажиг 5.3 хувь, хоёр болон гурван хавтаст хавхлагийн хавсарсан гажиг 3.0 хувь тус тус тохиолджээ.

Гадаадын зүрх судасны мэс заслын үйл ажиллагаанаас үзэхэд “нээлттэй” зүрхний хагалгаа дийлэнх хувийг эзэлдэг ажээ. Тухайлбал ОХУ-ын Н.Бакулевийн нэрэмжит зүрх судасны мэс заслын хүрээлэнд 1976-1995 онд 20 жилд зүрхэнд 32160 хагалгаа хийсний 22161 буюу 68.9 хувийг нээлттэй зүрхэнд хийсэн байна /Л.А.Бокерия ба бусад, 1996/. Новосибирск хотын Е.н.Мешалкины нэрэмжит зүрх судасны эмгэг судлалын хүрээлэнд 1992-1996 оны 5 жилд 4864 хагалгаа хийгдсэний 3399 буюу 69.9 хувь нь нээлттэй зүрхэнд хийгдсэн байна

Е.Е.Литасова, Ю.А.Власов, 1997/. Хагалгаа хийлгэсэн өвчтөнүүдийн насны байдлыг хүснэгт №3-д үзүүлэв.

Мэс засал хийлгэж эмчлүүлэгчдийн бараг тал / 48.6%/ нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзлэх болсноос гадна 0-6 насны хүүхдийн тоо байнга өсч эхний арван жилд дөнгөж 9.3% байсан бол сүүлийн арван жилд 56.9% хүртэл өссөн нь сайн үзүүлэлт юм. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийн нас ахих тутам өвчин даамжирч бусад эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлж олои төрлийн хүндрэл өгдөг учир аль болох эрт оношилж эмчлэх шаардлагатай байдаг билээ. Иөгөө талаар бага насны хүүхдийн гажгийг оношлох, шинжлэх, мэдээгүйжүүлэх, мэс засал хийх арга барил ихээхэн онцлог, өвөрмөц байдгийг энд дурдах нь зүйтэй.

Хагалгаа хийлгэсэн өвчтөний нас баралтыг өвчний төрөл, хагалгаа хийсэн нөхцлөөр нь гаргаж хүснэгт №4-г үзүүлэв.

Энэхүү үзүүлэлтээс харахад нийт нас баралт 6.8% байгаагийн дотор төрмөл гажгийнх 6. 3%, олдмол гажгийнх 6.9% бусад өвчнийх 17.7% байна. Төрмөл гажгийн нас баралт сүүлийн 10 жилд эхний 10 жилийнхээс 2.3%-иар буурсан байхад олдмол гажгийнх 1.4%-иар өссөн байна. Энэ нь олдмол гажгийн үед гэмтсэн 1-3 хавхлагийг төгс засч хиймэл хавхлаг суулгах хагалгааг нэлээд олон хийх болсонтой холбоотой юм. Тухайлбал эхний 10 жилд хавхлагийн дутмагшлийн үед хиймэл хавхлаг суулгах хагалгааг 6 хүнд /3.3%/ хийсэн бол сүүлийн 10 жилд 81 хүнд /19.7%/ 1-2 хавхлагийг хиймэл хавхлагаар нэгэн зэрэг солих хагалгаа хийсэн байна. Зүрхний бусад өвчин 17.7% байгаа бөгөөд энэ бүлэгт зүрхний бэтэг, гадны биет /зүү, венийн катетер/ хавдар / ихэвчлэн миксом/ авах, зүрхний титэм дутлын үед гол судас-титмийн холбоос хийх, үрэвслээс хатуурч зузаарсан үнхэлцэг хальсыг хуулж авах, том судасны бөглөрөлийг арилгах зэрэг хагалгаануудыг оруулсан бөгөөд эдгээр нь цөөн тохиолддог, онош, эмчилгээний талаар нэгдсэн арга барил, туршлагатай болж чадаагүй, зарим зохих бэлтгэл хангах хугацаа хомс, яаралтай хагалгаа хийгддэг өвчнүүд юм. Өвчтөний нас баралтыг хагалгаа хийсэн нөхцлөөр нь гаргасан үзүүлэлтийг хүснэгт 5-д үзүүлэв.

Харьцуулан үзэхэд II! арван жилд нийт хийгдсэн хагалгааны тоо 2.5 дахин нэмэгдэж, зүрхний доторхи гажгуудыг “нээлттэй” зүрхний нөхцөлд засах хавсармал хүнд гажгуудад хийгдсэн хагалгаа бараг 1 дахин өссөн хэдий ч нас баралт тогтмол бууреан байна. Хагалгааны дараахь нас баралтын үндсэн шалтгаанууд нь зүрх судасны дутагдал 38.7%, амьсгалын дутагдал 13.2%т идээт халдварын хүндрэл 14.1%, цус алдалт 21.3% уураг тархи, бөөр, элэгний хүндрэл 7.8%-ийг тус тус эзэлж байв.

Бид ОХУ-ын ижил үйл ажиллагаатай зүрх судасны мэс заслын төвүүдийн үзүүлэлтүүдтэй /Обухов В.Н, Караськов А.М, 1997/ дээр дурдсан үндсэн үзүүлэлтүүдийг харьцуулсныг хүснэгт 6-д үзүүлэв.

Хагалгааны үр дүнд зүрхний мэс заслын үйл ажиллагааны хэмжээ, ачаалал, зорилго, хагалгаа хийдэг зүрхний өвчин төрөл, хэлбэр, үе шат, хамтлагийн мэргэжлийн хүн хүчний болон ажлын нөхцөл, оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн хангамж, хуримтлуулсан туршлага, нээлттэй зүрхний хагалгаанд гипотерми болон цусны зохимол эргэлтийн алийг нь хэрэглэсэн зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлдөг нь гарцаагүй юм.

Зүрх судасны ихэнх өвчнүүдийг мэс заслаар төгс засах боломж олгодог арга бол “нээлттэй” зүрхний мэс засал юм. Бид "нээлттэй” зүрхэнд хийсэн хагалгааны үр дүнгээ ОХУ-ын зарим хотуудын зүрх судасны мэс заслын төвүүдийн үзүүлэлттэй харьцуулсан байдлыг хүснэгт 7-д үзүүлэв.

Эдгээр төвүүдийг сонгохдоо хагалгааны тоо хэмжээ, болон “нээлттэй” зүрхний аль ч аргыг адил сонгож хэрэглэдэг байдлыг харгалзан авсан бөгөөд эдгээр төвүүдийн үзүүлэлтүүд нь 1975-1990 оны хугацааг хамарсан үзүүлэлт юм /Обухов В.Н, Караськов А.М, 1997/.

Бид нээлттэй зүрхний аргыг сонгохдоо зүрхний гажгийн төрөл, хэлбэр, байрлал, хүндрэл болон өвчтөний биеийн ерөнхий байдал, гажгийг засахад шаардагдах хугацаа зэргийг харгалзан үзэж сонгодог. Тухайлбал ихэвчлэн зүрхний таславчийн цоорхой гажигтай, эрсдэл харьцангуй бага /хүндрээгүй/ гажгийг богино хугацаанд засах боломжтой үед гипотермийн аргыг хэрэглэж байна. Олон гажиг хавсарсан, эрсдэл ихтэй, засахад удаан хугацаа шаардагддаг, хүндрэлтэй хүнд өвчтнүүдэд /таславчийн цоорхойн хавсарсан болон уушгины гилертензи ихтэй гажгууд, хиймэл хавхлага суулгах, гол судас-титмийн судасны залгаас хийх зэрэг удаан хугацааны хүнд хагалгаанд цусны зохиомол эргэлтийг хэрэглэж байна. Зүрхний хоёр хавтаст хавхлагийг хиймэл хавхлагаар солих хагалгаанд цусны зохиомол эргэлтийн хугацаа дунджаар 113,5 мин, гол судасны хавхлагийг солиход 115.2 мин, гол судас, хоёр хавтаст хавхлагийг нэг дор солиход 159.7 мин байсныг хиймэл хавхлаг суулгасан 100 гаруй хагалгааны материалд тулгуурлан бид урьд нь тодорхойлж бичсэн болно / Ё.Бодьхүү, Л.Галсумъяа, 1998/.

Цусны зохимол эргэлтийн арга нь хагалгааны хугацаанд хүний зүрх, уушгины үйл ажиллагааг орлон бие махбодын цусны эргэлт хийн солилцооог хангадаг өвөрмөц, нарийн технологитой арга болохын зэрэгцээ энэ аргыг хамгийн хүнд өвчтөнүүдэд хэрэглэдэг учир нас баралт харьцангуй өндөр байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд цусны зохиомол эргэлтэнд цус шингэрүүлэх гемодилюци аргыг нэвтрүүлэн донорын цус бараг хэрэглэхгүй болсон, зохимол эргэлтийг биеийн хөргөлттэй хавсран явуулах, хагалгааны үед зүрхний агшилтыг тодорхой хугацаанд зогсоож /кардиоплеги/ зүрхний булчинг хамгаалдаг арга зэргийг нэвтрүүлснээр нас баралт тууштай буурч байгаа юм. Үүнийг Новосибирск хотын цусны эргэлтийн эмгэг судлалын хүрээлэнгийн үзүүлэлтээс үзэж болно. Тус хүрээлэнд цусны зохимол эргэлттэй хагалгаа 1960-1969 онд 127 хүнд хийж нас баралт 42.5 %, 1970-1979 онд 376 хүнд хийж 48.9% байсан бол 1980-1989 онд 512 хүнд хийж 37.3%, 1990- 1996 онд 1423 хүнд хийж нас баралт 21.1% хүртэл буурчээ /Обухов В.Н, Караськов А.М, 1997/.

Өнгөрсөн хугацаанд зүрх судасны мэс заслын хамтлаг хот, хөдөөгийн сургуулийн бага анги, ясли, цэцэрлэгийн бүгд 40 мянга гаруй хүүхдэд үзлэг хийж манай оронд зүрхний төрөлхийн гажиг 1.23-1.56% / Ц.Бундан, Д.Эрдэнэчулуун 1991/ тохиолдож байгааг судлан тогтоохын хамт хөдөө орон нутагт /10 аймагт/ нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх артерийн битүүрээгүй цорго, хоёр хавтаст хавхлагийн нарийсал, тосгуурын ба ховдлын таславчийн цоорхой гажигтай бүгд 102 хүнд нормо ерми ба гипотермийн нөхцөлд хагалгаа хийж эмчилжээ. Зүрх судасны мэс заслын үйл ажиллагааны материалд тулгуурлан шинжлэх ухааны доктор 3, анагаах ухааны дэд докторын диссертаци 14 хүн бичиж амжилттай хамгаалжээ. Зүрх судасны мэс заслын хамтлагаас 6 хүн / Т.Шагдарсүрэн, С.Загд, Ж.Моондой, Ё.Бодьхүү, Ц.Бундан, Р.Пүрэв/ төрийн шагнал, 1 хүн /Р.Пүрэв/ ардын эмч 1 хүн /Н.Баасанжав/ хүний гавьяат эмчийн цолоор шагнуулсан байна. Мэргэжлийн чиглэлээр явуулсан судалгааны дүнд тулгуурлан ном

  1. дууссан ажлын тайлан 9, аргачилсан зөвлөмж 91, эрдэм шинжилгээний өгүүлэл 900 гаруй, шинэ бүтээл 16 гаруй оновчтой санал 130 гаруйг гаргаж практикт нэвтрүүлсэн байна.

Дүгнэлт

  1. Зүрх судасны мэс заслын тасагт өнгөрсөн хугацаанд 3592 хүнд зүрхэнд мэс засал хийсний 70.3% нь төрөлхийн, 25.5% нь олдмол гажигтай байв. Нийт амчлүүлэгчдийн 48.8% нь 15 хүртэлх насны хүүхэд байсан ба хагалгааны 50.6%-ийг гипотерми ба цусны зохиомол эргэлтийн нөхцөлд “нээлттэй” зүрхэнд хийжээ. Нийт нас баралт 6.8% байв. Цаашид зүрхний гажгийг бага насанд нь засах, зүрхний цус тасалдах, хэм алдагдах өвчнүүдийг мэс заслаар эмчлэх, судасны дотуурхи мэс заслыг эзэмшиж нэвтрүүлэх зорилт тавьж байна.
  2. Зүрхний мэс заслын хамтлагийн өмнө дор дурдсан зорилтууд тавигдаж байна.

-Өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны ололт амжилт, дадлага туршлагадаа тулгуурлан оношлогоо, эмчилгээний шинэ арга, технологийг өргөн нэвтрүүлэн боловсронгуй болгож өргөжүүлэх, ялангуяа бага насны хүүхдийн гажгийг аль болох эрт оношлож эмчлэх

-Зүрхний олдмол гажгийн үед хавхлага суулгах аргыг өргөн нэвтрүүлж үр дүнг сайжруулах

-Гэнэтийн нас баралтын үндсэн шалтгаан болж буй зүрхний цус тасалдах болон хэм алдагдах өвчнүүдийн орчин үеийн оношлогооны аргуудыг нэвтрүүлж мэс засал /судасны холбоос тавих/ болон ангиопластик, цахилгаан идэвхжүүлэгч /кардиовертер- дефибриллятор/ суулгах зэрэг аргуудыг нэвтрүүлэх

-Сүүлийн жилүүдэд зүрхний өвчин, гажгуудыг төгс эмчлэхэд нэвтэрч буй судсан дотуурхи мэс заслын аргуудыг эзэмшиж нэвтрүүлэх

Эдгээр зорилтуудыг биелүүлэхэд юуны өмнө оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж, аппарат багаж хэрэгслийг шинэчлэн сайжруулах, хангах түүнчлэн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийг гадаад орнуудад тодорхой мэргэжлээр сургаж бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна.

Ном зүй

1.Л.А.Бокерия бусад Грудная и сердечно- сосудистая хирургия. 1996 №3 с. 6-21.
2.Е.Е.Литасова, Ю.А.Власов. Журнал Паталогия кровообращения и кардиохирургия 1997. №1. х. 58-71.
3.Ё.Бодьхүү, Л.Галсумъяа Зүрх-судасны эмгэг судлалын тулгамдсан асуудлууд. Бүтээлийн эмхтгэл. 1998.х.23-25.
4.Обухов В.Н, Каравьков А.М. Журнал Патологиякровообращения и кардиохирургия. 1997, №1, х.98-109.
б.Эрдэнэчулуун. Дэд докторын диссертаци. 1991 он
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Б. Гоош


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1835
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК