Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 1(07)
Рефракцын бүлгийн мэндчилгээ
( Редакцийн зурвас )

МНЭН-н рефракцын бүлэг

 

 

Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн дэргэдэх рефракцын бүлгээс энэ удаагийн дугаарыг эрхлэн гаргаж та бүхэндээ хүргэж байгаадаа таатай байна.

Засагдаагүй рефракцын гажиг нь дэлхий дахинд сул хараанд хүргэж байгаа үндсэн шалтгаан, сохролд хүргэж байгаа хоёрдахь шалтгаан болж байгаа гэдгийг бид бүхэн мэднэ. “CITYOPTIC” хараазүйн төвөөр 2 жилийн хугацаанд хараа шалгуулсан хүмүүсийн 20 орчим хувь нь хүнд ба хөнгөн хэлбэрийн амблиопитой болох нь бидний хийсэн судалгаагаар тодорхойлогдсон билээ. Энэ үзүүлэлт нь бидний сэтгэлийг үнэхээр түгшээж байгаа бөгөөд энэ талаар цаашид нарийн судалгаа хийж, амблиопигаас урьдчилан сэргийлэх, эмчлэх дорвитой арга хэмжээ авах шаардлагатайг харуулж байна.

Хүн амын дунд хараагаа хэрхэн хамгаалах, сул хараанд хүргэж болох рефракцын гажгийг хэрхэн таних зэрэг мэдээлэл, анхан шатны тусламж үзүүлдэг эмч нарын дунд харааг шалгах, ялангуяа хүүхдийн хараа шалгах, амблиопийг эрт илрүүлэх талаарх сургалтыг эрчимжүүлэх, хараа шалгах стандарт, удирдамжыг боловсруулан мөрдлөг болгох зэрэг ажлуудыг хийх нь чухал байгаа юм. Түүнчлэн нүдний эмч нарт хараа шалгах сургалт семинарыг үе шаттай явуулах нь бидний эрхэм зорилго болж байна.

Хүүхдийн хараа зүй, ажлын байрны хараа зүй, мэдрэлийн хараа зүй, харааны алдагдлыг сэргээх, сонтастолог зэрэг нарийн мэргэжлээр хүн сургах, мөн энэ салбарын мэргэжлийн багш бэлтгэх цаг иржээ.

Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн дэргэд байгуулагдсан рефракцын бүлгээс гадаадын эрдэмтэн, мэргэжилтнийг урьж, өөрсдийн боловсон хүчний тусламжтайгаар сургалт семинар зохион байгуулах, рефракцын чиглэлээр дэлхий дахин дахь сүүлийн үеийн шинэлэг мэдээллээр хангах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж мөн эхлүүлсэн байгаа.

Сэтгүүлийн энэхүү дугаарт нүдний эмч нарын өдөр тутмын практик үйл ажиллагаанд нь бага ч гэсэн нэмэр болохуйц мэдээллээр хангахыг хичээлээ. Тухайлбал, хугарлын гажгийн коррекц хийх, амблиопийн оношлогоо, эмчилгээ, контакт линз тааруулах зэрэг зөвлөмжүүд, мөн шөнийн миопийн тухай, нүд судлалын практикт эдүгээ хүртэл маргаантай байгаа асуудал болох циклоплеги хийх үү, үгүй юу, миопийн үед шилний хүчийг багасгаж зүүлгэх нь зөв үү, үгүй юу гэх мэтчилэн сүүлийн үеийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын тоймоос нийтлүүлсэн.

Цаашид эрхэм хүндэт эмч, эрдэмтэн та бүхний мэргэн зөвөлгөө, саналыг дуртайяа хүлээн авах бөгөөд рефракцын бүлгийнхэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 397
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК