Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2000, 2(111)
Алтан гагнуур-2000
( Редакцийн зурвас )

П. Нямдаваа

 

Хүн гэдэг амьтан нэг талаас өөрийнхөө дахин давтагдашгүй онцлогоо илрүүлэн олж бусдаас ялгарахыг эрмэлздэг боловч нөгөө талаас бас өөрииг нь бусадтай холбож байгаа нийтлэг шинжииг байнгад эрэлхийлэн нэгдэхийг хүсч байдаг ажээ. Тийшээс ч нутаг нугаараа, мэргэжил сонирхлоороо, үзэл бодлоороо албан болоод албан бус ашиг сонирхлын бүлгүүд үүсэн бий болдог байна. Нэн эртний ийм ашиг сонирхлын бүлэг нь төгссөн сургуулиа дагасан холбоо юм.

Өрнө дахинд дундат зууны үеэс нэн түгээмэл байсан тэжээгч буюу өрлөг эхтэй адилтган төгссөн сургуулиа Alma mater буюу латинаар өрлөг эх гэдгийг тэмдэглэсэн үгээр нэрлэж, өөрсдийгөө тэжээгдсэн буюу хөхөөр нь бойжсон хүүхдийн латин нэр болох alumnus буюу alumna гэж нэрлэн холбоо болон нэгдэх заншил Европ дажинд эртнээс уламжлал болсон аж.

БНМАУ-ын Анагаах ухааны дээд сургууль(АУДС)-ийг төгссөн хэсэг эмч, мэргэжилтнүүд 1998 оны 5 дугаар сарын 8-нд цуглаж ярилцаад одоогийн Анагаах ухааны их сургууль (АУИС)-ийн үндэс суурь болсон МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет, АУДС болон АУИС-ийн үе үеийн төгсөгчдийг нэгтгэж, ахмадуудынх нь туулсан замнал, ажил амьдралынх нь баялаг туршлагыг залууст нь хүргэж, шинэ үеийнхний нь шинэ ололт, цог жавхааг ахмадуудад нь танилцуулах, АУИС-ийн сургалтын түвшинг олон улсын жишигт хүргэхэд тус дэм үзүүлэх зорилготой төрийн бус байгууллага зохион байгуулъя хэмээн зориг санаа шулуудсан билээ, "АУИС Төгсөгчдийн Холбоо” 1998 оны намраа Монгол улсын Хууль зүйн яаманд бүртгүүлж, гэрчилгээгээ авснаар бид Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон юм.

Тус холбооноос зохион байгуулж эхлэж буй нэг  ажил бол жил бүрийн хавар төрөлх сургуулийнхаа төгсөлтийн үеэр уг оны шинэ төгсөгчдийг арав, арван жилийн зайтай өмнө төгсөгчидтэй нь уулзуулах "Алтан гагнуур" чуулга уулзалт юм. Энэ чуулга уулзалтаа "Алтан гагнуур" гэж нэрлэх болсон нь бас учиртай.

Нэгдүгээрт. шинжлэх ухааны нэрээрээ бол Sedum L, гэх Монгол алтангагнуур буюу могойн идээ хэмээх зузаалайн овгийн цэцэг бол жинхэнэ

Монгол унаган ургамал, хоёрдугаарт, энэ цэцэгний үндсийг монгол уламжлалт эмнэлэгт бяцарсан, хугарсан ясыг барьцалдуулан бороолуулах, бэхжүүлэхээр хэрэглэдэг, гуравдугаарт, энэ ургамлын фармакологийн судалгааг хийсэн эрдэмтэн нь МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетын деканаас эхлээд АУДС-ийн захирлаар байгуулагдсан цагаас нь 1987 он хүртэл 30 шахам жил буюу хамгийн урт удаан хугацаанд ажилласан доктор, профессор Дэмбэрэлийн Балдандорж (1923-1997) юм. Тиймээс "Алтан гагнуур" чуулга уулзалт маань АУИС төгсөгчдийн үе үеийнхнийг алтангагнуурын үндэс шиг холбон бэхжүүлж байгаасай хэмээн бэлгэдсэн хэрэг. "Алтан гагнуур-99” анхны чуулга уулзалтыг 1999 оны 6 дугаар сарын сүүлчээр 1999 оны төгсөгчид хүний эмчийн тангарагаа өргөсөн өдөр нь зохион байгуулж, 1999 оны төгсөгчид МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг 1949, 1959 онд, АУДС-ийг 1969, 1979, 1989 онд төгсөгчдийн төлөөлөгчидтэй уулзсан нь оролцогчдын сэтгэлд нийцжээ. Тиймээс бид энэ оны "Алтан гагнуур-2000" чуулга уулзалтаар МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетийг 1950, 1960 онд, АУДС-ийг 1970, 1980, 1990 онд төгсөгчдийг АУИС-ийг 2000 онд төгсөгчидтэй уулзуулахаар нилээн эртнээс бэлтгэж, ноднингийн оролцогчдын саналын дагуу ганц өдөр бус хоёр өдөр дамнуулан, эхний өдөр чуулга уулзалтанд оролцохоор цуглаж буй ахмад төгсөгчдийн эрдмийн чуулган, дараахи өдөр нь "Мөнгөн хонхны баяр"-тай давхацсан нийт төгсөгчдийн уулзалт байхаар бодож бэлтгэсэн юм. Мөн манай холбоо санаачлан байгуулагчдынх нь нэг болох "Монголын анагаах ухаан" сэтгүүлийнхээ нэг дугаарыг "Алтан гагнуур-2000" чуулга уулзалтанд бүрэн зориулахаар шийдсэнээ уншигч Та бүхэнд ийнхүү өргөн барьж байна. Та уншин танилцаад цааш цаашдын "Алтан гагнуур" чуулга уулзалтыг улам сонирхолтой, хэрэгтэй, дурсамжтай, үлдэцтэй болгохын тулд юу хиймээр байгаа тухай саналаа манай сэнгүүлийн хаягаар ирүүлнэ гэж итгэж байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 726
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК