Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 4(36)
Цусаар дамжиж үүсэх остеомиелитийн мэс заслын эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

В.Ичинхорлоо (Доктор, профессор), Д.Жодов   (Анагаах ухааны дэд эрдэмтэн)

 
Абстракт


 

Цочмог ба архаг остеомиелитыг эмчлэх талаар сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байгаа боловч мэс заслын эмчилгээний дараа гарах хүндрэл, дахилт, нас баралт нилээд хэмжээтэй байгаа юм. 1976 онд Зөвлөлтийн В.С.Кононов, A.Н.Дикова нарын мэдээлснээр остеомиелитын хагалгааны дараахь нас баралт 3,3-8,5% байхад хагалгааны дараахь дахилт И.С.Венгеровский, М.Л.Дмитриев нарынхаар 13-36,3% байна. 1965-1975 онд тус 3-р эмнэлгийн 2-р тасагт 15 хүн эмчлүүлжээ. Киргиз CСP-ийн У.Ш.Шакирова, В.С.Кононов нарын мэдээлснээр тэдний эмнэлэгт нэг жилд 18-20 остеомиелиттэй хүн эмчлүүлдэг байна. Остеомиелиттэй өвчтөний нас баралт дахин өвдөлтийн талаар судлаачдын судалгаа их зөрүүтэй байгаа нь түүний эмчилгээ бүрэн төгс боловсрогдоогүйтэй холбоотой юм. Манай судалгаанд хамрагдсан бүх остеомиелитын 77% нь чөмөгт ясных байгаагийн ихэнх нь буюу 85,4% нь шилбэнийх байлаа. Остеомиелитын мэс заслын эмчилгээний үр дүнг аль болохоор сайжруулахын тулд цочмог ба архаг остеомиелитын үед гарах хордлого, цусан халдварыг нэн даруй арилгах хэрэгтэй төдийгүй дахин өвчлүүлэхгүй төгс эдгээх аргыг боловсруулах шаардлагатай байгаа ба мөн одоогийн хэрэглэж байгаа мэс заслын аргуудад байнга үнэлэлт өгч түүнийг төгөлдөржүүлж байх нь чухал юм. 1925 онд Т.П.Краснобаевын дэвшүүлсэн остеомиелитыг эмчлэх сонгомол арга зарчмын хувьд хүчин төгөлдөр байгаа боловч анагаах ухааны хөгжлийн үр дүнд засагдаж, шинэчлэгдсээр улам боловсронгуй болж байна. Цочмог остеомиелитэд өргөн хэрэглэж байгаа мэс заслын арга нь ясны идээт голомтоос болж үүссэн буглааг хэсгийн мэдээ алдуулалтаар нээж антисептикийн уусмал бүхий чихээс чихэх арга юм.

Хүснэгтээс үзэхэд 18 хүний 13-ын шарх, 11-ийн нь үлдэгдэл хөндий идээлж, 17-д идээт цорго үүсч, 7 нь дахин өвчилж, 1 нь нас барсан ба дунджаар 36-68 ор хоног эзэлсэн байна. Энэ нь аргыг улам боловсронгуй болгохыг шаардаж байгаа тоо юм. Ясан доторхи идээт голомт бүрмөсөн арилж чадаагүйгээс хагалгааны дараа хордлого, цусан халдвар үргэлжилж удаан хугацаагаар антибиотик хэрэглэснээс түүнд тэсвэртэй нянгийн дүрс бий болж өвчнийг ужиг явцтай болгодог. Мөн идээт голомт удаан байснаас ясны эд эс хатуурах цоорох зэрэг өөрчлөлт өгч, үсэрхийлсэн шинэ голомтыг үүсгэдэг. Бид цочмог остеомиелитын үед зөөлөн эд, ясны хальсыг ярж тэнд бугшсан идээг гаргасны дараа лимбэний нүх шиг цооногуудыг гаргаад идээг цэвэрлэж полихлоринил гуурсыг нэг захын цооногоор оруулж нөгөө захынхаар гарган зөөлөн эдийг үечлэн битүүлэв. Хагалгааны дараа хөндийг дунджаар 7-14 хоногийн турш антисептикийн уусмал болон новокайнаар угааж антибиотик хийв. Хагалгааны үед 22 хүний 5 хүний шарх идээлж, 2-т үлдэгдэл хөндий идээлж, 3 хүнд идээт цорго үүсч 1 нь дахин өвчилсэн ба ор хоног нь 57-гоос цөөн байв. Энэ арга нь бусад аргуудтай харьцуулахад (1-р хүснэгтээс) үр дүн сайтай байна. Архаг остеомиелитыг эмчилдэг түгээмэл бөгөөд сонгомол арга нь ясыг цүүцдэж онгойлгоод хэмийн арилгаж хөндийд хуурай антибиотик цацаж зөөлөн эдийг битүүлэх арга юм. Секвестреэктомийн үр дүнг хүснэгтээс харахад 45 хүний 9-ийн шарх, 14 хүний үлдэгдэл хөндий идээлсэн ба 21 хүнд идээт цорго гарч 12 нь дахин өвчилж, эзэлсэн ор хоногийн тэн хагасаас илүү нь 18-аас дээш хоног байв. Харин битүүлж оёлгүй гуурсаар угаах аргыг хэрэглэхэд (хүснэгтийн дороосоо хоёрдахь мөрөнд байгаа) 11 хүний арьсны шарх идээлж, 2 хүнд идээт цорго үүсч, эзлэх ор хоног нь 57-гоос хэтрээгүй байна. Архаг остеомиелитыг эмчлэх нөгөө нэг apra бол секвестреэктоми хийсний дараа үлдэх хөндийг булчин буюу биологийн төрөл нэгт эдээр чигжих арга юм. Булчингаар хөндий чигжиж гуурсаар угаах аргыг хэрэглэсэн бөгөөд уул эмчилгээний үр дүнг үзвэл (хүснэгтийн дороосоо 4 дэх мөрөнд байгаа) 15 хүний 2-ын нь шарх идээлж, 1 хүний үлдэгдэл хөндий идээлснээс өөр хүндрэлгүй байгаагийн дээр эзлэх ор хоног 37-гоос хэтрээгүй байна.

Дүгнэлт

  1. Цочмог остеомиелитын үед хордлого цусан халдварыг түргэн арилгах ба цаашдаа ужиграхаас сэргийлэх найдвартай арга нь ясыг цоолж идээг гаргаад угаах арга юм.
  2. Архаг оетеомиелитын секвестреэктоми хийсний дараа үлдэх хөндийг биологийн чигжээсээр чигжиж угаах мэс заслын эмчилгээ нь үр дүн сайтай юм.
  3. Остеомиелитыг төгс төгөлдөр болгохын тулд цаашид шинжилгээ судалгааны нарийн ажлыг хийх нь зүйтэй. (1977 оны материал)
Ном зүй

1.Венгеровский Ц.С, «Сов, хир» 1936 № 6 стр. 10.
2.Остеомиелит у детей. М. 1964;
3.Гринев М.В. Хирургическое лечение хронического остеомиелита. Хирургия, 1975. № 4, стр. 72-76;
4.Дикова A.А, Колосов О.Я. Хирургия 1965, 7, стр 26-33.
5.Дмитриев М.Л. и другие. Очерки гнойной хирургии у детей. М., 1972
6.Краснобаев Т. П. «Труды 17-го съезда Российских хирургов» Л. 1925
7.Кононов В.С. Гематогенный остеомиелит у детей. Дисс, докт., Фрунзе, 1970
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 693
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК