Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 4(36)
Антибиотикийн хэрэглээнд хийсэн судалгааны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Л.Хүрэлбаатар (Эрдэм  шинжилгээний ажилтан), Н.Жамбалдорж (Эм зүйч)

 
Абстракт

Изучено потребление антибиотиков за последние 9 лет (1971-1979 гг). Устанолено, что потребление антибиотиков за эти годы увеличилось в 2,7 раза и ежегодный темп роста составляет 13,3%. Удельный вес антибиотиков в общем потребленим достиг 43,9%.

Сүүлийн жилүүдэд манай улсын эрүүлийг хамгаалах систем улам өргөжин, эмийн хангамж эрс сайжирч байна. 1971-1979 онуудад нийт эм барааны хэрэглээ жилд дунджаар 8,2%-иар нэмэгдэж, 1979 оныхыг 1971 оныхтой харьцуулахад бараг 2 дахнн өсчээ. Манай оронд эмчилгээнд хэрэглэж буй эмийн нэг чухал бүлэг бол антибиотик билээ. Бид антибиотикийн үлдэгдлийг Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын улсын эм барааны нэгдсэн бүртгэл, орлогыг эмийн гадаад болон дотоод захиалгын гүйцэтгэл зэрэг материалуудаас авч, хэрэглээг худалдааны балансын томъёог (1) ашиглан тодорхойллоо. Антибиотик сүүлийн жилүүдэд манай орны эмчилгээний практикт өргөн нэвтэрч, түүний хангамж эрс сайжирч байна. 1-р хүснэгт

Манай улсад 1971 онд 30 шахам нэр төрлийн 14,1 сая төгрөгийн антибиотик хэрэглэж байсан бол 1979 онд 40 гаруй нэр төрлийн 38,3 сая төгрөгийн антибиотик хэрэглэжээ. Энэ хугацаанд антибиотикийн хэрэглээ 2,7 дахин өссөн байна. Антибиотикийн хэрэглээний өсөлтийн хурд 1971-1975 онд жилд дунджаар 26,5% байсан бол 1976-1979 онд 31,9% болж нэмэгджээ. Ийнхүү антибиотикийн хэрэглээний өсөлтийн хурд нийт эмийн хэрэглээнээс түрүүлж, түүний хувийн жин ихэсч байна. Нийт эм бараанд эзлэх антибиотикийн хувийн жин 1971 онд 30,6% байсан бол 1979 онд 43,9%-д хүрчээ.

Зураг 1-ээс үзэхэд нэг хүнд дунджаар ногдох антибиотикийн хэмжээ 1971-1979 онд 2 дахин нэмэгджээ. 1979 онд нэг хүнд дунджаар 23 төгрөг 14 мөнгөний антибиотик ногдож байна. Антибиотикийн хэрэглээг бид пенициллиний, стрептомициний, тетрациклины, левомицетиний болон бусад гэж 5 бүлэг болгон хувааж судаллаа. Хүснэгт 2-ыг үз. Пенициллиний бүлгийн антибиотик эмийн хэрэглээ 1971-1979 онд жилд дунджаар 24,8%-иар өсч, энэ хугацаанд бараг 6 дахин нэмэгдсэн байна. 1971 онд улсын хэмжээгээр 3,2 сая төгрөгийн пенициллиний бүлгийн эм хэрэглэж байсан бол 1979 онд 19,3 саяд хүрчээ. Өөрөөр хэлбэл манай улсын нэг иргэнд одоо жилд дунджаар пенициллиний бүлгийн 11 төгрөг 82 мөнгөний эм ногдож байна. Стрептомициний болон левомицетиний бүлгийн эмийн хэрэглээ сүүлийн 9 жилд харьцангуйгаар удаад, жилд дунджаар 1,8-6,4 %-иар өсч байна. Харин тетрациклиний болон бусад бүлгийн антибиотик эмийн хэрэглээ жилд дунджаар 11,1-13,2%-иар өсч, сүүлийн 9 жилд 2,3-2,7 дахин нэмэгджээ.

Дүгнэлт

  1. Антибиотикийн хэрэглээ сүүлийн 9 жилд (1971-1979) 2,7 дахин нэмэгдэж, нийт эм бараанд эзлэх түүний хувийн жин 43,9% болжээ.
  2. Антибиотикийн хүрэлцээ хангамж сайжирч байгаа тул түүнийг зөв зохистой зарцуулах. Үүнд:

а) стационарт эмчлүүлж буй өвчтөн бүрийн антибиотик мэдрэмтгий чанарыг бүрэн шалгаж байх.

б) антибиотик эмийг зөвхөн онц шаардлагатай үед өвчтөнд хэрэглэх.

в) эмийн сангаас хөдөлмөрчдөд антибиотикийг тогтоосон журмыг хатуу баримтлан олгож байх шаардлагатай байна.

Ном зүй

1. Прокопишин В.И. Организация аптечных учреждений М. 1977. стр 118.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2097
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК