Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 1(07)
“CITY OPTIC” хараазүйн төвөөр үйлчлүүлэгчдийн рефракцын байдалд хийсэн судалгааны үр дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Т.Гэрэл1, Ч.Эрдэнэбат1, Т.Булган2, Э.Одбаяр1

1 “CITY OPTIC” хараазүйн төв, 2 Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 

Хугарлын гажиг нь хамгийн элбэг тохиолддог нүдний өөрчлөлт юм. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр засагдаагүй рефракцын гажиг нь хараа алдалтын хамгийн гол шалтгаан ба сохролд хүргэдэг 2 дахь үндсэн шалтгаан болж байна.

Судалгааны ажлын зорилго

CITY OPTIC” хараазүйн төвөөр нийт үйлчлүүлсэн хүмүүсийн рефракцын байдалд судалгаа хийж үр дүнг тооцох

Судалгааны арга, материал

CITY OPTIC” хараазүйн төвөөр 2008 оны 8 сараас 2010 оны 3 сар хүртэл үйлчлүүлсэн нийт 3129 хүний рефракцыг объектив болон субъектив аргаар, агшингийн судалгааны загвараар тодорхойлсон.

  1. Япон улсад үйлдвэрлэгдсэн ShinNippon Acurief-К 9001 авторефрактометрыг ашиглан рефракцыг объектив аргаар тодорхойлсон.
  2. 2008 онд Герман улсад үйлдвэрлэгдсэн Carl Zeiss фирмын проектор болон фороптер ашиглан рефракцыг субъектив аргаар тодорхойлсон.
  3. Шаардлагатай тохиолдолд циклоплегийг хэрэглэсэн.

Судалгааны үр дүн

Судалгаанд хамрагдсан нийт 3129 хүний 63.1% нь эмэгтэй, 36.9% нь эрэгтэй байсан ба насны хувьд 9 бүлэгт ангиллаж үзэхэд хамгийн их үйлчлүүлсэн нь 18-35 насны хүмүүс (45.8%) байхад сургуулийн өмнөх насны хүүхэд хараа шалгуулах нь хамгийн бага байна (0,3%) (Хүснэгт 1, Зураг 1, 2)

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн харааны чадлыг шилээр засаагүй байдлаар тэмдэглээгүй байсан тул зөвхөн зассаны дараах харааны чадлыг зураг 3, 4-д үзүүлэв.

Хамгийн сайн коррекц өгч байгаа шилээр нийт үйлчлүүлэгчдийн баруун нүдний 78%, зүүн нүдний 78.9% нь Visus 0.9-1.0-тэй болсон ба баруун нүдний 22%, зүүн нүдний 21.1% нь хүнд ба хөнгөн хэлбэрийн амблиопитой болох нь тодорхойлогдсон (Зураг 3,4).

Цилиндргүй болон 0.75D хүртэлх цилиндр илэрсэн тохиолдолд астигматизмгүй гэж үзсэн.

Нийт 1951 баруун нүдэнд миопи оношлогдсоны 51.2%-д нь -2.0D хүртэл буюу сул зэрэглэлийн миопи, 1919 зүүн нүдэнд миопи илэрсэний 52,2% нь мөн сул зэрэглэлийн миопи байсан (Хүснэгт 2).

Нийт 315 баруун нүдэнд, 292 зүүн нүдэнд гиперметропи илэрсэн ба баруун нүдний 74.6%, зүүн нүдний 78.8%-д нь +2.0D хүртэлх сул зэрэглэлийн гиперметропи тус тус илэрсэн байна (Хүснэгт 3).

Цилиндрын хүч 1.0 болон 1,0D-с дээш бол астигматизм гэж үзэн 4 бүлэгт хуваасан. 764 баруун, 819 зүүн нүдэнд астигматизм илэрсэн ба баруун нүдний 74.1%, зүүн нүдний 72.4%-д нь 2D хүртэлх астигматизмтай байсан (Хүснэгт 4).

Холын хараа 1.0 бөгөөд ойрын хараа муутай хүмүүсийг пресбиопитай гэж үзэн пресбиопитой боловч холын хараа муутай хүмүүсийг аметропитой гэж үзлээ. Судалгаагаар пресбиопитой хүн 3.2%-г эзэлжээ.

Нийт үйлчлүүлсэн 3129 хүний баруун нүдний 62,4%-д миопи, 10.1%-д гиперметропи, 24.3%-д нь астигматизм тус тус илэрсэн. Зүүн нүдний 61.3%-д миопи, 9.3%-д гиперметропи, 26.2%-д астигматизм илэрсэн (Хүснэгт 5, зураг 5, 6).

Дүгнэлт

Бидний хийсэн судалгааны үр дүнгээс харахад дараах дүгнэлтүүд гарч байна:

  1. Нийт үйлчлүүлэгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд байна (63.1%).
  2. Насны ангиллаар авч үзэхэд 18-35 насны хүмүүс илүүтэй үйлчлүүлсэн бөгөөд сургуулийн өмнөх насны хүүхдийн хараа шалгуулах хувь маш бага байна (0.3%).
  3. Рефракцын хэлбэрээр баруун, зүүн нүдний хувьд онцын ялгаагүй бөгөөд миопи давамгайлж, дараагаар нь астигматизм болон гиперметропи эзэлж байна. Миопи, гиперметропийн сул зэрэглэл нь илүү давамгайлж байна.
  4. Амблиопийн хувь харьцангуй өндөр тохиолдож байгаа нь судлагдлаа.
Ном зүй

1. “Хараа хурц, сэтгэл тэнүүн” (2009) Ч.Эрдэнэбат,Т.Булган, УБ
2. Abrams D. Duke-Elders practice of refraction, London (1993)
3. Diepes H.,(2004) Refraktionsbestimmung, Heilderberg - DOZ -Verlag
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: C.Манлай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1344
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК