Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1980, 4(36)
Хүүхдийн томуу өвчний эмнэл зүйн оношлолын зарим асуудал
( Эмнэлзүйн хөтөлбөр )

Н.Гэндэнжамц (Анагаах ухааны дэд эрдэмтэн), П.Батхүү (Анагаах ухааны дээд сургуулийн багш)

 

Сүүлийн жилүүдэд амьсгалын замын вирусын гаралтай хурц үрэвсэлт өвчнүүд бага насны хүүхдэд элбэг тохиолдож, тэдний өвчлөл, эндэгдлийн зонхилох шалтгааны нэг болж байна. Хүүхдэд тохиолдож байгаа бүх төрлийн халдварт өвчнүүдийн дотор эдгээр өвчин 80% (Н.А.Пискарева, 1975)-90% (С.Г.Чешик, 1979)-г эзэлж байгаагийн ихэнх нь томуу юм. Томуу нь богино хугацаанд хурдан тархаж, нэг зэрэг олон хүүхдийг өвчлүүлээд зогсохгүй, ихэвчлэн хүнд явцтай байдгаараа эмч мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна. Томуугийн вирусын бүтэц, амьдрах чадвар, онцлогийг орчин үед нилээд тодорхой судалсан боловч өвчний эмгэг явц, оношлолтын талаар бүрэн гүйцэд судлагдаагүй асуудал олон байгаа ба урьдчилан сэргийлэх найдвартай арга хараахан боловсрогдоогүй байна. Томуу өвчин богино хугацаанд тархаж олон хүн зэрэг өвчилж байгаагийн шалтгаан нь:

  1. Вирусын тархалт байгаль орчны онцлогоос хамаардаггүй.
  2. Бүх насны хүмүүс томуугаар өвчлөх боломжтой байдаг.
  3. Өвдсөний дараа тогтох дархлаа богино хугацаатай байдаг.
  4. Томуугийн вирус хувирамтгай байдаг.
  5. Нууц хугацаа богино (1-2 хоногоос хэтрэхгүй) тул халдвар
    хурдан тархах боломжтой.
  6. Насанд хүрэгсэд хөнгөн хэлбэрээр өвчилдгөөс ажлаа хийж
    бусдад халдвар их тараадаг.
  7. Халдвар агаар дуслын замаар тархдаг зэрэгтэй холбоотой юм.

Гзвч А-хүрээний вирусээр үүссэн томуу 1-3 жил тутамд дахин гарч байхад В-хүрээний вирусээр үүссэн томуу 3-4 жил тутамд дахин гардгийг судлаачдын баримт нотлов. Томуугийн вирус амьсгалын замын салст бүрхэвчийн хучаас эсүүдэд хурдан үржиж, хороо (эсрэгтөрөгч) ялгаруулна. Олонхи судлаачдын ажиглалтаас үзэхэд томуугийн вирус мөгөөрсөн хоолой, бүдүүн, гуурсан хоолойн хучаас эсүүд дотор үрждэгээрээ томуутай төстэй бусад өвчнөөс ялгагддаг ажээ. (Т.Я.Лярский, Л.О.Вишневецкая). Хэдийгээр хамрын салст бүрхэвч дэх булчирхайт давхрага интерферон хэмээх өвөрмөц хамгаалах бодис ялгаруулж амьсгалын замаар орж ирсэн бүх төрлийн вирусын хорыг саармагжуулдаг боловч, хүүхдэд интерферон бага ялгардаг учраас томуугаар болон бусад амьсгалын замын вирусээр амархан өвчилнө. Бид хүүхдийн томуу өвчний шалтгаан, тархалт, эмнэлзүйн зарим ажиглалтыг 1957 оноос эхлэн хийсэн боловч 1971 оноос ЗХУ, БНБАУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран орчин үеийн багаж аппаратууд ашиглан томуугийн вирус А. (Монгол 013) 71, вирус А (Улаанбаатар) 75 омгуудыг илрүүлэн өвчний эмнэлзүйг ажигласан нь нилээд нарийн судалгаа болсон юм. Томуугийн эмнэлзүй нь амьсгалын замын цочмог үрэвсэл болон хордлого гэсэн 2 хам шинжээр илэрдэг бөгөөд бүх өвчлөгсдийн 87,3%-д хурц, 27%-д хурцавтар байдалтай эхэлж байгаа юм.  (В.Д.Соболева 1971). Томуугийн үед хамгийн эрт илэрдэг шинжүүдийн нэг бол халуурах юм. 1974 оны эцэс 1975 оны эхээр гарсан вирус А (Улаанбаатар) 1975 омгоор үүссэн тахлын эмнэлзүйг ажиглахад өвчний эхний 2 хоногт өвчилсөн бүх хүүхдийн 71% нь 38-40 градус халуурч, эмчилгээний үр дүнд 2 дахь хоногоос алгуур, зарим хүүхдийн халуун огцомхон бууж байна. К.С.Ладада (1971) томуугаар өвчилсэн хүүхдийн 58%-нь 39-40 градус, 30%-нь 38-39 градус, 12%-нь 38 градус хүртэл тус тус халуурч байсныг ажигласан бол Б.Д.Соболева, М.Е.Сухерева нар бүх өвчлөгсдийн 22,4%-иас 25%-нь дахин халуурдгийг ажиглажээ. Томуугийн   үед   олонтой   тохиолддог  нэг  шинж   бол   толгой өвдөх юм. Өвдөлт голдуу духны хэсгээр эсвэл тодорхой байрлалгүйгээр илэрдэг ба хүүхэд заримдаа татаж хааяа бөөлжүүлнэ. Энэ нь гавлын доторхи даралт ихэдсэнтэй холбоотой. Ихэнх өвчтөнүүдэд толгой эргэх, нойр муудах буюу унтамхай болох зэрэг шинж илэрдгээс гаднa өвчлөгсдийн 40%-д ухаан балартах түр зуур ухаан алдах шинж илэрдэг. Томуугийн эхний 2-3 хоногт арьс хуурайшиж арьсны бичлэг (арьсан дээр зурах) цагаан болох өтгөн хатах, цусанд цагаан эс олшрох, зүрх судасны цохилт хурдасч, цусны даралт ихсэх зэрэг шинж илэрдэг нь симпатик мэдрэлийн цочролтой холбоотой. Гэвч өвчний хурц үе өнгөрсний дараа парасимпатик мэдрэлийн хүчдэл давамгайлж нус цэр ихээр ялгаран, нүүр цэлхэрч, гар хөл хөрөх, арьсны бичлэг улаан болж цусны даралт буурах, цусанд цагаан эс цөөрч, зүрхний цохилт удааширна. Томуу өвчний хордлого нь огиж бөөлжих, шингэнээр суулгах, хэвлийгээр өвдөх, хоолонд дургүй болох зэрэг хоол боловсруулах эрхтний хямралын хам шинжээр илрэхийн зэрэгцээ биеийн халуун гэнэт ихэсч, ухаан алдах буюу таталдах, бөөлжих зэрэг мэдрэл хордлогын шинжээр илэрнэ. Цусанд К ихэсч Са багасан, тархинд хүчилтөрөгч дутан, тархины болон тунгалгийн эргэлт хямарснаас тархи хавагнан гавлын дотор даралт ихэссэнээс татах шинж илэрдэг. Эдгээр хямрал өвчин эдгэрэх үед арилдаг боловч, зан ааш өөрчлөгдөх, анхаарал сулрах, ядрамтгай буюу цочромтгой болох зэрэг байдал хүүхдүүдэд нилээд удаан хугацаагаар үргэлжилдэг. Томуугийн вирусын хор зүрх судсанд нөлөөлж хялгасан судсуудын ханыг нэвчимтгий болгосноос хүүхдийн хамраас цус гоожих, салст бүрхэвч болон арьсаар цусархаг тууралт гарах, зүрхний үйл ажиллагаа өөрчлөгдөх шинжүүд цөөнгүй илэрнэ. Дээр дурдсан хам шинжүүд болон вирус судлал, ийлдэс судлалын аргаар томууг оношлоно. Гэвч томуу өвчнийг эрт оношлоход вирус болон ийлдэс судлалын хариуг хүлээлгүйгээр эмнэлзүйн шинжийг үндэслэн оношлох шаардлага ямагт гардаг. Иж томуу, РС-вирус, аденовирусын халдварууд зэрэг амьсгалын дээд зaмын бусад хурц халдварт өвчнөөс томууг ялган оношлох нь чухал. Иж томуугийн үед төвөнхийн салст бүрхэвч зонхилон үрэвсэх тул хуурай ханиалгаж, хоолой сөөнгөтөн бачуурна. Хордлого нь томуугийнхаас бага. Халуун өндөр биш тэр болгон өвчин эхэлмэгц халуурдаггүй. Иж томуугийн үед хамрын салстад үрэвсэл тогтмол хамт илэрдэг боловч, ам залигуурын салст, зөөлөн тагнайн үрэвсэл томуугийнхаас сул байна. Аденовирус амьсгалын замын салст бүрхэвч төдийгүй, булчирхайт эдүүд, нүдний зовхи болон гэдэсний салст бүрхэвчийг үрэвсүүлэх учраас томуу төст шинжүүдээс гадна, гүйлсэн булчирхайнууд үрэвссэн шинжүүд илэрч, хүүхдийн өтгөн шингэрэн олон дахин суулгах, буюу хэвлийгээр өвдөх шинж давамгайлан илэрнэ. РС-вирусын халдварын үед гуурсан хоолой, гуурсанцаруудын үрэвслийн болон гуурсан хоолойн багтрааны хам шинжүүд ихэвчлэн илэрч, амьсгалын дээд замын хурц үрэвслийн шинж сул илэрдэг. Томуу нь нэгэн зэрэг олон хүнийг өвчлүүлж үйлдвэр, албан газар, үйлчилгээний ажлыг саатуулдаг. Иймд түүнийг эрт таньж ялган оношлож эмчлэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад эмч нар анхаарах хэрэгтэй.

Ном зүй

1.Пискарева Н.А. Смешанные вирусные инфекции у детей «Медицина» 1975.
2.Солоухин В.3. Шадрин A.С. Эпидемиологические и экологические проблемы гриппа. Минск. 1979.
3.Гэндэнжамц Н. Гомбо Б. Дорж С. Хүүхдийн томуу. Улаанбаатар. 1978.
4.Чешик С.Г. Актуальные вопросы острых респираторных вирусных заболеваний у детей. «Вопросы охраны материнства и детства» 1979-8. стр. 7-12.
5.Агабабова. В.В. Грипа у детей. М. 1960.
6.Ритова. В.В. Острые респираторные вирусные инфекции у детей раннего возраста. М. 1969.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1923
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК