Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 1(07)
Хугарлын гажиг, амблиопийн оношлогоо, эмчилгээ, контакт линз тааруулах зөвлөмж
( Лекц )

Ч.Эрдэнэбат

“CITY OPTIC” хараазүйн төв

 

 

Энэ зөвлөмж нь үзлэг хийхэд баримтлах ерөнхий арга замыг зааж байгаагаас бус ягштал баримтлах хууль биш. Тодорхой жишээн дээр үүнээс зөрөх шаардлага гарч болно. Өвчтөнд боломжийн хэрээр үйлчлэхэд нь туслах зорилгоор нүдний эмч нарт зориулан энэхүү зөвлөмжийг бичлээ.

1. Хугарлын гажгийн коррекц

Тархалт

Хэдийгээр хугарлын гажиг нь хүн амын дунд элбэг тохиолддог ч хугарлын гажгийн хэлбэрүүдийн хувийг нарийн тогтоох боломжгүй юм. Дундажаар хүн амын 30-50% нь хугарлын гажгийн улмаас холын харааны шил зүүх шаардлагатай байдаг. Мөн хугарлын гажиг нь нас ахих тусам улам нэмэгддэг. Энэ нь нэг талаас пресбиопи, нөгөө талаас бага зэргийн гиперметропийн рефракцтай хүн 40-ээс дээш насандаа холдоо шил зүүх шаардлагатай болдогтой холбоотой.

Хугарлын гажгийн тархалтын талаар олон талын судалгаа байдаг боловч нэгдсэн үр дүнд хүрээгүй байгаа. Тархалтын байдлаас харахад эмметропи бус харин нэмэх тийшээ, ойролцоогоор +0,5D-ийн бага зэргийн гиперметропийн рефракц илүү тохиолддог нь эмнэл зүйн талаас анхаарал татаж байна.

Рефракц нь амьдралын явцад өөрчлөгддөг. Нялх хүүхдүүд гиперметропитай байдаг бөгөөд залуу насанд эсрэгээр өөрчлөгдөн, 20-40 насанд хараа тогтворжин, түүнээс дээш насанд пресбиопигаас гадна бага зэргийн гиперметропи үүсдэг.

Рефракцаас хамааралгүй ажиглагддаг мөн шөнийн миопийг анхаарах хэрэгтэй.

Хугарлын гажгийн үед хийх эмчилгээний зорилго

Харах эрхтний үйл ажиллагааг нүдний эмчийн хувьд зөв дүгнэхийн тулд харааны хугарлын гажгийг зассан байх шаардлагатай. Рефракцын гажгийн коррекцын гол зорилго нь хамгийн тохиромжтой харах чадварыг олгох явдал юм. Дээд зэргийн төвийн хараа өгөх нь (монокуляр, бинокуляр) тохирсон коррекц биш байж болно. Магадгүй урд өмнө нь шил зүүж байгаагүй астигматизмтай хүнд бүрэн коррекц хийсэн тохиолдолд орон зайн мэдрэмж алдагдаж болно. Зарим гиперметропи рефракцтай хүмүүс гүйцэт коррекцыг хүлээж авч чаддаггүй тул харааг бүрэн засаж болдоггүй. Бүрэн засаагүй гиперметропийн үед аккомодацын конвергенц нь хүүхэд, залуучууд дунд насны гиперметроп хүмүүст хүндрэл учруулж болно.

Онолын хувьд боломжтой ч зарим үед тохиромжтой харах чадвар олгох бүхий коррекц хийх боломжгүй байдаг. Орон зайн мэдрэмж алдагдах, хос харааны алдагдал зэрэг нь харааны гажгийг бүрэн засах боломжгүй болгодог. Иймээс хугарлын гажгийн коррекц хийхдээ оптикын болон физиологийн талаас нь хос харааг харгалзан авч үзэх хэрэгтэй.

Оношлогоо

Анамнез авах

Хүүхэд насандаа хялар харж байсан эсэх, тал хаалт хийлгэж байсан эсэх зэргийг нарийвчлан асуух хэрэгтэй.

Биомикроскопи

Рефракцыг шалгахаас өмнө биомикроскопийн үзлэг хийж хугалах орчны өөрчлөлт байгаа эсэхийг тодорхойлно. Эвэрлэг бүрхүүл, болор, шилэнцрийн бүдэгшилт, жигд бус эвэрлэг (астигматизм) зэргийг анхаарна.

Төвийн харааг шалгах

Төвийн харааг жирийн хараа шалгах хүснэгт, проектороор шалгаж болно. Хараа шалгахад үнэлгээ өгөх зориулалттай DIN 58220 зэргийг заавал мөрдөх шаардлагагүй. Хараа шалгах өрөө нь хэтэрхий гэгээтэй ба харанхуй биш жирийн (дундаж) гэрэлтүүлэгтэй байх хэрэгтэй. Пресбиопигүй ба Visus 1,0-тэй хүн дөнгөж сонин уншиж болохоор гэрэлтүүлэгтэй байвал зохимжтой. Учир нь хүүхэн харааг өргөсгөхгүй байх явдал юм. Харанхуйд адаптац өгснөөр хүүхэн хараа өргөсөн сфер аберрацын алдаанд хүргэж болно. Тасалгааны гэрэлтүүлэг их нөхцөлд хүүхэн хараа нарийсч stenopaic Effekt үүсэн хараа шалгах үед шилнүүдийн хоорондын зөрөөг ялгаж чадахгүйд хүрнэ.

Коррекц хийх үедээ хамгийн сайн visus олохыг гол зорилго болгон улайрч болохгүй. Хараа шалгах явцад хүснэгтийн хамгийн сайн харах эгнээний дээдх эгнээний дүрсийг олон удаа уншуулах хэрэгтэй (Ж.нь: цилиндрын хүч тэнхлэг тохируулах ба улаан/ногоон тохируулга).

Объектив рефракц

Рефракцыг субъектив аргаар шалгахаас өмнө заавал объектив аргыг хийх шаардлагатай. Скиаскопи хийснээр нүдний хугалах орчны байдалд шууд дүгнэлт хийж болох давуу талтай. Скиаскопигаас гадна гар ба автомат рефрактометр зэргийг ашиглаж болно. Объектив аргын чанараас субъектив аргын хурд, засварын нарийвчлал шалтгаална.

Субъектив рефракц

Объектив аргаар шалгасны дараагаар рефракцыг субъектив аргаар баруун зүүн нүдэнд эхлээд монокуляр байдлаар, дараагаар нь бинокуляр байдлаар, эцэст нь хяларын сорил хийж үзнэ. Түгээмэл хэрэглэх арга нь кроссцилиндрын арга. Онцгой тохиолдолд цилиндрын манантуулах аргыг хэрэглэж болно. Хараа шалгах явцад зарим шатыг товчлох, давтах шаардлага ч гарч болно.

Хамгийн сайн коррекц өгөх сфер шилийг олох

Кроссцилиндрын арга хэрэгжих гол шалгавар нь хамгийн сайн коррекц өгөх сфер шилийг нарийвчлалтай олох явдал юм. Тааруулсан шилний өмнө нэмэх шил хийхэд хараа муудан, хасах шил хийхэд хараа сайжрахгүй (муудаж болно) байвал хамгийн сайн сфер шилийг олсон гэж үзнэ. Зориулалтын оптотип дүрсүүдийг тасралтгүй өөрчлөх, шилний хүчийг харааны байдалтай уялдуулан (хараа сайжрах тусам сфер шилний хүчний үечлэлийг багасна) өөрчлөх замаар хамгийн сайн коррекц өгөх сфер шилийг олох хэрэгтэй.

Астигматизмыг шалгах

Объектив аргаар астигматизм илэрсэн ч бай, илрээгүй ч бай кроссцилиндрын аргаар дахин астигматизм байгаа эсэхийг шалгах ёстой. Хэрэв аль нэг тэнхлэгт цилиндрын хүч олдсон бол тэнхлэг, хүчний тохируулгыг үргэлжлүүлэн хийнэ.

Цилиндрын тэнхлэгийн тохируулга

Хараа шалгах (засах) явцад астигматизм олдсон бол эхлээд тэнхлэгийн тохируулга хийнэ. Хэрэв цилиндрын хоёр байрлалд хараа өөрчлөлтгүй бол тохируулга хийгдсэн (тэнхлэг тохирсон) гэж үзнэ.

Цилиндрын хүчний тохируулга

Цилиндрын тэнхлэгийг тохируулсны дараа хүчийг мөн кроссцилиндрын аргаар (“тэнхлэг тэнхлэгийн дагуу”) олно. Цилиндрын хүчийг ихэсгэж, багасгахдаа түүний хүчний талтай тэнцэх хэмжээгээр сфер шилийг өөрчлөх хэрэгтэй.

Сфер шилний нарийвчилсан тохируулга (улаан/ногоон сорил)

Монокуляр байдалд холын харааны коррекц хийсний дараагаар сфер шилний нарийвчилсан тохируулга хийхийн тул баруун зүүн нүдэнд улаан/ногоон өнгөний тэнцвэржүүлэлт хийнэ. Энэ аргаар сфер шилийг 1/8D хүртэл нарийвчлалтай тохируулж болно.

Бинокуляр харааны тохируулга

Монокуляр байдалд холын харааны коррекц хийсний дараагаар бинокуляр харааны (хэвийн бол) тохируулга хийнэ. Хэрэв өндөр амблиопи, катаракт болон шар толбоны дегенерац өвчний улмаас харах чадвар муу бол уг тохируулгыг хийх шаардлагагүй. Энэ тохиолдолд сайн хараатай нүдний тохируулгыг анхаарах хэрэгтэй. Бинокуляр харааны тохируулгыг хийхдээ туйлшруулсан улаан/ногоон сорилыг (Osterberg-Test, Cowen-Test) ашиглах нь зүйтэй.

Ойрын харааны тохируулга

Пресбиопи болон аккомодацын сааталтай бол холын харааны коррекцын дараа ойрын харааны коррекц хийнэ. Эхлээд ажиллах зайг тогтооно. Ойрын харааны шил нь юм унших, дэлгэцтэй ажиллах, юм оёх зэрэг янз бүрийн зайнд тааруулагдахаар байж болно. Хоёр нүдний өмнө сфер шилийг барьж хүснэгт харуулан ажиллах зайн дахь аккомодацын чадварын дээд доод хэмжээг тогтооно. Энэ хэмжээний дундаж нь хамгийн сайн ойрын шилний хэмжээ болно. Хүснэгтийг хэт ойртуулахгүй байхыг анхаарах хэрэгтэй (хүчтэй нэмэх шил). Нэмэлт шилийг жирийн тохиолдолд баруу, зүүн нүдэнд ижил хүчтэйгээр өгдөг. Хэрэв холын харааны сфер рефракцын зөрөө нь 2D-ээс их бол (анизометропи) бифокал шил өгөх үед өндрийн призмыг тохируулж өгөх хэрэгтэй.

Бинокуляр харааны тохируулга

Холын ба ойрын харааны коррекц хийсний дараагаар далд хялар байгаа эсэхийг шалгана. Солбисон Covertest юм уу Schober-Test буюу Zeiss-Pola-Test ашиглана. Үүнээс гадна босоо хэвтээ тэнхлэгт байх фузийн хэмжээг тогтоох хэрэгтэй. Ойрын харааны шил тааруулахад тохиолдож болох экзофорийг анхаарах хэрэгтэй. Призм шилээр засахад өвчтөний зовиур багасна гэж үзсэн тохиолдолд далд хяларыг засна. Нэг нүдтэй хүнээс бусад тохиолдолд холд болон ойрд хоёр нүдээр харах нь нэг нүдээр харсанаас илүү сайн байх ёстой. Хэрэв тийм биш бол бинокуляр харааг дахин нарийн шалгана.

Эмчилгээ

Нүдний шилний жор

Нүдний шилний жоронд сфер болон цилиндр шилний хүч, түүний тэнхлэгээс гадна ойрын нэмэлт, мөн 5D-ээс илүү хүчтэй шил зүүх бол эвэрлэг бүрхүүл болон шилний хоорондын зайг тэмдэглэх хэрэгтэй. Фороптер ба коррекцын хүрээнээс шалтгаалан жоронд тэмдэглэл хийх шаардлагатай. Мөн хүүхэн харааны хоорондын зайг баруун зүүн нүд тус бүрээр нь, түүнчлэн шилтэй болон шилгүй харах чадварыг, хяларыг шилээр засах шаардлагатай бол призм шилний хүч, тэнхлэгийг тэмдэглэнэ. Шилний төрлийг (хуванцар, нарны, хамгаалалтын г.м) бичиж болно.

Альтернатив арга

Харааны гажгийг оптикын шилнээс гадна контакт линзээр засаж болно. Энэ талаар КЛ зөвлөмжинд бичсэн. Мөн нүдэнд хагалгаа хийх (Refraktive Laserchirurgie) замаар хугарлын гажгийг засаж болно.

Дүгнэлт

Хугарлын гажгийг оптикын тусламжтайгаар засахыг нүдний эмчийн үзлэгээс тусад нь авч үзэж болохгүй юм. Шилээр засагдахгүй хугарлын алдааг хугалах орчныг шинжлэх зэрэг нүдний эмчийн нарийн үзлэгээр илрүүлж болно. Хэрэв нүдний угийг үзэх шаардлагатай бол хараа шалгасны дараа юм уу эсвэл хугацаа тохирон үзэх хэрэгтэй.

2. Амблиопийн үед авах арга хэмжээ

Тодорхойлолт

Харааны анализаторын хөгжлийн явцад үйл ажиллагааны саатал үүссэний улмаас сул хараа үүсэхийг амблиопи буюу мохос хараа гэнэ. Нүд болон харааны замд ямар нэгэн эмгэг өөрчлөлт байхгүй ч ямар нэгэн шалтгаанаар фузийн рефлекс, хос хараа хөгжих процесст алдагдал гарснаас үүдэлтэй гэж үздэг. Амблиопи нь гол төлөв нэг нүдэнд, ховор тохиолдолд хоёр нүдэнд үүснэ. Шинж тэмдэг нь төвийн хараа шилээр засрал авахгүй байхад оршино. Доорхи хүснэгтэнд тодорхой насанд байвал зохих харааны чадлыг харуулсан байгаа (Хүснэгт 1). Жишээ нь, 6-аас дээш насны хүүхдийн коррекц хийсний дараах visus нь 0,8 ба түүнээс бага бол уг нүдийг амблиопитай гэж үзнэ.

Амблиопи үүсэх хүчин зүйлс

  • Хялар
  • Анизометропи, аметропи
  • Удамшил
    • Амблиопи үүсэх эрсдэл 20% - хэрэв эцэг эхийн аль нэг нь хялар байгаад хүүхэд гиперметропи > 3D
    • Амблиопи үүсэх эрсдэл 50% - хэрэв эцэг эх хоёул хялар байгаад хүүхэд гиперметропи > 3D
    • Амблиопи үүсэх эрсдэл 10% - хэрэв эцэг эх хоёул хялар байгаад хүүхэд гиперметропи 1.5D хүртэл
  • Зовхины гажиг/ хугалах орчны бүдэгшилт
  • Дутуу төрөлт
    • Retinopathia prematurity-тай дутуу төрсөн хүүхдэд хугарлын гажиг, амблиопи болон хялар илүү тохиолддог нь судалгаагаар батлагдсан байдаг. Тухайлбал, хэвийн төрсөн нярайтай харьцуулахад миопи 4 дахин, анизометропи 3 дахин, хялар 4 дахин, нистагм 10 дахин их тохиолддог (G Lennerstrand, J E Gallo, 1989).
  • Перинаталь үеийн хүндрэл
    • Амблиопи гол төлөв хараа хөгжих чухал үе болох 3-4 сартайд бий болдог. Тухайлбал, төрөлхийн катаракт, птоз зэрэг шалтгаанаас үүссэн хаалтын амблиопийн үед сохролд хүргэх аюултай. 10 наснаас эхлэн амблиопи даамжрах аюул багасдаг ч үүсгэж буй шалтгааныг зайлуулаагүй нөхцөлд цаашид даамжрах магадлалтай (W Haase 2003).

Амблиопийн оношлогоо

Амблиопийг эрт оношлохын тулд дараах заавраар нүдний эмчийн үзлэгийг хийнэ:

  1. Зовхины гажигтай (хүүхэн хараа хэсэгчлэн эсвэл бүрэн халхлагдсан байх) төрсөн, эсвэл эцэг эх нь хугалах орчны бүдэгшилттэй үед нүдний эмчийн үзлэгийг нярай хүүхдэд төрсний дараах эхний 7 хоногт хийнэ.
  2. Бусад бүх хүүхдүүд 6-8 долоо хоногтойдоо нүдний эмчийн үзлэгт хамрагдана, сэжигтэй тохиолдолд (төрөлхийн гажигтай) 4-6 долоо хоногтойд.
  3. Амблиопи үүсэх эрсдэлтэй хүүхдүүдийг дахин 6-12 сартайд нь нүдний эмчийн үзлэгээр оруулж хялар болон рефракцын гажиг байгаа эсэхийг шалгана.
  4. Бусад бүх хүүхдүүдийг 30-42 сартайд нь нүдний эмчийн дараагийн үзлэгт хамруулна.

Анхны үзлэгээр хялар болон амблиопи байгаа эсэхийг тогтоох зорилготой.

Үзлэг хийх явц

  • Эцэг эхээс нь анамнез авах
  • Нүдний үзлэг хийх
  • Bruckner-ийн сорил хийж үзэх
  • Хоёр нүдэнд анизометропи болон хүчтэй астигматизм байгаа эсэхийг ретиноскопын босоо гэрэлтүүлгээр шалгах
  • Насанд нь тохируулан харааг шалгах, боломжтой бол C-Test ба Lea-Symbole зэргийг хол ойрд нь харуулах, шаардлагатай бол коррекцтай шалгах
  • Ил далд хялар байгаа эсэхийг шалгах
  • Баримтжуулах
  • Зөвөлгөө өгөх

Амблиопитай болон амблиопи үүсэх магадлалтай тохиолдолд дараах зааврыг баримтлана:

  • Циклоплеги хийж объектив харааг шалган (12 сараас эхлэн циклоплегигүй хийнэ) рефракцын гажгийг дүгнэх. Цаашид шил зүүх магадлалтай үед рефракцыг жилд нэг удаа шалгах
  • Хүүхэн харааг өргөсгөн нүдний угийг дурандах (боломжтой бол эхний үзлэгээр дараа нь жил болгон)
  • Боломжтой бол нүдний угийн фиксацыг шалгах (3 сартайгаас нь эхлэх)

Субъектив харааг шалгах

  • Рефракцын шалтгаантай амблиопийн үед морфологийн өөрчлөлт байгаа эсэхийг оношлох

Амблиопийг урьдчилан сэргийлэх ба эмчлэх

  • Хараанд саад болж буй шалтгааныг арилгах. Жишээ нь катаракт, птозыг эмчлэх
  • Рефракцын гажгийг засах
  • Хаалт буюу окклюзи хийх
  • Бусад арга, тухайлбал атропинизаци, манантуулах аргыг хэрэглэх

Хяларын үе дэх амблиопи

  1. Аметропийн коррекцыг хийх
  2. Сайн хараатай нүдэнд окклюзи хийх (хам хяларын үед ээлжилсэн окклюзи) 

Окклюзи хийх хэмнэл, хугацаа, арга барил нь нүдний угийн фиксац, нас зэргээс хамаарна.

  • Төвийн бус фиксацтай амблиопийн үед бүрэн хаалтыг сайн хараатай нүдэнд нь хүүхдийн настай тэнцэх өдрөөр хийнэ. Үүний дараагаар сайн нүдний хаалтыг аван нөгөө нүдийг 1 өдөр хаана. Ээлжлэх окклюзийн үед хоёр нүд хэзээ ч зэрэг нээлттэй байж болохгүй ба тодорхой хугацаанд нарийн хяналтан доор явагдах ёстой. Амблиопитай нүдэнд экзофори үүсэх болон сайн хараатай нүдний хараа муудсан үед окклюзийг зогсооно. Төвийн бус фиксацтай амблиопийн тохиолдлын ойролцоогоор 70% нь 4 сарын дараагаар төвийн фиксацтай болдог. Төвийн бус фиксацын үед 1 настай хүүхэд долоо хоног болгон, 2 настайгаас 2 долоо хоног болгон, дараа нь сар болгон хянуулах ёстой.
  • Төвийн (foveolar) фиксацтай үед окклюзийг сайн хараатай нүдэнд харааны байдлыг харгалзан өдөрт цагаар хийхэд хангалттай.
  • Нярай хүүхдэд хаалтыг сэрүүн байх хугацааны талтай тэнцүү хугацаанд болор авахуулсан нүдэнд хийхэд хангалттай (W Haase 2003).
  • Рефракцын шалтгаантай хожуу илрүүлсэн амблиопийн үед сайн хараатай нүдийг шаардлагатай бол олон долоо хоногоор ч хааж болно.
  • Эмчилгээний дараах хяналтын хугацаанд хэрэв хараа сайжирсан бөгөөд тодорхой тувшинд хадгалагдаж байгаа бол хаалтыг долоо хоногт 2 удаа эсвэл өдөрт 2 цагаар хийж болно
  • Хянах явцад харааны чадал тогтворжсон үед окклюзийг зогсооно.
  • Хяналтын явцад хараа эргээд муудвал окклюзийн эмчилгээг дахин эхлүүлж болно.

3. Ф​иксацыг засах мэс заслын эмчилгээ

Анизометропи болон аметропийн шалтгаантай амблиопийн эмчилгээ

Аметропийн коррекцыг циклоплегитэй хийсэн скиаскопийн үндсэн дээр хийнэ. Батлагдаагүй амблиопитай эсвэл харааны чадал нь тодорхой бус сургуулийн өмнөх насны хүүхдэд дараах тохиолдолд коррекц хийнэ:

  • 3,0D-ээс дээш гиперметропитай
  • миопийн рефракц (наснаас хамаарна)
  • 1,0D-ээс дээш анизометропи
  • 1,0D-ээс дээш астигматизм; 1 наснаас дээшх хүүхдийн тэгш хэмт астигматизмын үед > 3D,

Амблиопитай нь батлагдсан тохиолдолд:

  • Хэрэв хялартай бол хяларын үе дэх амблиопийг харах
  • Хэрэв хяларгүй бол анизометропи болон астигматизмыг бүрэн засах
  • Нэг нүдний амблиопитай бол хяларын үе дэх амблиопийг харах
  • 2 нүдний амблиопитай, нистагмтай бол нистагмын эмийн болон мэс заслын эмчилгээ, шаардлагатай бол ээлжилсэн хаалт хийх

Зовхины гажиг ба хугалах орчны бүдэгшлийн үе дэх амблиопи

  • Зовхины гажиг болон катарактын мэс заслын эмчилгээ
  • Мэс заслын эмчилгээ шаардлагагүй үед хэрэв амблиопи үүсэх магадлалтай бол окклюзи хийх.
  • Катаракт эрт оношлогдоогүй тохиолдолд сургуульд орохоос нь өмнө хагалгаанд оруулах
  • Аметропийн коррекц хийх
  • Окклюзи эмчилгээ хийх

Хавсарсан амблиопи

Энэ нь төрөлхийн буюу бага балчир насанд олдсон нэг буюу хоёр нүдний эмгэгээс шалтгалсан амблиопи юм. Тухайлбал, торлог болон харааны мэдрэлийн төрөлхийн болон олдмол өвчин, эмгэгүүдийн үед үүснэ.

3. Контакт линз тааруулах

Зорилго

Контакт линзны гол зорилго нь харааны хугарлын гажгийг засахад оршино.

Эмчилгээний болон тусгай (гоо сайхан) зорилгоор хэрэглэгддэг.

Явц

  • Асуумж (жишээ нь: биемахбодын ерөнхий өвчин, чихрийн шижин, харшил, ревматизм, нүдний хуурайшилт, жирэмслэлт, сэтгэл санааны байдал, хэрэглэдэг эм, ажлын нөхцөл, ямар хугацаагаар, ямар зорилгоор линз зүүх сонирхолтой, арчилгаа, эрүүл ахуйг сахих боломж зэргийг асууж лавлана)
  • Эвэрлэгийн төвийн радиусыг хэмжих
  • Нулимсны давхрагын бүрэн бүтэн байдал, нулимсны хэмжээг үзэх
  • Линзыг сонгох

Контакт линзыг анх зүүх гэж байгаа хэрэглэгчдэд

  • Сорилын линз зүүлгэж сургах
  • Линзны суултыг тодруулагчтай (флюоресцеин) болон тодруулагчгүй шалгах
  • Сорилын линзтэй нь харааг шалгах
  • Биомикроскопид линзны суултыг шалгана. Тохиромжгүй суусан тохиолдолд зөв суулттай линз олтол нь дээрхи үе шатуудыг дахин дахин хийх
  • Тааруулсан контакт линзтэй нь харааны чадлыг шалгах
  • Линзыг хадгалах хугацааг тогтоох, тэмдэглэл хөтлөх
  • Контакт линзыг зүүх арчилах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх

Контакт линз байнга хэрэглэгчдэд

  • Контакт линз зүүж буй үеийн явцын асуумж авах
  • Контакт линзтэй нь нүд тус бүрийн харааг объектив аргаар шалгах
  • Контакт линзтэй нь нүд тус бүрийн харааг субъектив аргаар шалгах
  • Биомикроскопид линзны суултыг шалгах (тодруулагчтай болон тодруулагчгүй)

Тусгай тохиолдлуудад

  • Эвэрлэг болон салстыг будаж үзэх
  • Эвэрлэгийн захын радиусыг хэмжих
  • Видеокератоскоп топометри хийх
  • Контакт линзтэй болон линзгүйгээр кератометрийн хэмжилт хийх
  • Объектив кератометр
  • Гялбалт мэдрэх чадвар болон контраст мэдрэмж шалгах
  • Контакт линзтэй нь бинокуляр харааг шалгах
  • Нүдний байрлалыг шалгах
  • Контакт линзны гулсааг үзэх
  • Хос харааг шалгах
  • Эвэрлэгийн эндотелийн микроскопи хийх (Ж.нь байнга зүүх тохиолдолд)
  • Эвэрлэгийн пахиметри (Ж.нь байнга зүүх тохиолдолд)
  • Фото зураг авч баримтжуулах (Ж.нь эвэрлэг судасжсан тохиолдолд)
  • Эвэрлэг гэмтсэн үед давтан үзлэг хийж эмчлэх

Хяналт

Үзлэгийг

  • Шинэ контакт линз авах бүрд
  • Нүдний талаас ямар нэгэн зовиур илэрсэн үед

Өвчний шинж тэмдэг байхгүй үед

  • Давтан үзлэгийг 1-3 долоо хоногийн дараа үзэх
  • Шаардлагатай бол 2-3 сарын давтан үзэх
  • Ер нь 6 сар дутам, хамгийн хол нь жилд нэг удаа үзэх

 

Ном зүй

1. Miller, D.:”Optics and Refraction”, Gower Medical Publishing, New York - London, 1991
2. Lachenmayr, B., Friedburg, D., Hartmann, E.:”Auge - Brille - Refraktion”, Enke Verlag, Stuttgart, 1996
3. Rudolf Sachsenweger: Prophylaxe und Frühbehandlung der Schielschwachsichtigkeit. VEB Verlag Volk und Gesundheit, Berlin (1966)
4. W. Haase in Strabismus, herausgegeben von Herbert Kaufmann unter Mitarbeit von W. de Decker Stuttgart: Enke, (1986)
5. Strabismus von Herbert Kaufmann von Thieme, Stuttgart, (2003)
6. Augenärztliche Kontaktlinsenanpassung. Von Ernst Bürki
7. Grundlagen der Kontaktlinsenanpassung, Günter Forst, 1994
8. Chang SW, Hu FR, Lin LL “Effects of contact lenses on corneal endothelium - a morphological and functional study” Ophthalmologica 215: 197-203 (2001)
9. Lee JS, Park WS, Lee SH, Oum BS, Cho BM “A comparative study of corneal endothelial changes induced by different durations of soft contact lens wear” Graefes Arch Clin Exp Ophthalmol 239: 1-4 (2001)
10. Setala K, Vasara K, Vesti E, Ruusuvaara P “Effects of long-term contact lens wear on the corneal endothelium” Acta Ohthalmol Scand 76: 299-303 (1998)
11. Solomon OD “Corneal stress test for extended wear” CLAO J 22: 74-78 (1996)
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Т.Булган


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4804
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК