Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 1(07)
Контакт линзны тухай ерөнхий ойлголт
( Лекц )

Э.Одбаяр, О.Золжаргал

“CITY OPTIC” хараазүйн төв

 

 

Түүх

1801 онд Т. Юнг усаар дүүргэсэн биконвекс линз хэлбэртэй богино хоолойг харааны гажгийг засах зорилгоор туршилт явуулсан нь амжилттай болж байсан.

1845 онд английн физикч Д. Гершель нүдэн дээр байрлаж эвэрлэгийн астигматизмыг засаж болох оптик системын онолын үндэсийг гаргаж байсан.

1888 онд швейцарын нүдний эмч А. Фик “Хүрэлцэх нүдний шил” нэртэй өгүүлэл бичсэн. Уг өгүүлэлд контакт линзыг тодорхойлсноор: “уураглаг бүрхэвч дээр байрлуулдаг 8 мм-н мурийлтын радиустай, дотор талдаа тэгш параллель гадаргуутай, гадна тал нь гөлгөр, зах ирмэгээрээ өнгөлөгдөж гөлгөр болсон шилэн эвэрлэг”. Фик гипсээр хэв хийн анхны линзыг цутгаж байсан. Ийм линзыг амьтан дээр туршсаны дараагаар кератоконустай хүнд хэрэглэж байжээ.

Анхны контакт линзууд уураглаг бүрхүүл дээр байрладаг байсан бөгөөд 16-21 мм том диаметртай байжээ. Линзэн доорх зайг физиологийн уусмалаар дүүргэдэг байжээ. Контакт линзны анхны үйлдвэрлэл Германд эхэлсэн түүхтэй.

1914-1924 онуудад Германы компани “Карл Цейс” контакт линзыг олноор үйлдвэрлэн гаргахын хажуугаар мөн тухайн хүнд зориулан тусгай линзыг хийж байсан.

1929-1948 он контакт линзны 2-р үе бөгөөд хэлбэр, хугалах хүчний хувьд илүү боловсронгуй болсон.

Анхны контакт линз нь шилээр хийгдэж байсан ба 1937 оноос Америкт контакт линзыг бүхэлд нь пластмассаар (полиметилметакрилат=ПММА) хийж эхэлсэн.

Уураглаг бүрхүүл дээр байрлуулдаг контакт линзыг ашиглахад дутагдалтай талууд нилээд байсан нь: хүнд, том хэмжээтэй, нүдэнд хөдөлгөөнгүй байрласны улмаас эвэрлэгийн бодисын солилцоо, хүчилтөрөгч нэвтрэх зэрэгт муу. Дасахад хэцүү учир маш богино хугацаагаар зүүдэг байжээ.

1948 онд К.Туохи эвэрлэгийн хатуу линзыг (ПММА) бүтээсэн. Энэ линзны хэмжээ нь бага, иймээс хүчилтөрөгчийг нэвтрүүлэх нь сайн, дасахад амар, илүү удаан хугацаагаар зүүхэд тохиромжтой болсон (10-12 цаг).

1960 онд чехын эрдэмтэн О.Вихтерле, инженер Д.Лим нар шинэ полимер материал НЕМА-г гаргаж зөөлөн контакт линз хийж эхэлсэн. Энэ үед АНУ-д гидрогель материал мөн гарчээ. Зөөлөн линз нь хатуу линзны дутагдалтай талуудыг арилгаж, зүүхэд илүү тааламжтай болсон. Зөөлөн линзыг харааны гажиг засахаас гадна зарим төрлийн нүдний өвчний үед хэрэглэх болсон. Мөн гоо сайхны зориулалтын, өнгөт, баяр наадмаар зүүдэг линзууд гарсан.

Контакт линзны төрлүүд

Контакт линзыг тунгалагын зэрэг, зориулалт, загвар, зүүх хугацаа, хийсэн материалаар нь хэд хэд ангилдаг (Хүснэгт 1).

Контакт линз гэж юу вэ

Контакт линз гэдэг нь хараа засах зорилгоор нүдэн дээр шууд суудаг нимгэн, жижигхэн харааны линз.

Онцгой нөхцөлөөр контакт линз зүүх шаардлага ч гардаг. Энэ нь тухайлбал, хагалгааны дараа, нүдний өвчний үед, гадаад орчны хүнд хэцүү нөхцөлтэй үед гэх мэт.

Байнгын: хэрэв КЛ-ны хүчилтөрөгч нэвтрүүлэх чанар нь 125 нэгжээс өндөр бол уг линзыг өдөр шөнө авахгүйгээр зүүхэд харьцангүй аюулгүй. Жишээ нь “biofinity” (Cooper Vision), “Nigtht & Day” (Ciba Vision) гэх мэт. Бусад линзыг зааврын дагуу зүүгээрэй.

Нэг нүдний харааг засах

Зөвхөн нэг нүдэнд контакт линз зүүлгэнэ. Жишээ нь, нэг нүдний афакийн үед, эсвэл нэг нүдийг зориудаар ойрын харалган болгох.

Нэг нүдний харааг засах нь зарим нэг дутагдалтай байдаг. Тухайлбал, хараа муудах, хол ойрын баримжаа алдагдах гэх мэт. Зарим хүмүүс, ялангуя хүүхдүүд монокуляр коррекцын уг арганд дасахдаа муу байдаг бөгөөд эхэн үед контакт линзыг харааны ачаалал шаардагдахгүй, энгийн нөхцөлд зүүх нь дээр. Дасаж байх үед жолоо барихгүй байх нь зүйтэй.

Монокуляр коррекц хийхийг маш нарийн үзлэг оношлогоо хийсний дараа шийднэ.

Контакт линз ба эмийн хэрэглээ

Олон төрлийн нүдний дусаалга, тосон түрхэлгүүд контакт линзны өнгийг хувиргаж, физик шинж чанарыг нь муутгадаг. Иймд бүх төрлийн нүдний эмийг контакт линз зүүгээгүй үед хэрэглэнэ. Энэ дүрмийг 2 тохиолдолд мөрдөхгүй байж болох юм. Энэ нь:

  • Контакт линз зүүх үеийн тааламжгүй байдлыг (хуурай оргих гэх мэт.) арилгах зорилгоор тусгай зориулалтын нүдний дусаалга дусаах (Lens Lubricant)
  • Шаардлагатай үед эмчийн зөвшөөрлөөр

Нүдний дусаалгаас гадна зарим төрлийн дотуур хэрэглэдэг эмүүд контакт линзэнд нөлөөлж болно. Жишээлбэл, антигистамин, ханиад томууны эсрэг, шээс хөөх, таталтын эсрэг эм, тайвшруулдаг, жирэмслэлтийн эсрэг эмүүд.

Жирэмсний үед контакт линз зүүж болох уу

Жирэмсний үед контакт линз зүүж болохгүй гэсэн үг бишээ. Гэвч жирэмслэлтийн үед биемахбодид бодисын солилцооны өөрчлөлт ордог тул контакт линзыг зүүхдээ зааврыг зөв баримталж, орой нь авдаг контакт линз хэрэглэх нь чухал. Мөн жирэмслэлтийн үед миопийн зэрэг нэмэгдэж болзошгүй бөгөөд ихэнхдээ энэ нь 1-2 жилийн дараа буцаж хуучин хэмжээндээ очидог тул контакт линзны хүчийг яаран нэмэх шаардлагагүй гэж үздэг.

Нүдний хагалгааны дараа контакт линз зүүх

Гол төлөв 2 төрлийн хагалгааны дараа контакт линзыг зүүдэг. Энэ нь болрын хагалгааны дараах афакийн үед, мөн эвэрлэгийн лазер хагалгааны дараагаар үлдсэн харааны гажгийг засах зорилгоор. Лазер хагалгааны дараагаар эвэрлэгийн мэдрэг чанар буурдаг тул контакт линзыг маш болгоомжтой хэрэглэнэ.

Архаг өвчнүүд ба контакт линз

Доорхи хүснэгтэнд зарим өвчний үед контакт линз зүүсний улмаас үүсч болох хүндрэлүүд болон авах арга хэмжээг үзүүлэв (Хүснэгт 2).

Контакт линз хүүхдэд

Төрөлхийн рефракцын гажиг болон нэг нүдний катарактын хагалгааны дараа хүүхдийн харааны гажгийг засах гол арга нь контакт линзээр коррекц хийх юм. Нялх хүүхдэд ч контакт линз хэрэглэж болдог. Энэ тохиолдолд тухайн хүүхдэд зориулж хийсэн контакт линз байх ёстой. Харин 5 наснаас эхлэн энгийн контакт линз зүүж болно. Бага насны хүүхэд контакт линз зүүх тохиолдолд эцэг эх нь контакт линзны талаар мэдлэгтэй байж, арчилж хадгалах, нүдэнд зүүж, авахыг сурсан байх ёстой. Том болсон хүүхдэд өөрт нь зааж сургах хэрэгтэй. Амблиопийн үед контакт линзны коррекцын хамт нүдний дасгал бас хийж болно

Контакт линз зүүх тохиромжтой нас бол 12-14 гэж үздэг. Контакт линзыг хүүхэд өөрөө арчилж цэвэрлэж сурсан байхаас гадна эцэг эхчүүд энэ талаар бүрэн мэдлэгтэй байх ёстой.

Төрөл бүрийн спортоор хичээллэдэг хүүхдэд КЛ нь хамгийн тохиромжтой.

Хүч ихтэй шил зүүдэг хүүхэд үеийнхэн дундаа ялгарч харагдах бөгөөд энэ нь хүүхдийг ичимхий болдог. Хүүхэд спортоор хичээллэдэг бол арчилгаа шаардадгүй нэг өдрийн зөөлөн КЛ нь илүү тохиромжтой.

Хүүхдийн нүдний эвэрлэг мэдрэмж багатай байдаг тул хүчилтөрөгчийг нэвтрэх чанар (Dk/t) өндөртэй линз сонгох нь зүйтэй.

Бага зэрэгийн дадлага хийсний дараагаар хүүхэд КЛ-г зүүх, авах ажиллагаанд амархан даддаг.

Контакт линз зүүх заалтууд:

  • Холын харалган (миопи). Олон төрлийн судалгаанаас харахад КЛ зүүх нь холын харалганы даамжрах явцыг удаашруулж, зарим тохиолдолд сайжрах хандлага ажиглагдсан.
  • Ойрын харалган (гиперметропи). Өндөр зэрэглэлийн гиперметропийг КЛ-р засах нь маш тохиромжтой юм. Учир нь нэмэх шил дүрсийг том болгож, ойртуулж харагдуулдаг бол КЛ нь юмсын дүрс болон орон зайн мэдрэмжийг хэвийн байлгах боломжтой.
  • Астигматизм. Холимог астигматизмыг нүдний шилээр засахад хэцүү байдаг. Үүнээс гадна засагдаагүй астигматизм нь хялар болон мохос хараа үүсгэх гол шалтгаан болдог. 2D-с дээш астигматизмтай, хатуу КЛ зүүж чаддаггүй, болрын шалтгаант астигматизмын үед зөөлөн КЛ нь илүү тохиромжтой. Орчин үед 5D хүртэлх астигматизмыг засах зөөлөн КЛ гарсан. Эвэрлэгийн астигматизмын үед агаар нэвтэрдэг хатуу КЛ зүүж болох боловч хатуу КЛ нь яваандаа дээд зовхийг гэмтээж птоз үүсгэх магадлалтай. Мөн хатуу КЛ-ны доогуур гадны биет орж эвэрлэгийн эпителийг гэмтээх аюултай. Энэ талаасаа зөөлөн КЛ-г хэрэглэх нь аюул багатай.
  • Анизометропи. Баруун зүүн нүдний хараа ялгаатай байдал. Хасах хоёр хүртэл зөрөөтэй байдал шилээр сайн засагдаж, зүүхэд ч тийм хэцүү биш байдаг. Үүнээс их зөрөөтэй үед сайн хараатай нүд давамгайлж харснаар амблиопи үүсэх шалтгаан болдог. Өндөр анизометропийн үед КЛ зүүх хэрэгтэй.
  • Амблиопи. Сургуулийн насны хүүхдүүд сайн хардаг нүдийг нь хаахад маш дургүйцдэг. Иймд энэ аргыг КЛ-ны тусламжтайгаар хийхэд маш тохиромжтой. Пенализац (францаас: penalite-шийтгэх, торгууль)-сайн хардаг нүдний харааг зориудаар КЛ-ны тусламжтайгаар муу болгох. Энэ нь амблиопийг эмчлэх гол аргын нэг юм. Амблиопи нь ихэнхдээ гиперметропийн үед тохиолддог ба хоёр нүдний харааг засна. Сайн хардаг нүдийг манантуулж байгаа КЛ-ны хүч нь түүний рефракцын хүчээс нилээн өндөр байх ёстой. КЛ- ны зөрөөтэй байдалд хүүхэд амархан дасдаг. Гагцхүү хүүхэд муу нүдээр харж дасах хэрэгтэй. КЛ-р манантуулснаар шилтэй үед хаалтны дээгүүр доогуур харах, шилээ авч хаях зэрэг муу талууд бүрэн арилна.
  • Афаки. Төрөлхийн болон гэмтлийн катарактын үед хийсэн хагалгааны дараа коррекц хийх гол аргын нэг бол КЛ. Нэг нүдний афакийн үед шилээр коррекц хийх боломж бараг үгүй. Учир нь шилний хүчний зөрөө их, жингийн ялгаа мөн их иймээс нүдний шил байнга далий харагдана. Үүнээс гадна нэг талын афакийн үед шил зүүснээр анизейкони (нэг юмны дүрс хоёр нүдэнд хэмжээгээрээ өөр өөр мэдрэгдэх) үүсэх магадлалтай. Афакийн үед нэмэх шилээр коррекц хийгддэг бөгөөд энэ нь дүрсийг илүү том ойртуулж харагдуулдаг, захын харааг хязгаарлана.

Орчны бохирдол ба контакт линз

Халуун орчинд ажиллах, хорт утаа хий ихтэй нөхцөл, тоос шороо их, хүчилтөрөгчийн дутмаг нөхцөл г.м. нь контакт линз зүүхэд тааламжгүй нөлөө үзүүлнэ. Эдгээр нөхцөлд дараах зүйлийг баримтлана. Үүнд:

  • Линзны хугацааг багасгаж зүүх
  • Хүчилтөрөгч нэвтрэх чанар өндөртэй линз зүүх
  • Богино хугацааны хэрэглээний линз хэрэглэх
  • Ямар нэгэн зовиур илэрвэл эмчид хандах

Усанд сэлэхэд 2 төрлийн зүйлийг анхаарч байх хэрэгтэй. Контакт линз нь усанд урсаж болно, мөн усанд орших ариутгалын бодис, хлор, нян зэрэг нь контакт линзэнд наалдаж нүдийг гэмтээх боломжтой. Иймд зориулалтын усны хамгаалалтын шил зүүх нь зүйтэй.

Тамхи ба контакт линз

Тамхи нь биед хортойгоос гадна контакт линзэнд мөн нөлөөлдөг. Кератит үүсэх магадлал тамхи татдаг хүнд татдагүй хүнээс 3-8 дахин өндөр. Энэ нь 2 шалтгаантай. Нэгдүгээрт, контакт линз нь тамхины утаанд байнга бохирддог, хоёрдугаарт, тамхи татах нь тухайн хүний дархлааг дарангуйлдаг. Тамхи татдаг хүмүүст гол төлөв нэг хоногийн линз хэрэглэхийг зөвлөдөг.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: С.Удвал


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4540
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК