Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 1(07)
Циклоплеги хийх үү, үгүй юу
( Лекц )

Ч.Эрдэнэбат, Т.Гэрэл

“CITY OPTIC” хараазүйн төв

 

Сургуулийн өмнөх ба нярай хүүхдийн харааг скиаскопоор шалгахдаа циклоплеги хийх нь зөв эсвэл буруу гэсэн үзэл мэргэжилтнүүдийн дунд маргаантай байдаг нь хэвээр. Гиперметропийн үед циклоплеги хийлгүйгээр үнэн зөв хэмжилт хийх боломжгүй, учир нь далд гиперметропийг илрүүлж чадахгүй гэж нэг хэсэг нь үзэж байхад, нөгөө хэсэг нь хүүхэн харааг өргөссөн үед харааны чадлыг нарийн тогтооход бэрхшээлтэй бөгөөд циклоплеги нь гаж нөлөө ихтэй гэж үздэг.

Энэ асуудалд сүүлийн үеийн судалгааны үр дүнг харгалзан хэрхэн хандах талаар бичлээ.

Хүүхдийн нүдний хугарлын гажгийн тархалт

АНУ-ийн стастикийг үзэхэд 6-16 насны хүүхдүүдийн 31% нь нүдний бүрэн үзлэгт хамрагддаг байхад, 6 нас хүртэлх хүүхдийн дөнгөж 14% нь л үзлэгт хамрагдаж чаддаг байна. Хугарлын гажгийн хэлбэрээр авч үзэхэд 6 сараас 18 насны хүүхдүүдийн дунд гиперметропи 25%, миопи 18,2%, астигматизм 22,5%, амблиопи 7,1%, хялраас шалтгаалаагүй хос харааны өөрчлөлт 14,3% тус тус эзэлж байна (American Optometric Association, 1994).

Улаанбаатар хотын 4-7 настай хүүхдэд хийсэн судалгаагаар эмметропи 38,6%, гиперметропи 40%, миопи17,1%, астигматизм 4,3% тус тус байгаа нь судлагджээ (Чимгээ, Ч. УБ.2000). Мөн Улаанбаатар хотын зарим сургуулийн 6-17 насны 4146 хүүхдэд хийсэн судалгаагаар миопи 48,3%, гиперметропи 9,3%, астигматизм 42,3% тус тус тохиолдож байна (Цэнгэлмаа, Ч. УБ.2006).

Дээрхи тоо баримтаас үзэхэд хүүхдийн нүдний бүрэн үзлэгийг аль болох бага насанд нь хийж хугарлын гажгийг засах нь чухал болохыг харуулж байна.

6 хүртэлх насны хүүхдэд хэрэглэдэг аргууд

Энэ насны хүүхдүүдийн харааг зөвхөн объектив аргаар шалгах боломжтой. Үүнд:

  1. Механик (гар) рефрактометри
  2. Авторефрактометри
  3. Скиаскопи
  4. Фоторефракци

Энэ дундаас скиаскопийн арга нь голлох үүргийг гүйцэтгэдэг учир нь хүүхэд багажнаас айх, сонирхол нь буурах, харцаа төвлөрүүлэхгүй байх, аккомодац хийх зэрэг бусад шинжилгээний аргууд дээр түгээмэл гардаг үйлдлүүдийн нөлөө багасдаг.

Скиаскопийг хэд хэдэн аргуудаар явуулдаг:

  1. Тогтонг скиаскопи: циклоплегитай скиаскопи, Мохиндрагийн ойрын скиаскопи
  2. Хөдөлгөөнт скиаскопи: монокуляр арга; Buch скиаскопи; Gloeckchen скиаскопи; Nott скиаскопи; өнгөт скиаскопи

Циклоплегик эмүүд

Циклоплегик (Parasympatholytik) эмүүд нь вегататив мэдрэлийн системд нөлөөлдөг эмүүд. Musculus ciliaris (Zykloplegie) болон Musculus sphincter pupillae (Mydriasis)-ийн булчингийн рецепторыг (Acetylcholinrezeptor) сааталд оруулснаар аккомодацын үйл ажиллагааг зогсоодог. Хэрэглэх тунгийн хэмжээ нь нүдний солонгон бүрхүүлийн өнгөнөөс хамаарна, цэнхэр нүдэнд бага, бор нүд их тунг өгөх жишээтэй. Циклоплегик эмүүд аккомодацын үйл ажиллагаанд янз бүрээр үйлчилдэгийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Atropinsulfat ба Scopolamin-Hydrobromid нь аккомодацыг бараг бүрэн зогсоодог бол, Cyclopentolat-Hydrochlorid эмийг хэрэглэхэд 1D, Tropicamid-Hydrochlorid-ийг хэрэглэхэд 2D-ийн аккомодацын үлдэгдэлтэй байдаг (Vogel und Berke, 1998; Bartlett et al., 1997).

Atropin sulfat-ын дусаалгаар бүрэн циклоплеги хийх боломжтой. Эмийн үйлчилгээ дууссан үед нүд хэвийн байдалд ордогийг харгалзан скиаскопийн үзүүлэлтэнд хувиргаа хийх хэрэгтэй байдаг. Энэ нь хэрэв 1,0D хүртэл бол -1,0D-ийг нэмнэ, харин -3,0D-ээс эхлэн хүчийг нь өөрчлөх шаардлагагүй (Hopkins und Pearson, 1998). Эм тус бүрийн циклоплегийн үйлчилгээ тодорхой хугацаатайг харгалзаж үзэх ёстой. Atropin sulfatын үйлчлэх хугацаа нь 30 мин-18 хоног хүртэл, Cyclopentolat-Hydrochlorid 30 мин-24 цаг, Scopolamin Hydrobromid 30 мин-7 өдөр, Tropicamid-Hydrochlorid 25 мин-8 өдөр хүртэл үйлчилнэ (Vogel und Berke, 1998; Bartlett et al., 1997).

Циклоплеги хийсний дараа нүд хорсох, хараа бүрэлзэх, нүд хуурайших, харшил өгөх зэрэг хам шинжүүд үүсч болдог. Нүдэнд илрэх оптикын шинжүүд нь хүүхэн хараа тэлсэнээс болон сфер ба өнгөний аберрац үүссэнээр тайлбарлагддаг. Эдгээр шинжүүд Atropin sulfat-р циклоплеги хийсэн үед илүү гардаг тул M. J. Doughty (1999) зэргийн олон мэргэжилтэнгүүд уг эмээс татгалзахыг зөвлөсөн.

Mohindra-гийн ойрын скиаскопи

Mohindra-гийн ойрын скиаскопи нь тогтонг скиаскопийн аргад багтана. Анх 1975 онд I. Mohindra нярай ба бага насны хүүхдэд скиаскопийг циклоплеги хэрэглэлгүй хийсэн.

Энэ арга нь доорх дарааллаар явагдана. Үүнд:

  1. Рефракцын өрөөг харанхуйлан хүүхдийг ээжийнх нь өвөр дээр суулгана. Үзлэг хийх зай нь 50 см байна.
  2. Скиаскопийн гэрээлтүүлгийг хамгийн сул дээр тавин хүүхдийг саатуулна. Нэг нүдийг нь тагласан байдалд скиаскопийн гэрлийг харуулна.
  3. Хүүхэд скиаскопийн төвлөрсөн гэрлийг харах үед ямар нэгэн шил барихгүйгээр торлог бүрхүүлийн ойлтын саармагжилтыг 2 тэнхлэгээр үзнэ.
  4. Олсон үзүүлэлтээсээ тогтмол хэмжигдэхүүн 1.25D-ийг хасаж өгнө. Энэ тогтмол хэмжигдхүүн нь удаа дараагийн судалгаануудын үр дүнд гарсан байдаг. Тухайлбал, 1.25D-г хасахад цикпоплегитай скиаскопи хийсэнтэй адил дүн гардаг бөгөөд 50 см-ийн зайн дахь гарсан +2.0D-с харанхуйн аккомодацыг харгалзан -0.75D-г тооцсонтой адил.

Нярай хүүхдэд рефракц тодорхойлох

Нярай хүүхдийн хараа шалгахдаа доорх аргыг хэрэглэдэг уламжлалтай.

  • Strabismus тэй скиаскопи
  • Mohindra-гийн ойрын скиаскопи
  • Фоторефракц

Cyclopentolat 0,5% нь 1-с доош насны хүүхдэд хэрэглэхэд хамгийн тохиромжтой, шалгарсан циклоплегик эм, 1-с дээш насны хүүхдэд Cyclopentolat 1%-г дусаах нь тохиромжтой. Эм дусааснаас хойш 20-30 мин дараа скиаскопийг хийж болно.

Хэрэв хүүхэд төв мэдрэлийн системийн ямар нэгэн өвчтэй бол Tropicamid дусаалгыг сонгоно.

Харааг олон удаа шалгах шаардлагатай болон эмний хор уршиг гарах боломжтой үед Mohindra-гийн аргыг хэрэглэх нь зүйтэй (American Optometric Association, 1994; Edgar und Barnard, 1996; Bartlett et al., 1997).

Сургуулийн өмнөх насны хүүхдэд рефракц тодорхойлох

Сургуулийн өмнөх насны хүүхдэд жирийн скиаскопи хийж болно. Хараа төвлөрүүлэх цэг нь 6 м-т байна. Энэ зайнд видео юм уу эсвэл саатуулах хүн байх ёстой. Хэрэв скиаскопийн үзүүлэлт хангалтгүй гарах болон хүүхэд өндөр хэмжээний харааны гажигтай, мөн хялартай бол циклоплегитэй скиаскопи эсвэл Mohindra-гийн ойрын скиаскопийг хийнэ. 1%-ийн Cyclopentolat 1 дуслаар 5 минутын зайтай 2 удаа нүд тус бүрд дусаан циклоплегийг хийнэ. Скиаскопийг 20-30 минутны дараа эхэлж болно (American Optometric Association, 1994; Edgar und Barnard, 1996; Bartlett et al., 1997).

Сургуулийн насны хүүхдэд рефракц тодорхойлох

Сургуулийн насны хүүхдэд жирийн хараа шалгах аргыг ашиглах хэрэгтэй. 8-с доош насны хүүхдэд скиаскопи хийсний дараа Phoropter хэрэглэж болохгүй, коррекцын хүрээг хэрэглэнэ. Субъектив аргаар харааг шалгахаас өмнө урьдчилж заавал скиаскопи хийх шаардлагатай.

Циклоплегитэй скиаскопи хийх заалт

Mohindra-гийн арга нь олон тохиолдолд (бага нас) маш нарийн үр дүнд хүрдэг боловч циклоплегтай скиаскопи хийх заалтууд байдаг (American Optometric Association, 1994; Edgar und Barnard, 1996; Bartlett et al., 1997). Үүнд:

  • Нярай ба 3 нас хүртэлх хүүхэд
  • Далд гиперметропитай
  • Аккомодацын спазмтай
  • Гөжүүд хүүхэд
  • Хяларын үед
  • Хугарлын хүч их (насанд нь тохироогүй)

Дүгнэлт

Хүүхдийн хараа шалгах нь мэргэжилтнээс (хүүхдийн оптометрист) ур чадвар, хариуцлагыг шаарддаг. Рефракц тодорхойлохоос гадна хүүхдийн сэтгэл зүй, өвчний талаарх мэргэжлийн өндөр мэдлэгтэй байх ёстой. Циклоплегитай скиаскопийг нялх, нярай хүүхэд, эрсдэл өндөртэй хүүхдэд хийх нь илүү тохиромжтой. Mohindra-н арга нь сургуулийн өмнөх наснаас эхлэн эрсдэлгүй бүлгийн хүүхдэд тохиромжтой. Туршлагатай оптометрист бол Mohindra-н аргыг нялх болон эрсдэлтэй хүүхдэд ч хэрэглэж болно. Энэ үед скископийн үзүүлэлтийг тооцохдоо нярай хүүхдэд 0,75D, сургуулийн өмнөх насны хүүхдэд 1,0D-г нэмэж өгөх хэрэгтэй.

Ном зүй

1. American Optometric Association (1994). Pediatric Eye and Vision Examination. Optometric Clinical Practice Guideline.
2. Bartlett J. D., Jaanus S. D. und Ross R. N. (1997). Pocket companion: Clinical ocular pharmacology, 3rd ed., Butterworth-Heinemann, USA.
3. Borghi R. A. und Rouse M. W. (1985). Comparison of refraction obtained by „near retinoscopy“ and retinoscopy under cycloplegia. Optometry and Physiological Optics 62:169-172.
4. Borish I. M. (1970). Clinical Refraction, 3rd ed., Professional Press, USA.
5. Bugara K., Schulz E. und Haase W. (1981). Skiaskopie mit und ohne Cycloplegie bei Kindern. Albrecht von Graefes Archiv fьr klinische und experimentelle Ophthalmologie 216:339-343.
6. Doughty M. J. (1999). Drugs, Medications and the Eye, Smawcastellane Information Services, UK.
7. Edgar D. und Barnard S. (1996). Refraction. In: Pediatric Eye Care (eds. S. Barnard und D. Edgar), Blackwell Science, UK, pp. 151-167.
8. Friedburg D. (1987). Strichskiaskopie zur objektiven Refraktionsbestimmung bei Kindern. Zeitschrift für praktische Augenheilkunde 8:223226.
9. Haase W. und Hohmann A. (1987). Zur Skiaskopie bei Ein- bis Zweijährigen. Zeitschrift für praktische Augenheilkunde 8:231-233.
10. Hoefnagel D. (1961). Toxic effects of atropine and homatropine eye drops. New England Journal of Medicine 264:168-171.
11. Hopkins G. und Pearson R. (1998). O’Connor Davie’s Ophthalmic Drugs: Diagnostic and Theraputic Uses, Butterworth-Heinemann, UK.
12. Mohindra I. (1975). A technique for infant vision examination. American Journal of Optometry and Physiological Optics 52:867-870.
13. Mohindra I. (1977). Comparison of „near retinoscopy“ and subjective refraction in adults. American Journal of Optometry and Physiological Optics 54:319-322.
14. Mohindra I. und Molinari J. F. (1979). Near retinoscopy and cycloplegic refraction in early primary grade schoolchildren. American Journal of Optometry and Physiological Optics 56:34-38.
15. Owens D., Mohindra I. und Held R. (1980). The effectiveness of a retinoscope beam as an accommodative stimulus. Investigative Ophthalmology and Visual Science 19:942-949.
16. Saunders K. I. und Westall C. A. (1992). Comparison between near retinoscopy and cycloplegic retinoscopy in the refraction of infants and children. Optometry and Vision Science 69:615-622.
17. Todter F. (1986). Objektive Refraktionsbestimmung bei Kindern. Der Augenarzt 20:207-212.
18. Twelker J. D. und Mutti D. O. (2001). Retinoscopy in infants using a near noncycloplegic technique, cycloplegia with tropicamide 1%, and cycloplegia with cyclopentolate 1%. Optometry and Vision Science 78:215-222.
19. van Wauwe L. (1975). Ist der Gebrauch von Zykloplegika in der Refraktion von unentbehrlichem Nutzen? Neues Optiker Journal 4:251-254.
20. Vogel W. H. und Berke A. (1998). Okuläre Pharmakologie, Ferdinand Enke Verlag, Stuttgart.
21. Wesson M. D., Mann K. R. und Bray N. W. (1990). A comparison of cycloplegic refraction to the near retinoscopy technique for refractive error determination. Journal of the American Optometric Association 61:680-684.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Т.Булган


Нийтлэлийн нээгдсэн тоо: 763
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК