Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 2(08)
Глауком өвчнийг эрт илрүүлж, урьдчилан сэргийлье!
( Редакцийн зурвас )

Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, Анагаах ухааны доктор Д.Уранчимэг

ЭМШУИС- ийн Нүд судлалын тэнхим

 

Эрхэм хүндэт эрдэмтэн багш, нүдний эмч, судлаачид, резидент суралцагчиддаа “Нүд судлалын монголын сэтгүүл”-ийн энэхүү дугаараар мэндчилж байна.

Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд Монголын глаукомын клуб 2008 оны 11 сарын 21-нд байгуулагдсан билээ. Манай клубын 2, 3 дугаар шатлал дээр ажиллаж байгаа нүдний эмч, багш нар Глауком өвчний чиглэлээр сургалт, судалгаа, урьдчилан сэргийлэх үзлэг хийхээс гадна жил бүрийн 3 сарын 12-нд Дэлхийн глаукомын өдрийг өөрийн орондоо зохион байгуулж ирлээ.

Дэлхий дээр нийт 70 гаруй сая хүн глауком өвчнөөр өвдсөнөөс 10% орчим нь эргэлтгүй сохорсон байдаг байна. Сохрол, хараа алдалтын өндөр хувийг эзэлдэг глауком өвчний талаар манай орны эмч мэргэжилтнүүд онцгой анхаарч 1974 оноос хойш улсын хэмжээний Глаукомын кабинетүүдийг УКТЭ, ШТЭ, дүүрэг, аймгийн нэгдсэн эмнэлгүүд дээр байгуулж өвчтөнүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийх, хянах тогтолцоог бий болгожээ.

1991, 1995, 1997, 1999, 2005 онуудад ЭМШУИС-ийн Нүд судлалын тэнхим, Лондонгийн Их сургуулийн Нүдний институттэй хамтарсан глаукомын суурь судалгаа нь олон улсын нэр хүндтэй, импакт фактор өндөртэй Ophthalmology, British Journal of Ophthalmology, Eye, Archiv of Opthalmology сэтгүүлүүдэд үр дүнгээ хэвлүүлсэн нь монголын нүд судлалын нэр хүндийг өндөрт өргөсөн бүтээл, туурвилууд болсон юм.

Сүүлийн үед 2, 3 дугаар шатлалын эмч мэргэжилтнүүд гадаадад урт богино хугацаагаар глаукомын чиглэлээр суралцаж, эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлж байгаа нь өвчтөнд үзүүлэх оношилгоо, эмчилгээний чанар улам сайжирч байна.

Глаукомын клубийн гишүүд Монгол улсын глауком өвчний оношилгоо, эмчилгээний стандартыг боловсруулахад ЭМЯ-ны Нүд судлалын салбар зөвлөлтэй идэвхтэй хамтран ажиллаж байна.

Эргэлтгүй сохролд хүргэх уршигтай глауком өвчний тархвар зүй, эрт илрүүлэлт, эмнэл зүй, эмчилгээ оношилгооны сүүлийн үеийн аргуудын талаархи шинжлэх ухааны өгүүлэл, лекц, тойм зэрэг мэдээллийг та бүхэндээ зориулж өргөн барьлаа. Зайлсхийж болох сохрол, хараа сулралаас сэргийлэх, хянах үндэсний стратеги төлөвлөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд глауком өвчнийг эрт илрүүлэх, хянах, энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарлаа хандуулцгаая. 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 721
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК