Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2010, 2(08)
Глауком өвчний тархвар зүйн судалгаанууд ба эрсдэл хүчин зүйлс
( Лекц )

Д.Уранчимэг Ph.D

 

Дэлхийн улс орнуудад хийгдэж байгаа олон тархвар зүйн судалгаагаар глауком өвчнөөр өвдсөн хүмүүсийн сохролын тархалт нь харилцан адилгүй өөр өөр (огт байхгүй (Dalby), 7.3% (Rosscomon), 11% (Tanzania), 15% (Mamre), 22% (Hlabisa), 34% (Singapore), 34.6% (Монгол)) байдаг.

Глаукомын тархалтын судалгаанууд нь өвчтөний нас, хүйс, хүн амын тооноос хамаарч судалгаанд хамруулах хүний түүвэрлэлт, сонголтыг харилцан адилгүй хийсэн байна. Мөн судалгаанд хэрэглэсэн арга аргачлал, багаж тоног төхөөрөмжүүд ч өөр өөр байдаг.

• Дээрх хүснэгтээс харвал улс орнуудын ХӨГ, НӨГ-ийн тархалт харилцан адилгүй байна.

• Зүүн өмнөд Азийн бүс нутагт монголоид яс угсаатанд ХӨГ илүү давамгай тохиолдож байна.

• Азийн хүн амын дунд Япончуудад илүү НӨГ тохиолдож байгаа нь тэдний дунд миопи элбэг байдагтай холбоотой байж болох юм. Нүдний дотоод даралтын дундаж үзүүлэлт нь хэдийгээр Европчуудаас бага боловч НӨГ-ийн тархалт нь ойролцоо байна.

• Европ, АНУ, Австралийн цагаан арьстнуудын дунд НӨГ-ийн тархалт ижил байна.

1995 оны байдлаар дэлхий дээр хийгдсэн бүх глаукомын тархалтын судалгаан дээр үндэслэн Quigley, Vitale нар дэлхийн хүн амын дундах глаукомын тархалтыг тогтоох боломжтойг тогтоосон. 2000 оны байдлаар дэлхийн хүн амын тоог ойролцоогоор гарган нас, хүйсний байдлаар 5 жилээр ангилж үзэхэд анхдагч глаукомоор 66.8 сая, хоёрдогч глаукомоор 6 сая, нийт 72.8 сая хүн энэ өвчнөөр өвдсөн байх магадлалтай байна гэж үзжээ. Глаукомын тохиолдлын түвшинг сохролтой нь харьцуулбал 10% буюу 6.7 сая хүн энэ анхдагч глауком өвчнөөр сохорсон байх магадлалтай юм. Сингапурт хийгдсэн судалгаанаас харвал глаукомын сохролын 6.7 сая гэдэг тооноос хавьгүй их байж болох юм.

Хүн өөрийн амьдран буй орчиндоо дасан зохицож амьдрахаас гадна тухайн өвчин үүсэх эрсдэл хүчин зүйл нөлөөлснөөс өвдөх магадлалтай байдаг. Зарим удам зүйн нөлөөлөлийг эмчлэх буюу зан үйлийг нь өөрчилж өвчнийг эдгээж, урьдчилан сэргийлж болох юм. Жишээ нь: генийн инженерчлэл, нано технологи, лазер эмчилгээ зэрэг энд орно.

Анхдагч хаалттай өнцөгт глауком

Энэ үед хамгийн их хамааралтай үзүүлэлт нь өмнөд хоргын гүн юм. Энэ нь нилээн хүчтэй удам зүйн шалтгаанаас гадна цаг уур, орчны нөлөөлөл ч байж болох юм. Нүдний бүтэцтэй холбоотой гол хүчин зүйлс нь:

• Өмнөд хорго гүехэн: Өмнөд хоргын гүн Гринландын Инуит угсаатнуудад ижил насны Швед, Белгичүүдээс 0.33ммээр гүехэн байна. Харин Монгол, Хятад хүмүүсийн өмнөд хоргын гүн Инуитуудээс бага зэрэг гүн байна.

• Эврэвчийн диаметр бага: Гринландын Инуитуудын эврэвчийн диаметр цагаан арьстнуудынхаас 0.5 мм-ээр бага гарсан судалгаа байдаг.

• Нүдний дагуу тэнхлэгийн урт богино: ХӨГ-тай хүмүүсийн нүдний дагуу тэнхлэг ихэвчлэн богионо байдаг.

• Нүдний болор зузаарах: нүдний болор нас ахих тусам төв хэсгээрээ зузаарч урагш түрж өмнөд хоргыг гүехэн болгодог.

Дээрх бүтцийн өөрчлөлтүүд нь ХӨГ-д хүүхэн харааны хориг, солонгон бүрхүүлийн уг хэсэг шүүрүүлэх системийг хаах механизмыг бий болгодог. Солонгон бүрхүүлийн тэгш өндөрлөг хавтгайралт - plateau iris мөн энд нөлөөлдөг. Бусад эрсдэл хүчин зүйлд 40-өөс дээш нас, Монголоид гарал үүсэл, хүйс, гэр бүлд глаукомоор өвдсөн хүмүүс байх, гиперметропи зэрэг ордог юм.

Анхдагч нээлттэй өнцөгт глауком

Эрсдэл хүчин зүйлст нас, хүйс, үндэс угсаа зэрэг чухал ач холбогдолтой юм. НӨГ-ийн тархалт, тохиолдол нь Африк, Испани гаралтай болон цагаан арьстнуудын дунд их байдаг. Өндөр миопи, гиперметропитой хүмүүсийн дунд НӨГ элбэг тохиолддог. Нүдний дотоод даралтын ихсэлт нь бас нэг хүчин зүйл мөн боловч зарим үед хэвийн даралттай нүд ч НӨГ-д өртдөг байна. Биеийн даралт ихсэх болон торлогийн цусны урсгалын өөрчлөлт мөн энд нөлөөлдөг. Амьдралын хэв маягтай холбоотой тамхи татах, архи уух, хэт халуун газар ажиллах, таргалалт зэрэг нь мөн НӨГ-ийг үүсгэх хүчин зүйлс болдог байна. НӨГ-ийн удам зүйн судалгааг олон жилийн өмнөөс хийж эхэлсэн ба Америкийн Йовад хийгдсэн судалгаагаар миоцилин уураг ялгаруулдаг хромосомын генийг илрүүлсэн байна. Энэ глаукомоор өвдсөн өвчтөнүүдийн гэр бүлийн цусан төрлийн хамаатнууд бас өвдөж болохыг харуулсан байна. Молекулын генетик хөгжсөнөөр энэ өвчний удам зүйн судалгаанууд ч мөн шинэ шатанд гарч байна.

Орчин үеийн тархварзүйн судалгаанууд болон глауком өвчнийг үүсгэх эрсдэл хүчин зүйлүүдийг нэгтгэн дүгнэвэл:

• Хүн амын нас хөгшрөлт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед хүн амын дундах урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол хийж занших, тэдний дунд глауком өвчний талаархи мэдээллийг оновчтой хүргэх асуудал чухал байна.

• Хаалттай өнцөг илэрсэн хүмүүст лазер эмчилгээ хийх нь энэ өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх 2 талын ач холбогдолтой юм.

• Эрсдэл хүчин зүйлүүдийг мэдсэнээр аль болох энэ өвчин үүсэх магадлалыг бууруулах ач холбогдолтойгоос гадна генетик зэрэг суурь шинжлэх ухааныг түлхүү хөгжүүлэх хэрэгцээ харагдаж байна.

Ном зүй

1. Quigley HA, Vitale S. Models of OAG prevalence and incidence in the USA. Invest Ophthal, 1997; 38:83-91
2. Quigley HA. Number of people with glaucoma worldwide. Br Jour Ophthal, 1996, 80:389-393
3. Johnson G. The epidemiology of eye disease. 2004
4. Foster P, Baasanhu J, UranchimegD. Glaucoma in Mongolia. Arch Ophth 1996, 114:1235-1241
5. Dandona L, The Andra Pradesh Eye Disease Study. Ophthalmology 2000; 107:1702-1709
6. Alsbirk PH, Early detection of PAC (Greenland Eskimos) Acta phthal.1988 66:556-564
7. Stone EM, Fingert JH. Identification of a gene that causes POAG. Science1997, 275:668- 670
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор Ж.Баасанхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1010
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК