Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 4(109)
Нотолгоо түшсэн анагаах ухаан
( Редакцийн зурвас )
 

Анагаах ухаан, нэн ялангуяа эмнэлзүйн анагаах ухаан бол шинжлэх ухаан, урлаг, сүсэг бишрэл гурвын нэгдэл гэдэгт ихэнх шинжлэх ухаан судлаачид санал нийлдэг гэнэм. Гэвч манай сэтгүүлийг уншигчид анагаах ухааны бүрэлдэхүүний хэсгийн дотор /хамгийн энгийнээр бодоход манай эрдэмтэн мэргэд эртнээсээ мэдлэгийн энэ салбарыг тэжээхүй буюу анагаах ухаан хэмээн ухаан оруулсан үгээр тэмдэглэж ирснийг харгалзаад/ шинжлэх ухаан давамгайлна гэж үздэг хүмүүс байгаа гэдэгт итгэе. Энэ үзэл бодлыг орчин цагийн мэргэжлийн анагаах ухааны сургууль төгсөгчдийн дийлэнхи нь мөн дагах бүй заа.

   Анагаах ухааныг шинжлэх ухаан гэж үздэг эмч нар практик тохиолдол бүртээ шинжлэх  ухаанд мэдэгдэж байгаа хамгийн сүүлийн үеийн баримт, нотолгоог ашиглах ёстой гэж үздэг зарчимийг 1990-ээд оны эхнээс нотолгоо түшсэн анагаах ухаан-evidence based medicine хэмээн нэрийдэх болж байна. Анагаах ухаанд Баримт, нотолгоо түшиглэхгүй бол Австралийн хоёр эмчийн саяхны нэг өгүүлэлдээ өгүүлсэн алдар нэр, сүржигнэх, уяраах, дээд тэнгэрт итгэх, тээнэгэлзэх, айх, бардамнах зэрэг аргыг хэрэглэх болдог байна /сүүлд дурьсан аргуудын үзүүлэлтүүдийг нотолгоо түшсэн анагаах ухаантай харьцуулсныг хүснэгт1 -ээс үзнэ үү/

Гэвч нотолгоо түшсэн анагаах ухааны шаардлагыг хангахын тулд эмчийи үзвэл зохих шинжлэх ухааны мэдээллийн хэмжээ тун эрчимтэй өсч байна. Тухайлбал, АНУ-д 1992 онд хийсэн нэг судалгаа анагаах ухааны хамгийн еренхий мэргэжлийн салбар болох дотрын анагаах ухаанаар дэлхий дахины хэмжээгээр нэгэн жилийн дотор англи хэлээр хэвлэгдэж буй эрдэм шинжилгээний өгүүллийн тоо 6000 гаруй болж байгаа нь өдөр бүр17 өгүүлэл унших хэрэгтэй болгож байгаа ажээ. Энэ байдлаас гарах арга нь тохиолдол бүрт холбогдох хамгийн сүүлийн үеийн мэдээллийг эмч ажлын байран дээрээ интернетээр авах явдал болжээ. Ойрын үед бид эмнэлзүйн практик, анагаах ухааны сургалтанд энэ зарчимд шилжихгүй бол хүссэн ч, хүсээгүй ч, нотолгоо түшсэн анагаах ухааныг орлуулж болох дээрх долоон аргыг л түшихээс өөр аргагүй болно. Нотолгоо түшсэн анагаах ухааныг орлуулж болох өөр аргууд ч бас байхыг би үгүйсгэхгүй бөгөөд одоогоор бичигдээгүй байгаа тийм аргуудын тухай манай сэтгүүлд бичиж санал бодлоо хуваалцахыг эрхэм уншигчдаас хүсье.


 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 458
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК