Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 2(78)
Хүүхдийн цусаар дамжин үүсэх ясны цочмог үрэвслийг оношлох, эмчлэх нь
( Судалгааны өгүүлэл )

Ж.Идэр

 

 

Ясны цочмог үрэвсэл нь бага насны хүүхдийн чөмөг ясанд элбэг тохиолддог, оношлох эмчлэхэд төвөгтэй, нас баралт их ихэнхдээ хүүхдийг тахир дутуу болгодог үжилт хүнд өвчин юм.

Бид урьд нь өвчнийг эрт оношлож, эмчлэхэд шинэ арга хэрэглэж үр дүнгийн тухай судалгааг гаргаж, хэрэглэх аргачлалыг боловсруулан «Анагаах ухаан» сэтгүүлийн 1984 оны №4-д нийтлүүлсэн тул уг өвчний тухай товч өгүүлье.

Энэ өвчнийг таньж оношлох, ялангуяа мэс заслын эмчилгээг сонгож хийхэд өвчлөлийн жам, явцын үе шатыг сайн мэдэж байх нь онцгой ач холбогдолтой юм. Цусанд орсон нян цусны урсгал саатсан чөмгөнд үржиж голомт бий болгоно. Улмаар нейтрофилийн нэвчтэс үүсч эд эс задарч үржин ясан доторхи буглаа үүснэ. Ингээд чөмөгний үрэвсэл (миелит), ясны үрэвсэл (остит) болно. Энэ нь өвчний эхний 1—2 хоногт бий болдог. Цаашдаа идээ нь ясыг цоолж ясны хальсан доорх буглаа, ясны хальсны үрэвсэл (переостит) үүснэ. Энэ явц өвчний эхний 2—3 хоног дотор явагдана. Үрэвсэл цааш үргэлжилбэл идээ нь ясны хальсыг цоолж зөөлөн эдэд орж нэвчдэс булчин завс­рын буглааг тус тус үүсгэдэг. Өвчний явцын энэ үе шат 3—4 хоногоос хойш үүснэ.

Чөмөгний үрэвсэл үүсэх үед ясан доторх даралт ихэсч судсуудыг дарснаас хоёрдогч судасгүйжилт (аваскуляризация) болж, тэжээлгүй болсон ясны үхжилт хурдан гүнзгийрч өвдөлт маш хүчтэй болно. Ясан доторхи даралт эрүүл үед ясны хэмжээ, байрлалаас хамаарч адилгүй байх боловч үрэвслийн үед 50 мм УБ (усны багана) хүрэхэд даралт ихдэлт болж, 200—300 мм УБ болоход судас дарагдана.

Ангилалт:

1.  Өвчний явцаар нь

а) цочмог

б) архаг

2. Ясны байдлаар нь

а) урт чөмөг ясны

б) хавтгай ясны

в)   жижиг ясны

3.  Үрэвссэн хэсгээр нь:

а) эпифизмийн

б) метафизийн

в) диафизийн

4.  Өвчний шинж байдлаар нь

а)  хордлоготой буюу хөдөлгөөнгүй (адинамическая)

б)  хүнд буюу идээт үжил (септикопиемическая)

в)  хөнгөн буюу хэсгийн (местная)

5. Байрлалаар нь Шилбэний, далны, нурууны, өвчүүний гэх мэтээр ангилдаг.

Шинж тэмдэг. Ясны цочмог үрэвсэлтэй танилцаж шинж тэмдгийг илрүүлж, оношлоход өвчний шинж байдлаар нь ангилсан ангилал онцгой ач холбогдолтой байдаг. Энэ ангилалаар нь авч үзье.

а) Хордлоготой буюу хөдөлгөөнгүй (адинамическая) хэлбэр. Энэ нь цусаар дамжиж үүсдэг ясны цочмог үрэвслийн хамгийн хүнд хэлбэр юм. Өвчтөн маш хүнд хэсгийн өөрчлөлтөөсөө илүү хордлого давамгайлсан байдаг. Өвчин гэнэт эхэлж, 40—41° хүртэл байнга их халуурч, чичирч дагжина. Биеийн байдал түргэн дордож, ухаан бүрэг, дэмийрч солиорно. Судасны хүчдэл, дүүрэлт сул, жирэлзэн тасалдана. Зүрхний авиа бүдэг, хэм алдагдана. Хэвлий, мөчөөр хордлогын дугуй хэлбэртэй улаан тууралт, арьсанд толбо олноороо гардаг. Өвчтөн өвдөлтийг мэдрэх чадваргүй, туйлын хүнд хэсгийн үрэвслийн шинж гадагш илрээгүй байдаг. Эхний хоногт үрэвслийн анхны голомтыг бараг тодорхойлох боломжгүй байдаг.

б) Хүнд буюу идээт үжил (септикопиемическая) хэлбэр. Хүүхдэд хамгийн их тохиолддог, цочмот идээт үжил байдлаар илэрдэг хүнд хэлбэр юм. Өвчин гэнэт эхэлж 38— 39° хүртэл үе үе халуурч, ядарч, бие сулран толгой өвдөнө. Өвчилсөн эрхтэн хэдэн цагийн дараагаар өвдөж эхэлдэг. Өвдөлт үргэлжлэн улам ихэсч хучтэй өвдөлт нь тайван биш болгоно. Өвдөлт тодорхой цэггүй, маш их эмзэглэлттэй байдгаас өвчтөн албадмал байрлалд ордог. Харин идээ ясыг цоолж зөөлөн эдэд орж ясан доторхи даралт буурах үеэс өвдөлт харьцангуй багасдаг.

Өвчтэй хэсэг хавганаж, сүүлдээ хавдаж томорно. Хавдар гүн, тодорхой захгүй байдаг. 2—3 дахь хоногоос үрэвслийн хэсгийн шинж тодорч хаван хавдар ихэсч, чинэрч, халуу оргин, голдоо улайж сүүлдээ булхалзах шинж гардаг.

Өвчтөний биеийн байдал хүндэрч, огиулж бөөлжинө. Баас шин­гэрнэ. Харин ухаан саруул байдаг. Мөч, хэвлийн арьсанд хордлогын тууралт гардаг. Зүрхний авиа бүдэг, түргэн байна. Ясны цочмог үрэвслийн хүнд буюу идээт үжил хэлбэр нь хүндэрч үрэвслийн голомтоос бусад яс, цул эрхтэнд (уушги, бөөр, элэг, зүрх) идээ зөөвөрлөгддөгт оршино. Өвчтөн эдгээр хүндрэлийн улмаас нас бардаг.

в) Хөнгөн буюу хэсгийн (местная) хэлбэр. Ясны цочмог үрэвслийн харьцангуй хөнгөн хэлбэр юм. Өвчтөнд хордлого бага, хэсгийн өөрчлөлт нь давамгайлсан байдаг. Өвчин цочмог эхэлж 37—38° халуурна. Үрэвссэн хэсэгт хүчтэй өвдөнө. Өвдөлтөөс хөдөлгөөн хязгаарлагдаж, албадмал байрлалд орно. Харин өвчтэй хэсэгт хаван хавдартай, халуун байх боловч үрэвсэл хязгаарлагдмал, түргэн хугацаацд хэсгийн шинж улам тодорч овойж улайна. Уг хэсэгт «булхалзах шинж» илэрдэг.

Шинжилгээнүүд. Манай оронд ясны цочмог үрэвслийг оношлоход өргөн хэрэглэж байгаа шинжилгээнүүдэд гардаг өөрчлөлггүүдийн тухай товч өгүүлье.

Цусны ерөнхий шинжилгээнд

Цагаан эсийн тоо 20—30 мянга болж, залуу эсүүд, заримдаа миелоцит гарч, цагаан эсийн зураглал зүүн тийш хазайна. Мөн олон цөмт нейтрофил гарна. Гемоглобин багасч улаан эсийн тоо цөөрнө. Улаан эсийн тунах хурд ихэсч 40—70 мм/ц хүрнэ.

БиохиМийн шинжилгээгээр цусанд ерөнхий уураг багасна. Үүнд:

альбумин багасч, глобулины бүх бүлэглэл ихэсдэг, гаммаглобулин хэдий их байна өвчин төдий чинээ хүнд байдаг. Эд эс их задарснаас кали шээс, идээгээр гадалш хаягдаж, сийвэн болон улаан эсийн кали багасана. Харин эс задарснаас цусанд натри ихэсдэг.

Кальца, фосфорын харьцаа багасдаг. Хүчил-шүлтийн тэнцвэр өөрчлөгдөж, цус хүчилшинэ. Уураг их задарснаас цусан доторхи үлдэгдэл азот 60 мг% (Си—43 Ммоль (л) хүртэл ихэснэ.

Шээсний шинжилгээнд: Бөөрөнд идээт хүндрэл өгөөгүй үед шээсэнд бортгон эс, улаан эс, уураг гардаг.

Гэрлийн шинжилгээнд

Ясны зураг хоёр чигт авч эхний үед ямар нэг гэмтэл байгаа эсэхийг харна. Өвчний 10—12 дахь хоногоос ясны гадаргуу дагасан ясны хальсны үрэвслийн «зүү шиг» нэмэлт нарийн сүүдэр гарна. Харин 21—28 дахь хоногоос ясны үрэвслийн өөрчлөлт зурагт гардаг. Ясны хатуу давхарга зузааран, яс сийрэгжиж, цоорсон (стеопороз) байдаг.

Хатгалт хийх. Өвчнийг таньж оношоо эрт батлах эцсийн арга бол хатгалт хийх явдал юм. Хатгалтыг өвчний явцаас болж 3 янзаар хийнэ. Хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийж болно.

а) Зөөлөн эдийн хатгалт. Идээ зөөлөн эдэд орсон үед тусална. Дунд зэргийн будүүнтэй урт зүүг (зөөлөн эдэд хатгалт хийдэг зүү) новокайны уусмалтай тариурт угсарч сэжигтэй газар биеийн гадаргууд эгц босоо хатгаж новокайны уусмалаа шахан зүүгээ аажим гүнрүу (ясны хальс хүртэл) явуулж, аажим ухраана. Мөн хаттах явцдаа үе үе соруулж шалгаж болно. Идээ байгаа үе давхраас тариуртай тунгалаг шингэн дундуур идээ олгойдон гарах нь тод үзэгдэнэ.

б) Ясны хальсан доорх хатгалт. Идээ ясны хальсан дор орсон үед тусална. Зөөлөн эдэд хатгасан зүүнийхээ үзүүрийн нүхтэй ташуу талыг ясны гадаргууд харуулан «хавирах» мэт бага зэрэг гулгуулан хатгана. Ясны хальсан дор зүүний үзүүр орсон үед чөлөөт хөдөлгөөн багасч хөшингө эсэргүүцэл гарч мэдрэгдэнэ. Энэ үед зүүгээ хедөлгөөнгүй барьж соруулна.

в) Ясны доторхи хатгалт. Идээ ясан дотроо байгаа эхний үед онош тогтооход тусална. Тохирсон сэтгүүртэй бүдүүн зүүгээр (Кассир, Кушинга, Кварненберг, Алексюк, Дюфо-нарын) зөөлөн эдийн гаднаас үрэвслийн сэжигтэй (аль болох булуунд ойр) хэсэгт хатгалт хийж зүүгээ чөмөгний хөндийд оруулахад зүүний нүхээр цусархаг идээ (тосон дусал хөвсөн хар хүрэн цус) даралттай гарна. Ингээд ясан доторхи даралтыг усны баганаар хэмжиж, идээнээс нянгийн болон эд эсийн шинжилгээ авна. Дээрх аргыг ЗХУ-д 1969 онд, манайд 1973—1977 онд анх хэрэглэжээ.

Нянгийн шинжилгээ. Ясны цочмог үрэвсэлтэй өвчтөний цуснаас өсгөвөр авахад 53,5 хувьд нян илэрдэг. Түүний 48,1 хувийг стафилококк эзэлдэг. Ясны чөмгөн дотроос авсан идээнд нянгийн шинжилгээ хийж, антибиотикт мэдрэг чадварыг тодорхойлох нь онош, эмчилгээнд илүү үр дүнтэй.

Эмчилгээ. Цусаар дамжиж үүсэх ясны цочмог үрэвслийн эмчилгээний ундсэн зорилго нь үрэвслийн эсрэг, хордлого тайлах бие-махбодын эсэргүүцлийг сайжруулах, үрэвслийн голомтыг устгахад оршино. Эмийн болон мэс заслын хавсарсан эмчилгээг хэрэглэдэг.

1. Эмийн эмчилгээ нь шинж тэмдгийн эсрэг эмчилгээ, антибиотик эмчилгээ, шингэн сэлбэх эмчилгээ, тэнхрүүлэх эмчилгээ гэсэн үндсэн читлэлтэй.

а) Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ. Өвчтөн үжил, харшил, хордлого, хүчтэй өвдөлтийн улмаас их халуунтай шокийн байдалд байдаг. Иймээс халуун бууруулах, өвчин намдаах, тайвшруулах, зүрх судасны ажиллагааг сэргээх эмчилгээг сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний түвшинд хийдэг.

б) Антибиотик эмчилгээ. Ясны цочмог үрэвсэл нь идээт үжил өвчин учир эхнээс нь өргөн үйлчилгээтэй антибиотикуудыг их тунгаар хавсарган булчинд, тараагуур, хураагуур судсанд, ясанд тарьж хэрэглэнэ. Цаашдаа цус, идээ, шээс зэргээс нянгийн өсгөвөр авч антибиотикт мэдрэх чадварыг тодорхойлсны үндсэн дээр антибиотикийн хордлого, дисбактериозоос хамгаалах эмчилгээтэй хавсарган хэрэглэнэ.

в) Шингэн сэлбэх эмчилгээ. Ясны чөмөг нь цусны судастай шууд холбоотой байдгаас цусны эргэлтэд нян, нянгийн хор, үхжсэн эд, идээ, бодисын солилцооны завсрын хорт бүтээгдэхүүн, үлдэгдэл азот орж биемахбодыг хордуулдаг. Их халууралт, идээ зэргээр шингэн их алдах учир хорыг саармагжуулах, алдсан шингэн, эрчим хүч нөхөх зорилгоор  янз бүрийн  шингэн, цус сийвэн зэргийг судсанд дуслаар биохими, цус, эрдэс давсны шинжилтээний үндсэн дээр шээс хөөх эмийн хамт хэрэглэнэ.

г) Тэнхрүүлэх эмчилгээ. Халдвар, хордлогын улмаас өвчтөний зарим эрхтний үйл ажиллагаа доройтож, бодисын солилцооны цочмог хямралд орж, харшил үүсч, витамины дутмагшил болж биеийн эсэргүүцэл мууддаг. Иймээс бөөр, бөөрний дээд булчирхай, элэг цөс, ходоод, цус   төлжүүлэх эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжих хөнгөвчлөх бэлдмэл,   олон төрлийн витамин, ялангуяа «С» болон «В»-гийн төрлийн витаминуудыг уулгах, тарих, харшил тайлах, тайвшруулах, антигистамины бэлдмэлүүдийн хамт хэрэглэнэ. Өвчний эхний үед өвчтөний биеийн эсэргүүцэл доройтсон байх учир биед бэлнээр тэнхрүүлэгч ерөнхий өвөрмөц гаммаглобулин, шинэ цус, цусны бэлдмэл, сийвэн, дархалсан сийвэн зэргийг хийж, идэвхгүй дархлалын зарчмыг баримтална. Харин өвчний сүүлийн шатанд анатоксин зэргийг хэрэглэж дархлалыг сэдээж сэртээх идэвхитэй зарчмыг баримтлан эмчилбэл зохино.

2. Мэс заслын эмчилгээ. Мэс заслын эмчилгээний гол зорилго нь үрэвслийн голомт болох идээлсэн ясны чөмгийг аль болох эрт нээж, зайлуулахад оршино. Мэс заслын эмчилгээ нь:

а)  ясыг битүү цоолох

б)  зөөлөн эдэд зуслэг хийх

в)  яс цоолборлох

г)   боолт эмчилгээ

д) өвчтэй хэсгийг бэхлэх гэсэн үндсэн ажилбаруудаар гүйцэтгэгдэж байна.

а) Ясыг битүү цоолох. Ясны цочмог үрэвслийг эмчлэх мэс заслын эмчилгээний нэг үндсэн арга юм. Зорилго нь: Зөөлөн эдэд үрэвсэл тараахгүйгээр ясан доорх идээг авч даралтыг бууруулаад түүгээрээ эмчилгээ хийхэд оршино. Ажилбарыг хэсгийн мэдээ - алдуулалттайгаар хийж болдог. Онош тогтоох зорилгоор ясанд хатгалт хийсэн зүүгээ хэрэв өвчтэй бол ясандаа үлдээж, идээг соруулан ариутгах уусмалаар хүчтэй биш угааж, антибиотик эмчилгээ хийнэ. Антибиотикийг хоногт хоёр удаа, 7—10 хоног хийж, 5—7 хоног тутам нянгийн шинжилтээг 3 удаа авч цэвэр гарвал зүүгээ авна. Угаах шингэнийг 1 минутад 60—90 дуслаар хийнэ. Ясанд хийх эмийн тунг судсанд хийх эмийн тунтай адил тунгаар бодож хийхийг анхаарах хэрэгтэй.

б) Зөөлөн эдэд зүслэг хийх. Ясны цочмог үрэвслийг эмчлэхэд өргөн хэрэглэдэг арга Т. П. Краснобаев 1925 онд анх ясны үрэвслийг
эмчлэхдээ хавдсан хэсэгт зөөлөн эдийг зүсч буглааг нээж резин,
марли гоожуур тавьж эмчлэх аргыг хэрэглэжээ. Бид ерөнхий мэдээ алдуулалттайгаар зөөлөн эдэд аль болох идээ бага баригдуулах зорилгоор хавдаж улайсан хэсгийн дээд, доод захын судас мэдрэл багатай хэсэгт 3—4см урт зүсэж, яс хүртэл нээж эсрэг тал руу нь нэвт шархуудыг гаргаж өгсөн юм. Шархандаа резин болон марли гоожууруудыг тавьж, 10 хувийн шорвогоор боолт хийнэ.

в)   Яс цоолборлох. Чөмөгний идээ ясны хальсан дор юм уу зөөлөн эдэд орсон үед ясыг цоолж, доторхи идээг чөлөөтэй гаргахад оршино. Зөөлөн эдэд гаргасан зүслэгээр ясыг үзэхэд ясны хальс нь хөндийрч, нүцгэрсэн байдаг. Уг хэсэгт 0,3—0,5см өргөнтэй хоорондоо 1,5—2см сөөлжүү зайтай 3—4 нүх өрөмдөж гаргана. Үрэвсэлд хамарсан яс их биш бол үрэвслийн дээд захад гаргасан шархаар доош 45° ташуу нэг нүх өрөмдөж, түүндээ гуурс хийж, яс битүү цоолж эмчилгээ хийдэг аргыг хэрэглэнэ. Энэ аргыг манайд 1975 онд анх хэрэглэсэн юм.

г)   Боолт эмчилгээ. Ясны цочмог үрэвслийн үед хэрэглэдэг. Өвчтэй эрхтэн, шархыг гадны нөлөөнөөс хамгаалж, нэвчтэс, шархны идээ, шүүдсийг өөртөө татан шингээж, эмийн бодисыг үрэвслийн голомтод удаан үйчлэх боломжийг олгодог.

Ясны цочмог үрэвслийн эхний үед идээ шүүс, нэвчтэсийг гадагш татах үйлчилгээтэй гипертоник уусмалуудаар чийглэсэн, харин сүүлийн шатанд хамгаалах, дулаан хадгалах үйлчилгээтэй тосон боолт хийвэл тохиромжтой.

д)  Өвчтэй хэсгийг бэхлэх. Үрэвсэлтэй хэсгийг тайван байлгахын тулд хөдөлгөөнгүй болгож бэхлэх явдал эмчилгээний нэг хэсэг байдаг. Хөдөлгөөнгүй байлгах нь өвчин ихсэх, сэдрэх, эмгэг хугаралт үүсэх, буруу байрлалд орох зэргээс хамгаалдаг. Үүний тулд өвчтэй эрхтэнд гөлтгөнөөр (бусад аргаар ч болно) хоёр талын үеийг дамнасан хагас юм уу, шарх нь ил байхаас хагас битүү чиг тавьж бэхлэх аргыг хэрэглэдэг. Өвчтөнийг 1,5—2 сараас багагүй хугацаанд чигтэй байлпана.

Мэс заслын эмчилгээг сонгож хэрэглэх арга. Дээр өгүүлсэн мэс заслын эмчилгээний аргуудаас өвчтөндөө тохируулан сонгож хэрэглэхдээ 3 үндсэн зарчмыг баримтлах нь зүйтэй.

а)   Ясыг битүү цоолох. Энэ нь зөөлөн эдийг зүсэлгүй шууд гаднаас нь ясны зүүгээр хатгаж зөөлөн эд, ясыг цоолоод зүүгээ авалгүй үлдээдэг. Энэ аргыг онош түргэн тогтоох, жижиг болон хавтгай ясны үрэвсэл, булууны үрэвсэл, идээ нь ясыг гадагш нэвтлээгүй байгаа чөмөг ясны үрзвслүүдийг эмчлэхэд хэрэглэнэ.

б) Нээж цоолох. Зөөлөн эдийг үечлэн зүсч нээгээд цоолно. Ясны хэм ба чөмөгний идээ нь ясыг үрэвсүүлж ясны хальсан дор орсон, мөн ясны хальсыг нэвтэлж зөөлөн эдэд нэвчсэн үед хэрэглэнэ.

в)  Битүү ба нээж цоолох. Дээрх хоёр аргыг хавсарган хэрэглэнэ.
Үрэвсэл их газар хамарсан үед ашиглана.

Ясны цочмог үрэвслийн үед гарч болох хүндрэл. Ясны цочмог үрэвслийн үед өвчний хэлбэр, өвчтөний биеийн эсэргүүцэл, мэргэжлийн тусламжийн хугацаа, чанар зэргээс хамаарч амь нас, эрүүл мэндийг сарниулсан олон янзын бүлэг хүндрэл гардаг. Эдгээрээс товч өгүүлье.

1.  Үрэвслийн голомтоос идээ бусад эрхтэнд тарж, зөөвөрлөгдөн өөр газар идээт голомт үүсэх;

2.  Ясны эд үхжиж, сийрэгжсэнээс «эмгэг хугаралт» үүсэх;

3.  Ясны үрэвсэл их газар хамарч яс тэжээлгүй болж үхжиж тусгаарлагдсанаас «сул яс» үүсэх;

4. Үрэвсэл ясны өсөлтийн хэсгийг үхжүүлж өсөх ажиллагаа зогс­соноос ясны өсөлт хоцорч мөч богиносох.

5. Ясны үрэвсэл үе үений хүүдийг үрэвслүүлж шингэн хуралдаж үе мултрах

6. Ясны үрэвсэл үений гадаргууг үрэвслүүлж барзайж хоёр яс наалдаж эдгэрснээс үе хөдөлгөөнгүй болох

7. Ясны үрэвсэл гүйцэт эмчлэгдэхгүй удаан үргэлжилж «архаг» хэлбэрт шилжих зэрэг хүндрэл гарахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм.

 

Ном зүй

1. Б.Энхравдан, Д.Дамдин «Легочно плевральные и сердочные осложнения при остром гематоченном остеомиелите у детей» Материалы докладов конференций УБ 1982 65
2. Г.Л.Байров «Неотложная хирургия детей» Л—1973
3. Л.П.Биезинь «Детская хирургия» М—..934
4. И.С. Венгеровский «Остеомиелит у детей» М—1964
5. М.В.Аринев«Спорные и достоверные вопросы патогенеза и лечения ости и гематогеного остеомиелета» Вестник хирургий 1972 № 2—69
6. М. Дмитриев, М.Л.Пигачев, Н.Л.Куш «Очерки гнойной хирургии у детей М 1973 №6—204\\\'
7. С.Я.Долецкий «Руководство по педиатрий» том IX М 1904
8. Ж.Идэр «Хүүхдийн цусаар дамжиж үүсэх ясны цочмог үрэвслийн мэс заслын оношлогоо, эмчилгээ» Анагаах ухаан № 1984 № 4--21.
9. В.Ичинхорлоо, Д.Жодов «Цусаар дамжиж үүсэх остеомиелитийн мэс заслын эмчилгээ» Анагаах ухаан 1980 № 4
10. Ю.Ф.Исакова,В.Л.Михельсона Проблемы детской хирургий и послеоперационной патофизиологии» М 1972 г
11. Н.Н.Каншин «О закрытом методе лечения нагиоенич Вестник хирургий 1981 № 4— 73
12. М.Д.Ковалевич, Б.Б,Золотовский,Н.Л.Голубева « Внутри костные инфузии Хирургия 1973 №6
13. Н.Л.Куш, В.П.Кононученко, Л.И.Ткаченко, В.Н.Вечерко, Е.В.Симоное, Л.Д.Тимченко «Ранняя остеоперфорация при лечений острого гематогенного остоемиелита у детей. Вестник хирургий 1981 №3—105
14. В.М.Мельник, Т.П.Аникина. «Прямые иммуногемотрансфузий в комплексной терапии остеомиелита у детей раннего возраста, Хирургия № 6—101
15. В.И.Москвеин «Влияние остеомиелита на рост кости Хирургия 1974 № 7—33
16. О.С.Мишарев, В.Л.Катько «Проточное промывание костномозгового канала при лечении острого гематогенного остеомиелита у детей. Вестник хирургии 1976 № 12—07
17. К.С.Ормантаев, Т.Ж.Султанбаев «Внутри костные промывания при остеомиелите у детей Л—1979 г
18. К.С.Ормантаев, Т.Ж.Султанбаев «Остеотонометрия и остеоперфорация при остром остеомиелите Хирургия 1974 № 7 – 95
19. Л.Санжаа «Структура хирургических заболеваний у детей Материал докладов конфереиции УБ № 1982—31
20. В.К.Федотов,И.Т.Плаксин, И.В.Мозговой «О ранней диагностике острого гематогенного остеомиелита у детей Вестник хирургии 1976 № 12—70
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3668
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК