Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 1(38)
Хорин нэгдүгээр зууны эхний арван жил ба холбооны болон сэтгүүлийн хөгжлийн шинэ үе шатны эхлэл
( Редакцийн зурвас )

П.Нямдаваа

ХӨТМҮХ

 
Абстракт

XXI зууны эхний арван жил ард хоцорч, ирээдүйнхээ төлөө санаа тавьдаг улс орон, мэргэжлийн албад, бүлгүүд бүгдээрээ хөгжлийн цаашдын чиг хандлагаа тогтоохын тул энэ өнгөрсөн 10 жилийн үйл явдалд эргэн дүгнэлт хийж эхэллээ. Бидэнд ч гэсэн тийм шаардлага тулгарч байна.

Халдварт өвчинтэй тэмцэх чиглэлд XX зуунд гарсан ололт, амжилт нь зарим судлаачдыг XXI зуунд халдварт өвчин эрүүл мэндийн тулгамдсан асуудал байхаа болих юм шиг үзэхэд хүргэсэн боловч өнгөрсөн 10 жил энэ үзэл бодлыг няцаалаа. Өнгөрсөн 10 жилд Дэлхий дахин 2 том цартахалтай нүүр тулж, Дэлхийн олон оронд шинээр болон сэргэн тархаж буй халдварууд эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Мөн эмэнд тэсвэржсэн нянгийн тархалт нь зарим судлаачдын үзэж байгаагаар Дэлхий хүн амыг антибиотикийн өмнөх эринд буцаан аваачихад ойрхон болсон тул ДЭМБ-аас энэ жилийг “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцэх жил” болгон зарлахад хүргэжээ.

Нөгөө талаар халдварт өвчний лабораторийн оношлогооны дэвшил, ялангуяа нүклейн хүчилд тулгуурласан аргууд өдөр тутмын практикт эрчимтэй нэгтэрч байгаа нь олон халдварын патогенез, эпидемиологийн тухай бидний хуучин ойлголтыг үндсээр нь өөрчилж, хяналтын арга хэмжээнүүдийг өөрчлөх шаардлагатай болголоо.

Вирүсийн эсрэг хими-заслын хөгжил нь вирүст хепатит, ДОХ/ХДХВ-ийн халдварыг эмчлэн эдгэрүүлж болох эмгэгийн эгнээнд оруулах болсон боловч, удаан хугацаанд, өртөг ихтэй эмээр, эмчилгээний үр дүнг өвчтөний цусан дахь вирүсийн ачааллыг хэмжих хяналтын дор л хэрэгжүүлэх нөхцлийг шаардаж буй нь олон орны эрүүл мэндийн төсөв, өвчтөний эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хүндрэл учруулах төлөвтэй болж байна.

Манай улсад ч гэсэн өнгөрсөн 10 жилд халдварт өвчний түрэлт хүчтэй байлаа. АЦХаХ-ын болон томуугийн цартахал манай улсыг мөн л дайрч, ДОХ, халдварт эритем, гар-хөл-амны өвчин, хачигт энцефалит, хачигт риккетсиоз, хачигт боррелиоз зэрэг шинэ халдварууд бүртгэгдэж, зарим улс оронд эрүүл мэндийн ноцтой байдал үүсгээд байгаа Өрнөт Нилийн халдвар, шувууны томуу өвчнүүдийн байгалийн голомт илрээд байна. Өнгөрсөн 10 жилд манай улсад халдварт өвчний 381 277 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 10 жилийнхээс 77 295 тохиолдлоор илүү, өвчлөлийг 10 000 хүн амд тооцож үзэхэд жилд дунджаар 149.7 тохиолдол болж байгаа өмнөх 10 жилийн энэ үзүүлэтээс 21.5-аар их байна.

Хепатитын В ба С вирүс, хүний папилломын вирүс зэрэг халдварын үүсгэгчид элэгний болон умайн хүзүүний хорт хавдрыг сэдээдэг гэдэг нь нотлогдосны зэрэгцээ нэр дурвдсан хорт хавдрууд нь манай хүн амын дотор хамгийн өргөн тархсан хорт хавдар болж байгаа нь биднийг уламжлалт ангиллаар халдварт бус эмгэгтэй тэмцэхэд ч оролцох шаардлагатай болгож байна.

Энэ бүхэн нь халдвар үүсгэгч бичил биетнүүд манай улсын хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар байгаа тул нян, халдвар, дархлаа судлалын чиглэлийн мэргэжилтнүүд бид хүчээ нэгтгэх хэрэгтэй болж байна. Саявтар Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо (ХӨТМҮХ), “Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүл” (ХӨСМС)-ийн редакцийн зөвлөл хамтран хуралдахад Монголын вирүс судлалын нийгэмлэг, Монголын халдвартын эмч нарын нийгэмлэг, Монголын микробиологи, иммунологийн нийгэмлэг болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төвийн удирдлага уригдан оролцож, ХӨТМҮХ-нд бүгд нэгдэх, ХӨСМС-ийг хамтран гаргаж байхаар тохиролцлоо. Сэтгүүлийн энэ дугаар бол манай мэргэжлийн нийгэмлэгүүд, мэргэжлийн төвүүдийн хамтын ажиллагааны энэ шинэ үе шатны эхний үр дүн, энэ нэгдэн нийлэх урсгал эхлэсний дараахи анхны дугаар болж байна.

Бүгдээрээ үр дүнтэй хамтран ажиллацгаая.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 367
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК