Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 1(38)
Нотолгоонд суурилсан үйлчилгээний төлөө
( Редакцийн зурвас )

Б.Дармаа


 
Абстракт

Эрүүл мэндийн лабораторийн үйлчилгээний чанар нь оношлогоо, урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, тандалт судалгаа зэрэг эмнэлзүй, нийгмийн эрүүл мэндийн тусламжийн үр дүнд шууд нөлөө үзүүлдэг. Харамсалтай нь хөгжиж байгаа ихэнхи орнууд нь эмнэлгийн лабораторийн

тусламж үйлчилгээндээ хангалттай анхаарч чадаагүй хөрөнгө, төлөвлөлт, үйлчилгээний хүртээмж шаардсан салбарын нэг байсаар байна.

2009 онд ДЭМБ-ын Ази Номхон далайн баруун эргийн бүсийн төвөөс “Эрүүл мэндийн лабораторийн тусламж үйлчилгээг 2010-2015 онд бэхжүүлэх Ази Номхон далайн стратеги” нэртэй баримт бичиг гаргаж, лабораторийн дэд бүтэц, чанар, аюулгүй байдал, технологийг хангахад чиглэсэн үндэсний бодлого, төлөвлөгөө боловсруулж ажиллахыг гишүүн орнууддаа уриалсан билээ.

Эмнэлэг, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд нотолгоонд суурилсан тусламжийг чухалчилж байгаа өнөө үед лабораторийн үүрэг улам өсч, эрүүл мэндийн лабораториудын үйлчилгээний нөхцөл, чанар хангалт, хяналтыг сайжруулж, үндэсний хэмжээнд бэхжүүлэх нь манай орны хувьд ч тулгамдаж байгаа юм. ЭМЯ-ны дэд сайдаар ахлуулсан лабораторийн мэргэжилтнүүдийн баг томилогдож “Эрүүл мэндийн лабораторийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратеги (2010-2015)” төлөвлөгөө боловсруулан Эрүүл Мэндийн Сайдын 2010 оны 12 сарын 10-ний өдрийн 425 тоот тушаалаар батлагдлаа. Энэ үндэсний стратеги нь лабораторийн тусламж үйлчилгээнд баримтлах зарчим, алсын хараа, үндсэн чиглэлийн тодорхойлсон 11 зорилттой, хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хавсаргасан томоохон баримт бичиг юм.

Хэдийгээр энэ төлөвлөгөө нь хууль эрх зүйн зохицуулга, хөрөнгө, хугацаа орох их ажил боловч, лабораторийн шинжлэх ухаан хөгжихийн хирээр бий болж байгаа шинэ технологитой хурдан дасаж, мэргэжлийн ур чадвараа тогтмол хөгжүүлж ажиллахыг цаг хугацаа биднээс шаардаж байна.

Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор Б.Дармаа

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 443
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК