Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 1(09)
Грейвсийн өвчин ба офтальмопати
( Судалгааны өгүүлэл )

Ж. Баттуяа1, Б. Гэрэл2

1 Шастины Төв Эмнэлэг, 2 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 

 

Грейвсийн өвчин ба нүдний хоорондхи хамаарлыг 200 гаруй жилийн өмнөөс бичиж байжээ.1786 онд Parry, CH., Грейвсийн өвчин (ГӨ) ба нүд бүлтийлтийн талаар дүрсэлжээ. 1835 онд Robert, J. Graves нүдний алим томорч эвэрлэгийн гадуур склерийн цагаан үзэгдэх, унтах үед нүдээ гүйцэд анихгүй байгаа зэргийг бичиж байсан байна. 40 гаруй онол таамаглал гарсаар von Basedov хүзүүний симпатик идэвхжлийн нөлөөгөөр алимны бүрэлдхүүн томорч байна гэсэн ба ГӨ-н үед нүдний талаас 30 гаруй шинж байна гэжээ. Тархвар зүйн хувьд ГӨ нь дэлхийн янз бүрийн бүс нутагт түгээмэл бөгөөд тиреотоксикозын 60-90% нь ГӨ байна. Америкийн Миннесота Olmstead хотын судалгаагаар 100,000/30 ГӨ байна гэжээ. Английн Wickham-н судалгаагаар жилд 100,000/100-200 оношлогджээ. ГӨ-тэй хүмүүсийн ойролцоогоор 25-30% Грейвсийн офтальмопатийн (ГО) эмнэл зүйн шинж гардаг байна. Манай орны хувьд энэ талаар хийсэн судалгаа хараахан хийгдээгүй байгаа ба цаашид ГӨ-ний үеийн нүдний өөрчлөлтийг судлах шаардлага бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна.

Судалгааны зорилго

Грейвсийн өвчний үеийн нүдний өөрчлөлтийг судлах

Судалгааны зорилтууд

  1. Грейвсийн өвчний үеийн нүдний өөрчлөлтийг нас, хүйснээс хамааруулан судлах
  2. Грейвсийн өвчний үеийн нүд бүлтийлтийг илрүүлэх
  3. Грейвсийн өвчний үеийн зовхины байрлал ба нүдний булчингуудын өөрчлөлтийг судлах

Судалгааны арга зүй

2005-2010 онуудад ШТЭ-ийн амбулаторит Грейвсийн өвчин гэсэн онош бүхий хүмүүсийг дараалсан харьцуулалтгүй эмнэл зүйн илрэлийг тусгай карт боловсруулж нүдний талаархи зовиур асуумж, коррекцтой харааны чадал,нүдний даралт, харааны талбай, өнгөний хараа, экзофтальмометр, нүдний хөдөлгөөн, биомикроскопт өмнөд сегмент шинжлэх, зовхины байрлалын хэмжилт, нүдний уг харах шинжилгээнүүдийг хийн судлав.

Судалгааны үр дүн

Судалгаанд нийт 52 өвчтөн шинжилгээнд хамрагдсанаас эрэгтэй 10, эмэгтэй 42 байлаа. Насыг бүлэглэн үзвэл 3,8% нь 10-19; 25% нь 20-29; 36.5% нь 30-39; 23% нь 40-49; 11.5% нь 50-59 насны байлаа. Нэг нүдний өөрчлөлт 23.07%, хоёр нүдний өөрчлөлт 75.9 % байв. ГӨ-ний үргэлжилсэн хугацаагаар нь үзэхэд 1 жилийн дотор 23, 1-3 жил үргэлжилсэн 10, 3-6 жил 4, 6-с дээш жил үргэлжилж байгаа 15 тохиолдол байв. Эмчилгээ хийгдсэн байдлыг харахад струмэктоми хийлгэсэн 8, иммунодепрессант эмчилгээтэй (преднизолон уухаар 16-30 мг/хоногт), тиреостатик эмчилгээтэй 8, йод 131 эмчилгээ хийгдсэн 2, ретробульбар хэсэгт дексаметазон тариулсан 4, дексаметазон нүдэнд дусаадаг 13, эмчилгээгүй 18 хүн байв.

Өвчтөнд илэрч буй зовиураас үзэхэд улайх-6, чинэрэх 24, аргах 7, нулимс гоожих 18, зовхи хавагнадаг 4, хялар хардаг 1 тоиолдол байлаа. Харааны чадал коррекцтэй 0.05 доош хараатай 2 нүд, 0.05-0.3 хараатай 10 нүд, 0.3-1.0 хараатай 92 нүд байсан ба миопи хөнгөн хэлбэрийн 8, гиперметропи 2, болорын бүдэгшилтэй 1 хүн байсан байна. Нүдний даралт болон харааны талбайг шаардлагатай хүнд үзэхэд өөрчлөлт илэрсэнгүй. 2 xүнд хүүхэн харааны өгсөх хэсгийн гэмтлийн шинж сул илэрсэн, 2 хүнд улаан өнгөний мэдрэмж буурсан байлаа. Нүдний угт гипертонийн ангиопати-2, Э/Д 0.4-0.6-11, хэвийн 39 байв. Экзофтальмометрээр нүдний бүлтийлтийг хэмжихэд 18 мм доош 54 нүд, 18-21 мм 32 нүд,22-25 мм 18 нүд байв. Хоёр нүдний бүлтийлтийн хоорондын ялгааг хэмжихэд 16 хүн ба 30.7% нь ялгаа гараагүй ижил байв. Нүдний гадна хөдөлгөөн дээш харах алдагдалтай 18, дотогш 12, бусад нь хэвийн байлаа. Биомикроскопоор эвэрлэгийн цэгэн шархтай 8, зовхины ретракц үзэхэд von Graefe 32 буюу 61.5%, Dalremple шинж 6 буюу 12% байлаа.

Хэлцэмж

Хүйсний хувьд эмэгтэй эрэгтэй харьцаа Devron H. Char 4-7:1, Sai Ching Jim Yeung 7-8:1, бидний судалгаанд 4:1 гарсан нь ойролцоо байна. Насны хувьд 20-49 насны хооронд их гарсан нь судлаачдын 20-40 насанд их тохиолдохтой ойртсон байна. Grove AS, Aranow, Dallow нарын судалгаанд нэг нүдний өөрчлөлт 10-20%, хоёр нүдний өөрчлөлт 80-90% гэсэн бол бидний судалгаанд нэг нүд 23.07%, хоёр нүднийх 75.9% гарчээ. ГӨ онош тавигдаад эхний жил дотроо нүдний өөрчлалт гарсан нь 23 буюу 44.2% байгаа нь ГӨ ба ГО зэрэг явагдах нь 1/3 буюу 30-50% тохиолдох гэх судлаачдын үзүүлэлттэй ойролцоо. Нүдний даралт хэвийн хэмжээнд гарсан нь (судалгаагаар 30%) сонгомол байрлалд хэмжээгүй дутагдалтай талтай. 2 хүнд ХХӨХГ сул илэрч улаан өнгөний мэдрэмж буурч, харааны талбайн шинжилгээ хэвийн гарсан боловч яаралтай десомпресс мэс засал болон өндөр тунгийн гормон эмчилгээг санал болгосон. Нүдний угт хөхлөгийн хавагналт болон өөрчлөлт илрээгүй (судлаачдынх 5%). Экзофтальмометрээр 18 мм дээш 50 нүд буюу 48% байлаа. Зовхины ретракц 61.5% гарсан бол судлаачдых 40-50% байдаг байна. Энэхүү судалгаа нь нэг төвтэй, цөөн тохиолдолтой зэрэг дутагдалтай талтай боловч ГО-н талаархи дараагийн судалгаануудад эхлэл нь болно гэдэгт найдаж байна.

Дүгнэлт

Грейвсийн өвчний үеийн нүдний өөрчлөлт эмэгтэйчүүдэд 4 дахин их тохиолддог төдийгүй 20-50 насны хүмүүс илүү өвчилсан байлаа.

Нүдний өөрчлөлтүүдээс нүд чинэрэх, бүлтийх, нулимс гарах зовиур түгээмэл байсан ба нүдний бүлтийлт 48% буюу бараг тал хувьд нь илэрчээ.

Грейвсийн өвчний үед нүд бүлтийхээс гадна симпатикаар мэдрэлжүүлдэг нүдний булчин, нүдний доод, дотор шулуун булчингуудад өөрчлөлт гардаг нь харагдаж байна.

Ном зүй

1. Devron H Char ‘Thyroid eye disease (1997)
2. Sai Ching Jim Yeung .Graves disease.medscape.com. (2011)
3. BJO.Graves ophthalmopathy. (2005)
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1222
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК