Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Халдварт Өвчин Судлалын Монголын Сэтгүүл, 2011, 1(38)
Мал амьтны шүлхий ба хүний шүлхий
( Лекц )

Э.Пүрэвдаваа

Цус сэлбэлт судлалын үндэсний төв

 
Абстракт

Хүн амын дунд халдварт өвчин дэлгэрэхийг эпидеми, мал амьтны дунд дэлгэрэхийг эпизоти гэж ялган нэрлэдэг билээ. Шинэ мянган эхэлснээс хойш малын шүлхий өвчний эпизооти, уг өвчний голомттой улс орон төдийгүй энэ өвчин огт гардаггүй буюу гарахаа болиод удаж байгаа улс орнуудад дэгдэн аюул учруулсаар ирэв.

Шүлхий өвчний үүсгэгчийг 1898 онд Ф. Лефлер, П. Фрош нар нээснээр мал амьтанд өвчин үүсгэдэг вирүсүүдийн дотроос шинжлэх ухаанд хамгийн анх нээгдсэн вирүс болжээ. Шүлхийн вирүс хэмжээгээрээ хамгийн жижигхэнд тооцогдох боловч мал амьтны эрүүл мэнд, улс орны эдийн засагт жинхэнэ гамшиг учруулдаг учраас амьд мал, амьтан болон амьтнаас бэлтгэсэн бүх төрлийн бүтээгдэхүүний олон улсын худалдаанд ноцтой бэрхшээл учруулдаг бичил биетэн мөн.

Шүлхийн вирүс 100 гаруй зүйлийн амьтныг өвчлүүлж чаддаг бөгөөд дотроо А, О, С, САТ-1, САТ-2, САТ-3, Ази-1 гэсэн долоон хэвшинжид хуваагдана.

Эдгээр вирүсээс А, О, С гурван хэвшинж нь дэлхийн янз бүрийн улсад тархсан байдаг бол САТ (Southern African Territories) хэвшинж нь Африк, Ойрх Дорнодын улс орнуудад, Ази-1 хэвшинж нь Ази тив, Ойрх болон Дундад Дорнодын орнуудад голлон оношлогддог. Гэхдээ сүүлийн жилүүдэд оношлогдож байгаа шүлхийн вирүсүүдийн дотор, О хэвшинжээс үүсч, “Бүх Азийн омог” хэмээн нэрлэгдсэн аюултай вирүс зонхилох хувийг эзлэн, тив дэлхийг алгасан  тархаж байгаа юм. Энэ омгийн вирүс 1998 онд Энэтхэгт анх тархаж эхэлснээ улмаар хөрш зэргэлдээх бараг бүх орнуудад нэвтэрсний дараа 1999 онд Хятад, Тайван, Мъянмар, Тайланд, Вьетнам, Лаос зэрэг улсад тархсан байна. Энэ вирүс 2000 оны 3 дугаар сард Өмнөд Солонгос, Японд оношлогдож, 4 дүгээр сард нь Оросын Уссурск муж болон манай улсын Дорноговь аймгийн Улаанбадрах суманд дэгдэлт үүсгэж байсан билээ. Дараа нь 2000 оны 9 дүгээр сард, уул нь 1957 оноос хойш шүлхий өвчин гараагүй байсан Өмнөд Африкт тархсан ба 2001 оны 2 дугаар сард Нэгдсэн Вант улс болон Умард Ирландад, 3 ба 4 дүгээр сард Ирланд, Франц, Недерланд зэрэг улсад оношлогдож, 2003 онд Афганистан, Балба, Пакистан зэрэгт тархжээ. Түүнээс хойш Бүх Азийн омог өөр газар хараахан оношлогдоогүй байна.

Шүлхийгээр өвдсөн мал амьтанд илэрдэг хамгийн онцлог шинж бол амны хөндийн салт бүрхэвч нь үрэвсэн цэврүүтсэнээс шүлс нь асгарч, туурай нь үрэвсэж өвчилдөг. Ийм учраас зарим улсад энэ өвчнийг “Туурай болон амны өвчин (Foot and mouth disease)” гэж нэрлэдэг билээ. 1970-аад оны эцсээр манай улсад гарсан шүлхийн эпизоотийн үеэр халдварын голомтонд очиж ажилласан нэг албаны хүнээс уг өвчний шинж тэмдгийг сонирхон асуухад “Аймаараа, аймаар. Үхрийн туурайнууд нь мултраад ойчдог юм байна лээ” гэсэн сэн.

Шүлхийн вирус хоёр гол онцлог чанартай.

Нэгдүгээрт, салаа туурайтныг халдварлуулах чадвар туйлын сайтай. Өөрөөр хэлбэл, шүлхийгээр өвчилсөн ганцхан мал буюу амьтан байхад л хавь орчныхоо нутаг дэвсгэрийн дархлалгүй бүх малыг өвчлүүлж чадна. Ялангуяа үхэр, хонь, гахайн сүрэгт шүлхийн вирүс түргэн хугацаанд тархаж өвчлүүлдэг учраас түүний аюулыг хуурай өвсөнд гарсан түймэртэй харьцуулсан баримт олонтаа тааралддаг.

Уг вирүсийн хоёрдугаар гол онцлог чанар бол түүний гадаад орчинд удаан хугацаагаар амьдарч, хол зайд тархдаг чадвар юм. Тухайлбал, Францад нэг удаа шүлхийн эпизооти үүсгэсэн вирүс агаараар дамжин явсаар Ла-Маншийн хоолойг гаталж, 90 гаруй километрийн зайтай орших, Англи улсын нэгэн аралд хүрч халдвар тарааж байсан нь шинжлэх ухаанд баталгаажин үлдсэн байдаг юм.

Мал, амьтан шүлхийгээр өвчлөөд эдгэрсэн ч вирүс агуулагч болон үлддэг тул халдварын голомтын бүх малыг заазалж, шатааж устгах шаардлагатай байдаг. Жишээлбэл, 1997 онд Тайван улсад гахайн шүлхий өвчин дэгдэхэд 6000 гаруй ферм өртөж, 4 сая гаруй гахайг устган, 21 сая тун вакцин хэрэглэсэн бөгөөд эдгээр арга хэмжээнд 378,6 сая америк доллар зарцуулжээ. Эдийн засгийн хохирол үүгээр хязгаарлагдсангүй. Гадаадад экспортлох ёстой байсан гахайн махыг үйлдвэрлэж чадаагүйгээс 1,6 тэрбум долларын алдагдалд орж, гахайн аж ахуй болон үйлдвэрт ажиллаж байсан 65 000 гаруй хүн ажлын байраа алдсан байна.

Тэгвэл, мал амьтанд ийм их аюултай шүлхийн вирүс хүнд халдварлах уу? Халдварлана. Гэхдээ маш ховор. Ховор гэдэг нь халдвар хамгааллын дэглэмийг хайхрахгүй бай гэсэн үг биш. Нэг талаас гай нь таарвал хэн ч өвдөж болзошгүй бөгөөд нөгөө талаас хүн өөрөө шүлхийн вирүсийг мал амьтанд дамжуулан тараагч эх сурвалж болдог аюултай. Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн шүлхий өвчний дэгдэлтийн 43%-ийг хүн дамжуулан тараадаг нь тогтоогджээ. Шүлхийн вирүс хүний хувцсан дээр 3 долоо хоног амьд байдаг учраас тухайн хүн энэ хугацаанд очсон газар бүхнийхээ малд өвчин халдааж чадна. Ийм учраас шүлхийгээр өвдсөн мал амьтанд үзлэг, шинжилгээ хийдэг буюу шүлхийн вирүсийн судалгаа хийдэг мэргэжилтнүүдийг, мал аж ахуй эрхэлдэг газруудаар очихыг нь тодорхой хугацаагаар хориглодог журамтай.

Хүний шүлхий харьцангуй ховор тохиолддог учраас уг өвчнөөр өвчилсөн хүмүүсийн талаарх баримт анагаах ухааны түүхэнд маш тодорхой тэмдэглэгдэн үлддэг ажээ. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө Англи улсад дэлгэрсэн шүлхийн эпизотийн үеэр тэндэхийн нэг фермерийн мал нядлагч шүлхийтэй малаас халдвар авч өвчилсөн түүхээс үзвэл, тэр хүн эхлээд бага зэрэг халуурч, томуу өвчнийхтэй төстэй шинж тэмдгүүд илэрч байснаа гарынх нь арьс болон амных нь салт бүрхэвч дээр цэврүү гарч эхэлсэн байна. Эдгээр шинж тэмдэг бол хүний шүлхийн гол онцлог гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв арьс болон амны салт бүрхэвч дээр гарсан цэврүү идээлэхгүй бол өвчин хоёр долоо хоног болоод бүрэн эдгэрч, өвчтөнд тогтвортой дархлал тогтдог нь батлагджээ. Ер нь дархлалын тогтолцооны хэвийн үйл ажиллагаатай хүн шүлхийгээр өвдвөл үгдэрч хүндрэх нь бага байдгаас гадна уг өвчин хүнээс хүнд дамжин халдварлахгүй. Хүний шүлхийгээр өвчлөгсөдийн 65% нь халдвартай малын сүү ууснаас, 1% нь халдвартай сүүгээр бэлтгэсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс, 34% нь халдвартай малтай ойр хавь ажилласнаас халдвар авдаг нь тогтоогджээ.

Ийм учраас малын сүүг заавал буцалгаж цай ундандаа хэрэглэж байх нь зүйтэй. Халдвартай сүүг таван минут буцалгахад шүлхийн вирүс үхнэ. Харин гашилсан сүү, тараг, хоормог, цөцгийн тос, мах зэрэгт шүлхийн вирүс тодорхой хугацаагаар амьд байх чадвартай тул халдварын голомттой газраас нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүнийг огт хэрэглэхгүй байх юм уу сайтар боловсруулан хэрэглэж байвал зохино.

Дашрамд тэмдэглэхэд, дэлхий дахинд шинээр тархаж байгаа халдварт өвчнүүд (Emerging infectious diseases) болон сүүлийн жилүүдэд сэргэж байгаа халдварт өвчнүүд (Re-emerging infectious diseases) цөмөөрөө мал амьтнаас хүнд анх халдварлан тархаж байсан ба одоо ч шувууны томуу, уушгины цочмог хүндэрдэг үрэвсэл (SARS) зэрэг олон өвчин шинээр оношлогдож байгаагаас гадна цоо шинэ өвчин үүсгэгч гэнэт тархаж пандеми, панзооти үүсгэж болзошгүй бодит байдлыг харгалзан мал амьтнаас хүнд халдварладаг ноцтой өвчнүүдтэй тэмцэх асуудлыг зангидан зохицуулдаг нэг хүчирхэг байгууллагыг халдвар хамгааллын дээд зэрэглэлийн лабораторитой байгуулбал тун зүйтэй мэт санагдах юм. Монгол орныг минь Бурхан тэнгэр ивээх болтугай!

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 9640
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК