Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2012, 1(11)
Залуу насны өвчтнүүдэд митомицинтэй трабекулэктомийн мэс заслын ойрын үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Ц.Мөнхтуяа

Шастины Төв Эмнэлэг

 

Удиртгал

1960 оноос хойш трабекулэктоми нь глаукомтой нүдэнд хийгдэж байгаа хамгийн түгээмэл бөгөөд үр дүн сайтай мэс заслын тоонд орсоор байна. Сүүлийн үед шинээр нэвтэрсэн олон аргууд нь үр дүнгийн хувьд трабекулэктомийн мэс засалтай харьцуулахуйц боловч үнэ өртөг бага, хүндрэлээс бүрэн сэргийлэх төгс арга одоог хүртэл бүрэн нээгдээгүй байна. Нэгэнт энэ мэс засал нь  глаукомын үед хийгдэх стандарт мэс засал хэвээр байгаа тул глаукомтой залуу хүмүүст хийгдсэн мэс заслын үр дүнг тооцох зорилгоор энэхүү судалгаа хийлээ.

Судалгааны хэлбэр: ретроспектив

Судалгааны ажлын арга ба материал

Судалгаанд хамрагдах шалгуур: митомицинтэй трабекулэктомийн мэс засалд 40-өөс доош насны глаукомтой өвчтнүүд.

Судалгаанаас хасагдах шалгуур: төрөлхийн глауком, нэг жилийн хугацаанд тогтоогдсон саруудад хяналтанд хамрагдаагүй өвчтнүүд. Судалгааны аргачлал: 2005 оны 1 сарын 1нээс 2009 оны 1 сарын 1 хүртэл Аравинд нүдний эмнэлгийн Коимбатор хотын салбар эмнэлгийн глаукомын клиникт митомицинтэй трабекулэктомийн мэс засал хийлгэсэн 40-өөс доош насны нийт 83 өвчтний өвчний түүхээс мэс заслын өмнөх онош, хэрэглэж буй эмийн тоо болон төрөл, харах чадал, нүдний дотоод даралт, харааны мэдрэлийн хонхойлтын хэмжээ, мэс заслын үеийн хүндрэл, тавигдсан оёдлын тоо болон төрөл, мэс заслын дараах хүндрэл, түүний эмчилгээ, оёдол авагдсан болон таслагдсан тэмдэглэл, мэс заслын дараах 3, 7, 11 дэхь долоо хоног, 6 ба 12 дахь сарууд дахь нүдний даралт, харааны чадал, харааны мэдрэлийн хонхойлт, хэрэглэж буй нүдний даралт буулгах эм болон давтан мэс засал хийгдсэн эсэхийг түүвэрлэн авав. Судалгааны ажлын үр дүнгийн боловсруулалтыг Аравинд нүдний эмнэлгийн биостатистикийн тасгийн статистикчид SPSS программыг ашиглан хийв. Мэс заслын дараа нүдний даралт буулгах эм хэрэглэлгүйгээр 21 мм МУБ-аас доош нүдний даралттай тохиолдолыг бүрэн амжилт, эмтэйгээр 21 мм МУБ-аас бага тохиолдолыг чанрын амжилтанд тооцож, дээд зэргийн эмийн үйлчилгээнд 21 мм МУБ-аас дээш тохиолд лыг амжилтгүйд тооцов.

Үр дүн

Хамрагдсан хугацаанд мэс засалд орсон нийт 83 (101 нүд) өвчтөнөөс шалгуурт бүрэн тэнцсэн 29 өвчтөний 39 нүдэнд хийгдсэн мэс заслын үр дүнг түүвэрлэн статистик боловсруулалт хийгдэв. Нийт өвчтөний 20 нь эрэгтэй (68.97%), 9 нь эмэгтэй (31.03%) байв. Дундаж нас 29 (7-40 настай), баруун нүдэнд хагалгаа хийлгэсэн 13 (44.83%), зүүн нүдэнд 7 (24.14%), хоёр нүдний мэс засалд орсон 9 (31.03%) өвчтөн байв. Мэс засалд орсон нийт 39 нүдний 20 (51.28%) нь Ювинил нээлттэй өнцөгт глаукомтой, 11 (28.21%) нь анхдагч нээлттэй өнцөгт глаукомтой, 6 (15.38%) нь хоёрдогч глауком, 2 (5.13%) нь анхдагч хаалттай өнцөгт глаукомтой байв. Дээд зэргийн коррекцтой харах чадал 28 нүдэнд 0.5-оос дээш буюу сайн, 7 нүдэнд 0.4-0.1, 3 нүдэнд 0.5-0.1-ээс доош байв. Нүдний дундаж даралт 32.46 мм муб, стандарт хазайлт 11.97 (16-62 мм муб) байлаа. Мэс заслын өмнө нүдний даралт бууруулах нэг төрлийн эм хэрэглэж байсан 1 өвчтөн, хоёр эм хэрэглэж байсан өвчтөн 25, гурван эм хэрэглэж байсан 12, дөрвөн эм хэрэглэж байсан 1 өвчтөн тус тус байв. Мэс заслын 79%-ийг хамгийн туршлагатай хоёр эмч гардан хийж 21%-ийг бусад 4 эмч хийсэн байв. Мэс заслын явцад гарсан хүндрэл тэмдэглэгдсэн тохиолдол байхгүй байв. Нийт хийгдсэн хагалгаанд салстын дор 0.2 мг митомицин С-д норгосон хөвөнг 2 минутын турш тавьж 15-20 мл 0.9% натри хлоридоор угаажээ. Нийт 39 нүдний 32-т нь (82%) суллах оёдол тавьсан бол 7 нүдэнд (9%) зангилаат оёдол тавьсан байна. Мэс заслын дараах ойрын хүндрэл 13 (33%) нүдэнд үүссэн байв. Хүснэгт 1-д мэс заслын дараах хүндрэлүүдийг харуулав.

Нарийн камертай гипотони үүссэн 7 өвчтөний 3-т нь, хорейдийн ховхрол үүссэн нэг өвчтөнд дахин нэмэлт оёдол тавигдаж өмнөд камерийг сэргээх ажилбар хийгдсэн байв. Мэс заслын дараах хяналтын үзүүлэлтүүдийг хүснэгт 2-т үзүүлэв.

Харах чадал мэс заслын дараах 3 дахь долоо хоногт 11 тохиолдолд 1-2 мөрөөр буурсан бол 6-12 дахь саруудад өмнөх байдалд орсон бөгөөд харах чадал буурсан тохиолдол бүртгэгдээгүй байв. Хүснэгт 3-т харах чадлыг мэс заслын өмнөх ба дараах үеүдэд харьцуулж харуулав.

Хорейдын хууралт үүссэний улмаас нэмэлт оёдол тавих ажилбар хийгдсэн өвчтөн мэс заслын дараах 8 дахь сард давтан трабекулэктоми хийгдсэн ба давтан мэс заслаас хойших нэг жил хүртэл нүдний даралт бууруулах нэг эмтэйгээр хяналтын дор байсан байна. Нэг жилийн дараах нүдний даралт нийт өвчтөний 89.76%-д нь ямар нэг антиглауком эмгүйгээр 21 мм муб-аас доош (бүрэн амжилттай), 5.12% нь эмтэйгээр 21 мм муб-аас доош (чанарын амжилттай) байсан бол 5.12% нь үр дүнгүй болжээ.

Хэлцэмж

Трабекулэктомийг антиметаболиттой хийсний дараах үр дүнг судалсан олон судалгаа байдгаас дурьдвал Watson, Grierson нарын 2 жилийн үр дүнг судалсан судалгаагаар бүрэн амжилт 98%, чанарын амжилт 86%, Jerndal нарын судалгаагаар 1.5 жилд бүрэн амжилт 58%, Jagdish нарын судалгаагаар 1 жилийн хугацаан дахь үр дүн 46% нь бүрэн, 18% нь чанарын амжилттай, 36% нь амжилтгүй болж байсан бол Vesti E нарын судалгаагаар бүрэн амжилт 61% байжээ.

Дүгнэлт

Глаукомтой залуу хүмүүст митомицинтэй трабекулэктомийн мэс заслын дараах 1 жилийн хугацаанд бүрэн амжилт 89.76%, чанарын амжилт 5.12%, амжилтгүй тохиолдол 5.12% байв. Нийт тохиолдлын 13 (33%)-д нь мэс заслын дараах хүндрэл үүссэн бөгөөд үүний 3 (23%) нь давтан ажилбар амжилттай хийгджээ. Эмийн эмчилгээнд хянагдахгүй байгаа залуу хүмүүст хүндрэлээс урьдчилан сэргийлж чадвал митомицинтэй трабекулэктоми нь үр дүн сайтай байна.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 769
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК