Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 1(09)
Эмчлүүлэгчийг зөөвөрлөх үеийн сувилагчийн ажлыг үнэлэх нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Эрдэнэцэцэг, О.Доржханд, Л.Ариунаа, Э.Уранбэр, Ж.Сарангэрэл, Ц.Буянжаргал

Шастины Төв Эмнэлэг

 

Судалгааны ажлын үндэслэл

Монгол улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 3 шатлал тогтолцоотой бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээнд баримтлах зарчим нь үйлчилгээг хүн бүрт жигд, хүртээмжтэй, чанартай үзүүлэх ёстой гэсэн байдаг. Сувилагч Ш.Цэрмаагийн 2009 оны судалгаанд сувилагч өдрийн 8 цагт үндсэн 7 төрлийн ажлыг хийж гүйцэтгэдэг гэж судалсан. Үүний нэг төрөл нь эмчлүүлэгчийг дуудлага шинжилгээ болон мэс засалд зөөвөрлөх явдал юм. Судлаачийн судалгаанаас харахад дунджаар өдрийн 8 цагийн ажлын 8% нь буюу 46 минут 1 эмчлүүлэгчийг (эмчид үзүүлэх болон шинжилгээг хийлгээд буцаж ирэх) зөөвөрлөхөд зарцуулдаг байна. Иймээс сувилахуйн тусламж үйлчилгээний нэг болох эмчлүүлэгчийг зөөвөрлөх асуудлыг дахин судлах нь зайлшгүй шаардлагатай байна.

Судалгааны ажлын зорилго

Эмчлүүлэгчийг зөөвөрлөх үеийн сувилагчийн ажилд үнэлгээ өгөхөд оршино.

Судалгааны ажлын зорилт

  1. Эмчлүүлэгчийг зөөвөрлөх үеийн сувилагчийн ажлыг судалж үнэлгээ өгөх
  2. Эмчлүүлэгчийг зөөвөрлөж буй тасаг нэгжийг судлах

Судалгааны ажлын арга; аргачлал:

Судалгаанд П.Н. Шастины нэрэмжит төв эмнэлгийн дотрын болон мэс заслын тасгуудын 100 сувилагчаас тусгай асуумж боловсруулан авч үр дүнг тооцов. Мөн 13-н тасгийн сувилагчийн хөтөлдөг бичиг баримтаас түүвэрлэн судаллаа. Судалгааг SPSS программ ашиглан статистик боловсруулалт хийв.

Судалгааны ажлын үр дүн

1. Эмчлүүлэгчийг зөөвөрлөх үеийн сувилагчийн ажлыг судалж үнэлэхэд:

Судалгаанаас сувилагч өдөрт дунджаар 1-3 эмчлүүлэгч зөөвөрлөдөг 20%; 4-5-ийг 25%; 6-аас дээш буюу 55% нь эмчлүүлэгчийг зөөвөрлөдөг байна.

Судалгаанаас сувилагч эмчлүүлэгчийг зөөвөрлөхөд 5-15 минут гэж 15%; 11-20 минут 38%; 21-40 минут гэж 47% нь байна. Үүнээс 1 эмчлүүлэгчийг зөөвөрлөхөд цаг хугацаа их зарцуулж байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Эмчлүүлэгчийг зөөвөрлөх үеийн гарч буй асуудлыг судалсан дүнгээс:

  • Лифтны ачаалал их (хүлээсэн хугацааг цаг минутаар гаргахад 10-20 минут) гэж 58%
  • Олон эмчлүүлэгч зэрэг зөөвөрлөдөг 20-30 минут ордог гэж 38%
  • Нарийн мэргэжлийн эмч 1 удаагийн очилтоор үздэггүй буцаадаг эсвэл удаан 20 минут хүлээдэг гэж 45%
  • Хэвтрийн эмчлүүлэгчийг нэг сувилагч зөөвөрлөхөд аюулгүй ажиллагаа алдагдах эрсдэлтэй байдаг (унагах, каталка буруу явж, юм мөргөж, доргиох, ангио оношлогоо эмчилгээний шинжилгээнд орсны дараах боолтыг 1 гараар дарж нөгөө гараар тэрэг түрэхэд гэх мэт) 33% байна.

Сувилагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд эмчлүүлэгчийг зөөвөрлөхөд гарч буй асуудлаас үзэхэд:

Судалгаанаас харахад өдрийн 8 цагт сувилагчийн ажил амждаггүй байгаа нь судлаач Ш.Цэрмаагийн судалгааны ажлын илүү цагаар ажилладаг гэсэн судалгаатай дүйцэж байна.

Тус эмнэлгийн 13 тасагт 10 төрлийн ажилд өдөрт дунджаар 6-аас дээш мэс засалд, шинжилгээнд 10-аас дээш эмчлүүлэгч зөөвөрлөдөг болохыг харуулж байна.

Судалгааны ажлын дүгнэлт

Судалгаанаас сувилагч эмчлүүлэгчийг зөөвөрлөх үеийн сувилагчийн ажлыг судалж үнэлгээ өгөхөд 1 эмчлүүлэгчийг зөөвөрлөхөд 21-40 минутын хугацаа зарцуулж өдөрт 6-аас дээш эмчлүүлэгч зөөвөрлөхөд 126-240 минут зарцуулагдаж байгааг харуулж байна. Эмчлүүлэгчийг зөөвөрлөхөд гарч буй асуудлууд нь сувилагчийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарт болон эмчлүүлэгч нэг бүрт хүрч үйлчлэх боломжгүй байгаа нь дүгнэгдэж байна. Иймээс цаашид энэ судалгааг харьцуулан, дэлгэрэнгүй судлах шаардлагатай байна.

Судалгаанаас харахад төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр тусламж үйлчилгээ авч буй эмчлүүлэгчийн тоо их байгаа нь сувилагч эмчлүүлэгчийг зөөвөрлөх ажлын цагт нөлөөлж байна гэж үзлээ. Иймээс тасаг нэгжүүдийн дуудлага шинжилгээ болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хүндрэлгүй шийдвэрлэх арга замыг цаашид судлах шаардлагатай нь судалгаанаас харагдаж байна.

Дэвшүүлэх санал

  • Лифт болон тэргэнцэр, каталканы тоог нэмэгдүүлэх
  • Төрөлжсөн мэргэжлийн эмчид үзүүлэх сувилагчийн ажлыг өөрчилж, шаардлагатай эмчтэй, эмчлэгч эмч цахим хэлбэрээр харилцах
  • Мэс заслын өмнөх болон дараах эмчлүүлэгчийг зөөвөрлөхөд тусгай орон тооны сувилагч ажиллах нь чирэгдэлгүй аюулгүй ажиллагааг хангаж ажиллах боломжтой байна.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 884
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК