Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 1(151)
Монголын Сурагчдын Суралцах (Ажиллах) Чадварыг Судалсан Дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Г.Амгалан1, Б.Бурмаа2, Ж.Купул1, Н.Амардулам1О.Байгаль1, М.Оюунчимэг1

1НЭМХ, 2ЭМЯ

 
Абстракт

Introduction:

There have been limited research studies done in Mongolia on health status of children in relation to density of children in school classrooms.
Goal:
This study aims to evaluate learning ability of children in Mongolia and develop recommendations for next intervention measures.
Materials and Methods:
A total of 1440 children were surveyed in a cross sectional study that included 6 classes from 6 secondary schools of UB city, Uvurhangai and Dornod aimags. The test of letter drawing created by of V.Ya.Anfi mova was used to evaluate the pupil’s learning skills. This test was performed at the fi rst and last classes in each day of which was tested at the beginning (I quarter or September) and end (IV quarter or May) of the academic year. For each tests we accounted the mean of drawing letter, mean of mistake for 500 letter and standard deviation.
Results:
The results of pupil’s letter drawing tests were compared by quarter for fi rst and last classes in each day. Pupil’s learning ability of class 4 was enough while other classes were not enough (P index  1) on the fi rst and last tests.
Сonсlusion:
Pupil’s learning ability has been changed by the same way of physiological adaptation process of child. Pupil’s learning ability had been decreased in last tests of each day and on Friday which was revealed by letter drawing test. Pupil’s learning ability of classes between 4 to 9 were not enough on the fi rst term while 4th class was good enough on the forth term (P index 1).

 

Үндэслэл: Сүүлийн жилүүдэд хүүхдийн оюуны ажиллах (суралцах) чадварыг олон салбарт гүнзгийрүүлэн судалж байна [4]. Эрүүл ахуйн судалгаануудад хүүхдийн  ажиллах чадварыг үнэлэхийн тулд анхаарал ба ой тогтоолтыг үнэлж байгаа бөгөөд тодорхой хугацаанд гүйцэтгэж байгаа ажлыг өөрчлөх ба нэмэгдүүлэхэд сурагчдын ой тогтоолт, анхаарал хэрхэн өөрчлөгдөж байгааг үсэг зурах сорилын янз бүрийн хэлбэрүүдийг ашиглан судлаж байна [3, 4]. ОХУ-д 1990-ээд оны үеэс эдийн засаг, экологийн тааламжгүй байдал бий болж, мөн төрийн бус буюу гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд олноор байгуулагдах болсон нь сургуулийн болон өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын өсөлт хөгжилт, тэдний суралцах чадварт сөрөг нөлөө үзүүлэх гол хүчин зүйл болж, судлаачдын анхаарлыг татаж эхэлжээ. Оросын судлаач А.Г.Хрипков (1990) хүүхдийн эрүүл мэндийн байдлыг судлаад, сурагчдын эрүүл мэндийн түвшин нь сургалтын ачааллаас хамаардаг, сурагчид нь удаан хугацаагаар хөдөлгөөнийг хязгаарласан, хөдөлгөөн дутагдалтай байснаас ядаргаанд ордог болохыг тогтоосон байна [5]. Ядаргааны үед сэтгэн бодох үйлдлийн чанар, хурд буурч, ядралын далд үе ихэссэнээс улмаар сурагчид тайван бус болж хөдөлгөөнд орох, биеийн байршлаа өөрчлөх, хоорондоо ярих, шуугих зэрэг, өөрөөр хэлбэл сурагчдын хичээлийн идэвх буурах шинжүүд илэрдэг байна [1]. Н.Н.Корсакова нарын 2001 онд Москва хотын сурагчдын дунд хийсэн судалгаагаар сурагчдын тогтоох чадвар харьцангуй муу, ой тогтоолт, сэтгэл хөдлөлийн байдал нь хоорондоо хамааралтай болохыг тогтоогоод үүний үндсэн дээр сурагчдын ажиллах чадварыг тодорхойлсон байна. М.В.Антропова (1998) нарын Москва хотын сурагчдын дунд хийсэн судалгаагаар нийт сурагчдын 47%-д нь ажиллах чадвар 7 хоногийн сүүлийн өдрүүдэд буурч байгааг [7], мөн Т.О.Чернякина (1990) нарын Санктпетербург хотын сурагчдын дунд хийсэн судалгаагаар (6) сурагчдын ажиллах чадвар нь 7 хоногийн Мягмар, Лхагва гарагуудад хамгийн өндөр байсан бол Баасан гарагт буурч байгааг тогтоожээ. Манай улсад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийн ачаалал, дэглэмийн хамаарлын талаарх судалгааг 2003 онд судлаач З.Баяраа “Монгени” цогцолбор сургуулийн 1-5-р ангийн сурагчдыг хамруулан хийсэн байна. Судалгаагаар сурагчдын ажиллах чадварын түвшин нийт сурагчдын 51,8%д нь сайн, сурагчдын 53,5%-д ядаргааны эхний шинж тэмдэг илэрч, 12,2 % нь ядаргаанд бүрэн орсон, сурагчид хичээлийн ачаалал бүрэн аваагүй,  идэвхгүй нөхцөлд хуурамч ядаргаанд орж байгаа нь тогтоогдсон байна [1]. Сургуулийн сурагчдын эрүүл мэнд, орчны талаар судалгаа шинжилгээний ажил хийгдэж байгаа хэдий ч суралцах чадварыг судлан үнэлгээ өгсөн ажил дутмаг байна. Иймээс манай орны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оюуны суралцах (ажиллах) чадварыг судлан тогтоосны үндсэн дээр бага, дунд боловсрол олгох үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн сургуулиудын хичээл, хүмүүжлийн ажлын зохион байгуулалтад үнэлгээ өгч, цаашид авах арга хэмжээний үндэслэлийг боловсруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Судалгааны зорилго:

Cурагчдын оюуны ажиллах чадварыг судалж, эрүүл ахуйн үнэлгээ өгөхөд судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны зорилт:

1. Сурагчдын оюуны ажиллах чадварыг судалж үнэлгээ өгөх

2. Сурагчдын оюуны ажиллах чадвар нь хичээлийн өдрүүд ба хичээлийн цагуудад ялгаатай эсэхийг судлаж, зөвлөмж боловсруулах

Материал, арга зүй:

Судалгаанд Улаанбаатар хотын 45, 42, 39, 46 дугаар сургуулиуд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1, Дорнод аймгийн Чойбалсан хотын 8 дугаар сургууль зэрэг 11 жилийн сургалттай нийт 6 сургуулийн 2, 4, 6, 8, 9, 11-р ангиудаас 7-18 насны нийт 1440 хүүхдийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авч нэгэн агшны судалгаанд хамрууллаа. Сурагчдын оюуны ажиллах чадварыг “Үсэг зурах сорил”-ын (В.Я.Анфимовагийн) хүснэгтийг ашиглан, хичээлийн жилийн 1, 4-р улирал, 7 хоног, хичээлийн эхний ба сүүлийн цагуудад тус тус авч үзлээ. Сорилоор 2 минутын хугацаанд өгөгдсөн нэг үсгийг дарах ба эсвэл өгөгдсөн нэг үсгийн доогуур зурах даалгаврыг гүйцэтгэсэн ба сурагчдын төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа, түүний хөдлөл шилжилтийг судлаж, ажиллах чадварыг тодорхойлоход ашиглалаа. Сорилыг цогцоор нь үнэлсэн ба үүний тулд гүйцэтгэсэн сорил тус бүр дээр харсан үсэг ба 500 үсгэн дэх алдааны дундаж, квадрат дундаж хазайлтыг тооцож гаргалаа.

Алдааг тооцох аргачлал:

- Нэг бүтэн мөрийг алгассан 1 алдаа гэж үзэх

- Доогуур нь зурах үсгийг зураагүй дарах

- Өөр үсгийг дарах

- Дарах үсгийг доогуур нь зурах

- Өөр үсгийн доогуур зурах тохиолдлуудыг тус тус алдаанд тооцсон болно.

Сорилыг үнэлэхэд үнэлгээний дараах хүснэгтийг ашиглав (Хүснэгт 1).

Хүснэгт 1. Үсэг зурах сорилын үнэлгээний бүдүүвч

Сорилыг дараах үнэлгээгээр үнэллээ. Үүнд:

1. (1.1)- онц (харсан үсгийн тоо нь дунджаас их ба алдаа нь дунджаас бага буюу бага алдаад олон үсэг харсан хүүхдийн тоо)

2. (1.2, 2.1)- сайн (алдаа нь дундаж хэмжээнд байхад олон үсэг харсан ба бага алдаад дундаж үсэг харсан хүүхдийн тоо)

3. (3.1, 2.2, 1.3)- хангалттай (харсан үсэг ба алдааны тоо нь дунджаас бага ба их мөн харсан үсэг ба алдаа нь дундаж хэмжээнд буюу олон үсэг хараад олон алдсан, цөөн үсэг хараад цөөн алдсан хүүхдийн тоо);

4. (3.2, 2.3)-хангалтгүй (харсан үсгийн тоо нь дунджаас бага байхад алдаа нь дундаж хэмжээнд, алдаа нь дунджаас их байхад харсан үсгийн тоо нь дундаж хэмжээнд байгаа хүүхдийн тоо)

5. 3.3- муу (харсан үсгийн тоо нь дунджаас бага байхад алдаа нь дунджаас их буюу их алдаж цөөн үсэг харсан хүүхдийн тоо).

Тухайн ангийн сурагчдын оюуны ажиллах чадварыг үнэлэхийн тулд онц, сайн, хангалттай, хангалтгүй, муу гүйцэтгэсэн сорилын тоог тодорхойлж, онц, сайн гүйцэтгэсэн сорил нь хангалтгүй, муу гүйцэтгэсэн сорилоос хэд дахин илүү байгааг дээрх сорилуудын харьцаагаар үнэлэхдээ Р коэффифциентийг тооцов. Ядаргаа нь сэтгэхүйн үйл ажиллагаа хямрах, улмаар оюуны ажиллах чадвар буурах байдлаар илэрдгийг үндэслэн сурагчид ядаргаанд орж байгааг нийт харсан үсгийн тоо буурах, алдааны тоо ихсэх, муу гүйцэтгэсэн сорилын тоо нэмэгдэх (коэффициент “Р”) зэрэг үзүүлэлтээр авч үзлээ. Коэффициент “Р” нь:  1< - бол сурагчид ядаргаанд орж байгаа буюу ажиллах чадвар нь хангалтгүй  1-тэй тэнцүү бол-ажиллах чадвар хэвийн  1> - бол ажиллах чадвар сайн гэж тус тус үнэллээ.

Судалгааны материалд SPSS-11.5 программыг ашиглан статистик боловсруулалт хийлээ. 

Судалгааны дүн:

Судалгаанд хамрагдсан 2, 4, 6, 8, 9, 11 дүгээр ангийн сурагчдын үсэг зурах сорилын дүнгийн гүйцэтгэлийн улсын дунджийг хичээлийн жилийн 1 ба 4 дүгээр улирал, 7 хоногийн Мягмар, Лхагва, Баасан гарагууд, хичээлийн эхний ба сүүлийн цагт тус тус гаргаж дараах хүснэгтээр харуулав. Улаанбаатар хот, орон нутгаас судалгаанд хамрагдсан 2 дугаар ангийн нийт сурагчдын харсан үсгийн дунджийг 1 ба 4 дүгээр улирлаар харьцуулан авч үзэхэд 7 хоногийн бүх өдрүүдэд хичээлийн эхний ба сүүлийн цагуудад (p<0.01), 500 үсгэн дэх алдааны дундаж нь зөвхөн Лхагва гарагт хичээлийн эхний цагт статистикийн магадлал бүхий ялгаатай байна (р<0.05).

Хүснэгт 2. Үсэг зурах сорилын гүйцэтгэл (2-11-р анги) 

Сурагчдын оюуны ажиллах чадварыг үнэлэх үзүүлэлт коэффициент “Р” нь 1 дүгээр улиралд хичээлийн эхэнд, 4 дүгээр улиралд хичээлийн сүүлд “М” муруй хэлбэрийн буюу хүүхдийн физиологийн дасан зохицох зүй тогтолтой нийцэж байв. Судалгаанд хамрагдсан 4 дүгээр ангийн нийт сурагчдын 1 дүгээр улиралд харсан үсгийн дундаж нь 4 дүгээр улиралд харсан үсгийн дунджаас бага буюу энэ нь статистикийн хувьд ялгаатай байгаа нь батлагдаж байна (p<0.05). Мөн 500 үсгэн дэх алдааны дундаж нь 2, 3 дахь өдрийн хичээлийн эхэн болон 3, 5 дахь өдрийн хичээлийн сүүлийн сорилын дүнгээр 1 ба 4 дүгээр улирлын хувьд статистикийн үнэн магад бүхий ялгаатай байлаа (p<0.05). Судалгаанд хамрагдсан 6 дугаар ангийн нийт сурагчдын 1 дүгээр улирлын хичээлийн эхний ба сүүлийн цагуудад гүйцэтгэсэн үсэг зурах сорилын дүнгээр харсан үсэг ба 500 үсгэн дэх алдааны дунджийг харьцуулан үзэхэд статистикийн магадлал бүхий ялгаагүй байлаа (t<2.0, p>0.05). Харин 500 үсгэн дэх алдааны дунджийн хичээлийн эхний ба сүүлийн цагийн үзүүлэлтийг 4 дүгээр улирлын үзүүлэлттэй харьцуулан үзэхэд магадлал бүхий ялгаагүй байлаа (t<2.0, p>0.05). Харин 6 дугаар ангийн сурагчдын харсан үсгийн дунджийг 1, 4 дүгээр улирлаар харьцуулан авч үзэхэд Баасан гарагийн хичээлийн эхний ба сүүлийн цагуудад, Лхагва гарагийн хичээлийн сүүлийн цагуудад статистикийн магадлал бүхий ялгаатай байна (p<0.05). Сурагчдын оюуны ажиллах чадварын үзүүлэлт коэффициент “Р” нь 1 ба 4 дүгээр улиралд хичээлийн сүүлийн цагуудад хичээлийн эхний цагуудаас буурсан байна. Судалгаанд хамрагдсан 8 дугаар ангийн нийт сурагчдын харсан үсгийн дунджийн ялгааг авч үзэхэд 1 дүгээр улирлын 2, 5 дахь өдрийн хичээлийн сүүлийн цаг болон 4 дүгээр улирлын 2 дахь өдрийн хичээлийн эхний цагаас бусад тохиолдолд ялгаатай байна. 500 үсгэн дэх алдааны дундаж нь 1 дүгээр улирлын 2, 3 дахь өдрийн хичээлийн эхний болон сүүлийн цагт, 4 дүгээр улирлын 2 дахь өдрийн хичээлийн сүүлийн цагт тус тус ялгаатай байна (t>2, p<0.05). 8 дугаар ангийн сурагчдын сорилын дүнгээр харсан үсгийн улсын дундаж нь улирлаар, харин 500 үсгэн дэх алдааны дундаж нь хичээлийн сүүлийн цагуудад улирлаар тус тус ялгаатай байгаа нь батлагдаж байна (t>2, p<0.05). Сурагчдын оюуны ажиллах чадварын үзүүлэлт коэффициент “Р” нь 1 ба 4-р улирлын хичээлийн эхний болон сүүлийн цагуудад бүх өдрүүдэд тус тус 1-ээс бага буюу хангалтгүй гарсан байна. Судалгаанд хамрагдсан 9 дүгээр ангийн нийт сурагчдын 1 ба 4 дүгээр улирлын хичээлийн эхэнд харж байсан үсгийн дунджийг хичээлийн сүүлд харж байсан үсгийн дундажтай харьцуулан авч үзэхэд Мягмар, Лхагва гарагуудад магадлал бүхий ялгаатай байлаа (p<0.01). 11 дүгээр ангийн нийт сурагчдын харсан үсгийн дундаж үзүүлэлтийг 1, 4 дүгээр улирлаар харьцуулан үзэхэд Лхагва гарагийн хичээлийн эхний (р<0.05), Мягмар, Баасан гарагуудын хичээлийн сүүлийн (p<0.01) цагуудад статистикийн магадлал бүхий ялгаатай байна. 1, 4 дүгээр улирлын Мягмар гарагийн хичээлийн эхний ба сүүлийн, Баасан гарагийн хичээлийн сүүлийн цагуудын сорилын 500 үсгэн дэх алдааны дундаж нь статистикийн магадлал бүхий ялгаатай байна (p<0.05). Мөн Даваагаас Баасан гарагуудад гүйцэтгэсэн сорилын дүнг 5 өдрийн дунджаар тооцон эхний цагуудыг харьцуулж үзэхэд 1 дүгээр улиралд судалгаанд хамрагдсан нийт сурагчдаас 12-36.4% нь онц ба сайн, 49.1-70.4% нь хангалттай, 17.6-27.9% нь хангалтгүй, муу  гүйцэтгэсэн бол хичээлийн сүүлийн цагуудын дунджаар 13.4-33.1% нь онц ба сайн, 39.7-67.9% нь хангалттай, 18.7-27.2% нь хангалтгүй ба муу гүйцэтгэсэн байна (Зураг 1).

Харин сурагчдын оюуны ажиллах чадвар нь хичээлийн эхний цагийн сорилын дүнгээр 6, 8, 9 дүгээр ангиудын, хичээлийн сүүлийн цагийн сорилын дүнгээр 4, 6, 8, 9-р ангиудын сурагчдад хангалтгүй байлаа. 4-р улиралд эхний цагуудын дунджаар 19-25.9% нь онц ба сайн, 50.8-58% нь хангалттай, 20.6-25.9% нь хангалтгүй ба муу  гүйцэтгэсэн бол хичээлийн сүүлийн цагуудын дунджаар 15.9-29% нь онц ба сайн, 48.1-61.1% нь хангалттай, 20.9-29.1% нь хангалтгүй ба муу гүйцэтгэсэн байна (Зураг 2). Хичээлийн эхний ба сүүлийн цагийн сорилын дүнгээр сурагчдын оюуны ажиллах чадвар нь 2, 6, 8, 9, 11 дүгээр ангиудын сурагчдад тус тус хангалтгүй буюу коэффициент “Р”  нь 1-ээс бага байна. 

Зураг 1. Үсэг зурах сорилын гүйцэтгэл (1-р улирлаар) 

Зураг 2. Үсэг зурах сорилын гүйцэтгэл (4-р улирлаар)

Хэлцэмж:

Судлаач З.Баяраа (2003) сурагчдын оюуны ажиллах чадварыг Улаанбаатар хотын нэг сургуулийн хэмжээнд хийгдсэн бөгөөд манай улсад ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийг хамруулан улсын хэмжээнд явуулсан судалгааны ажил хийгдэж байгаагүй байна. Иймд Улаанбаатар хотын судалгааны дүнг судлаач З.Баяраагийн судалгааны дүнтэй харьцуулж үзлээ. З.Баяраагийн судалгаагаар сурагчдын ажиллах чадварын түвшин 51.8%-д нь сайн, 28.8%-д нь дунд, 19.4%-д нь сул байсан байна. Бидний судалгааны дүнгээр 1 дүгээр улиралд сорилыг нийт сурагчдын 23,4% нь онц ба сайн, 54,6% нь хангалттай, 22% нь хангалтгүй ба муу гүйцэтгэсэн байсан бол 4 дүгээр улиралд 21% нь онц ба сайн, 57,5% нь хангалттай, 21,5% нь хангалтгүй ба муу гүйцэтгэсэн байлаа. Сурагчдын ажиллах чадвар нь 1 дүгээр улиралд хангалттай буюу сайн (“Р”=1.06) байсан бол 4 дүгээр улиралд 1-ээс бага буюу муу (“Р”=0,96) байлаа. Энэ нь хичээлийн жилийн эцэст хүүхэд ядарч байгаагийн үзүүлэлт юм. З.Баяраагийн судалгааны дүнтэй харьцуулахад бидний судалгаагаар сорилыг онц ба сайн гүйцэтгэсэн хүүхдийн эзлэх хувь 2,3 дахин буурч, хангалттай нь 1,9 дахин өссөн байсан бол харин муу гүйцэтгэсэн хүүхдийн эзлэх хувь 1,1 дахин буурсан байлаа. Бидний судалгааны дүн сурагчдын оюуны ажиллах чадвар 7 хоногийн эхний өдөр муу, Мягмар, Лхагва гарагуудад нэмэгдэн хамгийн өндөр хэмжээнд хүрч Баасан гарагт буурч байгааг тогтоосон Оросын судлаачдын судалгааны дүнтэй ижил байна [6, 7].

Дүгнэлт:

1. Сурагчдын оюуны ажиллах чадвар нь хүүхдийн дасан зохицох физиологийн чадвартай нийцэж байна.

2. Сурагчдын оюуны ажиллах чадвар нь тухайн өдрийн хичээлийн сүүлийн цагууд, 7 хоногийн сүүл буюу Баасан гарагт тус тус буурч байна.

3. Судалгаанд хамрагдсан сурагчдын оюуны ажиллах чадвар 1 дүгээр улиралд 4-9 дүгээр ангиудын, 4 дүгээр улиралд 4 дүгээр ангиас бусад ангиудын сурагчдад тус тус хангалтгүй байгаа нь тэдний дасан зохицох чадвартай холбоотой гэж үзэж байна.

 

 

Ном зүй

Ном зүй:
1. З.Баяраа, Сургалтын эрүүл ахуй, 2003, х. 48, 184
2. Зайцев Б.М, Лытко А.А, Динамика умственной работоспособности первоклассников при разной двигательной активности_ Журнал “Вопросы психологии”, 1990, ¹1, c.51-52
3. Н.К.Куприна, кандидат педагогических наук, доцент, И.А.Макарова, Регуляция умственной работоспособности младших школьников посредством физических упражнений, 2005, www.yandex.ru
4. Умственная работоспособность детей школьного возраста, проживающий на йододефицитных территориях, КаталогМедицина, 2003, с.19-22, www.mirrabot.com-
5. А.Г.Хрипков, М.В.Антропова, Д.А.Фарбер. Возрастная физиология и гигиена: Учеб. пособие для студентов .- М, 1990
6. Чернякина Т.О , Прибыткина Г.Н, Боцманова А.О. Oценка функционального состояния организма учащихся младшего школьного возраста при 5-дневной учебной неделе, Гигиена и санитария,1990 ¹5, с.63-68
7. М.В.Антропова, Работоспособность учащихся, ЖурналВалеология, 2002, ¹1
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ш.Энхцэцэг


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1572
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК