Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2011, 1(09)
Шөнийн лагофтальм
( Лекц )

П. Энхмаа

Шастины Төв Эмнэлгийн Нүдний Тасгийн их эмч 

 

 

Хураангуй

Шөнийн лагофтальм гэдэг нь унтах явцад нүдний зовхио бүрэн хааж чадахгүй байх байдлыг хэлдэг. Хэдийгээр энэ нь хэвийн үзэгдэл мэт боловч зарим өвчтөнүүдэд илэрхий шинж тэмдгүүдийг бий болгодог. Өвчин нь хамгийн хөнгөн хэлбэрийн өөрчлөлт болох нүдний эвэрлэг бүрхүүл хатах өөрчлөлтөөс авахуулаад (энэ нь өдрийн цагт эдгэрэн арилдаг) нүдний эвэрлэгийн шархлаа хүртэл үүсэх хүртэл маш өргөн хүрээтэй шинж тэмдгүүдээр илэрдэг. Шөнийн лагофтальмыг үүсгэх урьдал хүчин зүйлс нь маш олон бөгөөд эдгээрийг ерөнхийд нь хэд хэдэн бүлэгт, тухайлбал: проптозийн буюу нүдний бүлтийлтийн шалтгаантай, зовхины дутмаг хөгжлийн шалтгаантай, шалтгаан тодорхойгүй хэмээн хувааж ангилдаг. Оношийн алдаа голдуу сэрүүн үед нь зовхи хэвийн хаагддаг боловч шөнөдөө нүд нь анигддагүй өвчтнүүдэд гардаг. Энэ тохиолдолд өвчтөнөөс дэлгэрэнгүй асуумж авах болон биомикроскопийн шинжилгээгээр илрүүлдэг. Лагофтальм гэсэн оношийг өвчтөний зовиурт үндэслэн, тухайлбал нүд улайна, нүд аргана, ялангуяа унтаад сэрсэний дараа нүдний цочролын шинж тэмдгүүд илүү илэрдэг зэрэг байдлаар нь төвөггүйхэн оношлох боломжтой байдаг. Хамгийн оновчтой эмчилгээ нь лагофтальмыг үүсгэсэн шалтгаанаас нь хамаардаг. Үүнд шөнийн цагт эвэрлэг бүрхүүлийг хамгаалах дусаалга тоснууд, зовхийг лентээр нийлүүлэн наах, зовхины байрлалыг хэвийн болгох мэс засал орно. Энэхүү өгүүлэлд шөнийн лагофтальм өвчний тархалт, эмнэлзүйн шинж тэмдэгүүд, шалтгаан, шинжилгээ оношлогоо, болон эмчилгээний талаар өгүүлэх болно (Хөгшрөл судлалын олон улсын сэтгүүл 2009, 3/2/:89-95).

Өвчний тархалт

Шөнийн лагофтальм гэдэг нь унтах явцад нүдний зовхи бүрэн хаагдахгүй байдлыг хэлдэг. Лагофтальм хэмээх нэр нь Lagos буюу туулай гэх Грек үгнээс үүсэлтэй бөгөөд, туулайг нүдээ анихгүй унтдаг гэж итгэдэг байснаас ийнхүү нэрлэсэн байна. Нүдээ хагас нээлттэй байдлаар унтах нь эрүүл хүмүүст ч нилээд элбэг тохиолддог бөгөөд энэ нь нулимсны хамгаалах давхрагын алдагдал, эвэрлэгийн эмгэгшил зэрэг үүсгэдэг байна. Гэсэн хэдий боловч энэ талаар хэвлэгдсэн материал маш бага байдаг бөгөөд ихэнх нь бараг хагас зуун жилийн тэртээд судлагдаж байсан байх юм. Фачс болон Ву нарын Хятад гаралтай 500 оюутнуудын дунд хийсэн судалгаагаар тэдгээрийн бараг 5% нь нүд нь хагас нээлттэй унтдаг боловч тэдгээрт ямарч шинж тэмдэг илэрдэггүй болох нь илэрсэн байна. Ховитт болон Голдштейн нарын хийсэн судалгаагаар хүн амын дундах шөнийн лагофтальмын тархалт бараг 1.4%-тай байсан нь бас л ямар нэг шинж тэмдэггүй байсан байна. Мюллерийн явуулсан судалгаагаар шөнийн лагофтальм нь Эфиоп улсын хүн амын Амхарик ястнуудын дунд маш их тархсан байсан бөгөөд эдгээр хүмүүсийн дунд эвэрлэгийн доод хэсгийн соривжилт (inferior corneal scarring) их байдагтай холбон тайлбарлахад хүргэсэн байна. Старрокийн ажиглалтаар унтаад сэрсний дараа нүдний эвэрлэгийн шинж илэрдэг 102 өвчтөнөөс 5-д нь удамшсан байдал илэрсэн нь генийн хүчин зүйлийн оролцоо байж болох юм гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байгаа юм. 1990 онд хийсэн Лионс болон МакНаб нарын судалгаагаар судалгаанд хамрагдсан 40 өвчтөний 13%-д нь удамшсан байдал ажиглагдсан байна. Үүнд 30-40 насны эмэгтэйчүүдэд нь шөнийн лагофтальм илүү тохиолддог болох ажиглагдсан байна. Ном хэвлэлд дурьдсанчлан шөнийн лагофтальм нь харьцангуй элбэг тохиолддог бөгөөд оношлогддоггүй эвэрлэгийн архаг явцтай үрэвсэлийн шалтгаан болох нь элбэг байдаг байна.

Эмнэлзүйн шинжүүд

Эмнэлзүйн шинжүүд нь өвчтөнд ихэвчлэн унтаад сэрсний дараах хэдэн цагийн турш илэрдэг. Эдгээр шинжүүд нь нүд өвдөх, нүд аргах, гадны биет орсон мэт болох, нүд рүү хатгуулж өвдөх болон заримдаа бүрэлзэх зэрэг шинжүүд илэрдэг. Зарим хүмүүст нүд улайх шинж ажиглагддаг. Эдгээр шинжүүд нь унтаад сэрэнгүүт илрэх ба өдрийн туршид аажмаар хэвийн болдог. Нүдэнд гарсан гэмтэл нь их байх тусам нүд хэвийн байдалдаа эргэн орох нь удаан байна. Шөнийн лагофтальмын үед нүдний дээд доод зовхины дундах хэсгийн эвэрлэгийн эпителийн давхрага гэмтдэг бөгөөд энэхүү гэмтлийг ямар нэг багаж, тухайлбал биомикроскопгүйгээр зүгээр л хараад оношлох боломжгүй. Голдуу эвэрлэг бүрхүүлийн эпителийн цэгчилсэн кератопатийн хэлбэрийн эмгэгшил тохиолдох бөгөөд заримдаа эпителийн бичил бэлцрүүт үрэвсэлтэй хавсран тохиолдож болдог. Энэхүү бичил бэлцрүүг ретроиллюминацаар харах боломжтой бөгөөд будагдахгүй онцлогтой. Шархлаа нь ихэвчлэн нүдний эвэрлэгийн төв болон доод хэсэгт байх нь элбэг байдаг. Заримдаа эвэрлэгийн доод гурваны нэгийг бүхэлд нь гэмтээдэг ба, ихэнх тохиолдолд эвэрлэгийн доод хэсгийг хамарсан хөндлөн судал үүсдэг. Эвэрлэгийн гэмтэх хэсэг нь дээд доод зовхины хооронд нээлттэй завсарт таарсан байдаг. Хүнд тохиолдолд нүдний эвэрлэгийн доод хэсэг хайлах үзэгдэл ажиглагддаг. Энэ нь нүдний эвэрлэгийн дооддотор талын хэсэгт элбэг тохиолддог боловч эвэрлэгийн аль ч хэсэгт тохиолдож болдог. Кац болон Кауфман нар микробиологийн шинжилгээ сөрөг гарч, идээт үрэвсэлийн шинжгүй хирнээ нүдний эвэрлэгийн доод хэсэгт шархлаа үүссэн байх зэрэг энэ өвчний шинж юм хэмээн үзсэн.

Өвчний шалтгаан

Шөнийн лагофтальмыг маш олон хүчин зүйлс үүсгэдэг. Латкан болон бусад судлаачид тэдгээр шалтгаануудыг 3 үндсэн том бүлэгт хуваан үзсэн. Үүнд:

  1. Нүдний бүлтийлт буюу проптозоос шалтгаалсан хүчин зүйлс
  2. Төрөлхийн болон олдмол зовхины дутмагшил
  3. Шалтгаан нь тодорхойгүй

Зарим хүмүүст нүдний ухархай болон нүдний хэмжээ тохироогүйгээс болдог. Энэ нь төрөлхийн шалтгаантай нүдний эмгэг болох-краниосиностозын үед тохиолддог бол олдмол шалтгаантай нь бамбай булчирхайн шалтгаант нүдний эмгэг-экзофтальмын үед тохиолддог. Мөн түүнчлэн нүдний арын зайд цус хурах, нүдний хавдар өвчний үед нүдний алим наашилснаас нүдний эвэрлэгийн эмгэгийг үүсгэдэг. Зовхины дутмагшил нь: дээд зовхи хэт богино байх, зовхины булчингийн тонус буурах гэсэн 2 янзын шалтгаанаас болдог. Нүдний доод, дээд зовхины өндөр богинссон тохиолдолд унтах үед өвчтөний зовхи нүдээ бүрэн хаадаггүй. Нүдний алим, зовхины хэвийн харьцаа алдагдах нь заримдаа эмч нарын алдаанаас шалтгаалан үүсч болохоос (нүдний зовхины арьсыг хэт их татаж оёох, ботокс буруу тарьснаас) гадна нүдний зовхины хэлбэрийг алдагдуулсан сорви (Стивенс-Жонсон хам шинж, гэмтэл бэртэл, химийн бодисын түлэгдэл) зэргээс зовхи ба алимны хооронд симблефарон буюу наалдаж соривжилт үүссэнээс болдог. Түүнчлэн 7-р мэдрэлийн саажилтаас зовхи хаагдахгүй болсноос унтах үедээ зовхио бүрэн хааж чадахгүй болдог. Энэ нь лагофтальм үүсэх тэргүүлэх шалтгаан болдог. Архи хэтрүүлэн хэрэглах нойрсуулах үйлчилгээтэй эмийн бодисын нөлөөгөөр шөнийн лагофтальм үүсгэх шалтгаан болж болох талаархи мэдээлэл байдаг. Архи болон нойрсууруулах эм хэрэглэсэн хүмүүс комын байдалд орсон өвчтөнүүдийн адил нүдээ аньж чадахгүй болдог. Энэ байдал нь дунд тархины болон гүүр хэсгийн өвчнүүд, эсвэл тархины тал бөмблөгийн өвчнүүдтэй холбоотой байдаг гэж үздэг байна.

Оношлогоо болон шинжилгээ

Энэ нь бүх насны хүмүүст ижил тохиолддог хэдий ч хүүхдүүдэд насанд хүрэгчид болон ахмад настантай харьцуулахад харьцангуй цөөн тохиолддог байна. Нүдний эвэрлэгийн үрэвсэлтэй хүмүүст нас ахихад илэрдэг нулимс багасах шинж нь нүдний эвэрлэг бүрхэвчийн үрэвсэл үүсэх боломжийг нэмэгдүүлдэг учраас дунд болон ахимаг насныханд энэ өвчний шинж тэмдэг илүү илэрч гардаг нь үүнтэй холбоотой байдаг. Өвчнийг оношлохдоо зовхи, эвэрлэгийн байдал болон нүдээ цавчих үед зовхи нүдээ бүрэн хааж чадаж байгаа эсэх зэргийг сайтар ажиглах шаардлагатай. Цавчих үед зовхи нүдээ бүрэн хааж чадахгүй байх нь шөнийн лагофтальм өвчнийг оношлоход чухал ач холбогдолтой бөгөөд ийм өвчтөнүүд шөнө унтах үедээ нүдээ бүрэн аньж чадахгүй байх магадлалтай юм. Үзлэгийн явцад өвчтөнөөс шөнө унтахад түвэгтэй байх, унтаад сэрсний дараа нүд аргах болон нулимс гоожих зэрэг шинжүүдийг тодруулж асуух шаардлагатай. Түүнчлэн Беллийн 7-р мэдрэлийн саажилт, нүдний зовхины хагалгаа хийлгэсэн эсэх, түүнчлэн удмын анамнез байсан эсэх зэргийг тодруулж асуух шаардлагатай. Дараа нь нүдэнд илүү нэмэлт гэмтэл үүсгэлгүйгээр зурвас гэрлийн шинжилгээг бүдэг гэрлээр хийнэ. Ингэхдээ нүдний зовхи хоорондоо хэрхэн нийлж хаагдаж байгааг сайтар ажиглах шаардлагатай. Шөнө нүдээ бүрэн анидаггүй хүмүүс нүдээ цавчсаны дараа хэдхэн хормын хугацаанд нүдний зовхины булчин татвалцах үйл явц тохиолддог ба энэ нь ялангуяа эмгэгтэй талын нүдэнд илүү ажиглагдаж нүдний эвэрлэг нь ил байдаг нь тодорхой болдог. Өвчтөнүүдийн нилээд их хувьд нь энэ үзэгдэл цавчиснаас хойш хэсэг хугацаанд нүдээрээ харахгуй байх байдлаар илрэх ба 1-2 минутын дараа нүдний зовхи томоор нээгддэг тул өвчнийг оношлох боломжтой болдог. Латкани болон түүний хамтрагчид шөнийн лагофтальм өвчний ангилалыг гаргасан.

I хэлбэрийн буюу зовхины хэлбэрийн үед лагофтальм нь илэрхий нүдээ бүрэн анидаггүй ба оношлоход хялбар байдаг.

II хэлбэр нь сормууснаас шалтгаалсан лагофтальм. Энэ нь сормуусны онцлогтой холбоотой үүсдэг, тодруулбал их өтгөн сормуустай тохиолдолд дээд, доод зовхины сормуусууд бие биедээ саад болж нүдийг бүрэн таглаж чадахгүй байдлыг үүсгэдэг. Мөн энэ байдал шинжилгээ хийх явцад эмчид зовхины байдлыг илрүүлэхэд саад болдог. Харахад зовхи хоорондоо нийлж байгаа мэт байх юм бол дээд зовхийг хуруугаараа болгоомжтой хөндийрүүлэн сормуусыг холдуулна. Ингээд аниулахад эрүүл хүмүүсийн зөвхи хаагдахдаа мейбомийн булчирхайн сүв орчимд хоорондоо нийлэх ёстой. Хэрэв мейбомийн булчирхайн сүв орчимд хоорондоо нийлэхгүй бол эмч илүү нарийн шинжлэх шаардлагатай.

III хэлбэр нь дээд зовхи нь хаагдахдаа доод зовхийг давж ингэснээр завсар үүсэх далд хэлбэрийн лагофтальм юм. Энэ нь оношлоход маш түвэгтэй хэлбэр юм. Эгц урдаас нь харaхад нүдний дээд зовхи нүдний доод зовхийг бүрэн таглаж байгаа мэт боловч давж унжсан дээд зовхины дотор талд бага хэмжээний завсар гарсан байдаг. Зовхийг доороос нь хархад дээд, доод зовхины хооронд сормуусуудын дундуур, эсвэл давж унжиж байгаа дээд зовхины араар бага зэргийн завсар ажиглагддаг. Эдгээр нь оношлоход маш их туршлага шаарддаг.

Энэ ангилал дээр нэмээд дахин нэг буюу IV хэлбэрийг нэмж оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ нь ямарч оношлогоогоор хэвийн мөртлөө нүдний эвэрлэгийн өөрчлөлт илэрдэг хэлбэр юм. Энэ нь унтаад сэрсний дараа нүдний зовхины булчингийн тонус суларснаас үүсдэг байж болох юм.

Оношлогоонд нэн тэргүүн анхаарах шинжүүд нь эвэрлэгийн өөрчлөлтүүд: сорвижилт, судасжилт болон цэгчилсэн кератит. Эдгээр нь нүдний эвэрлэгийн доод хэсгээр, эсвэл хоёр зовхины уулзвар хэсгээр тохиолддог нь анхаарч үзэх гол шинж болдог. Нүдний бусад өөрчлөлтүүд, тухайлбал хемоз-нүдний алимны салстын хаван, нүдний завсрын салст бүрхүүлийн улайлт, салст бүрхүүл унжиж сулрах зэрэг шинжүүд лагофтальм өвчнийг дагалдан гарч болдог. Мэдээгүйжүүлэгч дусаахын өмнө эвэрлэгийн мэдэхгүйг шалгах шаардлагатай. Ил байдаг эвэрлэгийн мэдрэхүй ямар нэгэн байдлаар буурсан байдаг. Гэвч энэ нь онош тогтооход тийм их ач холбогдолтой шижилгээ биш. Учир нь ямар ч эвэрлэгийн эмгэгийн үед мэдрэхүйд өөрчлөлт үүссэн байдаг. Гэсэн хэдий ч нүдний эвэрлэгийн мэдрэхүйг шалгах нь зүйтэй хэвээр байна. Шөнийн лагофтальмтай хүмүүс эвэрлэгийн мэдрэхүй алдагдснаас болж эвэрлэгт гэмтэл авч түүнээс болж үрэвсэл үүсэх ба эвэрлэг нимгэрэх явдал элбэг байдаг. Тиймээс эвэрлэгийн мэдрэхүй алдагдсан өвчтөнд урьдчилан сэргийлэх эмчилгээг илүү эрчимтэй хийх шаардлагтай. Эвэрлэгийн цэгчилсэн кератопати өвчин нүдний өнгөц үзлэгээр илрэхгүй байж болох талтай байдаг. Тийм учраас цэгчилсэн хэлбэрийн шархлааг бага хэмжээний флуоресциныг шилжих нугалаасны хэсэгт дусаах байдлаар илрүүлнэ. Дусаах шингэн бага байх шаардлагатай, учир нь илүүдэл флуоресцейн нь шархлааг бүдгэрүүлээд харагдуулахгуй байдалд хүргэдэг. Мөн эвэрлэгийн цэврүүнүүдээс гадна эвэрлэгийн доод хэсгээр саарал өнгийн эпителийн бичил цэврүүнүүд бөөгнөрөх нь лагофтальмын шинж болно. Бусад төрлийн будгууд, тухайлбал ногоон лессамин, ягаан бенгал зэрэг гэмтсэн салстын амьдрах чадвараа алдсан эсүүдийг үнэлэхэд тустай.

Нүдний хуурайшилтын байдлыг үнэлэх нь эмчилгээний хамгийн тохиромжтой аргыг сонгоход тустай. Нүд хуурайших нь лагофтальмосын өвчний явцыг улам хүндрүүлдэг төдийгүй шөнийн лагофтальмос нь эргээд нүдний хуурайшилтийг улам ихэсгэдэг. Түүнээс гадна эмч блефарит болон мейбомын булчирхайн үйл ажиллагааны алдагдлын шинж буй эсэхийг илрүүлэх шаардлагатай. Учир нь энэ хоёр шинж нь хоёулаа нулимсны давхаргыг гэмтээн улмаар лагофтальм өвчний явцыг улам муутгадаг.

Унтах явцад нүд ямаршуу байдлалтай байгааг тогтоох хэмгийн хэцүү ба энэ нь шөнийн лагофтальм үүсгэгч хүчин зүйл мөн гэдгийг батлах нь хүндрэлтэй байдаг. Ийм шалтгаанаас болж илэрхий тод илэрсэн лагофтальмтай зарим өвчтөнүүдэд кератопатийн шинж тэмдэг байхгуй байж болно. Чарьлз Белл 1823 онд Беллийн үзэгдлийг нээсэн ба энэ нь нүдний зовхийг хүчлэн нээхэд нүд дээш чиглэсэн эргэлдэх хөдөлгөөн хийх үзэгдэл юм. Холл 234 хүнийг унтаж байхад нь судалж үзэхэд судалгаанд хамрагдсан бүх хүмүүсийн зөвхөн 42%-д нь нүд нь дээш чиглсэн эргэлдэх хөдөлгөөн хийж байсан бөгөөд 44%-д нь нүд чигээрээ харж байгаагаар илэрсэн бол, хажуу тийш харсан болон доошоо эргэлдүүлж харсан хүмүүс их цөөн байсан. Холл өөрийн судалгаагаар унтаж байхад нүдний хэвийн байрлал гэж байдаггүй бөгөөд нэг хүнд л гэхэд бүхэл шөнийн туршид нүдний хэд хэдэн байрлал ажиглагддаг гэдгийн харуулсан. Эцэст нь хэлхэд нүдний түргэн хөдөлгөөний нойрсолтын үед нүд түргэн бөгөөд ихээр хөдөлдөг ба нойрны энэхүү үе шат шөнийн турш хэд хэдэн удаа тохиолддог. Франсис, Логхэд нар 508 хүнд Беллийн үзэгдэл хэрхэн илэрч буйг судалж үзэхдээ Беллийн үзэгдэлийн чиглэл ба далайц янз бүр байдгийг тогтоосон. Энэ хөдөлгөөн нь нас ахих тусам буурах хандлагатай байдагийг ажигласан. Нойрсолтын үед алимны хөдөлнөөний чиглэл ба далайц ямар байхаас үл шалтгаалан нүдний энэ хөдөлгөөн бага эсвэл байхгуй болох нь шөний лагофтөльмд муугаар нөлөөлнө гэдгийг тогтоосон. Гэвч Беллийн үзэгдэлийг сэрүүн байхад шинжилсэнээр унтах үеийн нүдний хөдөлгөөнийг урьдчилан таамаглах аргагүй юм. Цаашид шөнийг лагофтальмын үеийн нойрны онцлогийг илрүүлэх илүү дэвшилтэт арга шаарлагатай байна.

Бусад хүчин зүйлс

Нойрсолттой холбоотой

Лагофтальм бүхий өвчтөнүүд ихэвчлэн нойронд тааруу байдаг. Нойронд муу байх нь нас ахисан хүмүүсийн дунд элбэг байдаг. Дунд болон дундаас дээш насныханд нүд аргах, блефаритын шинж илрэх, болон нулимсны чанар муудах зэрэг энэ насныханд шөнийн лагофтальм үүсэх магадлалыг улам их болгодог. Цаашдын судалгаагаар шөнийн лагофтальм болон нойрны чанарын харилцан хамаарлыг судлах үүсхэд нойрны чанар хэрхэн нөлөөтэйг судлахад ач холбогдолтой юм.

Мэс засaлтай холбоотой

Лагофтальм нь хагалгаа хийхээс өмнө шинж тэмдэггүй боловч зарим төрлийн хагалгаа хийснээс хойши зовиуртай болж болох нь элбэг байдаг. Рефракцийн хагалгаа, дээд зөвхины косметик хагалгаа, Ботокс тарихаас өмнө лагофтальм байгаа эсэхэд онцгой анхаарал тавих хэрэгтэй. Нүдний хуурайшлын шинж тэмдэг бүхий өвчтөнүүдийг эвэрлэгээр мэргэшсэн эмчид үзүүлэх шаардлагатай. Хагалгаа хийлгэх өвчтөнийг бүрэн шинжилгээ хийсний дараа, өвчтөний бүхий л эрсдэл, хагалгааны дараах үр дүн болон өвчин архагшсан шинж тэмдэг байгаа эсэхийг сайтар тооцоолсны дараа сонгон авах шаардлагатай.

Эмчилгээ

Эмчилгээг хийхийн өмнө өвчний шалтгааныг сайтар нягтлах шаардлагатай. Өвчний шалтгаанаас хамааран мэс заслаар эмчлэгдэхпроптозыг засах г.м- эсвэл эмээр эмчлэгдэх аргыг сонгон хэрэглэснээр эвэрлэгийн гэмтлийг бууруулах боломжтой. Хэрэв өвчний шалтгаан нь тодорхойгүй тохиолдолд байгалын ба эмийн эмчилгээний аргыг сонгон хэрэглэнэ.

Эмчилгээний аргуудыг ерөнхийд нь байгалийн, эмийн, мэс заслын хэмээн ангилна.

Байгалийн арга/хандлага

Энэ нь шөнийн лагофтальмтай холбоотой үүссэн нүдний эмгэг өөрчлөлтүүдийг засах аргууд, тухайлбал хүрээлэн буй орчноо өөрчлөх, амьдралын хэвшил болсон зан үйлээ өөрчлөх, зовхины эрүүл ахуйг хангах болон хоол хүнсээ тохируулах зэрэг орно. Агаарын чийгшил багатай нөхцөлд байхаас зайлсхийх нь ашигтай байдаг. Түүнчлэн төрөл бүрийн уур, хуурай агаар, халаах болон сэрүүцүүлэх хэрэгсэл зэргийг аль болох нүднээсээ хол байлгах, агаар чийгшүүлэгч авч тавих нь хуурай агаарыг чийгшүүлэхэд тустай.

Амьдралын хэвшлээ өөрчлөх, тухайлбал нүдээ бүрэн цавчиж сурах, цавчих тоог нэмэгдүүлэх, нүдийг төрөл бүрийн орчны нөлөөнөөс хамгаалах шил зүүж сурах зэрэг нь ашиг тустай байдаг. Түүнчлэн гипноз эмчилгээ үр дүнтэй талаархи судалгаа ч байдаг. Архийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийснээр нь шинж тэмдгийн лагофтальмийн өвчлөлийг бууруулах боломжтой.

Хэрэв өвчтөн блефарит болон мейбомын булчирхайн үйл ажиллагааны алдагдал зэрэг эмгэгтэй бол зөвхөн зовхины эрүүл ахуйг хангаснаар бат бөх, эрүүл нулимсны давхарга бий болгон, зовхины гадаргуугийн бактери, элдэв төрлийн ялгарлын хэмжээг бууруулснаар уг өвчний шинж тэмдгийг мэдэгдэхүйц бууруулж чадна.

Хоол хүнсээр авах омега-3 өөхнийн хүчлийн хэмжээ их байх, харин омега-6 өөхнийн хүчлийн хэмжээ бага байснаар үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй цитокины хэмжээ их болно. Хоол хүнсээр авах омега-3 өөхнийн хүчлийн хэмжээ бага болоход нүд хуурайших шинж ихээр илэрдэг байна. Энэ хүчлийн хэмжээ нь цэнгэг усны салмон, туна, сагамхай загас, ногоон навчит ургамал, болон самар зэрэгт ихээр агуулагддаг. Цаашид нүд хуурайшин аргах, блефарит, лагофтальмын эмчилгээнд омега-3 өөхний хүчлийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийн талаар судлах шаардлагатай.

Унтахдаа зовхио лентээр нааж таглах нь маш тустай болох нь батлагдсан. Үүнийг наахад хацрыг дээш татан улмаар нүдний доод зовхийг дээш түрж өгснөөр нүдийг бүрэн таглах зориулалттай байдаг. Үүнийг зориулалтын тостой хамт хэрэглэж болдог. Гэхдээ нүдний эргэн тойрны арьс хэт мэдрэг зарим хүмүүст энэ арга таарахгүй байх талтай байх төдийгүй лентийг авах явцад сормуус ихээр унаж байна гэж зарим өвчтөнүүд гомдоллож болох талтай. Мөн зарим нь лент наахтай холбоотой бусад таагүй мэдрэмжээс шалтгаалан энэ аргыг хэрэглэхээс татгалзаж болно. Харин нүүрний мэдрэлийн саажилттай өвчтөнүүдэд дээд зовхины хүндрүүлэгч хэрэглэх их тохиромжтой байдаг. Зарим өвчтөнүүдэд линз хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.

Эмийн эмчилгээний арга

Эмчилгээний хамгийн энгийн хирнээ үр дүнтэй арга бол шөнө унтахдаа нүдний тос, харин өдрийн цагаар хиймэл нулимс хэрэглэх явдал юм. Нүдний тосыг зовхинд лент наах болон дээд зовхи хүндлүүлэгч хэрэглэх аргатай хослуулан хэрэглэхэд үр дүн нь хурдан гардаг. Төрөл бүрийн найрлагатай олон янзын хиймэл нулимс байх болсон. Байнга тогтмол хэрэглэх үед презерватив агуулаагүй хиймэл нулимсыг хэрэглэх нь илүү тохиромжтой. Хиймэл нулимс нь нулимсны эргэлтийг сайжруулж, үрэвсэлийн эсрэг медиатрын хэмжээг багасгадаг ач холбогдолтой. Өвчтөнд блефарит болон rosacea зэрэг хавсарсан өвчин байгаа тохиолдолд тетрациклин болон дааврын бус үрэвсэлийн эсрэг бэлдмэлийг хэрэглэх нь үрэвсэлийг бууруулж нулимсны давхрагыг бэхжүүлж өгдөг. Зовхины ирмэг хэсгийн үрэвсэл нь зовхийг гадагш эргүүлж улмаар хоёрдагч шалтгаантай лагофтальм үүсгэх нөхцөл болдог. Тиймээс нүдний хавсарсан өвчнийг эмчлэх нь шинж тэмдгийг улам багасгаж өгдөг.

7-р мэдрэлийн саажилтаас үүссэн лагофтальмын үед эхлээд шалтгааныг нь маш сайн олох шаардлагатай. Хурц хэлбэрийн 7-р мэдрэлийн саажилтийн үед мэдрэлийн эмчийн тусламж нэн шаардлагатай байдаг. 7-р мэдрэлийн саажилт нь түр зуурын хирнээ нүдний эвэрлэгийн үрэвсэл хурц хэлбэрээр илэрч байгаа тохиолдолд ботокс тарьж хэрэглэх нь 12 долоо хоногийн турш зовхийг унжуулж өгснөөр лагофтальмыг эмчлэхэд тустай төдийгүй, ямар нэг гаж нөлөөгүй байна.

Мэс заслын эмчилгээний арга

Нүдний ар талд цус хурах ба хавдар байх нөхцөлд лагофтальмыг засах зорилгоор гематом эсвэл хавдрыг авна. Бамбай булчирхайн бүлтийлттэй хүмүүст дааврын үзүүлэлтүүд тогтворжоод 3 сар болсны дараа декомпресси хийнэ. Симблифароноос үүсгэгдсэн лагофтальмын үед эхний үед симблифароныг арилгах салст бүрхүүл эсвэл амнион мембран шилжүүлэн суулгаж сводыг үүсгэх хагалгаа хийнэ.

Хэрэв лагофтальм нь нүдний зовхины өндрийн хэмжээнээс шалтгаалсан бол зовхины арьсыг нөхөх, эсвэл зовхины мөгөөрсийг залгаж нөхөх зэрэг хагалгааг хийнэ. Мөн эмийн эмчилгээнд үр дүнгүй эвэрлэгийн гэмтлийг эмчлэх өөр арга бол бүрмөсөн болон түр зуур дээд доод зовхийг нийлүүлэн оёж нүдийг хаах хагалгаа хийх нь үр дүнтэй байдаг. Энэ эмчилгээ нь хялбар төдийгүй бас хүндрэл багатай байдаг. 7-р мэдрэлийн эдгэшгүй өөрчлөлт-саажилтын үед дээд зовхины арьсан дор алтан суулгац суулгах эмчилгээг хийдэг. Энэ нь бараг 99%-ийн амжилттай, буцаагаад амархан авах боломжтой төдийгүй 7-р мэдрэлийн түр зуурын саажилтын үед ч хэрэглэж болдог зэрэг давуу талтай. Алтан суулгац нь харшил өгдөггүй лагофтальмыг сайн засдаг боловч эвэрлэгийн астигматизмаас шалтгаалан хараа бүдгэрэх, суулгац товойх ил гарах зэрэг шинж илэрдгээс болж сүүлийн үед уян хатан платинум гинжийг сонгон хэрэглэх нь элбэг болсон.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Анагаах ухааны доктор Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1214
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК