Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2012, 1(11)
Цэргийн нүд судлал үүсэж хөгжсөн түүхээс
( Лекц )

Б.Баттуяа1, T.Булган2

1 Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, 2 Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

 

Цэргийн нүд судлалын хөгжил нь цэргийн анагаах ухааны хөгжилтэйгээ зэрэгцэн хөгжиж ирсэн бөгөөд анх үүсч хөгжсөн тухайд янз бүрийн таамаг байдаг байна. Америкийн иргэний дайны дараа болсон Rebellon– ны дайны үеийн “Aнагаах ухаан ба мэс заслын түүх” гэдэг номонд цэргийн нүд судлалыг 1870-1883 оны хооронд үндэс суурь нь тавигдсан гэж бичсэн байдаг. Цэргийн нүд судлалыг Дэлхийн нэг хоёрдугаар дайны үед үндэс суурь нь тавигдсан гэж үзэх хүмүүс ч бий.

Солонгосын дайны үед цэргийн нүд судлалыг үүссэн гэж тэмдэглэн үлдээсэн нь ч бий. Эртний бичээс болон булш бунхнаас олдсон олдворт нүдийг арчилж, эдгэрүүлж байсан тухай бичиж үлдээсэн байдаг. Үүнд: нүднээс гадны биет авах, нүдний үрэвсэл, улайлтын үеийн тусламж, жижиг мэс ажилбарыг тун энгийн, бүдүүлэг аргаар хийдэг байсан тухай бичсэн байна.

Цэргийн нүд судлалын түүх нь АНУ-ын цэргийн нүд судлалын түүхтэй салшгүй холбоотой байдаг ба энэ нь үе үеийн дайн байлдааны үед ч тайван цагийн үед ч байнга шинэчлэгдэн хөгжиж иржээ.

Эрх чөлөөний дайны эхэн үед, армийн нийт эмч нарыг тэр тусмаа нүдний эмч нарыг сургаж бэлдэх хэрэгцээ гарч ирсэн. Зарим мэс засалчид тусгай мэргэшээгүй ч нүдний болрын мэс заслыг хийдэг байсан. Хэдийгээр Америкт иргэний дайн болж байсан ч, нүд судлалын салбар нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтойгоор хөгжиж эхэлсэн. Дэлхийн 1 ба 2-р дайны үед армийн бие бүрэлдэхүүний эрүүл мэндийг хамгаалж байх үүргийн дагуу сайтар бэлтгэгдсэн нүдний эмч нарын эрэлт хэрэгцээ их байв. Энэ шаардлагын дагуу эмч нарын сургалтын тусгай хөтөлбөртэй болсон. Офтальмоскопи, ретиноскопи бий болж, хэрэглээ нь сайжирсанаар нүдний өвчин эмгэг тэр тусмаа нүдний гэмтлийн эмчилгээ, оношлогоонд ахиц гарсан. Цэргийнхэн (ажиллаж байгаа болон тэтгэвэрт гарсан), тэдний ар гэрийнхэн болон гэрээт цэргийн албан хаагчдад өндөр чанартай эмнэлгийн тусламжийг одоог хүртэл үзүүлж байна. Цэргийнхний зөрчил мөргөлдөөн, энхийг сахиулах үйл ажиллагааны үед иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ нь Армийн нүдний эмч нарын хувьд нэг талаар сорилт болдог ба түүхээс харахад тэд эдгээр сорилтуудтай байнга тулгарч ирсэн байна.

Эрх чөлөөний дайны үе

АНУ-ын Цэргийн эмнэлгийн түүх нь Америкийн хувьсгал (1775) дуусгавар болсноос хойш буюу тухайлбал Бостоны бүслэлтийн үед эхэлсэн байна. Армийн бүрэлдэхүүнд олон эмч нар байсан ба хороо буюу эмнэлэг байгуулах санаа хэн нэгэнд байсангүй. Эрх чөлөөний дайны эхэн үед өвчтөнүүд болон шархдагсад тэдэнтэй хамт алба хааж буй эмч нараараа эмчлүүлдэг байв. Генерал Жорж Вашингтон Армийн эрх мэдлийг өөртөө авсны дараа цэргийнхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй хэрэгцээтэй байгааг анзаарч, эмнэлгийн салбарыг үүсгэн байгуулах тухай Конгрессэд санал болгосон байна. 1775 оны 6 сард Массачусэттын Бостоны сүмд Армийн 20000 эрчүүдэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд зориулсан эмнэлгийн тасаг байгуулах зөвшөөрөл олгож, түүний анхны дарга буюу ерөнхий эмчээр доктор Бенжаминыг томилсон байна. Энд нүдний эмч нар хагас-цагийн зохион байгуулалтаар ажиллаж байсан ба энэ үеэс цэргийн нүд судлалын үндэс суурь нь тавигджээ. Нүдний мэс заслаар мэргэшсэн хэд хэдэн мэс засалчид тухайн үедээ нэрд гарч эхэлсэн байна. Филадельфигаас ирсэн мэс засалч Доктор Виллиам Шиппен Нью Жерсийн Армийн эмнэлэгт нүдний болрын мэс ажилбарыг хийж гүйцэтгэж байсан ба дараа нь (1777-1781) Армийн Цэргийн эмнэлгийн ерөнхий захирал болсон. Доктор Жон Жонес 1758 оны Францын дайн болон Америкийн эрх чөлөөний дайныг дуустал мэс ажилбар хийж байсан ба 1775 онд Нью Йоркод хэвлэгдсэн “Хугарал болон шархны үед хийгдэх эмчилгээний гарын авлага” нэртэй Америкийн анхны анагаах ухааны номыг бичсэн. Энэ ном нь Эрх чөлөөний дайны үед армийн мэс засалчдын сурах бичиг болж байсан. Энэ үеийн бас нэг мэс засалч бол Армид алба хааж байсан Доктор Жон Уоррен байсан ба хожим Харвардын Анагаахын сургуулийг үндэслэсэн юм. Армийн мэс засалч Доктор Халл Жексон сохролын ба болрын цайлтын эмчилгээг эмнэлгийн нөхцөлд хэрхэн хийх тухай бичиж тэмдэглэн үлдээсэн. Эрх чөлөөний дайны үеийн нийтлэг нүдний гэмтэл нь галт зэвсгээс шалтгаалсан нүүр, нүдний хэсгийн түлэгдлүүд болон винтов буу, хэт цахиур, түгжээ гэх мэт зэр зэвсэг ашиглахтай холбоотой гэмтлүүд байсан.

1812 оны дайн

Армийн эмнэлгийн хэлтэс 1812 оны Дайны эхэн үед байгуулагдсан боловч 1813 оны 3 сард албан ёсоор үүсэн байгуулагдсан. 1812 оны Дайны үед Пенсильванийн их сургуулийн анатомийн профессор доктор Виллиам Е.Хорнер, Хоратио Жеймсон, Хосеа Рич, Виллиам Гибсон нарын маш олон нүдний эмч нар хагас цагаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байсан. Анагаах ухааны сургалт хангалтгүйгээс мэдээ алдуулалтын тухай ямар ч мэдлэггүй байсан ба асепсисийн тухай сонсогдоо ч үгүй байв. Нүдний өвчнүүдийн эмчилгээ нь бусад мэргэжлүүдийн нэгэн адил улайлт, үрэвсэл, цэврүү үүсэх, цус алдах гэх мэт шинж тэмдгийн эсрэг чиглэсэн байдаг байв. Ихэвчлэн нүдний шарханд цэгцлэлт хийх болон энукляци зэрэг жижиг мэс ажилбарууд хийгддэг байсан. Дайны дараа 1818 онд Конгрессээс цэргийн эмнэлгийн ажиллах журмыг батлан гаргасан. 1822 оны 12 сард Форт Пит, Пеньсилванийн ерөнхий эмнэлгийн нүдний тасагт офтальми өвчнийг мөнгөний нитратын уусмалаар эмчилж байв. 1847 оны 2 сарын 11-нд Конгресс анх удаа цэрэг армийн эмнэлгийн ажилтнуудад цэргийн цол олгох журам баталжээ.

Америкийн иргэний дайн

Америкийн иргэний дайны эхэн үед цэргийн эмнэлгийн зохион байгуулалт муу байснаас дайн тулааны талбарт шархдагсадын тоо олон байлаа. Төдөлгүй, дайны талбараас шархдагсдыг татан авчрах үр дүнтэй системийг Потомакийн армийн эмнэлгийн дарга Жогатан Леттермен нэвтрүүлсэн. Иргэний дайны үед гардан тулаан болон харвадаг сумны цохилтын үйлчлэлээс гэмтэл авагсдын ойролцоогоор 0,9% (1190 нүд)- ийг нүдээ гэмтээгсэд эзэлж байсан. 1861-1866 оны хооронд Нэгдсэн улсын арми дахь нүдний салстын идээт үрэвсэл болон офтальми өвчний 84986 тохиолдол бүртгэгдсэн ба үүний улмаас нас барсан тохиолдол 4 тэмдэглэгдсэн байдаг. Хэдий тийм боловч бусад цэргийн эмнэлгүүдэд төдийлөн нэвтрээгүй Гельмгольцийн үүсгэн боловсруулсан офтальмоскопи, ретиноскопийн аргуудыг нүдний практикт ашиглаж байсан. Энэ үед хэсэг газрын мэдээ алдуулалт гэж мэддэггүй байв. Америкийн иргэний дайны туршид олон нүдний мэс засалчид хагас болон бүтэн цагаар армийнханд үйлчилж байсан. Америкийн иргэний дайны туршид АНУ-ын нүдний эмч мэргэжилтнүүд бүтэн цагаар ажиллахыг санаачлан гаргасан ба 1863 онд Америкийн анагаах ухааны холбоо өөрийн гэсэн тусгай таних тэмдэгтэй болж, 1896 онд Америкийн нүдний эмч нарын академи байгуулагдсан. Америкийн Иргэний дайны дараа байгуулагдсан цэргийн эмнэлгүүдэд нүдний эмчийн талаар ойлголт бага байсан учраас орон тоо байгаагүй ба 1876 онд Техасын фронт дээр байлдаж байсан шархдагсдаас сохорсон тохиолдол илэрч энэ мэргэжлийн шаардлага зүй ёсоор тавигдах болов. 1886 онд нүдний мэс ажилбарт кокаиныг ашиглах болов. Зөвхөн нүдний өвчин Өрнөдөд 130-с илүү тохиолдол бүртгэгдсэн байдаг ба 1893 онд АНУын армийн мэс засалч генерал Жорж М.Стернберг армийн мэс засалчдад зориулсан нүдний курсыг явуулахыг санал болгосон нь Армийн Анаагаах Ухааны Сургууль (орчин үеийн Валтер Ридийн Армийн Судалгааны Их Сургуулийн эрт үеийн эхлэл)-ийг үүсгэн байгуулах эхлэл нь болсон юм.

Испани-Америкийн дайн

Америк Испанийн дайны туршид нүдний 35 гэмтэл бүртгэгдсэн нь нийт 1561 гэмтлийн 2,2%- ийг эзэлж байсан байна. Куба болон Испаний колони Пуэрто Рико ба Филиппинийг булаан эзлэх тулааны үед халуун орны нөхцөлд тохирсон нүдний эмчилгээ маш чухал байв. Дайны дараа анх удаа Арми өөрийн эмч мэргэжилтнүүд болон эмнэлгийн тоног төхөөрөмжөө нэгтгэн ажиллуулсан нь армийн анагаах ухааны хөгжилд маш их үр дүнтэй алхам болов.

Дэлхийн 1-р дайн

Төдөлгүй дараа нь АНУ Дэлхийн 1-р дайнд нэгдэн орж төрөл бүрийн салбарт ажиллаж байсан олон эмч мэс засалчдыг дуудаж цэргийн эмнэлэгт ажиллуулж байсан. АНУ болон хилийн чанадад бэлтгэгдэн ажиллаж байсан 500 гаруй эмч мэргэжилтнүүдийг армийн нүдний эмчилгээний тасагт нэгтгэж ажиллуулсан. Дэлхийн 1-р дайны туршид нийтдээ 612 нүдний эмч нар үүрэг хүлээн ажиллаж байсан байна. Нийт шархдагсдын 2% нь нүдний гэмтэл авч байсан боловч дайны галаас халхлах шуудуу ухах үед 8% нь гэмтэл авсан үзүүлэлт байдаг. Нийт 6400 нүдний мэс ажилбар тэмдэглэгдсэн ч энэ тоогоор нүдний мэс ажилбар хязгаарлагдалгүй хэрэгцээ шаардлага гарсан тэр үед цэргүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Эмнэлгийн нийт өвчтөнүүдийн 10% нь нүдний үзлэгт орж эмчилгээ хийлгэж байсан. Дайны үед ойролцоогоор 300 цэрэг сохорч тэдгээрийн олонх нь Балтимор, Мэриландын Армийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан.

Дэлхийн 1 ба 2-р дайны хооронд

Дэлхийн 1-р дайны дараа шархдагсдыг асарч халамжлах мэргэжилтнүүдийн тоо болон тэдэнд хандах хандлага сайжирсан. Дэлхийн 1 ба 2-р дайны хооронд доктор Родерик П.О.Коннор, В.Т.Двис, Префер, Кийлер, Роял, Дэйл нарын өндөр мэргэшсэн нүдний эмч нар цэргийн байгууллагад ажиллаж, цэргийн албан хаагчдад нүдний эмчийн тусламжийг үзүүлж байв. Армийн залуу нүдний эмч нар сургуулиа төгссөний дараа нарийн мэргэжлээрээ ажиллаж, зарим нь дадлага хийхээр Австрийн Вена хот руу илгээгдэж байсан. Армийн анагаахын номын сан болон Армийн анагаахын музей байгуулагдсан нь нүдний эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулав. Армийн анагаахын музей болон номын сан байрлаж байсан анагаахын шинжлэх ухааны ордон нь дэслэгч генерал Жорж Р.Каллендарын зааврын доор үүсгэн байгуулагдсан. Нүдний эмгэгүүдийг 1922 онд АНУ-ын өндөр мэргэжлийн нүдний эмч нарын удирдлаган дор бүртгэж эхэлсэн ба энэ бүртгэл нь маш хурдтайгаар өргөжиж 1933 он гэхэд цэргийн болон энгийн нүдний эмч нар 2385 нүдний эмгэгийг бүртгэж чадсан байна. Америкийн нүд болон чих хамар хоолой судлалын нийгэмлэгүүд харилцан уялдаатай үйл ажиллагааг өргөнөөр явуулж 1929 оноос өнөөг хүртэл ашиглагдаж байгаа хэд хэдэн сонгодог сурах бичиг гарын авлагыг гаргасан байна. Жонес Фрейденвалдын “Нүдний эмгэг” нэртэй ном, атлас ба гарын авлага, Де Курсэй ба Ашын “Нүдний эмчилгээ” ном, Хоган ба Зиммерманы “Нүдний эмгэгүүд” нэртэй атлас ба гарын авлага тус тус гаргасан. 1920 онд нүдний мэргэжилтнүүдийн анхны төгсөлт болсон байна.

Дэлхийн 2-р дайн

Дэлхийн 2-р дайны турш армийн нүдний эмчилгээ, оношлогоо өндөр түвшинд хүрч маш олон амжилт бүтээлийг бий болгосон. Дэвшилтэт технологи, багаж тоног төхөөрөмж болон орчин үеийн эмүүд гарсаны зэрэгцээ нүдний эмч нар сургалтанд хамрагдаж тэд боловсролын хувьд өссөн билээ. Нүдний гэмтлийн үед үзүүлэх тусламж шинэ шатанд хүрч АНУ нүдний гэмтлийн тусгай төвтэй болсон. Нүдний эмчилгээний салбарын зорилго, үйл ажиллагаа, менежментыг боловсронгуй болгож, Армийн хараагүйчүүдийг хамгаалах нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Нүдний гэмтэл нийт гэмтэгсдийн 2%-д хүрч зөвхөн 4% нь л эмчлэгдэж байв. Ойролцоогоор 1700 хүн бүрэн хараагүй болсон байна. Хараагүй цэргүүдэд зориулсан суурь боловсрол олгох төв Пенсильванийн Валлэй Фора нэгдсэн эмнэлэг, Филадельфийн Навал эмнэлэгт бий болсон. 1944 онд шүдний эмч ахмад Стейнли П.Эрп нүдийг пластикаар орлуулах аргыг судалж, хиймэл нүдийг анх хийсэн. Тэр нүд нь хагардаггүй, бас хүний нүд шиг өнгөтэй байв. Энэ үед ойролцоогоор 10000 хиймэл нүд хийгдсэн байна.

Солонгосын дайн

Дэлхийн 2-р дайн дууссаны дараа өндөр чадвартай мэргэжилтнүүд шаардагдах болсон. Зарим эмнэлгийн ажилтанууд дадлага туршлагаараа мэргэшиж, зарим нь нэр хүнд бүхий эмнэлгүүдийн сургалтанд хамрагдаж, зарим нь богино хугацааны сургалтаар бэлтгэгдэж байсан. Солонгосын дайн эхлэх үед нүдний эмч нарыг армид илгээж, нийт 9 эмч үүрэг хүлээн ажиллаж байсан. 1950 оны 6 сард Солонгостой дайтаж эхлэхэд Алс Дорнодод буюу Токиогийн эмнэлэгт 2 нүдний эмч, мөн Япон болон Солонгосын эмнэлгүүдэд 25 нүдний эмч ажиллаж, фронтын шугам дээр цэргийн хээрийн эмнэлэг болон мэдрэлийн мэс заслын багт орон нүдний мэс заслын тусламжийг үзүүлж байв. Солонгосын дайны эхний 2 жилд нийт өвчтөний 12% нь нүдний эмгэгтэй байсан ба тэдгээрийг Токиогийн цэргийн эмнэлэг рүү шилжүүлэн эмчилж байсан. Эдгээр шархдагсдын 4,6% нь нүдний гэмтэлтэй байсан ба ойролцоогоор 150 нүд бүрэн сохор болсон. Дайн тулааны үед өвчтөнүүд нүдэндээ гэмтэл авах нь их байсан. Хүнд гэмтэгсдийг Японы эмнэлэг рүү илгээж, хэрвээ 120 хоног эмчлүүлээд засал авахгүй бол АНУ руу илгээж байсан. Атомын бүтцийн талаар судалгаа хийж, шинэ тоног төхөөрөмж ашиглан эмчилгээ үйлчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлж, шинэ эм гаргаж, байлдааны нөхцөлд ашиглах контакт линзийг бүтээжээ.

Вьетнамын дайн

1962 оны эхэн үед Вьетнамаас Хойд Вьетнам салан тусгаарлах үед нүдэндээ гэмтэл авагсад, АНУ-ын шархдагсад Сайгон дахь Вьетнамын нүдний эмч нараар эмчлүүлж байв. 1965 оны 8 сард АНУ-ын армийн нүдний эмч нар анх Ханойн 85-р эмнэлэгрүү шархдагсдыг нүүлгэн шилжүүлсэн. Вьетнамын богино хугацааны дайны үед нүдний эмчилгээ шинэ түвшинд хүрсэн байна. Вьетнамд гэмтэгсдийн 9% нь нүдний гэмтэл авсан нь Америкийн дайны түүхэнд гарсан өндөр үзүүлэлтийн нэг байлаа. Нүдээ гэмтээгсдийн дөнгөж 5% нь ердийн амьдралдаа эргэн орж, 83% нь хэвээрээ үлдэж байсан байна. Вьетнамд ажиллаж байсан нүдний эмч болрын болон пластик мэс ажилбарыг хийж байсан. Вьетнамын дайны туршид Армийн нүдний эмч нар дэлхий даяар алдаршиж байсны дунд ерөнхий мэс заслын нүдний тасгийн зөвлөх хурандаа Жак В.Пассмор (1964-1967 онуудад) болон хурандаа Вуд Апплтон (1968-1978 онуудад) нар байсан ба хоёулаа Валтер Ридийн Анагаах ухааны төвд ажиллаж байсан байна. Орчин үеийн цэргийн нүдний эмнэлэг 1979 онд байгуулагдсан ба анх АНУ-ын Кларксоны нүдний тусламжийн төв байгуулагдсан. 1983 онд тус төв нь улам өргөжин хөгжиж , 1985 онд гурав дахь салбар эмнэлгээ байгуулсан. Хамгийн сүүлд 1995 онд зөвхөн цэргийн албан хаагчдад үйлчилдэг 120 ортой нүдний клиникийг байгуулсан. Нийт 4 салбартай, LASIC хагалгааны 2 төвтэй болж дэлхийн хэмжээний түвшинд нүдний тусламжийг үзүүлж байна.

Манай улсад хамгийн анх цэргийн эмнэлэг үүсэн байгуулагдсан үеэс Орос цэргийн эмч нарын тусламжтайгаар цэргийн албан хаагчдад нүдний тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд (1921- 1950) ,Оросын эмч Н.Лизогубов цэргийн эмнэлэгт анхны нүдний эмчээр ажиллаж байх үедээ хүний их эмч ахмад Лхамсүрэн эмчтэй хамтран нүдний чиглэлийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байв. 1950-1951 онд Ардын цэргийн яамны шугамаар уригдан ирсэн эмч Владимир Николаевич Лизогубов цэргийн төв эмнэлэгт 3 жил ажиллахдаа цөөн ортой нүдний тасгийг нээж, төрөл бүрийн мэс ажилбар хийж байлаа. 1949 оноос Цэргийн госпитальд 25 ортой нүдний тасгийг нээж ажиллуулсан нь уг мэргэжлийн хувьд хоёр дахь салбар болсон юм. Одоогийн ТТАХНЭ 1933 онд байгуулагдаж энэ үед нүдний нарийн мэргэжлийн эмч байхгүй нүдний тусламжийг ерөнхий мэргэжлийн эмч үзүүлж байв. Улмаар 1942 онд тус эмнэлгийг өргөтгөн шинэчилж, ДЯЯ-ы сайдын тушаалаар шинэ орон тоог баталж, анхны чих хамар хоолой нүдний тасгийн эмчээр Зөвлөлтийн мэргэжилтэн Литибин томилогдон ажилласан байна. Улмаар 1972 оноос анхны монгол нүдний эмчээр дэслэгч С.Дуламжав томилогдон ажиллаж эдүгээгийн ТТАХНЭ-ийн нүдний кабинетийн эх үүсвэрийг тавьсан байна. Одоо тус эмнэлэгт 2 их эмч, 1 сувилагчийн орон тоотойгоор стационарт 2 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

Ном зүй

1. Tuttle AD. Handbook for the Medical Soldier. New York, NY: William Wood & Co; 1927.
2. Gillett MC. Army Medical Department, 1775– 1818. Washington, DC: Center of Military History, US Army; 1981.
3. Ashburn PM. History of the Medical Department of the US Army. Boston, Mass: Houghton Mifflin; 1929.
4. Kelley HA. Cyclopedia of the American Medical Biography. Philadelphia, Pa: WB Saunders; 1912.
5. Melin GR. The Army Medical Department, 1818–1865. The American Medical Recorder. 1825;8:193.
6. Otis GA, Huntington DL. Medical and Surgical History of the War of the Rebellion. Washington, DC: US Government Printing Office; 1883
7. US Army. Army Medical Bulletin. July 1939; 88–93. No. 49.
8. Greenwood A. Ophthalmology in the American Expeditionary Forces. Introduction. Section 4. In: Ireland MW,
9. King JH. Army ophthalmology, past and present. The Military Surgeon. 1953;112:88–96.
10. Gruber KF. Assistant director, American Foundation for the Blind. Personal communication, 1952.
11. Hull FE. Consultant in Ophthalmology, Far East Command. Personal communication, 1952.
12. La Piana FG, Hornblass A. Military ophthalmology in the Vietnam War. Doc Ophthalmol. 1997;93:29–48.
13. Mader TH, Aragones JV, Chandler AC, et al. Ocular and ocular adnexal injuries treated by United States military ophthalmologists during Operations Desert Shield and Desert Storm. Ophthalmology. 1993;100:1462– 1467
14. М.Алтанхүү,М.Энхтуул “Нүдний алба үүсэж хөгжсөний 80 жилийн түүхэн замнал 1928- 2008 он” Улаанбаатар 2008 он х 8
15. Шагдар Х. Ач буяны эзэд. Улаанбаатар. Соёмбо принтинг: 2003
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 690
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК